Ангуучдын хэлцэл!
2017/06/22
Роберт Фридланд өөрийгөө болон өөрийнхөө адил хүсэл эрмэлзэлтэй, сонирхол нэгт хүмүүсийг ангуучид хэмээн нэрлэсэн байдаг. Ангуучид ашигт малтмалын арвин баялаг, асар их мөнгөөр хэмжигдэх үйлдвэрлэлийн араас явж, улмаар компани хоорондын төдийгүй үндэстэн дамнасан хэлэлцээрүүдийг амжилттай хийцгээдэг нь гайхалтай ч, зарим нь бүхэл бүтэн улс гүрний үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний зүйлсийг ч хийдэг.
Тэр жишээг холоос хайх хэрэггүй. Бидний дэргэд бий. Бүр тодруулбал, өнөөх гайхалтай ангууч Фридландтай холбогдож байгаа юм. “Айвенхоу Майнз”-ын үүсгэн байгуулагч тэрбээр 2012 он гарсаар монголчууд бидэнд цочир сониноор хэдэнтээ “бэлэг” барьсан түүхтэй. Энэ тухай өгүүлэхээсээ өмнө тодотгоход, Ivahnoe Mines Ltd компанийн толгой компани Канад Улсын Ванкувер хотод байрладаг, Компанийн засаглалын бүтэц нь толгой компани ба охин компаниудыг нэгтгэсэн группийн бүтцээр явагддаг. Охин компаниудаа Нидерланд, Их Британий Виржиний Арлууд, Арубад гэхчлэн газар сайгүй тархаан байгуулдаг бөгөөд охин компани бүр нь өөрийн хөрөнгө бүрэн эзэмшиж, удирдах замаар бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийдөө бол бусад үндэстэн дамнасан корпорациудтай ижил xөрөнгөө тусгаарлах, татвараас зайлсxийх, бизнесийн чиглэлээ салгах, тухайн улс оpнуудын xууль тогтоомжийн давуу болон сул талыг ашиглах зорилгоор ийнхүү охин компаниудыг хаа сайгүй байгуулж ирсэн гэгддэг юм.
Эрх мэдлийн шилжилт ингэж хийгджээ
Монголын Оюутолгой төслийг Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани өөрийн менежментийн дагуу удирдах бүрэн эрхтэй болсон тухай мэдээллийг бид таван жилийн өмнө авсан. Айвенхоу Майнз компани 15.1 сая ширхэг хувьцаагаа Рио Тинто-д худалдсанаар ийм зүйл болсон юм. Хачирхалтай нь Монголын уул уурхайн салбар дахь хоёр гол тоглогч Оюутолгой төсөл дэх эрх мэдлийн хуваарилалтаа өөр зуураа л тохиролцоод хийчихэж байхад Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн гол тал нь болох Монголын Засгийн газар юу ч мэдээгүй мэт байсан. БНХАУ-ын төрийн өмчит Чайналко компанитай тунчиг ойрын харилцаатай Рио Тинто групп Оюутолгой төслийг удирдах нь тов тодорхой болсоны араас буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр “Засгийн газрын хуралдаанаар “Рио Тинто” компани нь “Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа” гэх мэдээлэл гараад л өнгөрсөн юм.
Уг нь Оюутолгой төслийн хүрээн дэх Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэгт нь “Менежментийн баг нь Айвенхоугийн нэгдмэл сонирхолтой этгээдэд менежментийн чиг үүргээ хэсэгчлэн шилжүүлэх эсхүл туслан гүйцэтгүүлэх замаар шилжүүлж болно. Энэ тохиолдолд менежментийн хөлсний шилжүүлсэн эсхүл туслан гүйцэтгүүлсэн менежментийн үүрэгт ногдох хэсгийг (менежментийн багийн тодорхойлсноор) Компани нь тухайн нэгдмэл сонирхолтой этгээдэд шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. Харин Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тохиролцсон зүйлүүд дотор Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрснийг; харгалзсан гэх өгүүлбэр байдаг. Эдгээр нь төслийн шууд удирдлагын эрх мэдлийг хамаа замбараагүй шилжүүлж болно гэсэн агуулгаар ойлгогддоггүй. Рио Тинто группийн тухайд компанид хувь эзэмших замаар төслийн удирдлагыг гартаа оруулах аргыг хэрэглэн эрх мэдэлд хүрсэн харагддаг.
Гэхдээ Айвенхоу Майнз нь Оюутолгой дахь менежментийн эрхээ шилжүүлсэн ч, хүртэх ашиг нь ихээхэн өндөр байх хэвээрээ гэдгийг эдийн засагчид хэлж байсан юм. Манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ivahnoe Mines Mongolia Inc LLC, Ivahnoe Mines Ltd, болон Rio Tinto International Holdings Limited компаниудтай байгуулсан. “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г Оюутолгой ХХК (хуучнаар Ivahnoe Mines Mongolia Inc LLC), Ivanhoe Oyu Tolgoi (BVI) Ltd., Oyu Tolgoi Netherlands B.V. болон Эрдэнэс МГЛ ХХК-ийн хооронд байгуулсан байдаг. Харин Канад улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз ХХК нь өөрийн Их Британий Виржиний Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан, дээр өгүүлсэнчлэн “Давхар татварын гэрээ”-ний буянаар Монгол Улсад татвар төлөхгүйгээр Оюу Толгой ХХК-иас ногдол ашиг авах боломж бүрэн байгаа гэж хэлэх эх сурвалжууд бий.
Э.Богема
uurhai.mn
Зочин · 2017/06/22
АН, МАН ын авлигачдын хийсэн луйвар. Энэ луйварт МАН удирдлага ч холбоотой. Холбоотой болоод л тэтгэвэрийн С. Баяраа элчингээр англид явуулсан. Хэнд саналаа өгөх нь хувь хүний асуудал боловч иргэд төрөөс төрсөн тэрбумтан, баян хүнд саналаа өгөхгүй дээ. Дахиад хөрөнгөө арвижуулаад ав гэх хүн байна уу?
Зочин · 2017/06/22
с.баяр баярцогтын хийсэн нүгэл