Б.Жамсран: Монгол бөхийн хоч нэрийн судалгаа хэл шинжлэлтэй салшгүй холбоотой
2017/06/15
Булган аймгийн Баян-Агт сумын уугуул Монгол Улсын заан “Довцог" хэмээн алдаршсан Бямбын Пурэвжавын зээ хүү Б.ЖАМСРАНТАЙ ярилцлаа. Тэрбээр өвөг эцгийнхээ тухай “Намнан Сэлэнгийн Довцог Пүрэвжав" гэх ном бичиж, монгол бөхтэй холбоотой сонин, сэтгүүл, зураг, ном цуглуулдаг нэгэн. Түүгээр ч зогсохгүй монгол бөхийн хоч нэрийн тухай судалж, мэргэжлийн хүмүүст дуу хоолойгоо илэрхийлэн өндөр үнэлэлт авсан юм.
-Ярилцлагаа таны судалдаг монгол бөхийн хоч нэрийн тухай сэдвээс эхэлье. Таны хобби өргөжсөөр судалгааны ажил руу хальтруулсан хэрэг үү?
-Тийм шүү. Миний судалж, мэдсэнээр монгол бөхчүүд дунд хоч нэртэй 200 гаруй хүн бий. Энэ талаар эмхэтгэл бичиж, хүмүүст хүргэхийг хичээж байна. “Монгол бөх судлалын өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хуралд судалгааныхаа зорилго, чиглэл, үр дүнг танилцуулахад мэргэжлийн хүмүүс их өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсанд баярладаг.
-Монгол бөхийн хоч нэр юунаас үүдэлтэй юм бэ?
-Миний судалж тогтоосноор монгол бөхийн хоч нэрийн санг 11 төрөлд хувааж үзэж болох юм. Жишээлбэл, монголчууд монгол бөхдөө хоч өгөхдөө эрхэлж байгаа аж ахуйтайгаа холбох нь түгээмэл. Буур, азарга, морь, жороо, хайнаг, хурган, ишгэн, тэмээ өргөдөг гэх мэтээр таван хошуу малтайгаа холбож нэрлэдгийг нь судалгааны явцад анзаарсан. Даян аварга Жамъянг буур, арслан Жамъяндоржийг тэмээ өргөдөг, Лхагваа начинг азарга, Пүрэв начинг морьт, Дугарсүрэн зааныг жороо хар, Сугар начинг уурган дэгээ, Моломжамц зааныг буханхүү, Баасан начинг хайнаг, Дэмид зааныг хурган, Чойнзон зааныг ишгэн гэж хочилж байсан юм билээ. Мөн хийж, гаршсан мэхээр нь дүүгүүр, бусгаа, төмөр дэгээ, гүйдэг, өмсдөг зэрэг хоч нэр ч өгсөн байдаг. 1958, 1960, 1963, 1971 оны Улсын баяр наадамд шөвгөрсөн Лувсан заан гэхэд тавхай хочтой. Барилдахдаа өрсөлдөгч бөхөө гол төлөв хар тавхайгаар нь суйлчихдаг байж. Мөн миний өвөг Б.Пүрэвжав довцог хоч авсан нь хоёр хувилбартай. Нэгдүгээрт, уурлаж бухимдахдаа гаргадаг нүүрний хувирлаар нь нэрлэсэн байдаг. Хоёрдугаарт, довцогтой газар барилдаж байгаад жижгэвтэр цахилдагтай довцгийг нь мулт хавсарсан гэдэг. Тэгэхээр хоч нэр барилдааны мэх, өмсгөл, нүүр хувиралтай холбогдох тал бий.
-Бөхчүүдэд үе үеэр нь нэг нэр өгч дуудах үзэгдэл их гэж сонссон?
