2003 онд Голомт банк Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан нэвтрүүлж байсан Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” эдүгээ 11 нас хүрлээ.

Өнгөрсөн хугацаанд Голомт банкны тэтгэлэгт оюутан хэмээх нэр хүндийг гардан авч байсан шилдэг 1000 залуус өнөөдөр эх орныхоо өнцөг булан бүрд өөр өөрсдийн сонгосон ажил мэргэжилдээ өндөр амжилт гарган Монгол Улсаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бахархалтайгаар хөтөлж явна.

Дөрвөн үе шатлал бүхий нарийн шалгуураар шилдгийн шилдгүүдийг тодруулдаг энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт ямар ч мэргэжлээр сурч буй оюутан хамрагдаж болдгоороо бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдээс онцгой давуу талтай.

Өнөөдөр оюутан залуусын дунд Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдана гэдэг нь өөрийгөө батлан харуулах нэр төрийн хэрэг болсон. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд оюутан зөвхөн сурлагаараа төдийгүй урлаг спорт, нийгмийн идэвхээрээ ч мөн адил бусдыгаа манлайлахыг эрмэлзэн бэлтгэдэг болсноор оюутнуудын өрсөлдөх чадвар улам нэмэгдэж байна.

Ийнхүү 11-р сарын 5-ны Мягмар гаригийн үдэш 2013 оны Шилдгийн шилдэг 100 оюутанд Голомт банк сурч боловсрох, хөгжиж дэвших чин хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулан тэтгэлгийн батламжийг гардууллаа.

Манлайлагчаар тодорсон оюутан залуучууддаа баяр хүргээд цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэж эрдэм мэдлэгийн далай нь үргэлж ундарч байх болтугай хэмээн Голомт банкны 1700 ах эгч нараас нь 
ерөөе!