“PLAYBOY MONGOLIA” сэтгүүлийн 1 жилийн ойг тохиолдуулан эрчүүдийн домогт PLAYBOY сэтгүүлд холливуудын алдартай жүжигчинJohnny Depp-ийн өөрийн хайр дурлал, амьдрал уран бүтээлийн талаараа илэн далангүй ярилцсан сонирхолтой ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.   
 
Энэхүү ярилцлага нь “PLAYBOY MONGOLIA” сэтгүүлийн 2013 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн бөгөөд Johnny Depp нь “Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал кино /2003 оноос одоог хүртэл/, “Алиса гайхамшигийн оронд” /2010 он/, “Хайчин гарт Эдвард” /1990 он/, “Морь унасан толгойгүй хүн” /1999 он/, “Мексикт нэг удаа” /2003 он/ гэх мэт олон киногоороо та бидний дунд танил болсон жүжигчин юм.
 

 

2004 оны 05 сар

Ярилцсан: Бернард Вейнрауб

Энэ ярилцлага бол нас намба сууж буй нэрт жүжигчний ололт амжилт, алдар хүнд, алдаа оноо, ухаарал бодрол төдийгүй хэрхэн эр дунд насандаа секс-бэлэг тэмдэг байж чаддаг тухай мөн папарацитай хэрхэн тэмцдэг тухай нь илэн далангүй ярилцсан ярилцлага юм.

Жонни Депп бол Холливүүд дэхь хамгийн содон намтар түүхтэй хүмүүсийн нэг юм. Тэрээр өөрийн карерыг телевизийн киногоор эхэлсэн бөгөөд тун удалгүй өөрийгөө бусдаас онцгой өвөрмөц жүжигчин гэдгээ харуулж голдуу ашгийн бус кинонд содон дүрүүдэд тоглож байлаа. Энэ үед тэр “box office”-т ямар ч нөлөөгүй нэгэн байв. Харин өнгөрсөн жил түүний бүтээсэн нэгэн дүрийн ачаар гайхалтай амжилтанд хүрсэн кино бол Дисней фамилигийн бүтээл болох Карибын тэнгисийн дээрэмчин бөгөөд нийт 300 саяын ашиг орлогыг олж чадсан юм. Энэ кино нь Деппийн ажил амьдралыг өөрчилж түүнийг жинхэнэ нэр алдартай од болоход нөлөөлсөн. Тэрээр энэ дүрээр анх удаа Оскарын шагналд нэр дэвшсэн юм. Хэдий тэр одоо дөч хүрсэн ч гэлээ “Хүмүүс” сэтгүүлээс түүнийг 2003 оны хамгийн “Тачаангуй эр”-ээр тодруулан зарласан юм. Ямагт асуудалд орооцолдож, шоронгийн хаалга татаж, хэл аманд орж байдаг “тавьтаргүй” жүжигчин маань одоо архи дарс, мансууруулах бодис, хар тамхинаас бүрэн холдож цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдтэйгээ тоглодог намдуу зөөлөн, халуун дулаан,  гэр бүлсэг жинхэнэ аав болжээ. Ингэхэд энэ залуу хэн юм бэ?

Деппийн амьдралын эхний жилүүдийн талаар баримт зөндөө байдаг. 21 Jump Street кинонд нууц албаны цагдаагийн дүрд тоглосноороо Депп 1987 онд нүд ирмэхийн зуур өсвөр үеийнхний шүтээн болж чадсан боловч телевизийн киног удахгүй орхин дэлгэцийн урлаг буюу кино руу эргэлт буцалтгүй орсон юм. Кино найруулагчид буюу тухайн үеийн “од төрүүлэгчид” түүнийг авч хэрэгсэхгүйгээр барахгүй ихэнх дүрүүдэд Том Круйз, Кину Ривз, Брэд Питийг сонгож байлаа. Гэвч тэрээр хайсны эцэст олсон юм. Найруулагч Тим Буртон түүнийг сонгож Edward Scissorhands, Ed wood болон Sleepy Hollow зэрэг кинонд тоглуулсан юм. Тэрээр What’s eating Gilbert Grape кинонд гутранги үзэлтэй дорой нэгний дүрийг бүтээсэн бол Fear and Loathing in Las Vegas кинонд хар тамхинд донтогч анчин Томпсоны дүрийг харин Donnie Brasco кинонд Холбооны Мөрдөх Товчооны тусгай нууц албаны ажилтны дүрүүдийг чадварлаг бүтээсэн. Тэр үнэхээр жирийн л нэг залуу юм.

Кентаки мужын Овенсбород төрсөн Депп сургуульд байхдаа бусдаас өвөрмөц сурагч байжээ. Тэр 16 насандаа ахлах сургуулиас хөөгдөж Игги Поп ба Рамонес хэмээх хамтлагт оржээ. Удалгүй 1983 онд хамтлаг нь Лос Анжелес рүү нүүхэд тэрээр хийх ажил олох гэж зүтгэж үзэг балны наймаа хүртэл хийдэг байжээ. Түүний анхны эхнэр Лори Аллисон Деппийг Николас Кейжтэй танилцуулсан бөгөөд Николас Кейж түүнийг нэгэн кино компанид ярилцлаганд ороход нь тусалжээ. Энэ бол түүний түүх юм.

Сүүлийн хэдэн жилийн турш Депп үнэхээр халуухан жүжигчдийн нэг байж чадсан. Түүний хамгийн сүүлд тоглосон кино нь Secret Window бөгөөд түүний дараагийн уран бүтээлүүд нь Ж.М.Барригийн Neverland-ад Петер Пены зохиолчын дүр мөн анчин С.Томпсоны туужаас сэдэвлэсэн The Rum Diary болон The Libertine-ийн 17-р зууны яруу найрагч эрийн дүр юм. Мөн Буртоны бас нэгэн кино болох Чарли ба Шоколадны үйлдвэр гээд тасралтгүй үргэлжлэх түүний бүтээлүүд Далайн дээрэмчинээс ч дутахгүй их ашиг орлогыг үргэлжлүүлэх нь лавтай.

Деппийн бас нэг онцлог бол папарациудтай үзэлцэж шар хэвлэлийг байнга “тэжээж” байдаг бөгөөд үүний гол шалтгаан нь түүний архи дарс, хар тамхи болон сайхан хүүхнүүдтэй нэр холбогдсон явдал юм. Түүнтэй холбоотой байсан сайхан бүсгүйчүүдийн нэрсийг жагсаая гэвэл урт жагсаалт гарах болно. Хамгийн тод үлдсэн нь Шерилин Фенн, Женнифер Грей, Винона Райдер нар юм.  Тэднээс хамгийн дотно холбоотой байсан амраг нь Винона Райдер бөгөөд Депп биен дээрээ “Винона Үүрд” гэсэн шивээсийг хийлгэсэн юм. Хожим тэд салсан бөгөөд Депп уг шивээсийг лазераар “Вино Үүрд” болгон өөрчилжээ. Мөн Депп загвар өмсөгч Кейт Мосстой Нью Йоркын нэгэн зочид буудалд болзож байгаад баригдсан түүхтэй. Депп “Випер Рүүм” хэмээх нэртэй Холливүүдийн нэгэн клубын хамтран эзэмшигч бөгөөд яг энд 1993 оны Зул сарын баярын шөнө нэрд гарж явсан залуу од Ривер Фоеникс хар тамхийг тун хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан юм. Энэхүү эмгэнэлт явдал Деппэд нөлөөлжээ.

Депп Францын жүжигчин, поп дуучин Ванесса Прадизтай дотносоод зургаан жилийг үдсэн бөгөөд тэдний дундаас хоёр ч хүүхэд төрсөн. Депп, Ванесса нарын охин Лили Рөүз 4 настай хүү Жек нь 2 настай. Энэ хосууд Лос Анжелес болон Францын Ст. Тропецийн хооронд цагаа өнгөрөөдөг байна.

Плейбой сэтгүүлийн сэтгүүлч Бернард Вейнрауб миний бие Лос Анжелес дахь Chateau Marmont Зочид буудлын нэг өрөөнд Жони Депптей ярилцахаар тохирсон юм. Болзсон цагтаа Депп зочид буудалд ирсэн бөгөөд ковбой малгай өмсөж хүзүүндээ барын соёо бүхий зүүлт, өөрийн шүтдэг сахиус болох Че Геварагийн зүүлтийг зүүсэн байв. Тэр ярилцлага эхлэхийн өмнө савтай ус онгойлгоод тамхи гаргав.

ПБ: Сүүлийн үед танд үнэхээр их өөрчлөлт гарсан. Таныг дэлхийн хэмжээний шилдэг од болгосон Карибын тэнгисийн дээрэмчнээс эхлээд та шилдэг эрэгтэй жүжигчний шагналд хүртэл нэр дэвшлээ?

