Залуус гудамжинд тамхи гуйж байна
2013/03/12
Гудамжинд гуйлга гуйдаг хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бишгүй л байдаг байлаа.
Харин тэгвэл одоо гудамжинд мөнгө бариад тамхи гуйдаг гуйлгачинтай болчих гэж. Хажуугаар нь өнгөрсөн хүн бүрээс “мөнгийг нь өгье, ганц ширхэг Тамхи өгчих” хэмээн “гуйлга” гуйх залуучууд хотоор нэг байна. Уг нь гудамжинд суун дуу дуулж эсвэл нүүрээ улалзуулан мөнгө гуйдаг хүмүүс бишгүй байдаг. Гэтэл одоо тамхи гуйдаг шинэ төрлийн “гуйлгачидтай” болж дээ. Удахгүй дуу дуулж мөнгө олдог байсан бол дуу дуулж тамхи гуйдаг болох нь. Хамгийн харамсалтай нь оюутан залуус энэ гуйлгийг хийж байгаа юм. Ширхэгийн тамхийг оюутан, арван жилийн сурагчид л татдаг байсан цаг саяхан. Тэгвэл ширхэгийн тамхи зарахаа больсон нь гуйлгачин төрүүлж байна гэсэн үг. Овоо хэдэн төгрөгтэй бол цүнхэндээ хэдэн хайрцаг тамхи авч хийгээд гуйлга гуйсан нэгэнд нь ширхэгээр зараад байх хөөрхөн бизнесийн санаа зарим нэг хүмүүст бий болоход ойрхон байна. Ингээд монголоор дүүрэн тамхи гуйсан гуйлгачидтай болчихлоо гэж. Харамсалтай шүү. Угаасаа гуйлгачин гэдгээрээ зартай монголчуудын нэр нэгээр нэмэгдэх нь дээ. Тамхигүй орчинг бүрдүүлэх гэж байгаад хулгайн тамхины шинэ ертөнцийг нээхэд ойрхон ирээд байна. Тамхины эсрэг хууль гарснаар олон хүн тамхиа хаясан ч олон шинэ зүйлс гарсаар байгаагийн нэг илрэл нь энэ тамхины гуйлга гуйх үзэгдэл болж байна. Тун удахгүй цаасан хайрцаг тавьчихсан нэг тамхи өгөөч гээд дуулж суух жаалуудтай болох нь дээ. Том багагүй гуйлга гуйгаад сурчихсан монголчуудад энэ бол тийм ч их асуудал биш юм. Хэн нэгэн нь хэдэн ширхэг тамхитай бол түүнийгээ тойгдож наалдаж байх цаг үед амьдарч байгаа хөөрхий тамхичдаас юм юм л гарч байна. Бүр сүүлдээ дэлгүүрийн үүдэнд зогсож дээрэм хийхэд ойрхон байна. Тамхины экспортыг бүрэн хаах юм бол бүр балрах нь ээ, гуйлга биш дайн болох юм байна. Гудамжинд ч гарч чадахаа байх нь. Хөөрхий тамхичдын зовлонг ширхэгийн тамхи наймаалагчид л ойлгодог байжээ. Харин одоо эхээсээ төөрсөн янзага шиг энэ олон гуйлгачин тамхичдыг яана даа.
Э.Баясгалан