Н.Алтанхуяг: Би Х.Баттулгадаа гурван зүйл захиж хэлмээр байна
2017/05/07
Ардчилсан намын Их хурлын үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бүгд дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг үг хэлсэн юм. Тэрбээр "АН бараг сарын хугацаанд нам дотроо сунгаа явууллаа. Амжилттай шийдэж чадлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулж чадлаа. Х.Баттулгыгаа гаргаж чадлаа. Энэ шийдвэрийг гаргаж чадсан намыхандаа болон энэ дундаас оройлж гарч чадсан Х.Баттулгадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.
Энэ индэрээс үг хэлэх боломжийг ашиглан олон жил намайг дэмжиж, хамтдаа олон ялалт байгуулсан намынхаа хамт олонд үргэлж талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. АН өнөөдрөөс эхлэн ажил хийх ёстой. Алдсан алдаан дээрээ суралцах ёстой. Олон ялалтын дараах ялагдалдаа дүн шинжилгээ хийх ёстой.
Хэрэгтэй, хэрэггүй үгээ амандаа балгах хэрэгтэй. Олон жил хамт явсан сайн найз, нөхөддөө муу үгийг хэлэх нь байтугай бодоод ч хэрэггүй. Тиймээс би жижиг сажиг зүйлээ хаяж, зөвхөн Монголын маргаашийн тухай бодоцгооё гэж уриалмаар байна. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэе. Сэтгэл гаргая, ялалт байгуулая. Би энэ ялалтыг маш их хүсч байна. Гэхдээ энэ бол хэн нэгнийг ялахдаа гол биш.
Монгол улс хөгжмөөр байна. Монгол улсын цөөн хүн нь баяжиж, олонх нь ядуурч, цөөхөн бүлэглэлийн гарт орж, олонх нь цөөнхөд зүтгэдэг болж. Үүнийг таслан зогсоох ёстой. Бидний үр, хүүхэд ирээдүйд гэрэл гэгээтэй нийгэмд амьдрах учиртай. Бид үүний төлөө 27 жилийн өмнө нэгдэж, нийлсэн. Бидний энэ зорилго сүүлийн үед бүдгэрсэн, бүдгэрүүлсэн. Ирээдүйд арилгах, зогсоох сонирхолтой цөөхөн бүлэглэл байна. Үүний төлөө тэмцэж, зогсоох ёстой гэж бодож байна. Х.Баттулга үүнийг хийж чадна. Тиймээс Х.Баттулгыгаа дэмжиж байгаа юм. Би Х.Баттулгадаа гурван зүйл захиж хэлмээр байна .Монголчууд бид эв эеэ хичээх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн бол ард түмнийгээ хооронд нь ойлголцуулдаг, бөөгнүүлдэг, нэг зүг рүү харуулж чаддаг эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой. Үүнд онцгой анхаарал тавиарай. Хоёрдугаарт, эдийн засгийн ямар нэгэн асуудалд бүү шунан, тэмүүлж ороорой. Харин чинээлэг, дундаж давхрагыг яаж бий болгох вэ гэдэг дээр анхаараарай.
Х.Баттулга бид хоёр Засгийн газарт хоёр удаа хамтарч ажилласан. Манай Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуучлалын яам гэж байгуулж байсан. Энэ бол миний хэлэх гэж байгаа гурав дахь захиас буюу хүсэл. Монголын соёл, ахуй, ёс заншил үеийн үед мандан бадарч байх учиртай. Гуравхан сая хүн амтай Монгол улс соёл, спорт, аялал жуучлалаа дээд зэргээр хөгжүүлэх ёстой. Энэ салбарт маш их хувь нэмэр оруулсан хүн бол Х.Баттулга юм. Тиймээс баярлалаа гэж хэлээд, үүнийгээ цааш нь улам боловсронгуй хөгжүүлээрэй гэж хэлмээр байна” гэлээ.
irgen · 2017/05/07
ardchilsan namiinhan hamgiin ehend dotoro ev negdelee erhemleh ny chuhal.eh oron eh hel negtei gedgee bodmoor l bgam daa.bi ene namd 93 ond gishuuneer elsej bsn hun.