ЖД: Үнэхээр хачин юм шүү... /Инээв/

ПБ: Карибын тэнгисийн дээрэмчин таны ажил, амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

ЖД: Энэ асуултанд хариулах хүн нь би биш байж болох юм. Гэхдээ нэг л юмыг хэлэхэд таван настай балчираас 50 тэр байтугай 70 настай хөгшчүүд бүгд адилхан энэ киног сонирхож хайрласанд л учир нь байгаа юм. Өмнө нь надад ийм зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Би зөвхөн энэ сайхан ажлаа үргэлжлүүлэхийг л хүсч байна. 

ПБ: Холливүүдийн хандлага өөрчлөгдсөн үү?

ЖД: Холливүүдийн надад хандах хандлага өөрчлөгдсөн эсэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ надад маш олон хүмүүсээс бас кино найруулагчдаас утас ирсээр байна. Тэдний зарим нь намайг огт танихгүй  миний нэрийг сонсоогүй хүмүүс ч байх шиг байна. Гэхдээ зүгээр ээ. Миний дараагийн кино төлөвлөгдчихсөн байгаа. Зохиол дээр үйл явдал нь Сэргэн Мандлын Үеийн Англи оронд өрнөдөг юм. Миний дүр бол Жон Вилмот хэмээх завхай зайдан яруу найрагчын дүр байгаа юм. 33 настайдаа архи болон тэмбүү өвчнөөс болж өөрийгөө алдаж байгаа залуугийн дүр. Үнэхээр сайн бүтээл шүү.   

ПБ: Та одоо зүй ёсоор кино од боллоо?

ЖД: Энэ “тоглоом”-оос ямагт хол байсаар ирсэн. Би тэдний зүй ёсоор кино од гэж тооцогдох тооцоонд нь орох хүртэл мөн ч их юм болно доо гэж боддог байсан.  Гэвч энэ бүхэн үнэхээр хачин юм шүү. Энэхүү хачин жагсаалтууд... шилдэг таван од... шилдэг 10 кино од... “За энэ хүнийг л сонгож авъя. Яагаад гэвэл энэ бол зүй ёсоор од болсон хүн” гэх мэт ийм хачин зүйлийн талаар би боддоггүй ээ. Чи тэр жагсаалтад сайндаа л 2 долоо хоног байна биз... тэгээл л арчигдана ш тээ. Миний нэр тэр жагсаалтанд нь байхгүй байсан ч би ердөө гайхахгүй. Хэрвээ би энэ долоо хоногт тэр жагсаалтанд шилдэг од болж бичигдсэн бол сайн л биз... гэвч дараагийн долоо хоногт миний юу ч тэнд үлдэхгүй шүү дээ. Би иймэрхүү юманд дасчихсан юм. Иймэрхүү коммершиал амжилтанд ямар нэгэн реакцигүй хүн л дээ. Нэг кино хийлээ гэж бодъё амжилтанд хүрсэн бол мэдээж сайхан хэрэг л дээ. Гэхдээ би ямар нэгэн зүйлийг зөвхөн зөв аргаар хийхийг л хүсч байна, бусдыг аялдан дагалдсан, шударга бус, утгагүй байдлаар биш... Би үнэхээр зүй ёсоор жагсаалтад бичигдэх кион од болсон ч бай үгүй ч бай мэдэхгүй юм даа. Хэрвээ би тэнд үлдлээ гэхэд хэн мэдэх юм бэ?

 ПБ: Та өөрийгөө од гэж боддог уу?

ЖД: За үнэхээр жинхэнэ кино од гэвэл Хумфрей Богарт, Лаурен Бакал, Спенсер Трэси, Монтгомери Клифт нар байна. Би яаж өөрийгөө Кларк Габлетай энэ зэрэгцүүлж чадах юм бэ? Том Круйз бол үнэхээр чадварлаг кино од. Ингэхээр би яаж өөрийгөө кино од гэж хэлж чадах юм бэ? Би зөвхөн сайн ажилтай... үнэхээр сонирхолтой ажилтай жирийн л нэг залуу.

ПБ: Магадгүй зүгээр нэг “сайн ажил”-аас ч хамаагүй дээр байх. Та үнэхээр амжилтанд хүрсэн шүү дээ. Та Францад бага хугацааг харин  Лос Анжелост ихэнх цагаа өнгөрөөдөг нь энэ ажилтайгаа ойрхон байх гэсэн хэрэг үү?

ЖД: Тиймээ, би одоо хүртэл амьдралынхаа талыг Францад өнгөрөөж байна шүү.

ПБ: Та Францад яг л энд байгаа юм шиг байж чаддаг уу?

 ЖД: Тиймээ. Эхэндээ үнэхээр гайхалтай байсан. Би Франц хэл мэдэхгүй. Гэхдээ энэ нь надад таалагддаг учир нь би ярих шаардлагагүй байсан болохоор... Зүгээр л хүмүүсийн дунд ороод ямар нэгэн зүйлийг ярьж хэлэх хариуцлагыг мэдрэхгүй байх сайхан шүү.  Бас олны анхаарлын төвд орохгүй...

ПБ: Та тэнд дандаа тиймэрхүү байдалтай байдаг уу?

 ЖД: Тиймээ, энэ үнэхээр таалагддаг. Би тэнд ямар ч газар ороод вино ууна. Тэнд миний дурласан бас нэг зүйл гэвэл тэдний соёл. Үнэхээр эртний сайхан соёл.

ПБ: Та Францад ер нь яаж амьдардаг вэ?

ЖД: Энгийн... маш энгийн. Бид тэнд жижигхэн байшинд амьдардаг. Өглөө сэрээд нар ургахыг харангаа кофе чанаж... хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлдэнэ.

ПБ: Одоо та олны нүдэнд дахиад л орж ирлээ. Одоо өмнөхөөсөө ч ил болсон мэт санагдаж байна уу?

ЖД: Бид ямагт папарацитай тэмцсээр ирсэн. Тэр байдал одоо ч өөрчлөгдөөгүй. Гэхдээ тэд хэтэрхий ихийг хүсэх юм. Бурхны мэддэг зүйлийг л мэдэхийг хүсэх юм. Яагаад тэгтлээ их улайрч зүтгэдэг юм бол? Чи юу гэж бодож байна?

ПБ: Хамгийн эхний асуултыг Карибын тэнгисийн дээрэмчний тухай асуусан болохоор тэгж байна уу?

ЖД: Үгүй ээ. Би гомдоллох гээгүй. Биднийг олон нийтийн газар байхад жишээлбэл ямар нэгэн нээлт ч юм уу тоглолтон дээр байхад би хэвлэлийнхнийг тоодоггүй. Тэр бол амьтны л мөн чанар шүү дээ. Гэвч хүүхдүүддээ Зул сарын бэлэг бэлдэх гээд дэлгүүрт явж байгааг сонирхоод байхаар би ердөө ойлгохгүй юм.  Нэг өдөр би Сан Фернандо Валлид өдрийн хоолны цаг товлосон байсан юм. Гэтэл бидний яг араас дагаад 7, 8 машин явж байсан гээд боддоо.  Бас нэг удаа миний бүсгүй хүүхдүүдээ салхилуулахаар цэцэрлэгт явж байхад нь зөвхөн түүний минь хүүхдүүдтэйгээ тоглох зургийг нь дарах гэж эргэн тойрон папараци бүчсэн байсан. Энэ бол үнэхээр бүдүүлэг муухай зүйл. Би тэднийг намайг оролдвол тоохгүй ээ харин хүүхдүүдэд минь тэгж хандвал өөр хэрэг шүү. Энэ бол нүгэл.

ПБ: Францад арай гайгүй байдаг уу?

ЖД: Яг ч тийм биш ээ. Байшингийн минь дээгүүр нисдэг тэрэгтэй нисч гал зуухны цонхоор дурандаж байдаг юм. Тэд чинь маш урт сунадаг линзтэй.

 ПБ: Танд дээрхээс өөр бас нэг том өөрчлөлт гарсан. Та дөчин нас хүрчихлээ. Дөч хүрсэндээ итгэх хир байв даа?

ЖД: Нэг хэсэгтээ л эргэлзэж байсан шүү.

ПБ: Та чинь сэтгэлээсээ санаа зовсон уу?

ЖД: Арван настайдаа эсвэл хорин настайдаа хэзээ ч үхэхгүй, юунд ч дийлдэхгүй мөнх юм шиг л санагддаг юм. Харин тун удахгүй өөрийнхөө юу ч биш болохыг мөнх юм гэж үгүйг мэдэрч эхлэнэ дээ.

ПБ: Та нэг удаа “Намайг хүмүүс хар тамхины донтон догшин ширүүн зантай этгээд гаж амьтан гэж боддог гэж” хэлж байсан. Яагаад ингэж хэлснээ тайлбарлаач?

