Хятад ханзыг латин галиг үсэгт шилжүүлсэн эрдэмтэн 111 насандаа өөд болжээ
2017/01/15
ЛОНДОН./BBC/. Ханз үсгийг дуудах латин галиг үсэг буюу Pinyin дуудлагын тогтолцоог бий болгосон Хятадын хэл шинжээч Жоу Югуанг 111 насандаа таалал төгсчээ.
Тэрбээр бямба гарагт Бээжин дэх гэртээ нас барсан тухай Хятадын хэвлэлүүдэд бичиж байна.
Жоу Югуанг Коммунист намтай хамтран 1950-аад оны үед Pinyin гэдэг системийг зохиохын тулд 3 жилийн турш ажиллажээ. Үүний үр дүнд хэл заах арга өөрчлөгдөж, бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн тоо эрс өссөн байна. Уг системийг нэвтрүүлэхээс өмнө хятадуудын 85 хувь нь уншиж бичиж чаддаггүй байсан бол өдгөө бүгд бичиг үсэгт тайлагджээ.
Чин гүрний үед буюу 1906 онд төрсөн Жоу залуудаа АНУ-д очиж, Уолл Стриит дэх банкинд ажиллаж байв.
1949 онд коммунистууд ялсны дараа Хятадад буцаж ирсэн түүнд латин үсгийг ашиглан шинээр цагаан толгой зохиох даалгавар өгсөн байна.
"Pinyin системийг бий болгох гэж бид нар гурван жилийн турш ажилласан. Тэр үед биднийг 26-хан үсэгний учрыг олох гэж маш удаж байна гэж шоолцгоож байлаа" хэмээн Жоу 2012 онд дурсан ярьж байв.
Тэр цагаас хойш Pinyin систем дэлхий даяар өргөн тархсан бөгөөд Хонконг, Тайванийн хятадууд өөрийн гэсэн хувилбарыг хэрэглэж байна. Уг системийг ашиглан хятад үсгийг компьютер, ухаалаг утсанд шивдэг.
Энэ амжилт бүтээл нь Мао Зэдуны үеийн мөрдлөг хавчлагаас Жоуг хамгаалж байсан хэдий ч түүнийг Соёлын хувьсгалын үеэр хөдөө нутаг руу цөлж байв.
Хожим нь тэрбээр Хятадын удирдлагыг шүүмжлэх болсон учраас түүний бичсэн хэд хэдэн номыг хэвлэхийг хоригложээ.
2011 онд Жоу ярилцлага өгөхдөө "Хятадын эрх баригчид 1989 онд Тяньанминий талбайд ардчилсан хөдөлгөөнийхнийг цус урсган дарсан нь алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хүртэл би амьд байх болно" гэж байлаа. Түүний бодлоор, ард иргэд Коммунист намд итгэхээ больж, Хятадын сэхээтнүүдийн ихэнх нь ардчиллын төлөө байгаа аж.
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ.мн