"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Да.Ганболдтой "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Х.Баттөгс ярилцжээ. "Намайг Ерөнхий сайдад нэр дэвшихэд "Эрдэнэт"-ийн асуудлаас болж, Багабанди долоон удаа буцаасан" гарчигтай уг ярилцлагад хэд хэдэн ноцтой санаа байгааг онцлон ишэлж, логик дүгнэлт хийхийг зорилоо.
 
1.Да.Ганболд: Тухайн үед манай намынхан "Эрдэнэт"-ийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулсан юм. Түүний оронд Дорлигжавыг тавьсан, Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигчид Отгонбилэгийг зургаахан сараар л болов буцаагаад "Эрдэнэт"-ийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Багабанди манай намаас нэр дэвшигчдэд тавьдаг байсан. Бид намаараа ярилцаад энэ саналыг хүлээж авахгүй байхаар тохирсон. 
 
Дүгнэлт : Н.Багабанди Ш.Отгонбилэгийг "Эрдэнэт"-ийн захирлаар буцааж томилохыг шахдаг байсан. Тэд тус үйлдвэрийн хувьчлалтай холбоотой  томоохон зүйл төлөвлөсөн байсан.
 
2. -Тэгээд яагаад Наранцацралтыг зөвшөөрсөн юм бэ?
 
Да.Ганболд: Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавих болзлыг зөвшөөрсөн байгаа юм.
 
Дүгнэлт: С.Зориг алагдсан тул  Ж.Наранцацралт Н.Багабанди, Ш.Отгонбилэг нарын дэмжлэгээр Ерөнхий сайд болсон. 
 
3. Да.Ганболд: Ж.Наранцацралт Ерөнхийлөгчийн болзлыг хүлээж аваад Ерөнхий сайд болсон. Гэтэл Отгонбилэгийг буцааж тавих асуудал нь шийдэгдэх боломжгүй болчихсон байхгүй юу. Галт тэрэг хөдөлсөн түүнийг зогсоох аргагүй гэдэг шиг Дорлигжавыг Отгонбилэгээр солих ямар ч боломжгүй болчихсон байсан. Тухайн үед Оросын талаас өөрийн мэдлийн 49 хувийг хувьчлах ажиллагаа зохион байгуулсан юм билээ.
 
Та нар тухайн үеийн ОХУ-ын байдлыг санаж байгаа байх. Оросын эдийн засаг хүндрээд, төр засаг нь бүх салбартаа хяналт тавьж чадахаа больсон, ерөнхийдөө мафи, хулгай газар авсан тийм үе шүү дээ. Хүчирхийлэл газар авсан. Хэн хүчтэй нь юу дуртайгаа хийдэг. Хөл толгой нь мэдэгдэхээ байсан улс болж хувирсан. Зэрлэг капитализм, анархизм ноёлж байсан.Тухайн үед манай "Эрдэнэт"-ийн 49 хувь нь “Зарубежцветмет" гэдэг төрийн компанийн мэдэлд байсан байгаа юм. Тэр байгууллагын хэдэн нөхөд "Эрдэнэт"-ийн 49 хувийг хувьчлах лобби хийж эхэлсэн байдаг.
 
Төр нь ч биш, тухайн салбарын бодлого ч биш. Зүгээр л хэдэн нөхөд төр засгийн хяналт суларсныг далимдуулж ийм ажиллагаа зохион байгуулж байсан байдаг. Анзаарч байгаа биз. Хувь хүмүүсийн явуулсан үйл ажиллагаа шүү. Энэ лоббиг хэрэгжүүлэх ажиллагаанд Отгонбилэг оролцсон юм шиг байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Наранцацралт Отгонбилэгийг буцааж тавьж чадахгүй учраас Оросын талын хувьцааг зарахыг зөвшөөрсөн захидал явуулсан байгаа юм.Оросууд өөрсдийн хувиа зарахыг Монгол Улс зөвшөөрч байна гэсэн утгатай.
 
 
Дүгнэлт: Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт "Эрдэнэт"-ийн 49 хувийг зарах шахсан "хуйвалдаан"-д оролцсон. Уг "хуйвалдаан" нь Оросын тодорхой хувь хүн, бүлэглэл ба Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэт"-ийн захирал асан Ш.Отгонбилэг нартай  нягт холбоотой. 
 
 
4. 
 
-С.Зориг амь насаа алдаагүй байсан бол Ерөнхий сайд болох магадлал хэр байсан бол?
 
Да.Ганболд: Биднийг яахав янз бүрийн шалтгаанаар хориг тавьж болно. Харин Зоригт хориг тавих ямар ч шалтгаан шалтаг байхгүй учраас мэдээж болох л байсан.
 
-Та нарыг Ерөнхийлөгч Багабанди яг ямар шалтаг хэлээд буцаагаад байсан юм бэ?
 
Да.Ганболд: Ганхуягийг архичин, Үүлийг хулигаан, намайг эдийн засгийг элгээр хэвтүүлсэн ч гэх шиг юм яриад байсан.Харин Зоригт ямар шалтаг тавих боломжгүй байсан.
 
 
Дүгнэлт: С.Зориг Ерөнхий сайд болсон бол Ж.Наранцацралт Ерөнхий сайд болохгүй, Н.Багабанди, Ш.Отгонбилэгийн санаархал зогсох байсан. Ерөнхий сайдад нэр дэвшсэн С.Зоригийг зөвшөөрөхгүй буцаах шалтаг Ерөнхийлөгч асан Н.Багабандид байгаагүй. Яг л энэ эгзэгтэй цаг үед л С.Зориг яагаад ч юм бэ?  бусдын гарт амиа алдсан.