ЖД: Үнэндээ олон жилийн турш цаадуул чинь намайг зэрлэг хүн шиг л хэлсээр ирсэн. Одоо харин намайг “экс зэрлэг”, “экс муу залуу”, “экс танхай” гэж бичдэг болсон байна лээ. “Экс” гэсэн энэ тодотгол нь намайг аав болчихсон болохоор нэмж байгаа юм. Хэвлэлийнхэн хүнийг яг л нэг хэв загварт “чихэх” гээд байдаг. Энэ хүн болгонд л тохиолддог зүйл. “Шинэ муу залуу”, шинэ Жеймс Дин, шинэ юу ч байсан ялгаагүй... Инээдтэй хирнээ залхмаар юм. Миний ээж тийм хүн. Тийм болохоор миний зээ дүү нар манай гэр бүлийг бүгдийг нь тийм болгосон. Энэ бол бүх цаг үед байдаг үзэгдэл юм.

ПБ: Нэгэн хэсэг таны амьдрал хяналтгүй болж байх шиг санагдсан. Энэ мансууруулах бодистой холбоотой юу?

ЖД: Гол нь архинаас болсон юм. Мансууруулах бодис, эм ч бас нөлөөлсөн л дөө. Би үнэхээр сүйрлийн ирмэгт тулаад байсан шүү. Бараг л сүйрэх гэж байсан. Гэхдээ намайг тийм болгоогүй бурханд талархдаг юм. Гилберт Грейп кинонд тоглож байх үед миний амьдрал үнэхээр таг харанхуй байсан.    

ПБ: Та яг ямар бодис сонгож байсан юм бэ?

ЖД: Би хэзээ ч кокайн болон түүнтэй адил мансууруулагч хэрэглэдэг донтон байгаагүй. Тийм бодис надад гологддог байсан юм. Би түүнийг цагийн гарз ямар ч утгагүй зүйл гэж боддог байсан. Гэхдээ л архи дарс, тариагаар өөрийгөө хордуулдаг байсан. Би зүгээр л зарим нэг зүйлсийг огт мэдрэхгүй болохыг л хүсдэг байсан юм.

ПБ: Зарим нэг юуг?

ЖД: Би зарим нэг юмыг огт мэдрэхгүй болохыг хүсдэг байсан... хөгийн инээдтэй юмыг. Миний хийж чадах хамгийн ухаангүй, утгагүй зүйлсийн нэг байсан. Учир нь миний хийж байгаа тэр зүйл зайлшгүй хийх ёстой зүйлийг хойшлуулдаг байсан болохоор... Заримдаа бүх зүйлсийг зөвхөн өвчнийг мэдрэхгүй болохыг хүсэхээс илүү өөр нүдээр харах хэрэгтэй болдог юм байна лээ.

ПБ: Тийм байдлаар хир удаан явсан бэ? Та бүр донтож байсан уу?

ЖД: Үгүй шүү. Бурхны ачаар би ямар нэгэн зүйлд хэзээ ч тэгтлээ урхидуулж байгаагүй. Би толгойгоо алдаж байгаагүй. Зөвхөн архи дарсаар аливаа зүйлийг мартахыг өөрийгөө эмчлэхийг л хүсдэг байсан юм. Энэ бүхэн амьдрал, бодит байдал, стресс, өөрчлөлт, уй гуниг, хуучин дурсамжаас шалтгаалсан юм. Өөр ч олон зүйл байсан байх. Би үнэхээр юуг ч мэдрэхгүй болохыг л хүссэн юм.

ПБ: Юу таныг зогсоосон юм бэ?

ЖД: Гэр бүл, найз нөхөд... Тэд маань намайг өмнөө суулгаж байгаад “Сонсооч. Бид чамд хайртай. Чи өөрийгөө хороож байна. Өөрөө өөрийгөө алж байна. Чи биднийг ч бас алж байна.” гэж хэлсэн юм.

ПБ: Та тэдний үгийг хүлээж авсан уу?

ЖД: Шууд хүлээж аваагүй. Хүн хэзээ ч тэр дор нь шууд хүлээж авдаггүй юм. Учир нь тэнэг, мулгуу, тоомсоргүй. Учир нь тэр бол хүн. Тэгсээр байгаад эцэст нь нэвтэрч эхэлдэг. Хамгийн сүүлд бие, сэтгэл, оюун ухаан бүгд хүлээж авдаг. “Тиймээ... чи буруу зүйл хийж байна” гэж...

ПБ: Таны гэр бүл, найз нөхөд чинь үнэхээр оролцсон уу?

ЖД: Тодорхой хэмжээгээр тэд оролцсон. Тэр үед би өөртөө үнэхээр зөв зүйл хийлээ гэж талархаж байсан. Би өөрийн хүслээрээ л үүнийг хийсэн. Би өөрийгөө тайвшруулж хэдэн сарын турш таг дуугүй тэнэг амьтан шиг л явсан. Гэвч тэгснээр байдал дээрдэхгүй байгааг мэдэрч дотроо бодсон. “Би их удаан хийж байна. Хөгийн юм. Шууд л зогсооё... ” гэж хэлсэн. Тэгээд л шууд хагас жилийн дотор би бүгдийг хаяж чадсан. Тодорхой цэгт хүрсэн хойноо би “Бурхан минь, би өөрийгөө яаж байсан юм бэ? Амьдрал чинь ийм сайхан байсан юм уу? Би юу хийж байна вэ?” гэж хэлнэ гэж таамаглаж байсан. Одоо бол би нэг, хоёр хундага улаан вино уухаас хэтрэхгүй. Тэгээд л тэр.

ПБ: Танай клубын гадаа Ривер Фоеникс мансууруулагч хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан. Танд ямар нөлөө үзүүлсэн бэ?

ЖД: Итгэмээргүй байсан. Түүний гэр бүл, ойр дотны найз нөхдийнх нь мэдэрсэн тэр их гуниг зовлон, шаналалыг төсөөлж ч чадахгүй байна. Энэ бол миний хувьд онцгүй зүйл байж мэдэх ч тэдний хувьд тэвчишгүй байсан нь мэдээж.

ПБ: Түүнийг хир сайн мэддэг байсан бэ?

ЖД: Бид бие биенээ сайн таньдаг бас хүндэтгэж харьцдаг байсан. Бидний дунд ярьдаг байсан зүйл ч байсан. “Хамтдаа нэг юм хийе...”, “Хэзээ нэгэн цагт хамтарч юм хийнэ шүү” гэж байнга ярьдаг байсан. Би түүнд хайртай байсан. Би түүний ажлын арга барил бас түүний сонголтыг хүндэтгэдэг байсан. Тэр үнэхээр хурц авъяастай залуу байсан. Түүний өмнө маш олон боломжууд байсан. Новш гэж... Хайран залуу. Юуны төлөө?

ПБ: Энэ явдал таныг архи, мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлсөн үү?

ЖД: Энэ явдал 1993 онд намайг Ed Wood кинон дээр ажиллаж байх үед болсон юм. Би тэр үед ямар ч хатуу архи, дарс ер нь юу ч хэрэглэдэггүй цоо эрүүл байсан. Гэсэн ч бүх шар хэвлэлүүд биднийг мансууруулах бодис хамт хэрэглэдэг байсан мэтээр шуугиж эхэлсэн юм. Энэ бүхэн надад үнэхээр аймшигтай, гутамшигтай, гунигтай санагдсан. Энэ явдал даамжирсаар миний тархинд бас зүрхэнд нэвтэрч эхэлсэн.

ПБ: Таны амьдралд тохиолдсон энэ харанхуй цаг үеүүд ажилд чинь хэрхэн нөлөөлсөн бэ? Найруулагч Тим Буртон таныг эвдэрсэн хүмүүсийн нэг гэж хэлж байсан. Үнэхээр тийм үү?

ЖД: Би амьдрал дээр ч, кинон дээр ч эвдэрсэн хүмүүсийн нэг байсан. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй юм. Гэхдээ хүмүүс бид бүгд өөр өөрийн замаар эвдэрдэг. Төгс хүн гэж хаа ч байхгүй. Би хүн бүрийг ямар нэгэн байдлаар согогтой гэж боддог ш тээ.

ПБ: Та хүүхэд байхдаа ч эвдэрсэн хүүхэд байв  уу? Эсвэл зүгээр л жирийн хүүхэд байв уу?

ЖД: Жирийн хүүхэд ээ? Би тийм байдлаар удаан байгаагүй ээ.

ПБ: Ямар байсан юм бэ?

ЖД: Их л өвөрмөц байсан гэхдээ бидэнд бол хэвийн зүйл байсан юм... Би өөр хүүхдийн гэрт очиж, тэдэнтэй тоглон, оройн хоол хамт идэж, гэр бүл гэж юу болохыг харах хүртлээ өөрийнхөө амьдралыг энгийн амьдрал гэж боддог байсан юм. Түүнээс хойш бид жирийн биш юм байна гэдгийг харсан.

