“Arina electroncs” хөдөөгийн иргэдийг хулхидаад сурчихсан бололтой
2013/11/12
Өнөөдөр манай улсад электрон барааны зах зээл хүрээгээ тэлэхийн зэрэгцээ үүнийг дагасан булхай луйвар ч бас хүрээгээ тэлсэн бололтой. Тэр хэрээр реклам сурталчилгааны эрин зууны ганц давалгаа нь электрон бараа болжээ.
Ийнхүү эрин зууны давалгааг тэргүүлж байгаа электрон салбарын нэг бол “Arina electroncs” юм. Энэхүү салбарыг “Сандай” хэмээх захын хойд талд байрладаг гэдгийг ч манай уншигчид мэдэх байх. Уг нь “Arina electroncs” хамгийн хямд, чанар сайтай хэмээн өдөр шөнөгүй рекламддаг ч байдал өөр байдгийг олон жишээнээс дурдаж болно. Гэхдээ энэ удаад хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллийг л сөхөх гээд үзье. Түүнээс биш бидэнд энэ байгууллагын тухай олон мэдээлэл байгааг дашрамд дурдах нь зүйн хэрэг байх.
Өнөө өглөө алсын хөдөө Баянхонгор аймгаас манай сайтын нэгэн уншигч утас цохив. Тэрхүү уншигч “Arina electroncs”-ийн алба хаагчидтай утсаар холбогдоод ч арга нь барагдсан бололтой юм. Тэрбээр хэлэхдээ, “Би өнгөрөгч 2012 оны аравдугаар сарын эхээр “Арина”-гаас 769000 төгрөгөөр нөтбүүк худалдан авахад тус байгууллага нь нэг жилийн баталгаа гаргаж өгсөн юм. Гэтэл “Арина”-гаас худалдаж авсан нөтбүүк маань найман сарын дараа гэнэт дэлгэц нь алга болж харласан төдийгүй утаа гараад таг болдог байгаа. Тэгэхээр хөндлөнгийн ямар нэгэн зүйл байхгүйн зэрэгцээ нэг жилийн баталгаа гаргаж өгсөн учраас “Арина”-д хандсан юм. Тус байгууллагын нэг засварчны утас байсан л даа. Засварчин уруу хэдэн хоногийн дараа утасдахад тэрээр нөтбүүкийг чинь үйлдвэр рүү нь явуулсан 21 хоногийн дараа хариу нь ирнэ гэсэн. Энэ маягаар өдөр болгон шахам утасдсаар ахиад 21, ахиад 14 хоног өнгөрөхөд ямар ч шийд өгсөнгүй. Арга ядаад удирдах хүмүүсийнхээ утсыг өг л дөө гэж гуйсан. Гэтэл засварчин нь менежерийн хэмээх 98071199 гэсэн дугаар өгсөн юм. Харин өнөөх менежер маань элдэв арга саам хийсээр таван сарын хугацаа өнгөрлөө. Сүүлдээ менежер маань та өөрөө хүрч ирж уулз. Тэгээд ярилцья. Юутай ч тохиролцоё гэсэн. Тохиролцохдоо засварын мөнгийг чинь гаргаж өгье гэх зэргээр бараг доромжлох болсон. Яагаад гэхээр алс хөдөө 600 километрээс хүрээд ирж чадахгүй гэсэн үүднээс хандаж байгаа нь илт байна” хэмээх мэдээллийг өгсөн юм.
Ингээд тус байгууллагын талаар хүмүүстэй холбогдвол таатай үг нэгийг ч унагасангүй. Юутай ч Дорноговь аймгийн Иххэт сумын нэг иргэнтэй утсаар холбогдоход мөн л компьютер аваад хулхидуулсан гэдгээ нуугаагүй юм. Тэгэхээр Баянхонгор аймгаас ирүүлсэн мэдээллээс харсан ч тэр, Дорноговь аймгаас ирүүлсэн мэдээллээс ч харахад “Арина” гэгч нь алс хөдөөгийн иргэдийг хулхидаад сурчихсан бололтой юм. Энэ мэтчилэн тус байгууллагын тухай будилаантай баримтыг хүргэж болох ч энэ удаад түр хойш нь тавъя.