Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг тэрхийн голын хөвөөгөөр (IV)
2017/06/23
Түрүүч нь №127, 128(5694, 5695), 129(5696), 132(5699), дугаарт
“Буур аваргыг би гучин долоон оны наадам дээр анх харж билээ.Том биетэй, бяр ихтэй, дамжиж ордог, халж сэлж суйлдаг, дугтарч гуд татдаг мэхтэй, хөрслөг бор хүн байсан.сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн байсан санагддаг юм.нас ахисан хойноо улсын наадамд ирээд нэгийн даваанд гарахдаа уйлж байгаа харагдсан” гэж Гялдангийн Цоодол арслангийн дурсамжид бий.Шаравын батсуурь аваргыг “хязгаарын цэргийн” хэмээн цоллуулан ид гарч ирэхэд нь төрийн наадмын түрүү үзүүрт хоёр жил дараалан шалгарч үлдсэн, сүүлд Баянаа аваргыг улсын цолонд анх хүргэсэн Цоодол арслангийн үг бодитой санагддаг.буур аваргын уяхан зөөлөн сэтгэл, өрсөлдөгч бөхөө хүндэтгэх хүндлэл монгол бөх хэмээх их соёлын дархлааг хадгалах үнэ цэнэ нь болсон байдаг.“Бөхийг басах, аагархаж залуурхах, ам гарах нь өөрийгөө бусдаас дээгүүрт бодох өөдгүй зан.Түүнээс гадна бусдыг доромжилсон, басамжилсан, тэр чанараараа бөх хүний нэр төрд харш муу” гэж чин үнэнийг айхтар хатуу, ил цагаан шударга хэлжээ.Ийм л чиг шугамыг барьж, монгол бөхийн дэвжээнд үнэнч байж, ард түмнээ чин зүрхнээс хайрлан хүндэтгэсэн бөх л зуун зуунд алдарших их хувийг олдог биз ээ.“Гонгор гуай биеийн өндөр, бярын ихээ дүүрэн ашиглаж чадаагүй нь харамсалтай санагддаг.Мэх сураагүй, бөхөд үнэн зүрх сэтгэлээрээ хандаагүйнх болов уу. бөхийн эрдэмд тэгш суралцсан бол Гонгор гуайгаас их л юм гарах байсан даа” гэж өндөр Гонгорын тухай харамсан өгүүлснийг ном бүтээлээс уншсан. Зөвхөн Гонгор гэлтгүй олон бөхөд далдуур хэлсэн их аваргын сануулга байсан нь мэдээж.Хойч үеийнхээ бөхчүүдийн талаар юу хэлэх вэ гэж далаад оны эхээр домогт аваргаас асуусан асуулт бий. Түүнд “Надаас хүмүүс ингэж их асуух болжээ. бидний үетэй харьцуулахад, хүмүүсийн ухамсар их өөр болж. Тиймээс тэг ингэ, тэгэх ёстой, ингэвэл дээр гэж сургах хэцүү.
Зарим нь хүлээж авна, зарим нь авахгүй, тохирохгүй ч байж болно. Ямар ч болов бөх нөхдөө хайрлаж хүндэтгэдэг, бэртээж гэмтээхгүйг байнга санадаг, унасандаа хорсдоггүй, давсандаа омойтдоггүй, бусдаасаа арга мэх сурч байдаг, ер нь төлөв даруу гүндүүгүй сайхан сэтгэлтэй л бол болно доо. Би заавал давах ёстой, түрүүлэх ёстой гэж бодох чинь даруу биш зан, өөрийгөө дээрд, бусдыгаа дорд үзсэн хэрэг. Зарим бөх уначихаад тахимаа өгөхгүй маргаад, уурлаад харагддаг.Энэ нь бөхөд байж боломгүй зүйл” гэж хариулсан байдаг. Яг л өнөөгийн бөхийн өнгө төрх, аяг аашийг нүдээр харсан мэт хэлсэн нь гайхмаар.Монгол бөхийн жудаг ёс, дархлаа зөвхөн аваргуудад хадгалагдаж, аваргуудаар дамжих учиртай гэдэг энэ байх шүү.
