Монголын Сайтуудын Гуравдугаар нэгдсэн чуулганаар сонгогдсон Монголын сайтын холбооны шинэ удирдлагын баг 2017 оны 2 дугаар сарын 6-наас 12-ны хооронд ОХУ-ын Иркутск муж, Улан-Удэд ажлын аялал хийж, АИСТ телевиз, Сэтгүүлчдийн холбоогоор зочилж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.

Цахим хэвлэл мэдээллийн салбараас анх удаагаа Монголын сайтын холбоо ОХУ-тай хамтын ажиллагааг эхлүүлэх шанг татаж байгаагаараа онцлог бөгөөд Орос Монголын талуудын уулзалтыг зохион байгуулах болсон гол зорилго нь харилцан мэдээлэл солилцож, бие биенээсээ суралцах явдал байсан юм.

Эхний уулзалт Монголын сайтын холбооны төлөөлөл эрхүү хотын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудын нэг АИСТ телевизийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон байна. Талууд мэдээллийг хурдан шуурхай хүргэхийн тулд цахим мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдэг дээр санал нэгдсэн. Уулзалтын үеэр тус телевизийн Ерөнхий захирлын нэгдүгээр нарийн бичгийн дарга хатагтай Кулакова Анна Петровна "Манай улс гадаад харилцаандаа ихээхэн анхаардаг. Энэ үүднээс гадаад харилцаагаа хөгжүүлэхтэй холбогдуулан вэб сайт ашиглан цахим ертөнцөөр мэдээлэл түгээж, солилцоход ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна" гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Хоёр тал контент солилцох, томоохон төсөл хэрэгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг харилцан сурталчлах, сэтгүүлч, боловсон хүчин солилцох, монгол, оросын цахим хэвлэл мэдээллийн зах зээлд хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхээр  тохиролцоонд хүрсэн байна.

МОСАХ-ны удирдлагын багийн дараагийн хийсэн уулзалт бол 50 жилийн түүхтэй Иркутск мужийн Сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Александра Федосееватай хийсэн уулзалт байв. Хатагтай Александра Федосеева "Энэ уулзалт нь хоёр орны мэргэжлийн болон бусад салбарын хамтын ажиллагаанд их хувь нэмэр болно гэж үзэж байгаа. Эрхүү мужийн цахим сайтууд зөвхөн эрхүү муждаа бус хөрш зэргэлдээх улс орнуудтайгаа хамтран ажиллах сонирхолтой" байгааг яриандаа дурьдав. Түүнчлэн уулзалтын хүрээнд хоёр тал Иркутск мужийн Мэргэжлийн их, дээд сургуулиудад сэтгүүлч сургах, оюутан солилцох тал дээр тохиролцоонд хүрсэн.

Мөн ирэх 4 дүгээр сард болох 16 дахь жилдээ болох гэж буй Мэргэжлийн ёсзүй, ур чадварын шилдгийг шалгаруулах уралдаанд монголын сэтгүүлчдийг оролцуулахыг уриалж, энэ үеэр зохион байгуулагдах Олон улсын мэрэгжлийн сэтгүүлчдийн цахим форумд МОСАХ-ны ерөнхийлөгч Э.Батхүү болон бусад удирдлагуудыг албан ёсоор оролцох урилгыг гардуулан өглөө.

Цаашлаад МОСАХ-ны төлөөлөл Монгол улсаас Иркутск мужид суугаа Консул Ч.Амарсанаагийн урилгаар тус Консулын Ерөнхий газраар зочилж, олон чухал сэдвүүдээр ажил хэрэгч яриа өрнүүлж, нягт хамтран ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн ажлын аяллын чухал хэсэг нь Улан-Удэд төвтэй Аsianrussian.ru  хэмээх дэлхий даяар сая сая уншигчтай мэдээллийн сайт, телевизтэй холбоо тогтоож, мэдээлэл солилцох, хамтран ажиллах чиглэлээр гэрээ хийхээр тохиролцсон явдал байв. Тус Аsianrussian.ru media группийн төлөөлөл ирэх 3 дугаар сарын эхэнд манай улсад айлчлан гэрээний нөхцлөөр хэлэлцээр хийх бол 3 дугаар сарын сүүлээр Улан-Удэд монголын тал хүрэлцэн очиж, үзэглэхээр тогтсон байна.

Ийнхүү Монголын цахим салбарын ууган холбоо үйл ажиллагаагаа хөрш орнууд руу тэлж, салбарынхаа хөгжлийн төлөө тууштай үр дүнтэй, бодит ажлуудыг хийсээр байна.

Э.Бат