Миний бие сэтгүүлч болсноосоо хойш ажил, албаны шугамаар дэлхийн олон орноор аялж байсан ч хөрш ОХУ-д очсон нь үгүй. Москвад онгоц солих хооронд хэдхэн цаг саатаж байснаас биш орос ахан дүүсийн талаар бага насандаа Эрдэнэт, Дарханд байсан үеэс өөрөөр төсөөлөл үгүй холын аянд мордлоо.

   2017 он гарсаар хамгийн анхны ажлын аялал минь ОХУ-ын Иркутск мужийг зорьсоноор эхэллээ. Бидний аяллын баг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ын Иркутск мужийг зорьсон юм. Монгол Оросын хооронд визгүй зорчдог болсноос хойш манайхан галт тэргээр зорчих нь багасч, машинаар явах болсон ч өвөл цагт Улан-Удээс Иркутск орох зам даваа гүвээ ихтэй тул галт тэрэг нь илүү тухтай найдвартай санагдсан.

Манай багт МОСАХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийнхөн болон МСНЭ, MNC телевизийнхэн хамт аялсан.

Хоёрдугаар сарын 06-ны оройн 20:35 минутад Улаанбаатараас хөдөлсөн манай баг дараа өдрийн өглөөний 07 цагт ОХУ Монголтой хиллэх Наушк тосгонд ирлээ. Монгол Оросын хилийн шалгалт нилээд чанга бололтой “Зэвсэг байна уу, хар тамхи байна уу” гээд л ачаа тээшийг нэг бүрчлэн шалгаж байв. Бас үнэрч ноход ч үүргээ гүйцэтгэж байна лээ. Хилийн шалгалт дууссаны дараа хэсэг хугацаанд Наушктай танилцах завшаан гарав. Олон жил төмөр зам түшиглэсэн суурин гэхэд эл хуль, хөгжил муутай санагдсаныг нуух юун. Хүмүүсийнх нь байр байдал хувцаслалт 70, 80-аад оны дүр төрх харагдана лээ.

Зах хязгааргүй их цастай хөндийгөөр өдөржин шөнөжин давхисаар нэг л мэдэхэд бид Иркутскт өглөөний 7 цагт ирлээ.

Биднийг Иркутск хотноо суух Консулын Ерөнхий газрын Дэд консул Ц.Ганбаатар тосч авсан. Ажлаа ягштал хийдэг, боловсрол өндөртэй энэ залуу бидний айлчлалд эхнээс нь дуустал тусалж, хамтран ажилласан юм.

Иркутск мужийн томд тооцогдох “Иркутск Отель”-д буудаллаж, замын тоосноосоо салж, өглөөний цайгаа уугаад 11 цагт "АИСТ" телевизийнхэнтэй уулзсанаар албан ажил маань эхэллээ.

АИСТ телевиз

ОХУ-ын Иркутск мужид төвтэй “АИСТ” телевиз 100 хувийн хувийн хөрөнгө оруулалттай. 2006 оны 12 дугаар сараас эхлэн манай улсад эфирээ цацаж эхэлсэн ба 2007 оны 1 дүгээр сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийж байжээ. ОХУ-ын цаг үеийн байдал, түүх ёс заншил, шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд, соёл урлаг түүний дотроос Оросын алтан фондод ордог уран сайхны кинонуудыг Монголын үзэгчдэд хүртээл болгодог гэдгээр нь бид сайн мэдэх билээ.

Ингээд Монголын цахим салбарын төлөөллүүдийн анхны уулзалт Иркутск мужийн хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын нэг “Аист” телевизийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцсоноор үргэлжилсэн. Тус телевизийн Ерөнхий захирлын нэгдүгээр нарийн бичгийн дарга хатагтай Кулакова Анна Петровна тэргүүтэй хүмүүс биднийг угтан авч, харилцан яриа өрнүүлсэн юм. Уулзалтын үеэр талууд мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэхийн тулд Цахим мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдэг дээр санал нэгдсэн. Мөн хоёр тал харилцан контент солилцох, томоохон төслүүд дээр хамтран ажиллах, хоёр орны бизнес эрхлэгчдээ харилцан сурталчилж, сэтгүүлч, боловсон хүчин солилцох, Монгол-Оросын цахим хэвлэл мэдээллийн зах зээлд хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхээр тохиролцоонд хүрлээ.

50 жилийн түүхтэй Иркутск мужийн сэтгүүлчдийн холбоо

МОСАХ-ны удирдлагын багийнханы дараагийн уулзалт үдээс хойш 15 цагт 50 жилийн түүхтэй 700 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг эгнээндээ нэгтгэсэн Иркутск мужийн Сэтгүүлчдийн холбооныхонтой уулзсанаар үргэлжиллээ.

Сэтгүүлчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Александра Федосеева “Энэ уулзалт нь хоёр орны мэргэжлийн болон бусад салбарын хамтын ажиллагаанд их хувь нэмэр болно гэж үзэж байна. Иркутск мужийн цахим сайтууд зөвхөн Иркутскдээ бус хөрш зэргэлдээх улс орнуудтай ажиллах сонирхолтой байдаг” гэж ярьлаа. Түүнчлэн уулзалтын хүрээнд хоёр тал Иркутск мужийн мэргэжлийн их, дээд сургуулиудад сэтгүүлч сургах, оюутан солилцох тал дээр тохиролцоонд хүрсэн.

Мөн ирэх 4 дүгээр сард болох 16 дахь жилдээ болох гэж буй Мэргэжлийн ёс зүй, ур чадварын шилдэгийг шалгаруулах уралдаанд Монголын сэтгүүлчдийг оролцохыг уриалж, энэ үеэр болох Олон улсын мэргэжлийн сэтгүүлчдийн цахим форумд МОСАХ-ны ерөнхийлөгч Э.Батхүү болон бусад удирдлагуудыг албан ёсоор оролцох урилгыг гардуулсан.

Иркутск дахь Монгол Улсын Консулын Ерөнхий газар

Бидний уулзалтууд ар араасаа хөвөрсөөр дараагийн уулзалт Иркутск муж дахь Монгол улсын Консулын Ерөнхий газарт зочилсоноор үргэлжилсэн юм.

Монгол улс болоод ОХУ тэр дундаа Иркутск мужийн хооронд өнө эртний түүхт харилцаа холбоотой. Иркутск муж буюу бидний хэлж заншсанаар Эрхүү хотод манай улсын 5000 гаруй иргэд их дээд сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшсэн байдаг. Тэдэн дунд Эрхүү хотын их сургууль, Техникийн их сургууль, Эрхүү хотын багшийн их сургууль, тухайн үеийн Улсын ард аж ахуйн их сургууль буюу одоогийн Байгалийн их сургуулийг дүүргэсэн манай улсын томоохон сэхээтнүүд, хуульчид, физик математикийн, байгалийн шинжлэлийн, эдийн засагчид, банк санхүүгийн боловсон хүчин, багш, инженерүүд багтаж байна. Хамгийн анх Эрхүү хотод оюутан болж ирсэн хүн бол Ю.Цэдэнбал агсан бөгөөд Сибирийн санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж байжээ. Түүнээс хойш улс төр нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, МУИС-ийн анхны ректор, монголын нэртэй сэхээтнүүдийн нэг Б.Ширэндэв гуай Эрхүү хотын Боловсролын их сургуулийг дүүргэсэн зэрэг цуутай хүмүүс Эрхүү хотод боловсрол эзэмшсэнээс харахад манай улсын хөгжил дэвшилд Эрхүү хот, Эрхүү муж онцгой үүрэгтэй юм.

Иркутск мужнаа суух итгэмжит консулаар томилогдоод удаагүй байгаа Л.Амарсанаа бидэнтэй ажил хэрэгч яриа өрнүүлсэн. Л.Амарсанаа консулын хувьд 1953 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг 1977 онд төгссөн, БНХАУ-д элчин сайдаар сууж байсан, дипломатч нэгэн аж. Тэрээр бидэнд Иркутскийн тухай олон сонирхолтой зүйлийн талаар ярьж өгсөн.

Кочевник буюу Модерн Номадс

Консулын Ерөнхий газрын уулзалтын дараа бид Модерн Номадсын сүлжээний “Кочевник” ресторанд оройн зоог барьсан. “Номадс”-ын сүлжээ ОХУ-ын Улан-Удэд "Modern Nomads" монгол хоолны ресторан, Happy Land түргэн хоолны ресторан, Silk Road Coffee Shop, Irish Pub, Эрхүү хотод “Кочевник” монгол хоолны ресторан нээжээ. “Кочевник” ресторан аль хэдийн гадаадынхны хөлд дарагддаг болсон нь биднийг оройн зоог барихаар очиход анзаарагдсан юм. Тэртээ 10 жилийн өмнө Оросуудын хувьд төдийлөн танил болоогүй байсан монгол үндэсний хуушуур, бууз, цуйван, хорхог зэрэг хоолнууд өдгөө Иркутск мужийн унаган оршин суугчид төдийгүй гадаадын зочдын амтархан иддэг зоог болж чаджээ. Түүнчлэн үйлчилгээний чанар стандарт, зорин ирсэн зочдодоо сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлж чаддаг нь энэхүү рестораны зах зээлд амжилттай оршин тогтнох гол үндэс гэж рестораны захирал, хатагтай Надя онцлон ярьсан юм.

