Нэг тэрбумын төсөвтэй “Ардчилалын 13” кинонд Зориг агсаны дүрийг хэн бүтээх вэ
2013/01/15
Энэ жилийн сонгуулиар Ардчилсан нам өрсөлдөгч буюу ах нам болох МАН-аас арай илүү санал авч, нэлээд хөл хөөр болсон.Ардчилсан үзэл давамгайлсан энэ олон арга хэмжээний дараа Ардчилалыг магтах кино бүтээх хэрэгтэй хэмээн МУГЖ Д.Сосорбарам санал гаргажээ.
Түүний энэ санааг дэмжин төрөөс нэг тэрбум төгрөгийн төсөв гаргахаар болсон гэнэ. Ийм хэмжээний төсвөөр бүтэх кино мэдээж хэрэг лут юм гарах байлгүй. Киноны зохиол харин тун сонирхолтой байх болов уу. Зохиолыг Баабар бичнэ гэж ярьж байсан ч энэ өөрчлөгдөн Америкт уран бүтээлээ туурвиж буй И.Нямгаваа найруулагч энэ даалгаварыг авсан бололтой.
Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын талаар өгүүлэх энэ киноны нэр “Ардчилалын 13”. Ардчилалын алтан хараацай хэмээн нэрлэдэг хүмүүсийн түүхийг өгүүлэх энэ кинонд хэн хэн гэх дүр гарах вэ гэдэг нь кино бүтээхээс өмнө гарах нэгэн сонирхолтой сэдэв болжээ. 13 хүний нэгдүгээрт яах аргагүй С.Зориг агсан орно. Үүнтэй хэн ч маргахгүй. Түүний араас мэдээж хэрэг киноны санааг гаргасан Со гавьяат орох нь тодорхой. Өөр нэр дэвшигч гэвэл одоогийн хот захирагч, Э.Бат-Үүл баатар, тэгээд төрийн тэргүүн Ц.Элбэгдорж гэх эрхмүүд толгой цохин орно. Харин үлдсэн 9 эрхэмд хэн багтах бол. Мэдээж хэрэг Монголын улс төрийн түүхэнд ихээхэн өөрчлөлт оруулсан Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын галыг бадраасан 13 хүний нэг нь би гэж өөрийгөө итгэл бардам хэлдэг Д.Нинж. Тэрээр харин Үүл баатрыг журмын анд С.Зоригийн аминд хүрсэн гэж ярьдаг. Үүнийхээ төлөө ч баригдаж, хоригдож байсан түүхтэй.
Үүнээс гадна одоо улс төрийн салбарт сураг тасарсан ч Малыш гэх хочтой Б.Энхтүвшин өөрийгөө мөн л Ардчилалын алтан хараацайн нэг гэж мэдэгддэг. Гэх мэт олон хүний нэрийг дурьдаж болох ч зарим нэг нь одоо хоорондоо нэлээд харшилтай болсон гэж хэлж болно. Тиймээс 13 хүний нэрийг тодруулах нь ихээхэн ярвигтай ажил бололтой.
Киноны гол дүрд яах аргагүй С.Зориг багтана гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнгүйгээр ардчилалыг яриад ч хэрэггүй биз. Харин энэ эрхэмийн дүрд хэнийг тоглуулах нь мөн л сонирхолтой. Энэ мэт олон сонирхол дагуулсан кино эхнээсээ л олон асуудал үүсгэхээс гадна Элбэгээ, Бат-Үүл гэх эрхэмүүдийн дотор бодол төрүүлэх бүтээл болох нь дамжиггүй.
С.Отгонбаяр