ПБ: Юу нь өөр байсан юм бэ?

ЖД: Оройн хоол идэхээр бүгд ширээ тойрон суух – Энэ бол манай гэрт өдөр бүр тохиолддог зүйл биш. Манай гэрийн оройн хоол нь хиам хавчуулсан талх, түүнийгээ идчихээд л явчихдаг. Удалгүй юм идмээр болвол хэдэн ширхэг самар идчихээд дахиад л гараад явчихдаг тийм л байсан. Би найз Салынхаа гэрт заримдаа оройн хоол идэхээр очдог байсан юм. Ширээ тойрч бүгдээрээ хамт суугаад юу хийгээд байгаад  ойлгодоггүй байсан юм. Би тэнд Ром салатны байцааг хамгийн анх харснаа мартдаггүй юм. Надад тэр байцаа их сонин бас аймаар харагдаж билээ. Оройн хоолонд төрөл бүрийн салат, хачирууд бас шөл байсан юм. Би оройн хоол тийм байдаг тухай ямар ч ойлголтгүй байсан. Би ер нь хөдөөний хоол идэж өссөн хүүхэд.

ПБ: Харваас сургуульд тийм ч амар байгаагүй юм шиг байна. Та асуудалтай сурагч байсан уу?

ЖД: Тийм шүү. Ахлах сургуульд...

ПБ: Юу болсон юм бэ?

ЖД: Үнэхээр харгис бүдүүлэг эмэгтэй багш байсан юм. Хэрвээ түүний сонгосон бүлэгт нь багтаагүй л бол сурагчыг доромжилж, шийтгэдэг тийм багш байсан юм. Шударга бус, бүдүүлэг эмэгтэй байсан. Тэр нэг өдөр надад нэг юм хийхийг даалгасан. Юу ч байлаа даа би санахгүй байна. Түүний дууны өнгө нь үнэхээр дургүй хүрмээр байсныг санаж байна. Тэр самбарын урд намайг дуудаж гаргаад нүүр рүү минь муухай чангаар хашгичаж намайг эвгүй байдалд оруулахыг хичээж байсан. Би түүний юу хийж байгааг, намайг доромжилж шийтгэх гэж байгааг мэдээд шууд эргээд алхчихсан юм. Миний хийснээр би сургуулиа орхиж, түүнийг дахиж хараагүй юм.

ПБ: Тэр яасан бэ?

ЖД: Тэр эмэгтэй угаасаа ухаангүй амьтан байсан юм. Мэдээж би захирал дээр дуудагдаж хэдэн долоо хоногоор хичээлээс хөөгдсөн юм. Угаасаа л хэзээ нэг цагт болох л зүйл байсан. Миний сургуульд сурах хоногын тоо нь болчихсон байсныг би мэдсэн.

ПБ: Сургуульд хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ?

ЖД: Би юу юунаас илүү хөгжимд сонирхолтой байсан. Хөгжим миний амьдрал байсан. Хөгжмөөс би амьдрах шалтгаан олсон юм. Намайг 12 настай байхад миний ээж 25 долларын үнэтэй цахилгаан гитар худалдаж авч өгсөн.  Миний нагац ах сүмийн номлогч байсан бөгөөд түүний гэр бүлд сүмийн дуу дуулдаг найрал дууны хамтлаг байсан. Нагац ах маань сүмд гитар тоглодог би түүнийг байнга хардаг байсан юм. Ингэсээр гитар миний бүх ухаан санааг эзэмдэж би бараг хагас жилийн хугацаанд өрөөндөө бүгж өөрөө өөртөө аккорд зааж гитар тоглож сурсан. Би бүх бичлэгийг гитараар тоглож сурахыг хүсдэг байлаа.

ПБ: Ямар бичлэг?

ЖД: Би азаар маш сайн ахтай байсан. Ах маань надаас 10 насаар ах үнэхээр ухаалаг залуу байлаа. Тэр надад анх Ван Моррисон болон Боб Диланыг сонсгосон. Би A Clockwork Orange, Last Tango in Paris зэрэг дуунуудыг анх сонссоноо мартдаггүй. Би Aerosmith, Kiss, Alice Cooper-ийг сонсох дуртай байсан ба арай том болоод Clash, Sex Pistols, Ramones –д дуртай болсон.

ПБ: Та яагаад хөгжмийн карераа хөгжүүлээгүй юм бэ?

ЖД: Тодорхой хугацааны дараа энэ ажил миний хийх ёстой зүйл биш болохыг, түүнийг гэсэн хүсэл тэмүүлэл байхгүй байгаагаа мэдэрсэн.

ПБ: Эцэг эх хоёрын чинь салалт танд яаж нөлөөлсөн бэ?

ЖД: Би 15 настай байсан санагдна. Гэхдээ тэд маш олон жил хамт амьдарсан. Би тэднийг тэгж удаан хамтдаа байж чадсанд нь гайхдаг юм. Тэд хүүхдүүдийнхээ төлөө л хамтдаа байх гэж зөндөө удаан хичээсэн байх гэж боддог юм. Гэвч түүнээс илүү тэвчиж чадаагүй юм.

ПБ: Эцэг эхийн хувьд хир хүмүүс байсан бэ?

ЖД: Үнэхээр сайн эцэг эх байсан. Тэд 4 хүүхэд төрүүлж өсгөсний хамгийн бага нь би. Тэд хамтдаа байсан тэр он жилүүдэд зөвхөн бидний төлөө зүтгэсэн. Манайх их жижигхэн байшинд амьдардаг эцэг эхийн минь хоорондоо хэрэлдэж, зөрөлдөж байгаа нь бидэнд ил байдаг байсан. Гэхдээ шалтгаан өчүүхэн жижиг зүйлс л байдаг байсан.

ПБ: Таныг жүжигчин болоход юу нөлөөлсөн юм бэ?

ЖД: Тохиолдол. Би эхэндээ энэ ажилд үнэхээр сонирхолгүй байсан. Анх Николас Кейж намайг өөрийнхөө компанид танилцуулсан юм. Бид өмнө нь найз нөхдөөрөө дамжуулж танилцсан эчнээ танилууд байсан. Тэр намайг найруулагчтай танилцуулж улмаар би анх удаа Nigtmare on Elm Street гэдэг киноны шалгаруулалтанд оролцсон. Тэгээд л би энэ ажилд орсон. Тэр үед би их гэнэн байжээ. Тэд надад долоо хоногын дотор бүх мөнгийг төлсөн. Энэ нь миний хувьд аз бас осол байсан юм.  Би тэр мөнгийг цэвэр түрээсээ төлөхөд зориулсан. Би тэр үед үнэндээ ямар ч хамаагүй ажил олох гэж хаа саагүй ажилд орох анкет бөглөж байсан юм. Ник Кейж надад “Чи жүжигчин болох гээд оролдоод үзэх хэрэгтэй. Магадгүй чи жүжигчин гэдгээ мэдэхгүй явж ч байгаа юм билүү.” Гэж хэлсэн. Ингээд л би кинонд тоглож эхэлсэн. “За яахав, энэ зам сонирхолтой л юм. Энэ замаар хэсэг хугацаанд аяялаад үзэх хэрэгтэй юм байна” гэж бодсон.  Гэхдээ би юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан болохоор жүжиглэлтийн тухай номыг бүгдийг уншиж эхэлсэн. Штаниславский, Юта Хаген, Михиал Чехов гээд уншаад байх тусам үүнийг бага зэрэг ойлгож эхэлсэн.

ПБ: Түүний дараа та 21 Jump Street кинонд гол дүрийг авсан. Одоо тэр туршлагаа эргээд харахад ямар санагддаг вэ?

ЖД: Энэ надад их зүйл авч ирсэн. Би тэр дүрд үнэхээр талархдаг. Энэ бол миний хувьд асар том сургууль байсан боловч бас их онцгүй сэтгэгдэл авч ирсэн бүтээл юм. Арилжааны орон зайг би дүүргэж байх шиг тийм сэтгэгдэл төрсөн.   

ПБ: Энэ кино үнэхээр амжилт авчирч таны карерыг өсгөсөн.

ЖД: Тиймээ, тэр үед би байрнаасаа хөөгдөөд найзынхаа гэрт нүүж очоод байсан юм. Байрны түрээсийн төлбөр болон бусад өр төлбөрүүдийг төлөх гэж зүдэрч байсан үе л дээ. Яг тийм нөхцөл байдалд гэнэтхэн их хэмжээний мөнгөтэй болж, хэн ч танихгүй жирийн нэгэн байснаа гэнэтхэн ресторанд хоол идэж олон хүмүүсийн анхаарлын төвд орж эхэлсэн. Үнэхээр гэнэтийн цочирдмоор зүйл байсан. Тэр дундаас хамгийн дургүй хүрмээр нь би өөрийгөө “машин” болсныг харсан явдал. Зүгээр л дугуй нь эргэж буй машин... Энэ бүхэн хаа хүрэх бол гэхээс айж эхэлсэн.