Ингээд бидний эхний өдрийн арга хэмжээ өндөрлөж маргаашийнхаа аялалд бэлдэхээр буудлын зүг хөдөлцгөөлөө.

Ангар мөрөн

Иркутскт буусан өглөө нэлээд хүйтэн байсан болоод ч тэрүү буудлын цонхоороо Ангар мөрнийг харахад манан бүрхсэн, голын хажуугаарх модод битүү цан хүүрэгтэй, үлгэрийн мэт харагдаж байсан. Үдийн алдад мөрөнгийн дээрх манан арилж үзэсгэлт Ангар мөрөн гайхамшигтайгаар цэлэлзэн харагдах нь сэтгэлд нэн таатай. Монголд өвөлдөө бараг бүх л гол мөрөн хөлддөг. Харин Монголоос илүү хүйтэн өвөл болдог Иркутскт Ангар мөрөн тогтуухан урсаж, дээгүүр нь завьтай хүмүүс явж байгааг харахад гайхах сэтгэл төрж байлаа.

Иркутск мужид ирсэнийхээ 2 дахь өдрийн өглөө Ангар мөрний эргийн цэцэрлэгээр алхаж, гүүрэн дээр цоожлогдон мөнхөрсөн зүрхнүүд, “Вася+Петя” гэж бичсэн үгсийг сониучрхан харж явлаа. Бидний аав, ээжүүд, үеийнхэн нь энэ эрэг дээр сэтгэлээ илчилж, энэ мөрөнд хүслээ шивнэн залбирч, 70, 80-аад оны шижигнэсэн Монгол залуучууд гэгээхэн хүсэл мөрөөдлөө эндхийн агаарт шингээсэн байх даа... гэж бодохоор л сайхан байсан.

Ангар мөрний тухай ийм нэгэн домог байдаг юм билээ.

“Эрт урьдын цагт хүчирхэг Байгаль нуур өгөөмөр, сайхан сэтгэлтэй байжээ. Тэр Ангар нэртэй үзэсгэлэн төгөлдөр охинтой байж. Ангар охиных нь гоо үзэсгэлэнг энэ дэлхий дээрх юутай ч зүйрлэшгүй бөгөөд өдөр нь цэнхэр тэнгэрээс ч цэлмэг, шөнө нь аянгын үүлнээс ч гүн харанхуй харагддаг байжээ. Ангар мөрнийг үзсэн бүхэн үзэмж төгөлдрийг нь гайхан шогширч, шувууд хүртэл халдахаас айсандаа шүргэж чадалгүй буцаад нисдэг байж. Байгаль нуур өөрийнх нь охинд нийцэх эр энэ хорвоод байхгүй гэж итгэдэг байв.

Гэтэл Ангар мөрөн эртнээс нааш залуу хархүү Енисейд дурласныг аав нь мэдсэнгүй. Нэгэн удаа Байгаль нуурыг унтаж байх хооронд Ангар мөрөн өөрийн эртний дурлалт хархүү Енисей дээр очихоор шийдэж, өөрт байгаа усаа бүгдийг нь аваад зугтаажээ. Байгаль нуур охиноо оргосныг мэдээд уурандаа их усаа хүчтэй цалгиулав. Уул нурууд хагарч, ой модод нурж, тэнгэр сааралтаж, амьтад үргэлээ. Уураа багтааж ядсан Байгаль нуур охиноо зогсоохын тулд араас нь том хад чулуу шидэхэд (тэр нь өнөөгийн Шаманы чулуу) Ангар мөрний хоолойн дээр унажээ. Тэр цагаас хойш цэнхэр нүдэн Ангар мөрөн сая, сая жилийн турш гуниглаж, Енисей мөрөн рүү харууслын нулимсаа урсгах болсон бөгөөд охиноо алдсан Байгаль нуур харин сааралтан гуниглах болсон гэдэг”

Энэ домгоос үүдэн Ангар мөрөнд зөвхөн эмэгтэйчүүд дурлалын хүслээ шивнэдэг болсон гэдэг. Гүүрнээс буцаж явахад “Эрхүүгийн хавар”

“Ангар мөрний зөөлөн долгио

Вальсийн аянд хөвөрсөн

Анхны хайрын болзоогоо

Хүний нутагт үлдээсэн...”гээд л

“Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайханы дуулсан дуу өөрийн эрхгүй аманд аялаастай явлаа.

