УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хууль хяналтынханд хэд хэдэн удаа шалгагдаж байсан байдаг. Бүр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа “Анод” банкны хэргээр шалгагдаж эхэлсэн. Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунaхайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн шалгасан.

Д.Дамба-Очир “Анод” банкийг байгуулах үед дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө төвлөрүүлсэн аж.

Тэрбээр тус банкинд төвлөрүүлсэн хадгаламжаа эргүүлэн татсан, олон тэр¬бум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажиллагаанд нөлөөлсөн хэмээн буруутгагдаж шалгагдаж байв. “Анод” банк¬ны чанаргүй зээлдэгч¬дийн жагсаалтад түүний  эзэмшиж бай¬сан “Очир төв” хамгийн эхэнд бичигд¬сэн байдаг юм байна лээ. “Анод” банкийг дампууруулах гол ажлыг Д.Дамба-Очир хийсэн гэж тухайн үед банкны захирлууд мэдэгдэж байсан. Мөн “Анод” банкнаас авсан зээлээ эргүүлэн төлсөн үгүй нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Тэгээд зогсохгүй “Анод” банкны удирдлагууд хорих ялаар шийтгүүлж байхад Д.Дамба-Очир ял шийтгэлгүй хоцорч байлаа. Тэрбээр ийнхүү уснаас  азаар хуурай гараад байдаг гэж хууль хяналтынхан ярьдаг юм билээ. Д.Дамба-Очирын хуучин хэргүүд АТГ-ын анхаарлыг татаж эхэлсэн гэнэ.  

 

ДОЛООН ЖИЛ БАРЬСАН “ТАМЫН” ЗАМ ДЭЭР НЬ ОЛОН ХҮН АМИА АЛДСАН БАЙДАГ


 Үүний дараа Улаанбаатар Лүнгийн чиглэлийн 106 километр замыг чанаргүй барьснаас болж Д.Дамба-Очир гишүүн  Молиго-Очир, Хулхи-Очир, Там-Очир, Зам-Очир гээд л  янз бүрийн нэр хоч авсан байдаг. Тэр 106 километр замыг долоон жилийн турш барьсан. Барихдаа чанарын шаардлага хангаагүй, зураг төслийн дагуу бариагүй гээд бөөн асуудал босч ирсэн. Шинээр зам тавиад жил ч болоогүй байхад өнөөх зам нь тараа таниулж,  өвөл нь энд тэндээ овойж хөлдөөд, хавар гэсэхээрээ бутарч унаад онгойсон хар нүх болсон. Тамын замаар элэг бөөрөө сугартал явлаа гээд л тэр замаар явсан хүн бүр  Д.Дамба-Очирыг харааж, зүхсээр долоон жил болсон.

Мөн тэр зам дээр олон зуун автомашины осол ар араасаа цувран гарсан. Олон ч хүн харамсалтайгаар амь насаа алдаж байсан.  Осол гарсан шалтгаан тодорхой. Хурдтай явж байтал гэнэт замын онгорхой цоорхой дайраад дугуй нь буудаад замын хажуу руу онхолддог. Эсвэл улаан шороо боссон замаар явж байгаад хоёр машин өөд өөдөөсөө мөргөлдөж, хүмүүс амиа алддаг болсон. Д.Дамба-Очир долоон жил зам барьснаас болж Улаанбаатар Лүнгийн чиглэлийн замыг “Үхлийн хөндий” гэх нэр хүртэл авч, эрдэнэт хүмүүсийн амь нас энх тайван цагт үрэгдсэн байдаг. Ингэж улсын хөрөнгө үрэн таран хийснийхээ төлөө хариуцлага хүлээхийн оронд Д.Дамба-Очирын “Очир төв” компани хэдэн тэрбум төгрөг Засгийн газраас авч байсан билээ.  Бүр Засгийн газраас бонд гаргаж 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас түүнд олгохоор шийдвэрлэж байсан. Бүр болоогүй Засгийн газар Д.Дамба-Очирт  дахин 22 тэрбум төгрөг олгож байлаа. Ингэж л улсын мөнгийг салхинд хийсгэж байсан түүхтэй. Тухайн үедаа 106 километр замыг тавихдаа мөн ч их зовлон ярьдаг байв. Гэтэл үнэндээ хамгийн амар хялбар аргаар зам тавих газар нь Улаанбаатар Лүнгийн зам байсан.

