“Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэнг танихгүй хүн ховор. Тэрбээр Монгол улсынхаа нэрийг дэлхийн циркчидийн ажиллахыг хүсч мөрөөдөж тэмүүлж явдаг “Нарны цирк”-д орон мандуулж яваа нугараач бүсгүй.

Архангай аймагт 1987 онд айлын том охин болж мэндэлсэн билээ. Э.Баасансүрэн зургаан настайгаасаа эхлэн зурагтаар хоёр эгч нугарч байхыг хараад л тэднийг дуурайж хөдөлгөөнүүдээс нь гэртээ хийдэг  байсаар түүний хүсэл  нэг л өдөр биелж монгол улсын циркийн босгыг алхан орсон гэдэг. Тэрбээр 10 насныхаа төрсөн өдрөөр олон улсын авьяастнуудтай анх удаа өрсөлдөөд тусгай шагнал авч бас 18-тайдаа МУСТА цолоор энгэрээ мялайлгасан маань миний өнөөдрийн амжилтыг бадраах цучил нь болсон хэмээн өнөөг хүртэл дурсдаг юм.

Тэр мөрөөдөлдөө хүрч амжилтаараа жигүүр хийн дараагийн мөрөөдөлдөө хүрэхээр авьяасаа хурцалж яваа. Сүүлийн дөрвөн жил орон орон дамжаад нүүдлийн амьдралаар амьдарч байна хэмээн энгүүн хариулах түүний ертөнцөөр хэдэн хором аяласнаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

 

-Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргэе. Бага наснаасаа уран нугараач болохыг мөрөөддөг байсан уу?

-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би Архангай аймагт төрсөн. Тэр үед зурагтаар хоёр эгч нугарч байхыг хараад л тэднийг дуурайж хөдөлгөөнүүдээс нь гэртээ хийдэг  байлаа. Тэгээд ээж маань анх дагуулж циркт авч ирж шалгуулаад тэнцээд орсон. Түүнээс хойш одоог хүртэл 20 гаруй жил нугарч явна.  Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийн удирдлаган дор анх хичээллэж эхлэн сурсан. Монголдоо ирэхээрээ Ш.Отгонжаргал  багштай хичээллэж байна.

-Танай удамд уран нугараач хүн байсан уу?

-Манай удамд уран нугараач хүн байгаагүй. Одоо харин хамаатны охин нугараач болсон.

-Та 10 насны төрсөн өдрөөрөө олон улсын авьяастнуудтай анх тайзан дээр гарч байсан. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцвал?

-Тийм.  Зургаан хос нугаралтаараа олон улсын хүүхдийн наадамд оролцохоор Итали улсыг зорьсон. Тухайн үед бүх л зүйл сэтгэл хөдөлгөж байлаа. Онгоцоор нисэээс эхлээд бүхий л үйл явдлууд  их сонин содон санагдсан. Хамгийн  дурсамжтай үеүдийн нэг.

-Монголын болон бусад орны тайзан дээр тоглолтоо хийх хоёрын ялгаа?

-Орон орнын үзэгчид бол ерөнхийдээ адилхан хүлээж авдаг. Хамгийн гол нь тухайн нугараач үзэгчдэдээ яаж тоглолтоо хүргэх вэ гэдгээс шалтгаална. Гэхдээ  монголын маань үзэгчид бас л онцгой шүү дээ. Монголдоо тоглоогүй их удсан байна. Одоо багшийн маань шавь Лхагва-Очир тайлан тоглолтоо хийнэ. Тэр тоглолтод оролцохоор бэлтгэлдээ орчихсон явна. Монголынхоо циркийн тайзнаа тоглоно гэхээр гоё санагдаж байгаа.

-Монголдоо хэдэн жилийн дараа тоглох гэж байна?

-2009 онд хамгийн сүүлд тоглосон. Тэгэхээр одоо бараг дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ.

-Үүнээс хойш дандаа гадны орнуудад тоглож байсан гэсэн үг үү?

