Чөлөөт бөхийн улсын аваргад оролцох тамирчдыг бүртгэж байна
2017/04/30
Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-ны өдөр буюу маргааш эхлэх гэж байна. Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр "Тэнгэрийн Модун" ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байгаа юм. Уг тэмцээн нь чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга тамирчныг тодруулж, тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой бөгөөд ахмад тамирчдыг идэвхтэй оролцуулах зэрэг онцлогтой.
Тамирчид 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-55 нас, 56-60 нас гэсэн насны үндсэн ангилалд өрсөлдөнө. Харин ахмадын эрэгтэй 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, -100 кг, +100 кг-ийн жингүүдэд хүч үзэх юм байна. Тэмцээн жингийн зөрүүгүй явагдах ажээ.
Жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнана. Уг тэмцээнд оролцож хүчээ сорихийг хүссэн тамирчдын мэдүүлгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны 10:00-14:00 цагийн хооронд Буянт-Ухаа спортын ордонд хүлээн авч, мандат олгоно. Оролцох тамирчин бүр иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг зөвлөж байна.
Анхааруулж хэлэхэд:
• Баг тамирчид төлөөлөн оролцох байгууллагынхаа нэртэй спортын бэлтгэлийн хувцсаар ижилсэж оролцоно.
• Тухайн байгууллагын тамга, тэмдэггүй мэдүүлгийг хүлээн авахгүй
• Багийн мэдүүлгийг бөхчүүдийн амжилтын хамт компьютерт шивж цэвэр нямбай бичнэ, гараар бичсэн мэдүүлгийг хүлээн авахгүй
• Мэдүүлэг өгсөн жинг өөрчлөхгүй
ЧӨЛӨӨТ БӨХИЙН МАСТЕРУУДЫН УАШТ хэдхэн хоногийн дараа буюу 5-р сарын 1-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно.