Бусдыг гүтгэвэл хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болсон. Гэхдээ гүтгэсэн гэдгийг хэн тогтоох нь тодорхойгүй. Үнэнийг баримтаар дэлгэхэд гүтгэсэн болгож тайлбарлаад байгаа дарга нарт нь ямар хариуцлагыг, юуны тухай хуулиар хүлээлгэх вэ, хууль батлагчид аа.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралын 300 саяар авсан машин, 24 саяар засвар хийсэн байр, тохижуулахад зориулж худалдан  авсан 180 саяын тансаг тавилгын гэрээзэрэгХ.Бадамсүрэнгийн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баримтыг дэлгэсэн. Гэтэл эрхэм захирал хэвлэлийнхнийг цуглуулж, камерын өөдөөс харж байгаад “худлаа” гэж хээв нэг ярихыг ард түмэн харлаа. 

Та, 300 саяын машин өөрөөс нь өмнө шийдэгдсэн асуудал гэсэн. Тэгвэл худалдан авах гэрээнд таны гарын үсэг дурайдаг. Өмнө шийдэгдсэн асуудлын араас нь гэрээ үйлдэх журам төрийн өмчит аж ахуйн нэгжид мөрдөгдөг хэрэг үү. 

Байр тохижуулсан асуудал байхгүй гэсэн. “Өмнөх дарга нарт байр худалдаж авч өгдөг байсан болохоос надад тансагласан зүйл байхгүй ээ” гэж та мэдэгдсэн. Гэтэл “Рийч энержи” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож 24 сая 687 мянган төгрөгөөр байрны засвар хийх гэрээ, 180 сая 576 мянган төгрөгөөр тавилга худалдан авах гэрээнд мөн л та гарын үсгээ зурж мөнгө шилжүүлэх эрхийг нээж өгсөн байдаг. 

ТӨБЗГ-ын дарга танд 10 мянган долларын цалин олгохыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Төрийг төлөөлж Эрдэнэт үйлдвэрийг хариуцдаг газрын даргын үгийг та мөн л үгүйсгэсэн. “Гар дээрээ 3 сая төгрөг авдаг” гэж та хэлсэн.

Тэр ч бүү хэл үйлдвэрийн ерөнхий нягтлангаас баримт гаргуулж харж болно гэж батлав. "Шахааны Эрдэнэт биш шил толь шиг үйл ажиллагаа нь ариун тунгалаг харагдаж байдаг Эрдэнэт болгоно" гэж уянгалаг хачир нэмсэн.

Гэтэл төрд очсоноос хойш Эрдэнэт үйлдвэр шилэн дансаа хөтөлсөнгүй. “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэдэг хуулийн заалт таныг захирлаар ажиллах хугацаанд хэрэгжих үү. Өрөө дүүрэн сэтгүүлч цуглуулж, улайх ч үгүй хэлэх худал үг биш, үйлдлээрээ л үзүүлчих эхний шударга алхам чинь энэ хуулийн хэрэгжилтийг хангах шүү дээ.
 
Сэтгүүлчид бид баримт түшиглэж үнэнийг мэдээлсэн нь,хэвлэлийнхний улаан нүүрийг харж байгаад хэлсэнтаны дээрх үгээр худал болж, бид гүтгэгчид болчихов уу. Тэгвэл би 10 саяар торгуулахад бэлэн. Харин та огцроход бэлэн үү, Х.Бадамсүрэн дарга аа. 

Харин таны гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр ХХК” нэртэй 6116231632*2074192 серийн дугаартай тамга дарсан баримт үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, таны үг худал болохыг тогтоох цагт та ямар хариуцлага хүлээх вэ? Сэтгүүлчдийг гүтгэсэн даргад хариуцлага хүлээлгэсэн жишээг өөрөөрөө эхлүүлж чадах уу?









 

Эх сурвалж:Өдрийн сонин