Мэргэжлийн сумо бөхийн холбооны хурлаар Нацү башёд амжилттай барилдсан сэкиваки Такаяасү-д озэки цол олгосноо албан ёсоор зарлалаа.

Түүний сүүлийн гурван башёгийн давааны нийлбэр гучин дөрөвт хүрч озэки болох болзлыг биелүүлсэн. Мөн 70 дахь их аварга /ёкозүна/ Харумафүжи Д.Бямбадоржийг өвдөг шороодуулснаар озэки цолонд дэвшин барилдах нь тодорхой болсон юм. Сумо бөхийн холбоо элч төлөөлөгчөө Тагоноүра дэвжээ рүү илгээж озэки цол олгох болсон тухай дуулгасан байна.

Өчигдөр озэки цол авах ёслолыг хийх үеэр тэрбээр, "Озэки цолны нэр хүндийг өндөрт өргөх болно. Баярлалаа. Дараагийн башёд 15 давж түрүүлнэ" хэмээн ярьжээ. Мөн озэки болоод нэрээ солилгүй өөрийн Такаяасү Акира нэрээрээ барилдана гэв. 

Озэки цолтнуудаас Важима, Китао (Фүтахагүра), Дэжима нар өөрийн нэрээр барилдахаар шийдсэн байдаг. Ийнхүү хуучин нэрээ авч үлдсэн 4 дэх озэки болж байна. "Тагоноүра" дэвжээ нэгдүгээр сард Их аварга /ёкозүна/ цолтон, тавдугаар сард арслан /озэки/ цолтон өлгийдөн авсан гэдгээрээ бас нэгэн түүхийг бичлээ.


Д.Өлзий