Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын араас Н.Золжаргал “ачигдах” уу
2017/02/25
Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн. Тиймдээ ч олон улсын валютын сангаас зээл авч, бид чангалсан бүсээ дахин чангалах нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанк зөв бодлого явуулсан эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулжээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Х.Болорчулуун нар багтсан. Тэд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгахаар болсон байна. монгол төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хэр зэрэг хангаж ажилласан бэ, хуульд заасны дагуу тогтвортой байдлыг хангах үүргээ хэрэг зэрэг биелүүлсэн бэ, үнэ тогтворжуулах болон бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн хууль зүйн үндэслэл, хүрсэн үр дүнд шалгалт хийнэ. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол банк найм орчим их наяд төгрөгийн эмиссийн /мөнгө хэвлэх/ үйл ажиллагаа явуулсан мэдээллийг тодорхой албаны хүмүүс өнгөрсөн дөрвөн жилд өгч байсныг нягтлах юм байна. Ажлын хэсэг хяналт шалгалт хийсний үндсэн дээр шийдвэрийн төсөл боловсруулан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах юм.
Шалгалтын дүнгээр Монголбанкнаас хэд хэдэн но илэрхээр байгаа. Тухайлбал,
- Монголбанкны алдагдал. Өнгөрсөн дөрвөн жилд Монголбанкны алдагдал хоёр дахин нэмэгдсэн. 2016 онд тайланд туссан байдлаар 962 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэ алдагдал төсөвт дарамт учруулдаг, алдагдлыг төсвөөс хаадаг. Өмнө нь 2011 он хүртэл ерөнхий байдлаар ашигтай ажилладаг байсан Монголбанк 2012 оноос огцом алдагдалд орсон нь хачирхалтай.
- Төгрөгийн худалдан авах чадварыг унагаж, валютын ханшийг өсгөсөн явдал. 2012 оны долдугаар сард валютын ханш 1450 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Одоо 2400 төгрөг байна. 70 хувиар валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар унасан байна. Төгрөгийн худалдан авах чадвар унана гэдэг эцсийн дүндээ ядуурлыг гүнзгийрүүлж байгаа явдал. Эдийн засгаа 70 хувиар шууд унагасан гэсэн үг.
- Монголбанк хуулиа зөрчиж, хувийн компаниудад зээл олгосон. Орон сууц, урамшууллын байдлаар хэдэн арван тэрбум төгрөгийг ажиллагсдадаа тараасан байдаг.
- Чанаргүй зээл их наяд хүрсэн. Энэ бүхэн түүний хариуцлагагүй байдлаас үүдсэн.
Үүн дээр нэмэгдээд арилжааны банкуудтай хамтарч ханшийн зөрүүнээс мөнгө цохиж хөлжсөн гэх нь бий. Энэ бүхэн нь шалгалтаар буруутай эсвэл буруугүй болох нь тогтоогдоно. Хэрвээ буруутай нь тогтоогдох юм бол хуулийн байгууллагад шалгагдана. Улмаар нэг хэсэг хамтарч ажиллаж байсан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарынхаа араас хорих ангид “саатах” нь цаг хугацааны асуудал болоод байна. Шалгагдаад гэм буруутай нь тогтоогдох юм бол шоронд орох нь тодорхой боллоо.
Зочин · 2017/02/26
Наад Золжаргал чинь аюул. Харийнхантай нийлсэн урвагч Монголыг сөнөөгч нохой. Хөрөнгийн биржийн захирал байхдаа өдрийн цагаар ашиглаагүй байсан гэрлийг унтраах гэсэх цахилгаанчнаа загнаад улсын юм чинь яадгийм үрэгдэж л байг гэж байсныг нөгөө хүн нь гайхаад учрыг нь олоогүй гэдэг. Одоо бүр томоор сүйтгэж. Хариуцлагатай ажил дээр ийм дайснуудыг тавиад байвал улс маань улам хурдан сөнөнө гэдгийг мэдэхгүйгээр тавиагүй байх. Нэгл өөр юм яваад байна даа. Энэ байдлаар Монгол удахгүй сөнөнө.
Зочин · 2017/02/26
буруутныг барих нь зөв шүү