ПБ: Хаа хүрсэн юм бэ?

ЖД: Фокс өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд 21 Jump Street киног ашиглан Фокс Нетворкийг байгуулсан. Тэнд миний “нүүр”-ийг ашиглан өөрийнхөө бүтээгдэхүүн болгон намайг “зарж” эхэлсэн юм. Энэ намайг үнэхээр галзууруулах дөхсөн. Энэ бүхний эцэст би зүгээр л нэг инээдтэй амьтан болж хувирах нь гэж бодсон. Байтлаа үдийн хоолны сав, цайны халуун сав, дэвтрийн нүүрэн дээр хүртэл би гарах нь... Хоёр жилийн дотор л ёстой инээдэмт байдалд орох юм билээ. Хэдийгээр эндээс мөнгийг хангалттай олж байсан ч би арай л өөр зүйл хүсч байсан юм.

ПБ: Тэгээд кареерээ өөрчлөхийн тулд та юу хийсэн юм бэ?

ЖД: Би кино орж ирэхийг л удаан хүлээсэн. Би зөв зүйл хийхийг хүссэн. Өмнө хийж байсан тэр телевизийн цувралуудаас аль болох салмаар байсан. 21 Jump Street –ийн дараа тоглосон миний анхны кино Жон Ватерстай хамтарч хийсэн Cry Baby байсан. Энэ кино надад үнэхээр сайн туршлага болсон. Түүний дараа бас нэг телевизийн цувралд тоглоод Edward Scissorhands –ä тоглосон. Энэ киноны турш надад маш олон хүнээс утас ирж бүгд л намайг шоу бизнесээс гарч киноны хүн болсныг хэлж байсан. Энэ надад таалагдаж миний өмнө гарч буй боломжуудад би талархаж байсан. Тэр үед би өөрөө өөртөө ингэж андгайлсан юм... Хэзээ ч өмнөх байдалтайгаа эвлэрч түүнийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж... Би арилжааны замыг хэзээ ч сонгохгүй гэж өөртөө тангараг тавьсан. Хэдийгээр миний нэр хүнд болон санхүүгийн чадвар өсөх боломжтой байсан ч би өөрөө хийхийг хүсэхгүй зүйлийг дахиж хийхгүй гэж өөртөө амласан.

ПБ: “Карибын тэнгисийн дээрэмчин”-ээс олсон амжилт энэ хандлагыг чинь өөрчилсөн үү?

ЖД: Хэдэн жилийн өмнө би өөртөө дахин хэзээ ч телевизийн цуврал хийхгүй гэж амласан. Бүр яасан ч хийхгүй. Энэ дэлхий дээр хэн ч надаар хийлгэж чадахгүй гэж... Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам хүний бодол өөрчлөгдөх юм билээ. Өнгөрснөө дурсаад бодохоор телевизийн цуврал кино ч гэсэн заримдаа тийм ч  муу зүйл биш юм шиг... харин зөвхөн тодорхой нэг хугацаанд эгзэг нь таарвал дажгүй зүйл гэж санагдах болсон. Хүн хэзээ юу болохыг урьдчилан таашгүй шүү дээ. Ганцхан минутанд таны хийсэн үйлдэл хүмүүст маш их таалагдаж байснаа цагийн дараа огт таалагдахгүй болж ч мэдэх юм. Энэ бол санамсаргүй тоглоом шиг л зүйл. Тэгэхлээр миний хэлэх гээд байгаа зүйл магадгүй би драмад ч тоглож мэдэх юм гэсэн үг. Яагаад үгүй гэж... Драма ч бас тийм муу зүйл биш шүү. Би өмнө нь “ -Хэрвээ би Edward Scissorhands –ийн хувцсыг өмсчихөөд Макдоналдсын нээлтэнд оролцож байвал магадгүй тэр цагт Жони Депп гэдэг хүн дуусна” гэж хэлдэг байсан юм. Гэхдээ юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

ПБ: Та нилээд хэдэн дүрээс татгалзсан байдаг. Жишээлбэл Thelma & Louise – д таны татгалзсан дүрд Брэд Питт тоглосон. Дараа нь танд “алдаа хийж дээ” гэсэн бодол төрдөг үү?

ЖД: Би өөрийнхөө хийгээгүй зүйлд хэзээ ч харамсдаггүй. Үүнтэй адил би хийсэн зүйлдээ ямар тэнэг ухаангүй үйлдэл байсан ч хэзээ ч харамсаж байгаагүй. Ямарваа нэг зүйл болох ёстой байсан учраас л болсон гэж итгэдэг. Миний залуу байхдаа хийж байсан хөгийн алдаанууд ч гэсэн ялгаагүй. Би хэзээ ч харамсаж үзээгүй.

ПБ: Та Ал Пачино, Марлон Брэндо зэрэг олон гайхалтай жүжигчидтэй хамт кинонд тоглосон. Тэднээс суралцах зүйл байсан уу?

ЖД: Би яг л ангууч шиг л тэднийг ажигладаг байсан. Би тэднээс миний сурч чадах бүхнийг өөртөө авсан. Эцсийн дүнд миний тэднээс сурсан зүйл гэвэл би яагаад хөгжимчин болоогүйгээ, болж чадахгүйгээ мэдсэн тэр ухаарлыг минь улам гүнзгий болгож өгсөн. Хүн өөртөө хамгийн зөв зүйлийг л хийх ёстой. Хөгжимчин, жүжигчин, зураач, зохиолч болох нь чиний хийж байгаа зүйлтэйгээ эвлэрэх өөрөөр хэлбэл түүнийг хүлээн зөвшөөрөхөөс хамаарна гэхдээ өөртөө аль нь зөв бэ гэдгийг бодохгүйгээр шууд аль нэгтэй нь эвлэрч болохгүй. Хэзээ ч бууж өгч болохгүй.

ПБ:  Cry Baby кинонд та экс порно од Трэси Лордстой хамт тоглосон. Хир чадварлаг жүжигчин бэ?

ЖД: Би түүнтэй анх уулзснаа санаж байна. Тэр хүмүүсээс их болгоомжилж биеээ барьсан өөрийгөө тусгаарласан хүн шиг санагдаж байсан. Эхэндээ харилцахад хүндрэлтэй хаалттай мэт санагдаж байсан ч удалгүй тэр үнэхээр аятайхан бас чадварлаг жүжигчин болохоо харуулсан. Тэр хайр татам, дур булаам сайхан бүсгүйг би хүндэлж хайрладаг. Одоо ч гэсэн түүнд хайртай шүү...

ПБ: Та ойрд киног яаж сонгож байна вэ? Тухайн кинонд тоглох эсэхээ яаж шийддэг вэ?  

ЖД: Зохиолынх нь эхний 10 - 20 хуудсыг уншаад л мэднэ. Заримдаа эхний гурван хуудсыг уншаад л миний тоглох кино мөн эсэхийг шийддэг. Би эхлээд зохиолын дүрийг толгой дотроо ургуулан боддог түүний дараа гарч ирсэн дүр зургийг буулгаж бичдэг.

ПБ: Та яг одоо юу хайж байна вэ?

ЖД: Ямар нэгэн өөр л зүйлийг хүсч байна. Гэнэтийн... нэг тийм сюрприз болж чадах зүйлийг... Би нэг л хэв загварын улиг домог болсон зүйлд дургүй. Secret Window киноны хувьд би зохиолыг нь анх уншиж үзээд л надад шууд таалагдсан. Төгсгөл нь үнэхээр гайхалтай кино. Би ч тэгж төгсөнө гэж төсөөлөөгүй байсан. Энэ кино Стефан Кингийн туужаас сэдэвлэж хийсэн кино л доо. Үнэхээр төгс бичигдсэн зохиол. Дэлгэцэн дээр бүр гайхалтай болсон... зохиолын өгүүлэмж нь ч тэр үнэхээр том эргэлт болсон.

ПБ: Ингэхэд Карибын тэнгисийн дээрэмчний ахмад Жекийн дүрийг бүтээхдээ та Кейт Ричардсыг төсөөлж тоглосон гэсэн үнэн үү?

ЖД: Тиймээ, бас Пепе Ле Пю

ПБ: Хүүхэлдэйн кино юу?

ЖД: Яг тийм. Намайг хүүхэд байхад хагас сайн өдрийн өглөө бүр гардаг хамгийн гоё хүүхэлдэйн кино Пепе Ле Пю байсан юм. Пепе чинь байнга урагшаа үсэрч явдаг Франц өмхий хүрэн – дэлхий дээрх хамгийн азтай бас аз жаргалтай нөхөр байгаа юм. Түүнийг урагшаа үсрэх бүр хүмүүс түүний өмхий үнэрнээс нь болж хүмүүс ухаан алдаж унадаг ч тэр өөрөө үүнийг анзаардаггүй. Миний бодлоор энэ амьдралыг туулахад түүн шиг сайхан зам хаа байна?

ПБ: Тэгвэл Кейт Ричардстай юугаараа адилхан гэж?

ЖД: Би энэ кинонд тоглохоор шийдээд 17-18-р зууны үеийн далайн дээрэмчдийн тухай бодож эхэлсэн. Гэтэл орчин үед тэдэнтэй яг адилхан хүн байгаа нь гэнэт санаанд орсон. Тэр хүн нь рок-н-ролл дуучин байсан юм.

ПБ: Тэд Карибын дээрэмчидтэй юу нь адилхан юм бэ?

ЖД: Тэдний амьдрал аюул осол ихтэй. Тэд бол зэрлэгүүд... Тэд дээрэмчдийн хийж чадах зүйлсийг ч хийх чадвартай. Бас үүнээс болоод би ингэхэд Кейт Ричардс гэх энэ рок-н-ролл дуучин чинь хэн юм бэ? гэх бодолд хүрсэн шүү.     

ПБ: Та Ричардсыг таних уу?

ЖД: Азаар би түүнтэй хэдэн жилийн турш дотно холбоотой явна. Тийм болохоор л би түүнийг сайн мэддэг юм. Тэр бол яг л далайн дээрэмчин шиг хүн байгаа юм. Гэхдээ яг киноны хувьд бол би Кейтыг хуулбарлан дуурайя гэж бодоогүй. Тэр хүний биширмээр дотоод эрч хүч, номхон дөлгөөн байдал, итгэл үнэмшил, хувь хүний мөн чанарыг л авъя гэж бодсон юм. 

ПБ: Хэзээнээс эхлэн таны дүрд хийсэн нүүр будалтыг далайн дээрэмчинд хийх болсон юм бэ?

ЖД: Яг үнэндээ тэр нүүр будалтыг Кейт нэг хэсэг хийсэн юм. Бас 1970-аад онд Боб Дилан ч бас хийж нилээн удаан хугацаанд тод хараар нүдээ хүрээлсэн мейк-аптай явсан. Би тэр зовхины будгийг анхааралтай судалсан. Африкийн цөлийн эртний омог аймгуудаас гаралтай юм билээ. Үүрэг нь нарны хэт туяанаас нүдийг хамгаалах зориулалттай. Хөл бөмбөгийн тамирчид ч бас  өнөөдөр тэгж буддаг болчихсон байна. Би Кейтээс зөвхөн тэр нүдний будаг бус түүний үснээс унжсан зүүлт унжлага гээд олон зүйлийг авсан даа.

ПБ: Зөвхөн ганц Ричардс биш та Sleepy Hollow-ийн Ичбод Крейны дүрийг бүтээхдээ Анжела Лансбуригаас мөн Эд вүүдийн дүрийг Роналд Реганаас санаа авсан. Их өвөрмөц сонголтууд санагддаг юм.

ЖД: Тиймээ, Анжела Лансбури бол гайхалтай жүжигчин. Би Ичабод Крейны дүрийг төсөөлөхдөө маш эмзэг, мэдрэмтгий, сэтгэлийн хөөрөл ихтэй шилжилтийн насны охиноор төсөөлж бодсон.  Тэгсэн чинь л миний сэтгэлд шууд Анжела Лансбури орж ирсэн. Түүний өмнө тоглосон кинонууд миний сэтгэлд их гүн сэтгэгдэл төрүүлсэн юм шиг байгаа юм. Ялангуяа би Death on the Nile (Ниль дэх үхэл) киног их бодсон. Би Ичабодын дүрийг бүтээхдээ Родди МкДувал хэмээх өөрийнхөө сайн найзыг ч бас төсөөлсөн шүү.

ПБ: Ерөнхийлөгч Реганы хувьд?

ЖД: Эд вүүдийн дүр ерөнхийлөгч Реганаас санаа авж төрсөн. Бас Wizard of Oz -ийн Тин Ман болон Кэси Касем. Энэ гурвыг гурвууланг нь нийлүүлсэн нэг тийм холимог сонин дүр...

ПБ: Яагаад энэ гурав гэж?

ЖД: Би Реганы нэг удаа телевизээр үг хэлж байхыг нь харснаа мартдаггүй юм. Тэр хүн их өөдрөг үзэлтэй гэнэн цагаан хүн. Бүх юм сайхан байна... Бүх юм сайхан болно гэдэг “сохор” оптимист. Яг үнэн хэрэг дээрээ сайн сайхан юм юу ч байхгүй байсан ч тэгж хэлдэг хүн байсан юм. Wizard of Oz кинонд Жэк Халисын тоглосон Тин Маны дүр миний өмнө хэзээ ч харж байгаагүй этгээд содон дүр байсан. Тэр киног үзээд насанд хүрсэн эрийн тухай бодоод үзээрэй. Үнэхээр гайхалтай санагдана даа.

ПБ: Кэси Касемын тухайд?

ЖД: /Касемыг төсөөлөв/ Түүний надад хамгийн их таалагддаг зүйл гэвэл хүнд нэг тийм баяр баясгалантай өөдрөг зүйлийг дамжуулж чаддаг юм.

ПБ: Ийм сонин өвөрмөц байдлаар өдөөлт авдаг магадгүй цорын ганц жүжигчин та юм биш үү?

ЖД: Мэдэхгүй юм даа. Киноны зохиол уншиж байхад гэнэт л ямар нэгэн зүйл толгой руу гялсхийтэл харваад оржирдэг. Тэр дохиог би маш хурдан өөртөө төсөөлөл болгон буулгадаг.

ПБ: Өнгөрсөн жил Иракад болсон дайны үеээр таны тухай хэвлэл мэдээллээр таагүй мэдээллүүд их гарсан. Та “Америк бол яг л нохойн гөлөг шиг чимээгүй байж байгаад гэнэт таныг хазаж гэмтээж мэднэ.” гэж хэлсэн. Үүний хариуд таныг гайхшруулсан зүйл олон болсон?

ЖД: Би хэзээ ч эх орон бас ард түмэндээ хүндэтгэлгүй хандаж байгаагүй. Ялангуяа АНУ-ын Зэвсэгт хүчинд амь биеээ зориулж байгаа залуучуудыг хайрлаж хүндэлдэг. Миний авга ах Вьетнамын дайнд шархдаад хүзүү нь саажиж мэдээгүй болсон. Би тэдний намайг хэлсэн болгож бичээд байгаа шиг тийм үгийг хэзээ ч хэлэх хүн биш.

ПБ: Та тэгвэл яг юу гэж хэлсэн юм бэ?   

ЖД: Миний хэлсэн зүйл гэвэл “АНУ бол Европтой харьцуулахад харьцангуй залуу орон. Бид одоо л өсч өндийж байна.” Би ингэж л хэлсэн. Би Америк орны, америк хүний эсрэг юу ч хэлээгүй. Би өөрөө америк хүн шүү дээ. Би эх орондоо хайртай.

ПБ: Ерөнхийлөгч Бушыг та юу гэж боддог вэ?

ЖД: Би тэр хүний тухай юу хэлж чадах юм бэ? Тэр бол хүний хүү бас хүний эцэг. Бурхан түүнийг ивээж аз хийморьтой байна. Чи миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз? Би түүний улс төрийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй. Би хаширлаж байгаа юм биш шүү. Би ер нь олон хүмүүсийн улс төрийг ойлгодоггүй юм.

ПБ: Түүнээс гадна хэвлэл мэдээллээр таны тухай тааруухан мэдээ олон байгаа. Кейт Мосстой зочид буудал бужигнуулсан хэргээс эхлээд л... Яг юу болсон юм бэ?

ЖД: Энгийнээр хэлэхэд миний хувьд азгүй өдөр таарсан юм. Папарациуд намайг мөшгиж харин би яг л Novelty Boy шиг санагдаж байсан. Ер нь миний амьдралд ямар нэгэн юм үйлчлэхгүй байсан нь илт. Хэдэн жилийн турш би уур уцаартай биш боловч сэтгэл санаа сайхан биш байлаа. Учир нь миний амьдралд үйлчлэхгүй байгаа тэр зүйл яг юу болохыг би мэдэхгүй байсан юм.

ПБ: Юу гэсэн үг вэ?

