-ОХУ ҮҮНИЙГ ЗҮГЭЭР ХАРААД БАЙЖ ЧАДСАНГҮЙ, ЗАРИМ ТАЛЫН ШАХАЛТ ӨГЧ ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ-
2013/11/26
Украйны экс Ерөнхий сайд Ю.Тимошенког суллахыг шаардсан Европын холбооны албан бичгийг тус улсын дээд шүүх хүлээн авсан. Гэвч тэд “суллах боломжгүй” гэсэн хариу хэлсэн учраас бие нь арай л сайжраад байсан Ю.Тимошенко дахин өлсгөлөн зарласан. Үүнтэй холбоотойгоор тус улсад олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаал хоёр өдрийн турш боллоо. Жагсаалд 90 гаруй мянган хүн оролцсон юм.
Жагсагчид энэ удаа Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэн үзэл бодлоо нэгтгэсэн бөгөөд тал хувь нь Ю.Тимошенког суллахыг хатуу шаардаж байгаа гэдгээ илэрхийллээ. Украйны Засгийн газраас жагсаалд оролцож байгаа иргэдэд хандан “ Та бүхэн нөхцөл байдалд тайван хандах хэрэгтэй.
Шүүхийн зүгээс Ю.Тимошенкод холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Засгийн газартай холбоотой гомдол саналыг бид хүлээн авахад бэлэн” гэжээ.
Нөхцөл байдал сүүлийн хоёр өдөр тайван байсан ч эцсийн мөчид жагсагчид цагдаа нартай нүүр тулж, мөргөлдөөн гаргасан юм. Хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэснээс гадна Засийн газрын ордон руу орох гэж завдсан талаар “Новости Киев” мэдээлсэн билээ. Уг нь Ю.Тимошенкогийн хэрэг дээр нэмэлт дүгнэлт гарсан талаар өмгөлөөгч нь хэлж байсан. Гэхдээ шүүх гаргасан шийдвэрээ өөрчлөх эсэх нь тодорхой бус байсан юм. Энэ нь магадгүй түүнийг дэмждэг хүмүүст “шоронгоос суллагдах нь” гэсэн итгэл найдварыг өгсөн бололтой.
Өмнө нь өлсгөлөн зарлаж, түүний даралт нь ихсэннээр яаралтай эрчимт эмчилгээ хийж, биеийн байдлыг нь сайжруулах хэрэгтэй гэдгийг талууд зөвшөөрч, эмчилгээний тасагт шилжүүлсэн. Ингээд бүрэн эрүүл болоогүй ч хэдэн сарын дараа тэрбээр дахин өлсгөлөн зарлаж байгаа нь энэ юм. Европын холбооноос гаргасан дүгнэлтэд Ю.Тимошенко нь газрын наймаа, худалдааны гэрээнд ямар ч холбоогүй болох нь нотлогдсон аж. Мэдээж Украйны эрх баригчид болон шүүхийн зүгээс энэ тайлбарыг ямар ч үндэслэлгүй хэмээн үзсэнээр ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр болсон.
Дээрх жагсаалд оролцсон иргэдийн ярьж буйгаар ОХУ-ын зүгээс Украйныг Европын холбоонд элсэхэд дарамт учруулж байгаа бөгөөд энэ нь тусгаар улсын бүрэн эрхэд халдаж буй хэтэрсэн үйлдэл гэдгийг онцлов. Иргэдийн 80 гаруй хувь нь Украйныг Европын холбоонд элсэх нь зөв хэмээн санал өгсөн. Харин ОХУ-аас байгалийн хий болон бусад эксдортолдог бараа бүтээгдэхүүнээрээ зэрэг олон салбарын дарамтыг үзүүлсээр байгаа бололтой. ОХУ-ын хувьд Украйныг Европын холбоонд элсүүлэх хүсэлгүй байгаа нь газар нутгийн хувьд болон өөрсдийн эдийн засгийн гол гарцуудыг хаахыг хүсэхгүй байгаатай шууд холбоотой байж мэднэ.
Стратегийн түнш болсон Украйны эрх баригчид ч хэрхэх аргаа болохгүй хуралдаж байгаа бололтой. Салбаруудад нь шахалт өгсөнийг үгүйсгээгүй бөөрөнхийлсөн ч эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа бололтой. Хэрэв Украйн улс Европын холбоонд элсэх юм бол ОХУ-ын хувьд Европ руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарц хэрэгтэй болох нь ойлгомжтой. Үгүй бол шахалт дарамт одоо биш юм аа гэхэд дараа нь дахин сөхөгдөх нь тодорхой. Дээрх дүгнэлтийг хийж буй Украйны улс төр судлаачид Ю.Тимошенкод холбогдох хэргийн талаар хоёрдмол байр суурьтай байгаа гэдгийг онцолсон билээ. Европын холбоонд элссэн тохиолдолд түүнийг зайлшгүй суллах учиртай. Нөгөөтэйгүүр ойрын жилүүдэд байгалийн хий, ша-тахуун ОХУ-аас авах боломжгүй болно гэхэд хилсдэхгүй.
Ю.Тимошенкогийн эрүүл мэндийн байдалд 24 цагийн хараа хяналт тавьсаар байгаа. Магадгүй түүний ялыг хөнгөвчилж, өршөөлийн тухай хуульд хамруулах туйлын зориготой ч байж мэднэ. Нөхцөл байдлыг хурцатгаад байгаа зүйл нь ОХУ-аас ирж буй шахалт бололтой. Ю.Тимошенког суллахыг оросууд ч хүсэхгүй байгаа нь илт. Тиймээс тал бүртээ л шийдвэр гаргахад хүндрэлтэй байгаа бололтой. В.Путин ч гэсэн удахгүй Литва улсад болох европын холбооны чуулга уулзалтын үеэр Европын холбооны албаныхныг Украйныг нэгтгэх гэрээнд гарын үсэг зуруулахаар яаравчилж байгааг шүүмжилсэн.
Европын холбоо Ю.Тимошенког суллуулах, Украйныг Европын холбоонд нэгтгэх ямар зорилго байгааг ажиглагчид тайл-барлахыг оролдож байна. Их Британи өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл энэ орон зайг Украйн нөхөж чадах уу, эсвэл Европын холбоонд Ю.Тимошенко шиг улстөрч хэрэгтэй байгаа эсэх дээр зарим хүн санал зөрөлдсөөр байна. Эрүүл мэндийн байдлаар өөрийн ялыг янз бүрийн нөхцөлд эдлэж байгаа Ю.Тимошенкогийн хувьд ч гэсэн шоронд өнгөрөөх хугацаа нь бага мэт санагдан, хуулийн гарц хайсаар байгаа. Мөн өөртэйгөө ойрхон байлгах өмгөлөөгч, эмч нар нь ч хоригдож байгаа шоронгийнх нь эргэн тойронд ажилсаар. Ямартай ч, Ю.Тимошенко удахгүй суллагдах эсэх нь Украйн ОХУ-тай тангарга тасарч Европын холбоонд элсэх эсэхээс шийдэгдэх бололтой.
Б.Баатар