Тэрээр ид барилдаж байх үедээ төрийн наадамд хэдэн жил ирж зодоглолгүй завсардсан. Энэ тухайгаа “Миний сэтгэлийн хат дутсан” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.Анхны ханиа цаг бусаар алдсан зэрэг шалтгаанууд байснаа тийн тайлбарлажээ.Хэрвээ буур аварга тэгж завсарлалгүй зодоглосон бол дахиад хэд хэдэн түрүү, үзүүр байхаар байсан нь тодорхой. “Манай Вандан гуай шиг сүүн цагаан сэтгэлтэй, “босоо” Шагдар арслан шиг бие хаатай, Төмөрбаатар арслан шиг бахим бие, хүчир их бяртай, Банзар арслан шиг уужуу тайван ухаан энэ бүхэн нэг хүнд бүрдсэн байдаг бол” гэж аварга нэгэнтээ хэлжээ.Харин эл бүхэн өөрт нь цогц заяасан гэж бөх судлаачид үздэг юм билээ.
“Та Буур аваргын хүргэн болж байх үеэ дурсахгүй юу. Насантогтох эгчтэй анх яаж танилцаж байв. Хүмүүст бас л сонин сайхан санагдах нь мэдээж” гэж Гэлэгжамц гуайгаас ая эвийг нь олж байгаад асуучихлаа. Ная гарч яваа буурлаас гэгээн залуу насных нь дурдатгалыг асуух завшаан мэдээж аян замд тохиож байгаа. “За даа, бусдын л адил шүү дээ” гээд чимээгүй болсноо “Муу хүний заяа завагтаан байдаг гэдэг дээ, тэр болсон” гээд гэрэлт насныхаа дурсамжаас хуваалцсан юм.“Би гэдэг хүн сургууль соёлоо төгсөөд Их тамир сумын Мал аж ахуйн машинт станцын ерөнхий нягтлангаар ажиллаж байсан үе. Бүтэн хоёр жилийн туршид авгай авалгүй, аав ээж дээрээ байв. Хоёр хөгшнөөрөө хоол хийлгэж идсэн шигээ байж байх нь надад сайхан байхгүй юу. “Одоо ханьтай болохгүй юм уу, оройтох нь байна шүү” гэж ээж хааяа хэлнэ. Би болохоор гэргий хүүхдийн талаар огт дурсалгүй, ажлаас ирээд Оросын нэрт зохиолчдын номуудыг уншаад хэвтчихнэ. Эс бөгөөс хөгшидтэй шатар нүүгээд суучихна. Нэг өдөр ном уншаад хэвтэж байтал аав нэг хүнтэй орж ирж байгаа бололтой. “Миний хүү бос” гэдэг юм. Өндийгөөд хартал жигтэйхэн том хөх өвгөн байна. “Энэ Буур Жамъян гэж аварга бөх. Саяхан Их тамирт нүүж иржээ. Аав нь танилцаад нэг юм хувааж уугаад” гэлээ. Тэгтэл буур Жамъян гэж хүн нь ярьж байна аа. “Манайх нүүж ирээд удаагүй, таньдаг хүн ховор, харин өнөөдөр аавтай чинь танилцлаа” гэснээ хоймрын авдар өөд хараад “Хүү чи шатар тоглодог юм байна, нэг заваараа манайд очиж шатар нүүгээрэй” гэв.
Аав дахиад нэг шил юм ханцуйлаад ирснээ задалж, тэр хоёр хуучилж суунгаа уучихаад яваад өглөө.Ингэж анх би төрсөн гэртээ өвгөн аваргатайгаа уулзсан хүн юм. Тэднийд очиж тоглох санаа төрөвч, ганцаараа очиж зүрхлэхгүй. Амралтын өдөр аймгийн хөдөө аж ахуйн удирдах газар ажилладаг, шатарт их хорхойтой Дамдинжамц гэж нөхөр маань манайд ирлээ. “Чамтай шатар нүүх санаатай. Танай энд өөдтэйхөн тоглочихоор хүн байна уу” гээд ороод ирлээ. Тэгэнгүүт би Жамъян аваргыг санаад, тэднийд Дамдинжамцыг дагуулаад очсон. Их аваргын босгыг анх алхаж байгаа минь тэр.Бид хоёр хоёулаа аваргад хожигдож билээ. Намайг анх очиход Насантогтох ээжтэйгээ боорцог хайрч байсан санагдана. Тухайн үед аваргын охинтой суучихна чинээ яаж санахав дээ. Ингээд хавар Майн баярын жагсаал боллоо. Орой нь сумын клубт концерт болно гэж дуулдав. Жаахан хоцорсхийгээд яваад ортол сандал дүүрсэн бололтой, битүү хүн. Манай станцын залуучуудын нэг нь надад суудлаа тавьж өгөв. Сүрхий тухалж аваад дэргэд хүнээ хартал аваргын охин байдаг юм. Хажуу бөөрнөөс халуу оргиод л явчих болж билээ. Ичээд ч байгаа юм уу, хаашаа юм. Би дээлтэй цохиод орсон байдаг. Халуун гэж жигтэйхэн, хөлс урсаад л. Ханцуйгаараа хөлсөө арчаад суугаад байлаа. Аваргын охин жижигхэн цагаан алчуур гаргаж ирээд нүүрээ хааяа арчина.Хэсэг сууж байгаад “алчуураа өгөөч хө” гэсэн чинь өгч байна.Гоё үнэртэй нимгэхэн алчуур байна, өнөөхөөр нь хөлсөө нэг шударчихаад өгчихлөө.Амихандаа танилцаж байгаа царай минь тэр.
