Уушги, зүрхийг илүү их гэмтээдэг утааны улиралд хамгийн эрэлттэй эм бэлдмэл нь дархлаа сайжруулах бүтээгдэхүүн байдаг. Эм, лаа, тосон түрхлэгээс өгсүүлээд жүүс, ундаа гээд бүх л юм дархлаа дэмждэг гэсэн тодотголтой болчихож. Ингээд зогсохгүй сошиалаар үнэн, худал нь мэдэгдэхгүй дархлааны гэх баахан танихгүй бүтээгдэхүүнийг сурталчилж, сүлжээ бизнес хэлбэрээр иргэдэд худалдаалах нь олширчээ.

Дур мэдэн тэр болгоныг авч хэрэглэх нь хүний эрүүл мэндэд асар хортой болохыг эмч нар зөвлөж байна. Ер нь хүний бие физиологи байгалиас заяасан дархлаа хэмээх гайхалтай тогтолцоотой. Тэр нь минут, секунд тутамд энэ махбод руу дайран довтолсон элдэв эмгэг өвчин үүсгэгчдийг нэвтрэхээс хамгаалдаг “авралын бурхан” юм. Гэтэл хүмүүс ханиад шуухнаа хүрэхээс хамгаалж байгаа нь гээд бяцхан хүүхдүүддээ дархлааны эм бэлдмэл урьдчилан хэрэглэх нь эсрэгээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ.

Хүний дархлааг хүчээр дэмжих нь тогтолцооны гажиг үүсгэх аюултайг шинжлэх ухаан тогтоосон байна. Хэрэв дархлааны тогтолцоонд өөрчлөлт орвол ханиад томуу хүрэхээс ч долоон дор байдал үүсдэг ажээ. Тиймээс дархлааны эм, бэлдмэлийг аль болох бага насны хүүхдүүдэд хэрэглэхгүй байх нь зохистой юм байна шүү. Харин халуун хоол хүнсээр дархлааг дэмжвэл илүү үр дүнтэй болохыг зөвлөлөө.

Арлын япончуудад анагаах шидээрээ гайхагдаад байгаа Монголын брэнд чацаргана, аарцыг тогтмол хэрэглэвэл дархлаа сэргэдэг гэдгийг манайхан бүгд мэддэг хэрнээ тэр бүр ойшоодоггүй. Аарц, чацарганыг ямар нэгэн нэмэлт сахаргүй халуун бүлээнээр нь уувал биеийн хүч тамирыг нэмнэ. Мөн хөөрүүлсэн сүүг бага зэрэг сармистай ууж болно. Эдгээр нь биеийн эсэргүүцлийг сайжруулахаас гадна энэ утаанд эд эсийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй гэсэн. Харин хоолондоо янз бүрийн хоол амтлагч хэрэглэх нь харшлын гаралтай ханиадыг улам өдөөдөг байна.