Бүр Монгол Алтайн нуруу давуулаад зам тавчихаж байсан. Цэвдэг ихтэй, хал чулуу, халил өндөр хад асга дундуур, алдарт Бодончийн голыг дагуулаад 100 гаруй километр газарт хятадууд зам тавьсан. Ингэхдээ Д.Дамба-Очирын зам тавьсан мөнгөнөөс бага зардлаар барьсан байгаа юм. Дөрвөн жил болж байгаа Ховдоос Булган сум ордог тус зам нэг ч эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй байна.  Улсын мөнгөөр зам тавьсан Д.Дамба-Очирын компанийг хууль хяналтынхан нэг ч удаа санхүүгийн шалгалт хийлгүй өнгөрч байсан байдаг. Хэрэв санхүүгийн шалгалт хийж, улсын мөнгө хэрхэн зарцуулсан гэдгийг шалгасан бол мөн ч их асуудал дагуулах байсан гэдэг.  Чанаргүй зам барьснаас болж осол аваар гарсан гээд жолооч нар нийлж Д.Дамба-Очирыг шүүхэд өгсөн байдаг. Гэвч тэр асуудал тэгсхийгээд л замхарсан.
 2010 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч В.Жавхлан, С.Базарханд нар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очиртөв” ХХК-тай холбоотой хэргийг шүүж байсан. Тодруулбал, хохирогч Баянгол дүүргийн XIII  хорооны иргэн Бадамраагийн Болд тус компаниас гэм хорын хохиролд 9.463.945 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд гомдол гаргаж байсан.  Хохирогч залуу   “2010 оны наймдугаар сарын 21-ний  23:00 цагийн үед 91-99 УНЕ улсын дугаартай Ланд Круйзер 105 маркийн автомашиныг жолоодож явахдаа Төв аймгийн Баянхангай  сумын нутаг дэвсгэрт “Очир төв” ХХК-ийн овоолж асгасан хайрган дээгүүр харайлган осолд орж машинаа эвдсэн. Тиймээс гэм хорын хохиролд 9.317.500 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж 146.445 төгрөгний хамт “Очир төв” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэдэг хүсэлт гаргаж ялалт байгуулсан. Шүүх 6.796.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Хонгорзул, Б.Болд нарт төлөх шийдвэр гаргаж байсан юм. Эндээс харахад Улаанбаатар Лүнгийн чиглэлийн зам дээр гарсан ослын гол буруутан нь Д.Дамба-Очир  юм. Түүнээс харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүсийн амийг Монголын ард түмэн одоо ч нэхэх эрхтэй юм.  

Д.ДАМБА-ОЧИР УЛСЫН МӨНГӨ ҮРЭН ТАРАН ХИЙЖ  250 БАЙШИН ТАРААСАН УУ


Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдоод байгаа Д.Дамба-Очир  “Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд Зэс хайлуулах үйлдвэр барина. Хоёр мянган хүнийг ажлын байраар хангана” гэж 2008 оноос хойш ярьж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдсэн зүйл алга байна. Түүний сонгуульд нэр дэвших болгондоо ашиглаж байгаа Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал хэзээ шийдэгдэх бол хэмээн сонгогч нар нь хүлээж суудаг юм байна лээ. Мөн Д.Дамба-Очир Эрдэнэт хотод 250 гаруй байшин тараасан.

Ингэхдээ иргэдэд эхлээд өндөр үнээр өгч байгаад сүүлдээ  хөнгөлттэй үнээр буюу 800-300 мянган төгрөгөөр байшингаа өгсөн гэдэг юм байна лээ.  Одоо Дамбын байшин зарна гээд л Эрдэнэтийн телевиз болгоноор зар нь явж байдаг юм байна лээ. 250 байшинг Д.Дамба-Очир өөрийнхөө хөрөнгө мөнгөөр хийсэн ажил гэж Орхон аймгийнхан ойлгодог. Гэтэл цаад үнэн нь улсын мөнгөөр барьсан гэх асуудал байдаг юм байна лээ. Байшин тараасан асуудлыг хууль хяналтынхан шалгаж эхлэх юм бол мөн л томоохон асуудал босч ирнэ гэдгийг эх сурвалж онцолж байв. Эрдэнэт хотын гэр хорооллыг цэвэр усаар хангах төслийг Д.Дамба-Очир нэгэн томоохон сантай хамтран хийсэн байдаг. Гэвч хооронд нь холбосон худаг усаа дүүргэж чаддаггүй, хүчин чадал нь хүрэхгүй болсон гээд асуудал ар араасаа цувран гарсаар байна.  