-Хар гэдэг үгийг монгол хэлэнд өргөн хэрэглэж, олон утга илэрхийлж байсан нь мөн л энд анзаарагдсан. Өнгө зүс, хүч тэнхээ, холч ухааны харыг илэрхийлээд зогсохгүй төрийн хар хүн гэж нэрлэдэг. Гэхдээ судалгааны явцад хар гэдэг үг агуулсан хоч нэрийг эерэг үнэлэмжтэй хэрэглэж ирсэн нь сайн талтай. Мөн монгол хүний сэтгэлгээний онцлогтой холбоотой байх үндэслэлтэй. Балсан арсланг хумбанхар, Дагва арсланг хангалын хар, Рэнцэндорж зааныг хадагт хар, Ишгэн зааныг ишгэний хархайч, Жавзмаа начинг харлаг, Бямба зааныг тээхийн хар гарт, Дамбадондог начинг барилгын бахим хар, Ламаажав начинг дайрдаг хар гэх мэтээр нэрлэдэг байсан юм билээ. Түүнчлэн нэг үеийн хэдэн бөхөд хамтад нь армийн таван халуун, Увсын долоон хар, зургаан залуу заан зэрэг хоч нэр өгөх үзэгдэл ч түгээмэл байжээ.
-Дархан аварга Х.Баянмөнх, П.Цэрэнтогтох нарыг ард түмэн “Хар аварга” гэж дууддаг байсан нь ямар учиртай юм бэ?
-Хоёр аваргыг хар гэж дуудаж буйтай холбон нэг онигоо бий. Бөх сонирхогч нэг хүн Х.Баянмөнх аваргаас “Цэрэнтогтох та хоёрыг хар аварга гэх юм. Ингэхэд та хоёрын хэн нь илүү хар юм бэ" гэж асуухад Х.Баянмөнх аварга “Би арай гилгэр байх аа” гэж хариулсан гэдэг.
-Танаас өөр бөхийн хоч нэр судалдаг хүн хэр олон байдаг вэ. Судалгааны ажлын тань цаашдын зорилго юу вэ?
-Судалсан хүн байдаг. Гэхдээ эрдэм шинжилгээний хурал болон олонд танилцуулсан нь тэр бүр байдаггүй болов уу. Бөхийн хоч нэрийн судалгаа яалт ч үгүй хэл шинжлэл рүү оруулчихдаг юм билээ. Гогор Дорлиг гэж бөх байсан. Гогор гэдэг нь ямар учиртай үг вэ гээд л Я.Цэвэлийн толийг сөхөж байх жишээтэй. Би математикийн багш ч эхнэр Г.Энхээ маань монгол хэл, уран зохиолын багш учраас энэ талаар сайн туслагч, зөвлөгч байж чаддаг. Монгол бөхийн хоч нэр нь бөхийг алдаршуулахаас гадна, барилдааны амжилтад сайнаар нөлөөлж байсан. Өөрөөр хэлбэл, монгол орон, төрж өссөн нутаг усаараа бахархах, нэр хүндийг нь өндөрт өргөх үзлийг бөхөд төдийгүй үзэгч түмэнд төлөвшүүлдгээрээ хүмүүжлийн ач холбогдолтой. Хамгийн гол нь монгол бөхийн хоч нэр нь монгол хэлний арвин баялаг санг хадгалан авч үлдэх, баяжуулан хөгжүүлэх, дархлааг нь сайжруулан суртчлахад ихээхэн ач холбогдолтой.Тиймээс судалгааныхаа чиглэлээр хэл шинжлэлийн эрдэмтэн, бөхийн зүтгэлтэн, судлаачтай цаашдаа нягт хамтран ажиллана. Тухайлбал, монгол бөхийн хоч, нэрийн санд хамрагсдын хүрээг тэлж, аймаг, цэрэг, сумын цолтой болон цолгүй бөх, засуул, бөх судлаачдын хоч нэрийг цогцоор нь судлахдаа хэл шинжлэлийн эрдэмтэдтэй хамтарвал илүү сонирхолтой, үр дүн биднийг хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Мөн монгол бөхтэй холбоотой сонины хайчилбар, түүх өгүүлсэн зургууд надад олон бий. Эдгээр ховор материалаа нэгтгэн эмхэтгэл гаргах бодол бий
-Улсын баяр наадам дөхөхөөр догдолно биз. Энэ жилийн наадамд ямар бөх төрүүлнэ гэж таамаглаж байна вэ?