Иркутск муж

Уулзалтаас уулзалтын хооронд явах хооронд Иркутск мужийн гудамжнаа Их жанжин Д.Сүхбаатар болон манай улсын нийслэл Улаанбаатарын нэрээр нэрлэгдсэн гудамжтай таарч өөрийн эрхгүй эх орноороо, аугаа хүмүүсээрээ бахархах сэтгэл төрж явлаа. 620 гаруй мянган хүн амтай хот бүх юм нь эмх цэгцтэй, хууль дүрмээ ягштал баримталдаг, гудамжууд нь нэг ижил стандартын нэр хаягтай, түгжрэлгүй, жолооч нар нь соёлтой, явган зорчигчдоо дээд зэргээр хүндэлсэн, цаанаа л нэг нам гүм гээд манайхаас өөр зүйл ч их байгааг харьцуулан дүгнэж явлаа.

Эрхүү муж бол 770 000 кв.км газар нутагтай, 624 000 хүн амтай. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг маш хатуу хянадаг. Гаднаас механик маягаар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Эрхүү хот бол уламжлалт аргаар баригдсан байшин барилга хөшөө дурсгалыг хөндөхийг зөвшөөрдөггүй бодлогын хот аж. Эрхүү муж нь Монгол Орос хоёр улсын харилцаанд маш чухал үүрэгтэй гэж дээр дурдсан. Монголын шинэ үеийн түүх эхэлсэн цаг хугацааг аваад үзвэл хувьсгалын долоон удирдагч анх Эрхүү хотод ирж, тэндээсээ Москва хотод очин тухайн үеийн Оросын удирдагчидтай хэлэлцээр хийсэн байдаг. Тухайн үйл явдлаас хойш Монгол улсад нийгмийн олон үйл явдал өрнөж, Д.Сүхбаатар жанжин, маршал Х.Чойбалсан нар хэсэг хугацаанд Эрхүү хотод очин туршлага судалж байсан гэдэг. Товчхондоо Эрхүү хот бол шинэ үеийн түүхэнд Орос Монголын харилцааны гүүр болж ирсэн юм.

Байгал нуур

ОХУ-ын Иркутск муж ба Буриад улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Байгал нуурийг үзэхээр манай аяллын баг цааш хөдөллөө. Иркутск мужаас 75 км газар машинаар давхисаар зах нь үл харагдах Байгал ээжийн хажууд очсон. Дэлхийд цэнгэг усаараа гайхагддаг нуурын хажууд ирсэнийх өөрийн эрхгүй түүх сэргээн бодсоноо юуны өмнө энд сийрүүлье.

Байгал нуур нь 1690-ээд оныг хүртэл Халхын Түшээт ханы нутаг байлаа. 15-16 дугаар зууны үеэс Орос улс хүчирхэгжиж, Байгал нуур Амар мөрөн зэргийг сонирхох болжээ. Энэ нь Манж Чин улс, Халхын Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан зэрэг хант улсуудын нийтлэг эрх ашгийг хөндөх болжээ. Халхын Түшээт хан Чахундорж санаачлан Манж чин улстай холбоолон Байдраг голын Хүрэн бэлчир гэдэг газар чуулган зохион байгуулсанд Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан өөрийн төлөөний хүн болох Арнай амбан сайдаа томилон ирүүлж, Орос улсын эсрэг холбоо байгуулан зэвсэг ба хүнсээр дэмжсэнд Халхын Түшээт хан Чахундорж Байгал нуур тийш цөмрөн орсон Оросын цэргийн эсрэг цэрэглэн хөдөлжээ.

Улмаар Халхын түшээт хан Чахундорж Оросын цэргийг цохиж алахыг нь алж Омск, Томск хотуудыг өнгөртөл нь хөөж баруун Сибирийн олон жижиг суурин, хотуудыг тонон, дээрэмдэж амжилттай дайтаж буцаж ирсэн байна. Үүгээр Орос улсын Байгал нуурыг эзлэх гэсэн анхны оролдлого бүтэлгүй болжээ. Чахундоржийг Орос улстай дайтах зуур Зүүн гарын Галдан бошгот ч зүгээр суусангүй. Хөх нуурын Очирт хаантай эвдрэлцэн байсан асуудлаа цэргийн хүчээр шийдвэрлэсэн байв. Удалгүй Засагт хан нас барж, хүүхдүүд нь хан ширээг булаацалдахад Шар мэтийн хүмүүсийг Галдан тэтгэж байв.