-Нарны циркид 2009 оноос харьяалагдаж  жүжигчнээр ажиллаж  байна. Анхны шоу маань “Алегрия”  шоунд хосоороо нугаралтаараа жил гаруй явсан.  Сүүлд  “Michael Jackson” шоунд тоглоод  хоёр жил болж байгаа. Нэг байгууллагынх болохоор орон орноор нүүгээд нүүдлийн шоу маягаар явдаг юм. Одоогийн байдлаар нийт 31 орон, 155 хот болон таван тивээр тоглолтоо хийсэн. Сүүлийн хоёр жилд  “Micheal Jackson" шоунд оролцож явсан нь 400 тоглолт 4 сая гаруй хүн бидний тоглолтыг үзсэн байна гэсэн.

-Таньд анх яаж дэлхийн циркийн үүд хаалга нээгдэв?

-“Алегрия” шоунд ороход Отгонжаргал багш маань тусалсан юм. Тэгээд 2006 онд анх “Нарны цирк”-ийн кастангын хүмүүс ирж Монголын циркчид ямар түвшинд байна гэдгийг үзэж сонгон шалгаруулалт хийсэн. Тухайн үед  шалгаруултын бичлэг хийж авч үлдсэн юм.  Сүүлд нь гурван жилийн дараа буюу 2009 онд хосоороо нугаралт хэрэгтэй байна ажиллах уу гэсэн санал ирүүлсэн дээ. Тэр үед  Ш.Отгонжаргал багш маань биднийг холбож өгсөн. Тэгээд удалгүй “Алегрия” шоунд жил гаран оролцоод гэрээний хугацаа дуусч завсарлаад байх  “Micheal Jackson"-ны шинэ шоуны  сонгон шалгаруулалтад орно уу гэсэн санал тавьсан.  Энэ саналаас үүдэн шалгалтанд орж байлаа.

-Нугараач хүмүүсийн  бие нь нэлээн уян хатан байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Мэдээж уян хатан байж нугардаг. Биеийнхээ уянг хадгалах нь чухал.

-Та нарын хувьд  биеийнхээ уянг хадгалах ямар нэгэн нууц байдаг уу?

-Нууц гэвэл байнгын бэлтгэл л юм даа. Нас ахих тусам амархан л алга болох гээд байдаг тал бий. Тийм болохоор бие халаалтыг байнга хийх шаардлага тулгардаг.

-Уран нугаралт залуу насны урлаг гэдэг?

-Залуу насны ажил. Гэхдээ тухайн хүнээсээ шалтгаалдаг. Тэр хүн бие халаалтаа хийгээд нугаралтаа үргэлжлүүлээд  л байвал яваад л байна. Ерөнхийдөө тайз нь дээрээ гарахгүй ч бие халаалтыг хийх хэрэгтэй.  Уран нугараач эгч нараа харж байхад сайн бие халаалтаа хийж байдаг юм.  Би ч гэсэн мөн адил тэгэх байх гэж боддог. Тайз нь дээрээ гарахгүй ч гэсэн бие халаалт, сунгалтаа хийгээд л...

- Нугарахад хамгийн хүнд техник нь ямар үзүүлбэр байх уу?

-Олноор нугаралтад бол түрнекнүүд, ганц гар, зүнек, исток гээд их олон элемэнт бий л дээ.

-Одоо нугаралтаар хичээллэж суралцаж байгаа охидуудадаа хандаж хэлэх үг?

-Миний хувьд хамгийн гол нь бие л хайрлаарай гэж хэлмээр байна. Нугаралт чинь бас залуу насны ажил.  Өөрсдийнхөө биеийг сонсоод хийх зүйлээ зөв техникээр бие зөв халаалттай явах юм бол удаан хугацаанд нугарч чадна. Тэгэхгүй бол хэтэрхий бас өөрийгээ  хүчлээд болохгүй зүйлээ хүчилж хийгээд нуруугаа гэмтээх асуудал сүүлийн үед их гарах болсон. Үүн дээрээ их анхаараарай гэж хэлье.

-Хоёулаа уран бүтээлийн талаарх асуудлаа түр хойш тавиад хувийн амьдралын талаар нь ярилцья. Өөрийнхөө гэр бүлийг уншигчдадаа танилцуулвал?