-Бөхийн холбогдолтой материал цуглуулдаг ч бөхчүүдтэйгээ тэр бүр нөхөрлөх нь ховор. Гэсэн ч наадмыг монгол эрчүүдийнхээ нэгэн адил маш ихээр догдолж хүлээдэг. Энэ жилийн наадамд Ч.Санжаадамбыг түрүүлэх болов уу гэж найдаж байна. Гэхдээ хүч чадалтай бөх их төрж байгаа учраас тэр бөх түрүүлнэ гээд нэр цохож хэлэх амаргүй.
-Монгол бөхтэй холбоотой ном олон хэвлэгдэж гарсан байдаг уу?
-Би МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан байхаасаа бөх үзэж, ном, сонин цуглуулж эхэлсэн байдаг юм. Бөхийн холбогдолтой ном, сонин цуглуулсаар нэг л мэдэхэд цуглуулагчдын хэмжээнд хүрсэн байлаа. Одоогоор надад бөхийн холбогдолтой 150 орчим ном бий. Монгол бөхийн холбогдолтой ном, сонин, зураг цулуулдаг цуглуулагчдын клуб гэж бий. Сар болгон тогтмол уулзаж санал бодлоо солилцдог. Бидний гаргасан тооцоогоор, монгол бөхийн үүх түүх, хөгжлийг харуулсан 650 орчим ном бүртгэгдээд байна.
-Тантай адилхан цуглуулгатай хүн олон бий гэсэн үг үү?
Олон бий. Дагнан ном цуглуулдаг залуус сүүлийн үед их болсонд олзуурхдаг. Бөхийн холбогдолтой 400- 500 номын цуглуулгатай хүн хүртэл бий гэсэн. Энэ нь бөх сонирхогчдын тоо олон байгааг илтгэж байгаа юм. Ер нь монгол бөхийн нэр хоч судална гэдэг амаргүй. Энэ нь хүний нэр хүндтэй холбоотой учраас болгоомжтой хандах нь чухал. Зарим хүн хоч нэрээрээ дуудуулах дургүй байдаг. Тиймээс сүүлийн үеийн бөхчүүдтэй уулзаж зөвшөөрөл авч, хоч нэрийнх нь талаар судалъя гэж бодож байна.
-Таны өвөг Монгол Улсын заан “Довцог” хэмээн олноо алдаршсан Б.Пүрэвжав гуайн барилдаж явсан он цагийн талаар дурсаач?
-Миний өвөг эцэг Үндэсний их баяр наадамд өнгөрсөн XX зууны эхний хагас буюу 1930-1940 оны үед барилдаж явсан юм билээ. Миний ээжийн аав л даа. 1934 онд 1024 бөх барилдахад найм давж дөрөвт үлдсэн нь улсад гаргасан хамгийн том амжилт нь. Түүнээс хойш улсын наадамд тав, зургаагийн даваанд хэдэн удаа үлдсэн байдаг.
-Өвөөгөө дуурайж амжилттай барилдаж яваа хүүхэд бий юу?
-Үр хүүхэд, ач, зээ дундаас өвөг эцгийнхээ залгамж халаа болж үндэсний болон бөхийн бусад төрлөөр хичээллэж, тодорхой амжилт гаргасан үүхэд, залуус бий. Тэдний нэг миний хүү Ж.Цолмон юм. 2003 оноос 12 настай байхдаа улсын шилдэг дасгалжуулагчдын нэг Ц.Шийрэв багшийн удирдлагад үндэсний бөх, жудо, самбо, сумо бөхөөр хичээллэж, амжилт үзүүлсэн. 2006, 2007 оны жудо бөхийн өсвөр болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хоёр, гуравдугаар байрт шалгарсан. 2006 онд Сумо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлж байлаа. 2005, 2006 онд Үндэсний их баяр наадамд 128 хүүхдийн барилдаанд амжилттай оролцсон гээд дурдвал их.
Б.Даариймаа