Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ Тайваний Тайжун хотод үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 50, 120, эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ийн жингийн барилдаан болж, медалийн эзэд тодорлоо. Манай зургаан тамирчин өчигдөр барилдсанаас дөрөв нь медаль хүртэв.
 

-Н.НАСАНБУЯН ЗАЛУУЧУУДЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО-

 
Эрэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд Н.Насанбуян Азийн аварга боллоо. Ингэснээр Н.Насанбуян Монголын эрэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн аварга болсон зургаа дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө нь 1981 онд Энэтхэгийн Хисарт болсон тэмцээнээс гавьяат тамирчин А.Энхээ 65 кг-д, Л.Энхбаяр 70 кг-д, ОУХМ С.Сүхбаатар 81 кг-д, 2005 онд БНСУ-ын Чэжүд ОУХМ Ц.Оюунболд 55, 2007 онд Филиппиний нийслэл Манилад ОУХМ Д.Цогтбаатар 50 кг-ын жинд аваргалж байв. 




Н.Насанбуянгийн хүч үзсэн эрэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд долоон бөх барилдсан бөгөөд манай бөх шууд хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор ялсан. Улмааралтан медалийн төлөөх барилдаанаа Казахстаны Дархан Калкеновтой хийж 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
 

-Б.ЦЭЦЭГБАЯР ЗАЛУУЧУУДЫН АЗИЙН АШТ-Д ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН ДОЛОО ДАХЬ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН-

 
Эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо. Түүнээс өмнө нь 2007 онд Филиппиний Манилад О.Насанбурмаа 72 кг-д, 2008 онд Катарын Дохад ОУХМ Э.Нарангэрэл 44 кг-д, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 51 кг-д, ОУХМ Э.Цэвэгмид 55 кг-д, 2009 онд Филиппиний нийслэл Манилад гавьяат тамирчин С.Батцэцэг 59, 2014 онд Улаанбаатарын дэвжээнд ОУХМ А.Батцэцэг 55 кг-д түрүүлж байв.


 

 -М.ЛХАГВАГЭРЭЛ МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛОВ-


Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 120 кг-д М.Лхагвагэрэл мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн Сингх Пушпендерийг 8:0-ээр, хагас шигшээд БНСУ-ын Ким Ки Бумыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Хасанбой Рахимовд цэвэр ялагдав.


 

-Б.ЧИМГЭЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ-


Эмэгтэйчүүдийн 48 кг Б.Чимгээ залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Мен Сун Си, 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Суан Нгуенийг тус бүр 10:0-ээр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Зу Жианд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанаа Казахсаны Марина Закшевскаятай хийж, 8:2-оор яллаа.

Б.Орхон

www.olloo.mn