“Худалдаа хөгжлийн банк дампуурна” гэх мэдээлэл тараасан этгээдийг баривчиллаа

“Худалдаа хөгжлийн банк удахгүй дампуурлаа зарлана” гэх утга агуулга бүхий хуурамч мэдээлэл тараасан этгээдийг тагнуулын байгууллагаас саатуулжээ.

Улсын санхүү эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар учруулж болзошгүй эл мэдээллийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 34 настай Н гэгч хуурамч фэйсбүүк ашиглан тараасан байна.

Тэрбээр өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдоод бүтэлгүйтсэн тул ийнхүү худал мэдээлэл түгээсэн байж болзошгүй тухай зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Н гэгч худал мэдээлэл цацсаныхаа дараа компьютерийн тусгай программ ашиглан ул мөрөө баллахыг оролдсон ч, 24 цаг хүрэхгүй хугацаанд тагнуулын байгууллагад саатуулагджээ.

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгоор цаашид энэ төрлийн гэмт хэрэг давтагдах магадлал өндөр байгаа. Тиймээс ташаа мэдээлэлд автахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.