Дахиад хоёр ч удаа аваад арчлаа, ингээд концерт тартал алчуур нь надад үлдчихдэг юм.Хойноос нь чихэлдээд гартал, баруун тийшээ ганцаараа явж байгаа нь бүрэнхийд харагдав. Араас нь очиж алчуурыг нь өгөөд гэрт нь дөхүүлж өгсөн. Хоёр гурав хонож байтал ээж “Жамъян аваргын охин гэж өндөр сайхан хүүхэд байна. Түүнийг гуйвал яадаг бол” гэв. Би ч “Та хоёр өөрсдөө л мэдэхгүй юу даа” гэчихлээ. Намайг дургүй биш байгааг ээж гадарлаад баярлаад явчихсан. Ажил тарчихаад орой хүрээд иртэл аав гуйчихаад хүрээд ирж. Бид хоёрын гэр бүлийн гэрчилгээн дээр тавдугаар сарын 20 гэж байдаг. Тавдугаар сарын 1-нд танилцаад хоринд гэр бүл болчихсон байгаа юм. Тийм л хурдан миний амьдрал шийдэгдсэн. Ханилаад жаран жил болжээ” хэмээн өгүүллээ.Уярам сайхан дурсамж. Цагаан алчуур энээ тэрээ нь бас их романтик байгаа юм аа.
Их тамир сум руу орж ирж, урдуур тунгалаг Тамирын гол мэлмэрэн, номин ногоон шугуй хошуурч байх үед Гэлэгжамц гуайгаас Батцэнгэл сум рүү нүүж ирсэн тухайг нь асуусан юм. Гэргийгээ амаржих бүрийд л хүү төрсөн болов уу гэж горьддог байсан гэдэг. Ганц охиноос минь хүү төрвөл удам залгах болно гэж хүлээж буйг халуун элгийн хүргэн нь байтугай хошуу нутгаараа мэдэрч байсан.Гэвч хүсэхэд хясна гэгчээр өвгөн аваргын ганц охин, Гэлэгжамц гуайн гэргийгээс таван охин дараалж төрсөн байдаг. Ингээд хувь заяаны ерөөлөөр тэднийх Батцэнгэл сум буюу алдарт Лу гүний Вандан аваргын нутаг усны айл болж хоёр хүү дараалж төрсөн нь эдүгээгийн монгол төрийн наадмын манлай, хүчит авара Өсөхбаяр, улсын харцага Батбаяр нар юм. “Намайг монгол төрийн наадамд дагуулж очиж, улсын аварга хэмээх дээд цолонд хүргэсэн хүн бол Вандан аварга юм. Тиймээс Вандан аваргын минь нутаг манай удамд бөх хүү заяах болно” гэж Буур аварга сүслэн хэлсэн тухай гайхмаар түүхийг уншиж байсан юм. Хүмүүний амьдрал гэдэг үнэндээ ер бус юм даа гэж эрхгүй бодогдох учрал ерөөлийн тухай миний бие Тамирын голын хөндийд асуусан нь энэ.
Хан Хэнтийн босоо Самдан аварга, Буур Жамъян аварга. 1920-иод он.
“Манайх чинь Батцэнгэлд 1973 оны аравдугаар сарын эхээр Тариатын Хоргоос нүүж ирсэн. Манай хүн жирэмсэн, нэлээн том гэдэстэй ирж байлаа. Батцэнгэл нүүх хэдэн шалтгаан байлаа. Тариатад Насантогтоход ус таардаггүй байсан. Гичгэнийн голын тийшээ Ангархайн рашаан гэж бий. Тэндээс очиж амны усаа зөөж ууна. Дээрээс нь Хорго их хүйтэн газар. Үстэй дээлэн дээрээ каракул захтай пальто өмсөхөд жиндээд байдаг, тийм хүйтэн газар.Ямар сайндаа Хоргынхон ухардаг араандаа оржээ гэсэн яриа байхав. Урагшаа хараад явах гэхээр Тэрхийн цагаан нуурын жаварласан салхи өмнөөс мөсөөр цацаад байгаа юм шиг алгадаад, буруу харж ухарч явахаас өөр аргагүй. Амьдралын энэ байдлаа өөрчилье гэхээр нэгдлийн дарга маань явуулахгүй. Би ерөнхий нягтлан нь байлаа. Ингээд Намжиг даргыгаа амраад явчихсан хойгуур, бусадтайгаа хуйвалдах нь холгүй юм болж ажлаас чөлөөлөгдөж байв.Аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан байсан Өлзийбадрахыг өөрийнхөө оронд аваачихаар тохирч байж ажлаа өгч байв.
