ШӨХТГ нь Үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Одоогийн байдлаар Үүрэн холбооны оператор “Скайтел” ХХК, “Мобиком” ХХК, “Юнител” ХХК, “Жи-Мобайл” ХХК-ууд нь нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох багцыг хэрэглэгчиддээ санал болгохоор уг үйлчилгээний техникийн шийдэл болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа аж.

Хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо тэдний тавьсан үнийн саналыг харгалзан үзэж шийдвэрээ гаргах бөгөөд гуравдугаар сарын 15-наас бүх үүрэн холбооны оператор компаниуд шинэ багцаар хэрэглэгчдэдээ үйлчлэх юм байна.