Японы гүнж хайр сэтгэлийнхээ төлөө ихэс дээдсийн байр сууриа алдана
2017/05/18
ТОКИО. /Nikkei/. Японы эзэн хааны гэр бүлийн гишүүдийн нэг болох гүнж Мако харц гаралтай хүнтэй гэрлэснээр ихэс дээдсийн байр сууриа алдах нь ээ.
Гүнж Мако нь Японы эзэн хааны хоёр дахь хүү болох хунтайж Акишиногийн ууган охин юм.
Эзэн хаан Акихитогийн ууган ач охин, өдгөө 25 настай гүнж Мако хуулийн фирмийн ажилтан Кэй Комүротой /мөн 25 настай/ удахгүй сүй тавих гэж байгаа юм. Тэд их сургуульд хамт сурч байжээ.
Японы эзэн хааны тухай хуульд зааснаар, хааны гүнж жирийн хүнтэй гэрлэсэн тохиолдолд хааны гэр бүлээс явах ёстой.
Гүнж Мако, Кэй Комүро нар Токиогийн Олон улсын христийн их сургуульд сурч байхдаа буюу 2012 онд танилцсан байна.
К.Комүрогоос сүй тавих төлөвлөгөөний талаар нь өчигдөр асуухад “энэ тухай одоо ярих цаг нь биш. Цаг нь болохоор ярья” гэжээ.
Гүнжийн сүй тавих ёслолыг хийхээр төлөвлөж байгаа нь үнэн гэж Японы хааны ордны албаны хүмүүс саяхан нотлон мэдэгдсэн аж.
Нас дээр гарсан учир хаан ширээгээ шилжүүлэн өгөхийг хүсч байгаагаа өдгөө 83 настай эзэн хаан Акихито өнгөрсөн оны наймдугаар сард мэдэгдсэн билээ.
Япон улс эзэн хааны хаан ширээнээсээ буух хүсэлтийг биелүүлэхийн тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулах гэж байна.
Сүүлийн хоёр зууны хугацаанд Японы эзэн хаан суудлаасаа татгалзсан тохиолдол гарч байгаагүй бөгөөд одоогийн хуулиар бол хаан ширээг шилжүүлэн өгөх боломжгүй. Зөвхөн эрэгтэй хүн хаан ширээг залгамжилна гэсэн заалтыг шинэ хуулинд хэвээр үлдээх төлөвтэй байна.
Угсаа залгамжлан хаан ширээнд суух боломжтой ердөө дөрвөн хүн байгаа юм. Тэд бол эзэн хаан Акихитогийн хөвгүүд болох угсаа залгамжлах хунтайж Нарүхито, хунтайж Фүмихито, Фүмихитогийн хүү болох хунтайж Хисахито болон хааны дүү болох хунтайж Масахито нар юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
монгол улс сайхан болоосой · 2017/05/18
сайн охин байна хүн шиг явахаар шийдэж манайхан хүн шиг явахгүй гэж шийдвэр гаргаж таарна үүнийг боловсрол гэдэг манайхан дээд сургуулийн багш гэдэг хүний ярьсан болгоныг үсэгчилэн чээжилдэг тэнэгийг боловсоролтой хүн гэж тодорхойдог гэрийн удмын суурь ухаан байдаг үүнийг энэ охин мэдэж удам дамжсан их ухаан энэ охинд байгаа тоогдсон залуу их азтай гарсан үр нь хааны гарвалтай