Батцэнгэл явахаар болсноо өвгөнд дуулгахаар ганц шил юмтай очлоо. “Миний хүү, Батцэнгэл явна гэдэг чинь ёстой зөв.Танайх таван охинтой айл. Одоо авгай чинь жирэмсэн байна.Вандан аваргын нутагт очиж төрнө гэдэг сайхан. Танайхаас банди гарнаа, дахиад ч хүүтэй болно.Бөх төрнөө” гэдэг юм. Миний баярласан гэж жигтэйхэн.Манайх түрүүлж нүүгээд ирэх жилийнх нь хавар хөгшнийх нүүхээр боллоо.
Батцэнгэлд ирээд ажил албаа авчихсан, арванхоёрдугаар сарын 12-нд малын тоогоор Дэл бригадад явж байгаад, ер нь нэг харьж хоноё байз гээд ирсэн юм. Тэр шөнө Насантогтох өвдлөө. Тэгээд л шөнөдөө амаржчихсан. Эмнэлгийнх нь үүдэнд хүлээж суутал “Баяр хүргэе, танайх хүүтэй боллоо, та шөлийг нь аваад ир” гэдэг юм. Хүүтэй боллоо гэж сонсоод бөөн баяр гэр рүү гүйчихлээ. Шөл хийгээд буцаад эмнэлэг дээр ирэхэд үүр хаяарч байсан сан. Ингэж л далан гурван оны арванхоёрдугаар сарын 13-нд Өсөхбаяр мэндэлсэн юм. Өглөө би холбоон дээр очоод өвөө рүү нь “Хүү төрлөө” гэсэн цахилгаан явууллаа. Хөгшин тэрхүү цахилгааныг хүлээж аваад мөн ч их баярласан гэдэг.
“Манай Насантогтох амаржсан байна. Гэлэгжамцынх маань хүүтэй болжээ, хүү төрсөн байна” гээд холбооноос гараад тааралдсан хүн болгонд өнөө цахилгаанаа үзүүлж, уншуулж “хүү төрсөн” гэх хоёр үгийг нь бусдын амнаас дахин дахин сонсч баярлаж явсан гэдэг.Манай Өсөхөөг чинь Энхтуяа гэж эмч эх барьж авсан Ардчилсан намын Баярсайхан гэж Нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр халамжийн газрын дарга байсан, түүний ээж шүү дээ. Нөхөр нь Даваа гэж тухайн үед Батцэнгэлд багш байсан хүн. Өсөхөө цолныхоо цайллагад эх барьж авсан ээжээ урьж, бэлэг сэлт гардуулж байлаа” хэмээн Монголын домогт их аваргын удамд хүү төрсөн, тэгэхдээ Лу гүний Вандан аваргынх нь нутаг Батцэнгэлд төрсөн нандин дурсамжийг сэтгэл догдлон өгүүлж байна.
Хойтон хавар нь өвгөн аварга гэрээ замын машинд ачуулаад “Батцэнгэл суманд Гэлэгжамц гэж айлын хашаанд буулгах юм шүү” гээд явуулчихсан байна. Жолооч нь Буур аваргыг танин ихэд бэлгэшээлтэйгээр гэрийг нь авчирч буулгажээ. Хэд хоногийн дараа аварга хэдэн сарлагаа мориор туугаад Тариатаас Батцэнгэлийг зорьжээ. “Хоёр Хужиртын даваанд үхрээ туучихсан явж байхад нь хөгшин мотоцикльтой ирж тосч байлаа.