ЖД: Энэ бүхэн юуны төлөө юм бэ гэдгийг би мэдэхгүй байсан юм. Хүмүүс надад алив кино хийе, чи зөндөө мөнгө олно шүү гэдэг. Гэтэл энэ нь миний уур уцаарлыг хөдөлгөдөг. Новш гэж... Ямар утгатай юм бэ? Тэр чинь бүх зүйл биш шүү дээ. Мөнгө бий болно... түүний дараа алдах л зүйл ш тээ. Угаасаа тэр өдөр их онцгүй юм юмны туйлд хүрчихээд байсан юм. Надад юу чухал гэж санагдснаа л би хийсэн. Бурхны авралаар тэр нь хүн биш зочид буудлын өрөө байсан юм. Санамсаргүй юм биш цаанаасаа болох ёстой тохиолдол байсан юм. Тэр зочид буудлын хамгаалалтын ажилтан нь ч бас дээрэлхүү биеээ тоосон хөгийн амьтан байсан. Би уг нь тэр нөхрийг хашраая гэж бодож байсан шүү. Гэхдээ би хэрвээ би тэгэх юм бол шүүх энэ тэр гээд бүр олон юм болно гэдгийг мэдсэн. Цаашаа бүр юу болохыг бурхан мэдэх биз...

ПБ: Тэр өдөр яг юу болсон юм бэ?

ЖД: Би өрөөнд өөрийнхөө хийх зүйлийг хийж байсан. Гэтэл тэд өрөөнд орж ирсэн. Тэр үед би харьцангуй тайваширсан байсан. Мэдээж би бүх хохирлыг төлнө. Намайг уучлаарай гэж тэднээс хангалттай уучлалт гуйсан. Гэвч тэр онгироо новшын залууд хангалтгүй байсан шиг байгаа юм. Тэгээд л түүний дараа юу болсныг та ч мэдэж байгаа шүү дээ. Цагдаа нар үүдэнд ирчихсэн байсан. Гэхдээ тэр явдал тийм тэнэг байдлаар болсон шиг би түүнд ердөө харамсдаггүй. Үй олон хэвлэлээр миний тухай шуугиж, муу мэдээ тарж байгаад ч ач холбогдол өгөөгүй. Би Нью-Йоркын шорон рүү яагаад гартаа гав зүүлгээд явах хэрэгтэй болсноо ч ойлгоогүй. Би тэр шөнө гурван өөр шорон дамжсан шүү. Гэхдээ энэ ч бас миний суралцах ёстой зүйлийн нэг гэж бодож байна. Тийм биз?

ПБ: Та Лондонд бас нэг удаа цагдаад баригдсан тохиолдол бий. Папарацитай зөрчилдсөн зөрчилдөөнтэй холбоотой гэл үү?

ЖД: Бид ресторанд байсан юм. Ванесса том гэдэстэй хариугүй төрөх гэж байсан. Тэнд бүх л зурагчид Ванесса бид хоёрыг зургийг дарах гэж ялангуяа түүний минь гэдэсний зураг тэдэнд хэрэгтэй байсан шиг байгаа юм. Тэр үед би “папарациуд намайг ганцааранг минь үлдээдэг болоосой” гэж үглээд зүгээр сууж байдаг тийм аймхай жүжигчин биш, тэдэнд хариуг нь өгөх хэрэгтэй гэж бодсон.  Гэхдээ би тэр үдэш ямар нэгэн зодоон цохион хийж хэл ам гаргаагүй зүгээр л тэдэнд “Энэ хүн бол миний найз бүсгүй. Удахгүй бидний анхны хүүхэд төрнө. Та нар юунд ингэж циркийн үзмэр үзэж байгаа мэт байдаг юм бэ? Ийм сайхан, гайхалтай, хайр булаам, амьдрал өөрчилсөн үйл явдлыг яагаад сайн сайхнаар хүлээж авч ойлгож болдоггүй юм бэ? гэж хэлэхийг хүссэн юм. Тэгээд би гарч тэдэнтэй уулзсан. “Та нарын яагаад биднийг дагаад байгааг чинь би ойлгож байна. Та нар ч гэсэн ажил хийх ёстой гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ энэ бүхнийг цирк болгох гээгүй биз дээ. Бидэнд жаахан хугацаа өгчих... Өнөө шөнө та нар хүссэнээ олж авч чадахгүй нь... Гэхдээ би дараа та нарт цаг гаргая” гэж хэлсэн.

ПБ: Тэднийг “За ойлголоо, уучлаарай” гээд явна гэж тэр үү? 

ЖД: Тиймээ, гэтэл тэд шал эсрэгээр юм билээ. “Жони новш минь битгий дэмийрээд бай...” гэж байгаа юм. Би эргээд Ванессад урд талын хаалгаар гараад машинд ороод хүлээж бай. Би эднийг аргалъя гэж хэлсэн. Тэр машинд орж суун бүх зүйл зүгээр өнгөрөх байтал тэд харин ёстой хөгийн юм билээ. Нэг залуу үсэрч ирснээ хаалга онгойлгох гэж оролдон хаалганы завсраар гараа оруулчихсан байсан. Миний доор газар 17 инч хиртэй зүсмэл модон банз дайралдсан юм. Би түүнийг шүүрч аваад тэр залуугийн гар руу хүчтэй цохисон. Би гадаа гараад тэдэнд би зургаа даруулмаар байна, миний зургийг хамгийн түрүүнд дарсан новшийг би тархийг чинь зад өшиглөнө шүү гэж хэлсэн. Алив миний зургийг дар л даа гэхэд тэдний хэн ч миний зургийг дараагүй. Миний уур үнэхээр эцсээ хүртэл хүрч байсан. Би тэднийг машинд байгаа Ванессагаас холдуулж гудамж уруудуулан хөөсөн. Гэхдээ тэр үед надад сайхан байсан. Тэгэх хэрэгтэй байсан юм. Тэгээд түүний дараа миний мэдэж байгаа юм гэвэл миний ойролцоо байсан байшингуудад гэрэл тусгаж цагдаагийн машин ирсэн.

ПБ: Та тэгэхэд шоронд хир удаан байсан бэ?

ЖД: Түр зуур. Энэ явдал үдшийн 11:30 орчимд болсон юм. Маргааш өглөө нь 5-6 цагийн үед би суллагдсан. Хэн ч надаас төлбөр нэхэмжлээгүй байсан. Учир нь тэд нэрээ илчлэхээс айсан юм. Хэрвээ төлбөр нэхэмжилвэл тэдний нэр ил гарах болно. Нэр нь ил гарвал цаашид папарац хийх боломжгүй болно гэдгээ мэдэж байхгүй юу. Хүүхэдтэй болвол ганцаараа байсан шиг байж чадахгүй гэж би хэлсэн. Хүүхэдтэй болохоор бүх юм өөрчлөгднө. 

ПБ: Жишээлбэл юу?

ЖД: Бүх юм. Чиний унтах чинь хүртэл өөрчлөгднө. Бүх амьдрал өөрчлөгднө. Түүний хэсэг бүр өөрчлөгднө.

ПБ: Та хир өөрчлөгдсөн бэ?

ЖД: Хүүхэд биднийг сэрээнэ... бас чи жинхэнэ хэн юм бэ гэдгийг мэдэх боломж олгоно. Хүүхдүүд минь төрөхөөс өмнө би хүүхдэд хүрэхээс ухаан алддаг байсан. Намайг арван хэдтэй байхад ах маань хүүхэдтэй болсон юм. Би ахынхаа хүүхдүүдэд хүртэл хүрж чаддаггүй байсан. Их эмзэг юм шиг санагддаг байсан юм. Би тэдэнд хүрэв үү үгүй юу буцаагаад тавьчихдаг байсан. Гэтэл өөрийн хүүхэд гарсан чинь огт өөр юм. Би тийм хурдан хугацаанд хүүхдэд дассандаа гайхдаг юм. Ердөө 24 цагийн дотор л би хүүхэд аваад, живхийг нь солиод бүгдийг хийгээд сурчихсан. Миний амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг миний бяцхан гүнж Лили Рөүз төрсөн явдал. Тэр төрөөд гурван цаг ч хүрээгүй байхад би түүнийг тэврээд хагас аниатай жижигхэн нүдийг нь харж суухдаа “Бурхан минь, би дахиад энэ амьдралдаа өөр хэнийг ч ингэж хайрлахгүй байх” гэж бодсон. Гэтэл үгүй юм билээ. Хоёр дахь хүүхэд төртөл л тийм байсан. Хоёр дахь хүүхэд маань төрөхийн өмнө бас санаа зовох зүйл гарч ирсэн.... “Би энэ хүүхдийг эхнийх шигээ хайрлаж чадах болов уу? Тэгж хайрлах боломжтой бол уу?” гэх мэт зүйлс бодогдож байсан. Бяцхан Жэк маань ирэхэд бас л дорхноо тэр дорхноо түүнийг хайрлах хайр ундарсан. Хүүхэд надад их эмзэг санагддаг юм.

ПБ: Та сайн эцэг байх зөвлөгөөг хэнээс авсан бэ?

ЖД: Хамгийн сайхан зөвлөгөөг би ахаасаа л авсан. Ванесса жирэмсэн болсон тухай түүнд хэлэхэд тэр “Баяр хүргъе. Одоо чи өмнөх шигээ унтаж чадахгүй боллоо доо. Өмнөх амьдралаасаа салах болжээ. Нэг өдөр ч өмнөх шигээ амьдарч чадахгүй дээ” гэж хэлсэн юм.  