-Би Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. Айлын том охин хоёр дүүтэй. Дүү маань энэ жил Анагаахын их сургуулийг төгсөнө. Бага дүү маань энэ жил есдүгээр ангид сурч байгаа. Аав маань Хотонтынх, ээж Тамирынх. Зургаан нас хүртлээ Архангайд амьдраад циркид шалгуулж тэнцээд хоёр жилийн дараа гэрийнхэн маань хотод нүүж орж ирсэн. Ерөнхийдөө гэр бүлийнхнээ уриалан дуудан их нүүдэл хийлгэсэн хүн нь би. Тэгээд 31-р дунд сургуульд суралцаж төгссөн.

-Арван жилд суралцаж байсан үе хүний хамгийн дурсамжтай үе байдаг. Тэр үеэсээ хуваалцвал?

-Байнгын бэлтгэлтэй байдаг болохоор тэр болгон ангийнхантайгаа өнгөрүүлэх цаг хомс  байсан. Ангийн зугаалга энэ тэрд бол  дандаа ард үлддэг. Гэхдээ сургуулийн урлагийн үзлэгт бол идэвхитэй оролцогч нь байсан. Тэрнээс биш ангийнхантайгаа болон найзуудтайгаа нийлээд явах цаг ховор л доо. Яагаад гэхлээр  хичээлээ тараад  шууд бэлтгэлдээ явдаг. 31-р сургууль цирк хоёр хоорондоо их ойрхон тэр хооронд алхахдаа найзуудтайгаа юм ярьж явж байгаад за за баяртай гээд салдаг байлаа. Хичнээн  тэднээсээ салахыг хүсдэггүй байсан ч бэлтгэлтэй болохоор баяртай гээд л салдаг.

-Одоо өнөөгийн энэ өндөрлөгөөс харж байхад тэр үед найзуудтайгаа явдаг байж дээ гэсэн харамсах сэтгэл төрж байсан уу?

-Харамсах үе гарч байгаагүй. Өөрөө  циркидээ дуртай нугарах хүсэл тэмүүлэлтэй байсан. Түүндээ хөтлөгдөөд хичнээн багшдаа болохгүй байна гэж загнуулаад  уйлах үе гарсан ч маргааш нь ахиад гүйгээд очдог. Хүн дуртай зүйлээ хийж байгаа болохоор  би бусад хүүхдүүдийн адил бага насаа  тоглож  өнгөрүүлээгүй гэдэг ч юм уу тийм зүйл дээр харамсдаггүй.

-Ирээдүйд ээж хүн болно. Төрчөөд буцаад нугаралт хийхэд биенд нь өөрчлөлт орох уу?

-Би өөрөө ээж болоогүй болохоор сайн мэдэхгүй байна л даа. Бусад эгч нарыгаа харж байхад төрчихөөд буцаад тоглолтодоо орчихсон зөндөө эгч нар маань бий. Тийм болохоор тэд нар төрснийхөө дараа хурдан бэлтгэлдээ орох хэрэгтэй л гэж хэлдэг. Тухайн хүний биеийн онцлогоос хамааран хоёр долоо хоногийн дараа эсхүл сарын дараа буцаж бэлтгэлдээ ороод зургаан сарын дараа гэхэд формондоо орчихдог гэсэн.

-Найз залуутай юу. Эсвэл гэр бүлийн амьдрал зохиох болоогүй гэж бодож байна уу?

-Найз залуу байхгүй. Уг нь насаа бодохоор найз залуутай болчихсон л байх үе. Гэхдээ ажил маань нэгт байгаа болохоор ажлаа л сонгож явна. Хамгийн гол нь энэ тоглолт маань нүүдлийн тоглолт байнгын ийш тийшээ явдаг. Тийм болохоор хоёр талд байна гэхээр хэцүү санагддаг юм. Тэгээд нэг мөсөн суурин болоод найз залуутай больё гэж бодож байгаа. /Инээв/

-Хүнд  дотно зөвлөгч нь байж чаддаг хүн бол сайн найз байдаг?

-Тийм. Миний бага насны найзууд маань бүгдээрээ нугардаг охидууд. Хамгийн сайн найз маань Нарны циркийн жүжигчин Лас Вегасын усны шоунд нь суурин тоглож байгаа. Тэр найзтайгаа байнга холбоотой онлайнаар харьцаж бүх л асуудлаа ярилцаж, сэтгэлээ хуваалцдаг.