 

ТЕЛЕВИЗИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРАХ ГЭЖ БАЙСАН УУ


“Тусгал-1” ТВ-ийн өмчлөлийн асуудал өнгөрсөн жил хөндөгдсөн байдаг. Энэ талаар “Хотын шуудан” сонины эрхлэгч Н.Мөнхтөр мэдээлэл хийж байсан. Тэрбээр  “Д.Дамба-Очир хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдыг хохироож, 2016 оны долдугаар сараас эхлэн ТВ-ийг эзэмших компанигүй, нийгмийн даатгал төлөх харьяалалгүй болгосон. Үүнээс болоод “Тусгал” телевизийн уран бүтээлчдийг эмнэлэгт үзүүлэх гэтэл ЭМД байхгүй, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх гэтэл харьяа байгууллагагүй болгож хохироож байна.

Энэ талаар удаа дараа шаардлага тавихад “Миний оруулсан 40-50 сая төгрөгийг төлөөд энэ телевизийг ав” гэсэн шантааж хийдэг болсон. Өнөөдөр Монгол Улсын хуулиар Телевизийн тусгай зөвшөөрлийг худалдах ямар ч боломж байхгүй. Гэтэл эрхэм гишүүн Д.Дамба-Очир уран бүтээлчдийг хууль зөрчихийг, хууль бус үйлдэл хийхийг шаардаж байгааг ойлгохгүй байна. Сэтгүүлч М.Мөнхцэцэгтэй ТВ-ийг Хамтран ажиллах, хувь эзэмшүүлэх гэрээ байгуулна гэж хууран мэхэлж, олон жил өөрийн ТВ-д хөрөнгө оруулалт хийлгүүлсэн. Энэ нь жирийн сэтгүүлч хүний хөдөлмөрийг  үнэгүйдүүлсэн, ТВ-ийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх компанигүй болгосон” хэмээн мэдэгдэж байсан. Ийн сэтгүүлч, уран бүтээлчид олон нийтэд хандсанаар асуудал намжсан байдаг. 

МӨНГӨ ТАРААСАН АСУУДАЛ ЯАГААД ДАРАГДСАН БЭ


2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Дамба-Очир мөнгө тараасан гэх асуудал бий. Бүр мөнгө төгрөг өгч авалцаж байгааг нь баталгаажуулж, цагдаагийн байгууллага шалгасан байдаг. Орхон аймгийн цагдаа нар хэргийг шалгаад мөнгө өгсөн хүнийг олж тогтоож, байцаалт авсан байдаг. Тэрбээр “Д.Дамба-Очирын сонгуулийн штабаас намайг мөнгө тараа” гэсэн хэмээн мэдүүлсэн байдаг. Ингээд хэнээс, хаанаас мөнгө авч тараасан бэ гэдэг асуудал нь тодорхой болж, шүүхийн шатанд ч үүнийгээ нотолсон байдаг юм байна лээ. Гэвч энэ суудал яагаад ч юм чимээгүй болоод дарагдчихсан байдаг. Хэрэв энэ асуудал хөндөгдөж эхлэх юм бол хуулийн дагуу УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах боломжтой болох юм. 
УИХ-ын Д.Дамба-Очир гэж хууль хяналтынханд “дийлдэхээ байсан”, баргийн хэргээс хуурай гарчихдаг “хүч чадалтай” нэгэн бий болжээ. Түүнд Монголын хууль дүрэм үйлчилдэггүй, юуг ч өөрийн дураар хийж чаддаг гэдгийг цөөн баримтаар  дурдахад ийм байна. 


Г.БАТЗОРИГ

эх сурвалж Өдрийн сонин