Түшээт хан өөрийн хүргэн болох Лувсангомборавданг тэтгэн Засагт ханы орыг булаалдаж байжээ. Энэ хямрал дээд цэгтээ хүрч Түшээт хан түрүүлэн цэрэг хөдөлгөж, Алтайг давсанд Манжийн хаан их дайныг түрүүлэн өдөөлөө хэмээн буруутгаж, цэргээ шилжүүлэхийг зогсоо, чуулган хийж эвээр зохицуулна хэмээжээ. Түшээт хан чуулган хийхийг хүлээх зуур Галдан цэрэглэн Алтайн өврөөр тойрч Хархоринг эзлэн авсан байна. Энэ үед Занабазар буруулан зугтааж, Сөнөдийн нутагт очжээ. Түшээт хан Галдантай бага хүчээр тулах төдий байлдаад Занабазарын араас Сөнөдөд нэхэн иржээ.

Энэ хугацаанд Галдан Халхын нутгийг эрхшээж байсан болно. Мөн энэ мөчид Оросын цэрэг Байгал нуурын орчмын газарт цэргийн их хүчээр цөмрөн орж иржээ. Манж чин улс Зүүнгарын Галданг арилгаж, халхын нутгийг эргүүлэн авч өгнө хэмээн Түшээт хан болон бусад ноёдод амлан байсан юм.

Манж чин улс Зүүн гарын Галдан Орос улстай холбоотон болбол дийлэхэд нэн бэрх болно гээд, Нэрчү хэмээх газар Орос улстай хэлэлцээр хийжээ. Тус хэлэлцээрийн явцад "Танай Орос улс Зүүн гарын Галданд туслах аваас бид Халхтай холбоолон урьдын адил дайлан, Уралыг давуулан үлдэн хөөх болно" гэсэнд Орос улс ихээр болгоомжлон хүлээн авсан гэдэг. Мөн Манж чин улс "танай Орос улс нь Галданд туслахгүй хэмээвээс наад эзлэн авсан Байгал нуурын орчмын газраа авч болно" гэжээ. Орос улс энэ байдлыг хүлээн авч Галданд туслаагүй ба Байгал нуур орчмын газрыг ингэж авсан түүхтэй билээ.

Ийнхүү Улаанбаатараас Баян-Өлгий орох хэмжээний ийм том газрыг маань, Байгал ээжийг минь өөр хоорондоо таарамжгүй Монголчуудыг хутган үймүүлж байгаад Орос Манж хоёр сүлбэлдэн нэг нэгэндээ бэлэглэчихснийг бодохоор харамсаад ч барахгүй юм.

Бидний Байгаль далай үзэх аяллыг маань бага насаа Иркутск Байгал далай орчмоор өнгөрөөсөн, “Тэнгэрийн модун” ТББ тэргүүн Г.Батхүү хөтөч хийн, танилцуулж, мөсөн хучлагат Байгал далайгаар газар уснаа явагч завиар цаг шахам аялуулж, сонирхолтой түүхийг хүүрнэж, мартагдахааргүй дурсамжийг үлдээж өгсөн юм.

Харуусал бахархал төрүүлсэн Байгал эх минь баяртай.

Ингээд бидний Иркутск мужид хийсэн ажлын аялал өндөрлөж, Улан-Үдэ хотыг зорьлоо. Манай төлөөлөгчид Улан-Удэд төвтэй Аsianrussian.ru хэмээх дэлхий даяар сая сая уншигчтай мэдээллийн сайт, телевизтэй холбоо тогтоож, мэдээлэл солилцох, хамтран ажиллах чиглэлээр гэрээ хийхээр тохиролцож чадсан явдал байв. Аsianrussian.ru media группийн төлөөлөл ирэх гуравдугаар сарын эхэнд манай улсад айлчлан, гэрээний нөхцлөөр хэлэлцээр хийх, гуравдугаар сарын сүүлээр Улан-Удэд МоСАХ-ны төлөөлөгчид хүрэлцэн очиж, үзэглэхээр тогтсон байна.

Ийнхүү Монголын цахим салбарын ууган холбоо МОСАХ маань үйл ажиллагаагаа хөрш орнууд руу тэлж, салбарынхаа хөгжлийн төлөө үр дүнтэй, бодит ажлуудыг хийсээр байна. Зургаа хоногийн турш үргэлжилсэн Иркутск, Улан-Үдэ хотноо хийсэн ажлын айлчлал маань 2017 оны 2 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо ирснээр өндөрлөлөө.

Ө.Булган