УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасаг, ЭЦГ, ХХЕГ-ын Хилийн тагнуулын албаныхан хамтран ГЕГ-ын нэгэн албан тушаалтны хүү Бадрал 0.916 грамм мансууруулах бодис хилээр оруулж ирснийг хэдхэн хоногийн өмнө илрүүлсэн талаар мэдээлэл цацагдах болсон.

Түүнийг сэжигтэй бараа хэд хэдэн удаа нэвтрүүлсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснийг Хилийн тагнуулын албанд шалгуулснаар саатуулсан аж.

Дээрх хэрэгтэй адилхан үйлдэлтэй нэг хэргийг УМБГ-ын дээрх тасагт шалгаж эхэллээ. Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотын харьяат А-гэх залуу 0.9 грамм орчим “ice” хэмээх нийлэг аргаар гаргаж авдаг мансууруулах бодис оруулж ирснийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын алба, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саатуулжээ.

Энэ талаар Замын-Үүдийн дэх Хилийн цэргийн эх сурвалжаас тодруулахад “УМБГ, ЭЦГ-аас хамтарсан Ажлын хэсгийнхэн шалгалт хийснээс хойш хар тамхи, мансууруулах бодистой хийх тэмцлийн ажлаа хил, гаалийнхан эрчимжүүлсэн юм. Хилээр удаа дараа сэжигтэй зүйл нэвтрүүлж байсан хүмүүсийг тандан шалгахын зэрэгцээ, цагдаагийн байгууллагаас сэжигтэй хүмүүсийн талаарх мэдээлэл ирүүлсний дагуу шалгаж, иргэн А-аас 0.9 грамм мансууруулах бодис илрүүлэн өдгөө харьяаллын дагуу УМБГ-т шилжүүлээд байна” гэв.

Х.Даваа