ПБ: Зарим кинонд тоглоход таны эцэг болсон чинь нөлөөлдөг үү?

ЖД: Тийм шүү. Би сэтгэл дотроо сонголтыг хийхдээ хүүхдүүдтэйгээ хамт хийж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Ингэснээр би юуг хийх ёстой, хийх ёсгүй гэдэг нь тодорхой болдог. Би хүүхдүүдээ том болсон хойноо “Миний аав өөрийн хийх ёстой гэж бодсон зөвхөн тэр л зүйлээ хийдэг байсан” гэж хэлээсэй гэж хүсдэг. Би тэднийг надаас ичиж зовохгүй байхыг хүсдэг. Магадгүй тэд миний хийсэн зүйлээр бахархах байх гэж боддог. Магадгүй тэд миний шударга бусын төлөө тэмцэж зөв тэмцэл хийж байснаар бахархах байх гэж боддог. Хэн ч гэсэн хөгширч, ядрахын цагт үр хүүхэд нь живхийг нь сольж асарч хандах болно. Тэр цагт тэд эцгийгээ шударга хүн байсан гэдгийг мэдэж байвал сайн.

ПБ: Ванесса бол Франц эмэгтэй. Франц эмэгтэй Америк эмэгтэйгээс ялгарах ялгаа нь юу юм бэ?

ЖД: Тэд Францаар илүү сайн ярьж чаддаг.   

ПБ: Түүнээс гадна...

ЖД: Ванесса Исланд, Армен, Египт өөр ямар ч улсын иргэн байсан ч ялгаагүй байх байсан. Ямар ч улсын хүн байсан ялгаагүй надад өгсөн тэр хүчтэй мэдрэмж нь түүнд байж л байх байсан. Заавал Франц хүн учраас тийм гэж бодохгүй байна.

ПБ: Анх яаж уулзсан юм бэ?

ЖД: Хэдэн жилийн өмнө. Анх бие биесээ харахдаа хөнгөхөн мэнд мэдэлцээд л өнгөрсөн ч гэсэн тэр үед нэг тийм хүчтэй мэдрэмж төрсөн юм шиг байна. Анх тэгж уулзахад 1993 он байсан юм байна. Түүнээс хойш 1998 онд би Поланский найруулагчийн The Nineth Gate /9-р гарц/ гэдэг киноны зураг авалтаар Франц явсан юм. Зочид буудлын үүдний танхимд би гэнэт миний эсрэг талд байх түүний нурууг анх харсан. Тэнд ар нуруу нь бүтнээрээ ил гарсан даашинзтай нэг сайхан бүсгүй зогсож байсан юм. Гэнэт тэр надруу эргээд харсан. Би шууд түүний зүг алхсан, нүдийг нь хараад л би түүнийг хэн гэдгийг таньсан юм. Гэтэл тэр өмнөөс минь “Намайг таньж байна уу?” гэж асуусан. Би тэгэлгүй яахав гэж хариулсан. Бид хамтдаа дарс ууж, тэгээд л тэр мөчид бүх юм “дууссан”. Хүнд хайртай болж байна гэдгээ мэдсэн.

ПБ: Түүнтэй уулзахад юу нь өөр байсан бэ?

ЖД: Бүгд. Бид болзож эхэлснээс хойш би бараг өдөр шөнөгүй ажилладаг байсан. Ажлаа дуусгаад Парист байдаг байрандаа шөнийн 3-4 цагийн үед ирэхэд минь Ванесса ирчихсэн надад хоол хийгээд байж байдаг байсан. Эмэгтэй хүн эрэгтэй хүнд хоол хийж өгөх ёстой гэсэн үг биш шүү. Тэр бүхэн надад үнэхээр гайхалтай сюрприз болсон. Амьдралдаа анх удаа л тийм юм үзсэн юм. Надад өмнө нь хэн ч тэгж хоол хийж өгч үзээгүй. Ванеса бол эмэгтэй хүн байхаас айдаггүй эмэгтэй байсан юм. Миний энэ үгийг этгээд хачин байдлаар эсвэл хүйсээр ялгаварлагч гэж ойлгохгүй гэдэгт итгэж байна. Би эмэгтэй хүнийг хүчтэй, ухаалаг бас шийдэмгий байхад дуртай.

ПБ: Гэрлэх тухай бодсон уу? 

ЖД: Мэдээж бодолгүй яахав. Гэвч түүний овгийг солино гэдэг харамсалтай санагдаад байгаа юм. Ванесса Парадис – Ямар гоё төгс нэр гээч... Гэтэл Парадис Депп болгоод үз л дээ. Ямар ч утгагүй зүгээр л хоосон цаас шиг нэр болох гээд байна. Гэхдээ бүх зүйл дээр бид аль хэдийнэ эхнэр нөхөр болсон, хоёр хүүхдийн эцэг эх болчихсон байна. Тэр бол миний амьдралын хань – миний эмэгтэй шүү дээ. Ванесса хэрвээ гэрлэе гэж хэлвэл би секундын дотор ч хийхэд бэлэн байна. Хүүхдүүд маань биднийг гэрлэхийг хүсвэл эсвэл тэд бидний гэрлэлтийг ойлгож баярлах болсон үед нь хийх байх аа.

ПБ: Та хүүхдүүдийнхээ нэрийг биен дээрээ шивсэн. Жэк гэсэн шивээсийг хүүгээ төрсний дараа хийлгэсэн үү эсвэл Карибын дээрэмчинд тоглосны дараа хийсэн юм уу?

ЖД: Үнэндээ аль алинд нь хамаатай. Киноны зураг авалтын үеээр хуурамч шивээс хийлгэсэн байсан юм харин дараа нь түүнийг арилгаж хүү Жэкдээ зориулж жинхэнэ шивээсийг дахин хийсэн. Харин миний охидууд энд... зүрхэнд минь байгаа.

ПБ: Бүгд хичнээн шивээс байна вэ?

ЖД: За байз, тоолъё... /Тоолов/ 10 юм шиг байна.

ПБ: Таны Винона Форевер шивээс тань нилээд алдартай байх аа?

ЖД: Тийм ээ, гаран дээр минь байдаг шивээс. Энэ шивээсийг их урам зориг орчихсон байсан үедээ хийлгэсэн юм. Гэтэл салчихсан... тэгсэн ч одоо хүртэл байж л байна. Бүсгүй хүний нэр... гаран дээр минь...

ПБ: Райдер та хоёрын салалт өөр бүсгүйтэй шинэ харилцаа үүсгэхэд дарамт болоогүй юу?

ЖД: Тиймээ. Тийм ч таатай байгаагүй. Би тэр шивээсийг Вино Форевер болгож өөрчилсөн. Энэ нь ч илүү зохимжтой болчих шиг санагдсан.

ПБ: Шивээсийг арилгахад хир өвддөг вэ?

ЖД: Их өвддөг. Шивээс хийдэг залуу надад хэсгийн мэдээ алдуулалт хийе гэхэд нь би татгалзсан юм. Лазераар шивээс хийхэд цахилгаан резинийг сансарт хүртэл татаж байгаад гэнэтхэн тавих шиг тийм мэдрэмж төрдөг юм. Арьс чинь шатаж хөөж байх шиг л болно.

ПБ: Винона Райдер гэх мэт сайхан бүсгүйчүүдтэй холбоотой байх үед чинь биш, хүнтэй гэр бүл болж хүүхдийн эцэг болсон хойно чинь “Хүмүүс” сэтгүүлээс таныг хамгийн “Тачаангуй эр”-ээр шалгаруулсан байна. Энэ жаахан ёжтой санагдахгүй байна уу?

ЖД: Бодож л байна.

ПБ: Энэ тухай хэн анх дуулгасан бэ?

ЖД: Миний эгч утастаж хэлсэн. “Хөөе чи юу гэдгийг тааж байна уу? Их хачин юм болоод байна.”гэж хэлсэн. Тэр үед би азаар Парист байж таарсан юм. Тэгээд хүмүүс мэдэхгүй өнгөрнө гэж бодсон. Гэтэл намайг Риз зочид буудлын бааранд сууж байтал нэг залуу ирснээ “Хөөе баяр хүргэе залуу минь” гэж хэлсэн. Миний нэг найз Жерард Депардютай таарсан юм билээ. Дараа нь найз минь надтай уулзаад “Чамайг хамгийн тачаангуй эр болсон” гэж Жерард хэлж байна лээ гэсэн. Хэрвээ хэн нэгэн үүнд чин сэтгэлээсээ итгэж байвал тэр хүн л намайг чин сэтгэлээсээ магтах байх. Гэвч би бодож л байна. Тэд яагаад намайг сонгосон юм бол? Яагаад заавал одоо гэж? Гэхээ энэ зөвхөн миний цаг хугацаа байсан гэж бодож байна.