-Найзаас гадна эмэгтэй хүнд ээж гэдэг дотно найз байж чаддаг. Энэ талаар?

-Ээж бид хоёр чинь интернэтээр бас их харьцана. Хоёулаа хоёр талд бүх л амьдралаа ярилцана шүү дээ.  Монголдоо ирээд ээждээ эрхлээд л байж байна. /Инээв/

-Дэлхийн уран нугараачдын хүсч мөрөөддөг ямар шагнал байдаг вэ?

- Монткарлагийн тэмцээнд орохыг дэлхийн циркчид хүсч мөрөөддөг. Би энэ тэмцээнд орохыг их мөрөөддөг. Сайн нугардаг нэг найзтайгаа хамт нийлээд орчих юмсан гээд л их ярьдаг. Гэхдээ хоёулаа одоо өөр газар тус тусдаа тоглолттой байгаа болохоор амжихгүй явна.  Бид хоёрын боломж бүрдвэл оролцох боломж нээгдэх байх.

-Энэ тэмцэээнээс Монголоос хичнээн хүн шагнал авч байв?

-Манай Монголоос их олон бий. Сая Хадаг аа ахын групп хүрэл медаль авсан. Урьд нь нугардаг есөн охин оролцоод  хүрэл медаль мөн манай багшийн Оюунтунгалаг, Лхагва-Очир шавь нь хүрэл авч байсан.

-Гадагшаа тоглолтоор явахад аав ээж нь юу хэлдэг вэ. Аав ээжийн сургаал алт шүү дээ?

-Миний охин бие сайн бодоорой гэж их хэлдэг. Бид нарт санаа битгий зовоорой өөрийгөө бодоорой л гэдэг юм.

-Таны мөрөөдөл?

-Сүүлийн дөрвөн жил орон орон дамжаад нүүдлийн амьдралаар амьдарч байна. 19 орны жүжигчин нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явдаг. Монгол улсаа төлөөлөөд монгол услаараа овоглогдоаж явдаг болохоор сайхан. Циркчин хүмүүст хоёр мөрөөдөл байдаг байх гэж би боддог. Нэг нь Нарны циркчин болох нөгөөх нь Монткарлагийн тэмцээнд орох .

Миний нэг мөрөөдөл маань биелээд одоо ажлаад явж байгаа болохоор бахархмаар сайхан байдаг. Одоо нэг мөрөөдлөө биелүүлэх л үлдсэн. Ер нь нарны циркид ороход мэргэжлийн үүднээс бас их шаардлага өндөр төвьдаг. Жүжигчин хүн ямар байх ёстой, биеэ яаж авч явах уу, өөрийнхөө бэлтгэлийг яаж барих уу тэр бүхнийг өөрөөс шаардаж байдаг. Түүнээс биш багш чи ингээд хийгээд бай гэсэн байнгын бэлтгэл байхгүй. Хэрвээ бэлтгэл сургуулилт муудаад тоглолтоо муу хийгээд байх юм бол хасагдах халагдах асуудал ойрхон байдаг. Тийм болохоор жүжигчин хувь хүн өөрийгөө яаж авч явах уу хамгийн гол нь тоглолт жүжиглэлтийг илүү анхаарч ажилладаг юм. Өдөр болгоны тоглолтын бичлэгтэй энэ хугацаанд тэр тоглолтоо сайн хийгдлээ гэж ярьдаг.

-Миний бодлоор багийн тоглолтоос илүү хувийн тоглолт маш өндөр байх ёстой юм байна гэж ойлгож байна?

-Ерөнхийдөө багийн тоглолтыг  харна л даа. Соло номер гэх юм бол тэр олон мянган хүний өмнө ганцаараа би гарч байгаа болохоор бүх хүний нүд л харж байгаа учраас жоохон алдаа гаргавал түүнийгээ яаж үзэгчдэд мэдэгдэхгүй  буцаагаад авч явах уу гэдэг асуудал нь хувь жүжигчний ур чадварыг шаарддаг.

-Мэдээж арван хуруу тэгш хүн байдаггүй. Та алдаа гаргасан уу?

