Ерөнхий сайд асан, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудтай уулзаж, ярилцан, тэдний асуултанд хариулав. Монголчууд түүнээс "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ "Рио Тинто" компаниас их хэмжээний авлига авсан эсэх, АНУ-д долоон байр худалдан авсан эсэх, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбоотой эсэх гэх мэт олон хурц асуултыг асуув. Товчхондоо бол С.Баяр өөрийнх нь эсрэг жагсаж буй Г.Ичинхорлоо нарын ард  Монголын улс төрчид байгаа хэмээн хардаж байна гэсэн юм.
 
Түүний ярианаас анхаарал татсан хэсгүүдийг онцлон ишэлж байна.
 
 
*Намайг С.Зоригийн аллагатай хүртэл хутгасан. Ор үндэсгүй гэдэг нь одоо бол тодорхой.
 
* Намайг Монгол улсаас Оросын Холбооны Улсад суух  элчин сайд байхдаа элчингийнхээ байрыг Чеченүүдэд зарсан гэж байна лээ. Иймэрхүү яриаг ер нь бол тоохгүй байх хэрэгтэй. Тоовол амьдрал там болно.
 
*Авгайтай байж цаанаа нууц амрагтай байхыг би зөв гэж боддоггүй, салчихсан нь дээр гэж үздэг.
 
* Энэ намайг яллаад Оюутолгойн гэрээ бол миний бахархал. Намаа засагт ялчихаад байхад хамтарсан Засаг байгуулж байгаад энэ гэрээг байгуулсан. Энэ төсөл өнөөдөр Монголыг тэжээж байгаа. Жилдээ 300 сая доллар өгдөг өөр газар байхгүй. Гэрээ зурагдсанаас хойш Монголд өгсөн мөнгө нь манай гурван жилийн төсөвтэй тэнцэх мөн байгаа. 
 
* Ер нь би авлига авчихсан нь үнэн бол долоон байр авч яах юм бэ? Тэгээд ч "Рио Тинто" шиг олон нийтийн нээлттэй компани авлига өгөөд байж байх уу?
 
 
*Намайг эсэргүүцсэн жагсаал хийж буй хүмүүсийг би эрхээ эдэлж байна гэж үзэж байна. 1992 онд баталсан Үндсэн хуулийн дагуу энэ эрх нээлттэй. Гэхдээ аль нэг албан тушаалтныг хардах эрх байдаг. Харин гүтгэх эрх байх ёсгүй.Би одоохондоо хардаж байна гэж харахыг хүсч байна. Тэгэх тусмаа миний өмнө хашиж байсан албан тушаалтай холбоотойгоор намайг хардах эрхтэй юм. 
 
*Миний хувьд энэ бол шинэ асуудал. 10 аад жилийн өмнө гарч байсан. АНУ-д С.Баярын охин байдаг юм гээд. 
 
 
 *2 жилийн өмнө гадаа жагсаж буй хүмүүсийн барьж байгаа лоозон дээрх photoshop  анх гарч ирсэн. Миний толгой, миний хүүхдүүдийг монтажилсан зураг байгаа. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Уянга анх дэлгэж байсан. Энэ асуудлын хариуг ямар нэгэн байдлаар би гарчихсан гэж ойлгож байгаа. 2 жилийн өмнө өөрийгөө шалгуулья гээд  би АТГ-т хандсан. 
 
*Г.Уянга бол хоёр асуудал хөндсөн. 1-т  АНУ-д баахан байшин байна. Энийг ямар мөнгө төгрөгөөр авсан вэ?  2-т Оюу Толгойн мөнгийг завшсан байж магадгүй байна.  Тэгээд АТГ намайг шалгаад С.Баяр хууль зөрчсөн, авлига авсан нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн. 
 
*Миний зарчим бол ерөнхийдөө иймэрхүү гүтгэлгийг үл тоох хэрэгтэй. Учир нь үнэнийг цаг хугацаа тогтоодог. 
 
*Байрны хувьд бол их энгийн.  Анх бол охины байр гэж байгаад яваандаа  миний өөрийн байр гэж бичих болсон. АНУ-д бүртгэл бол ил тод. Би охиноос асуухад 7 бишээ, миний зарсан байр 10 гарсан гэсэн. Охин маань 2003 онд энэ бизнесээ эхлээд байшин аваад, засаад буцаагаад зарчихдаг юм .
 
*Би АНУ-д нилээн хэдэн жил болсон. Яг ийм бизнес  хийдэг хоёр Монгол залууг лав би танина. 
 
*Ерөнхий сайдын захирамжаар ямар нэгэн захиран зарцуулах асуудал шийдэгдэггүй.
 
 
* Гадаадад байгаа хүмүүс чинь завгүй байдаг шд. Тэгэхээр энэ жагсаал хийж буй хүмүүсийн ард улс төрчид байгаа гэж би хардаж байгаа.
 
*Надад гадаадад ямар нэг байшин бүү хэл майхан ч байхгүй. Хэрэв би худлаа ярьсан бол надтай хариуцлага тооцох хэрэгтэй. 
 
*Манай охин АНУ-д төрсөн. Тэнд амьдрах нь өөрийнх нь шийдвэр байсан. АНУ-ын иргэн болоод 21 жил болж байна. Тэнд өөрийгөө аваад явчих чадалтай болсон.
 
 
Ерөнхий сайд асан, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайд С.Баяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудтай хийсэн уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь үзнэ үү?