-Манайх чинь голдуу техникийн аппарат хэрэгсэлтэй болохоор тайз гацах тохиолдол их гардаг. Миний үзүүлбэр дээр нэлээн хэдэн удаа гарч байсан. Тэр хоёр минутыг  үзэгч олныг  уйдаахгүй яаж өнгөрөөх үү тоглолтоо хэрхэн үзүүлэх үү мөн өөрөө үзүүлбэрээ зохиох асуудал тулгардаг. Тэр хугацаанд бүх л дарга нар хардаг юм. Энэ хоёр минутын дотор хичнээн тайз гацсан ч гэсэн хаагуур нь яаж жүжиглэх нүү гэдгийг харж бүх анхаарлаа төвлөрүүлчихсэн байдаг.

-Анх тайз гацалтад ороход хэр балмагдаж байв?

-Эхэндээ их балмагдсан.  Хоёр минутад гараад хийгээд дуусаад хөшигний ард орсны дараа л юу хийснээ заримдаа санахгүй юу болоод өнгөрөв өө гэдэг. /Инээв/.  Бас сэтгэлийн цочрол авах маш гоё. Тэр үед гаргаж байгаа эмоцио яаж гаргах  нь тухайн жүжигчнээс маш их ур чадвар шаарддаг л даа.

-Тэр гацалтаас гараад тайзны ард ороход хамт олон яаж хүлээж авдаг вэ?

-Тэгээд гараад ирэхэд баяр хүргэе. Чи биднийг аварч чадлаа гэдэг. Тэгээд хурал дээр Баска тэр үед тийм зүйл хийсэн гээд хэлээд баяр хүргэдэг .

-Баяр хүргэлтээс авах кайфыг үгээр илэрхийлвэл?

- Тэр л хамгийн сайхан даа. Хүн хийсэн зүйлдээ сэтгэл хөдлөөд  би чадсан шүү гэсэн бодлыг маань хүмүүс дэмжээд чи үнэхээр чадлаа гэхэд илүү гоё мэдрэмж төрдөг.

-Эхэн үеэсээ дараагийн удаа суралцаад  сэтгэл зүйн бэлтгэлтэй болдог байх?

-Өдөр болгоны бичлэг хийдэг болохоор заримдаа бичлэгээ хараад өөрийгөө голдог л доо. За тайз гацчихлаа чи хийх зүйлээ зохиогоод хийнэ шүү гэхэд  чинь зүрх савлаад явчихдаг. Гэхдээ гэнэт гарчихсан нь бас зүгээр байдаг юм. Тэгэхгүй бол өмнө нь тайз гацлаа бэлдээрэй гэхлээр заримдаа хэтэрхий их бодоод яг бодсон зүйлээ сандраад хийж чадахгүй  үе гарч байсан.

-Тайз нь дээр гараад өөрийнхөө сэтгэлд бүрэн хүрсэн сайхан мэдрэмжийг уран бүтээлч хүн бүр л олж авсан байдаг. Та тэр мэдрэмжээ олж авч чадсан уу?

-Тэр мэдрэмжийг авч чаддаг. Өдөр болгоны тоглолтоосоо авах юмсан гэж хичээдэг. Зарим тоглолт дээр хичнээн хүссэн ч авч чаддаггүй байх үе бий. Хамгийн анхны тоглолтоосоо маш өндөр мэдрэмжийг авдаг.  Үгээр илэрхийлэхийн аргагүй.  Ерөнхийдөө амараад буцаад тоглолтодоо орох үеийн анхны тоглолт бол сэтгэл хөдлөл өндөр. Тэр мэдрэмжээ байнга хадгалахыг боддог.

- Хамгийн анхны тоглолтоо аль усад хийж байв?

-Хамгийн анх Итали улсад 1997 онд тоглож байсан. Энэхүү тоглолтондоо таван сарын бэлтгэл хийж байгаад орсон.

-Ярилцсанд баярлалаа. Дараагийн удаа уулзахдаа Монте Карлогын тэмцээнээс медальтай эргэн уулзахын ерөөл тавья.

-Баярлалаа.

Ярилцсан: Х.Даваанаа