Морийг нь хүнд өгч, сарлагийг нь туулгаж орхиод аавыг сундлаад явбал 10 орчим километр яваад л хойд дугуйны олгой хаймер хагарч байв. Батцэнгэлийн төв хүртэлх 80-аад километр газарт 10 удаа дугуй хагарч байж ирж билээ гэж өнөө алдарт Хоёр Хужиртынх нь давааг үдшээр өгсөж явахуйд Гэлгээ ах хуучилсан. Вандан аваргынхаа нутагт ирээд, охиноосоо гарсан хүүгээ нүдээр үзээд Буур аварга хэрхэн баярласныг хэмжээлшгүй. Төрөөд хэдхэн сартай байсан Өсөхөө хүүгээ хараад монгол бөхийн дэвжээнд нэгэн цагт өөрийнх
нь нэрийг дуурсгах хүчит бөх болно гэдгийг мэдэрч байжээ. “Гайгүй шиг бие хаатай болох байх аа. Сайхан барилдаад байвал барилдуулна биз. Нэг их олигтой амжилт үзүүлэхгүй бол заавал барилдуулах гэж шахаж шаардсаны хэрэггүй” гэж ижий аавд нь аминчлан захисан байдаг. Мөн хорин нас хүртэл нь битгий барилдуулаарай гэж хэлсэн нь бий. Багадаа бэртэж гэмтчих вий, зүрх нь мохчих вий гэж бодсон нь тэр.
Тэгэхээр домогт их аварга зээ хүүгээ яалт ч үгүй сайн бөх болно гэдгийг мэдэж байсан нь илэрхий. “Зээ хүүг минь бөх болоод гараад ирвэл тусалж дэмжээрэй” гэж Мөөеө аваргад захисан. Алдарт Буур аваргын энэхүү захиасыг Жигжидийн Мөнхбат аварга ерэн таван оны наадмаар хариулж улсын цолгүй залуу бөх Өсөхбаярыг тавын даваанд амлан тахимаа өгч, начин цолны босго алхуулсан түүхтэй. Мөөеө аваргаар тав давсан Өсөхбаяр тэр жилээ шууд заан болсон. Бас л бахдам сайхан хувь заяа. “Танайхаас дахиад ч хүү төрнөө” гэж өвгөн аваргынх нь Тэрхийн цагаан нуурын хөвөөнөө хэлсэн үг биеллээ олж далан долоон онд дахин хүү мэндэлсэн нь өдгөөгийн Монгол Улсын харцага Гэлэгжамцын Батбаяр юм. “Өсөхөө ганцаараа байсан бол бас эвгүй. Тэгтэл хоёулаа бараандаа өсч, бараандаа явна гэдэг сайхан юм. Монгол наадмын дэвжээнд хоёр хүү минь хоёулаа зургаа давчихаад зааны даваа буюу долоогийн даваанд гарч байхад сэтгэл хөдөлж л байлаа” гэж Гэлэгжамц гуай уярам сайхан хэлсэн. “Ахын сэтгэл” гэж дуунд Өсөхөө аварга, Батбаяр харцага хоёр гардаг. Тэрхүү дууг сонсох бүртээ ах нь магнай тэнэгэр байдаг юм, тэгээд ханиндаа байгаа нь яасан ч сайхан юм гэж боддог гэж зүрхнийхээ үгийг шигтгэв.
Буур аваргынх Архангайн төвд байхад Баянаа аварга ирж хөгшинтэй уулзаж, хуучилдаг байж. Мөн хоёулаа шатар нүүж “би чи”дээ хүртэл тулна. Хүчит хоёр аваргын авахуулсан зураг ч байдаг гэнэ. Зэрэгцээд суутал Баянаа аварга жижиг харагдсан юм байлгүй, дал хол гарсан хөгшнөөс намхан харагдах чинь юув гээд сандал дээрээ зузаан дэвсгэр тавиад авахуулсан гэдэг. Баянаа аваргатай шатар нүүсэн гэснээс Буур аваргад нь хөгшин нь нэг удаа “Бөх хүн гэдэг бүдүүн тоймын амьтан” гэсэн утгатай үг хэлчихэж. Хариуд нь “Бөх хүн чинь харин хамгийн нарийн ухаантай байдаг юм. Хэнтэй яаж барилдах, яавал унагаж болохыг бодож, харж, төсөөлнө гэдэг чинь хэр хүний ухаанд орох юм биш” гээд бөх барилдана гэдэг шатар нүүхтэй ижил гэж оюуны үнэлэмжийг тодорхойлсон нь бий.
Жамъян аварга өөрийнхөө дараа үед монгол бөхийн дэвжээнд тодорсон аваргуудад машид хүндэтгэлтэй ханддаг байжээ. Төрийн наадмын түрүүг долоон удаа хүртсэн Түвдэндоржийг “Бүр олон ч жил түрүүлэх байсан юм. Өөрийн гүндүүгүй гүдэсхэн зангаасаа болж хэдэн түрүүгээ алдсан” гэж хэлж байж. Мөн “Хоёр Мөнхийг залгах бөх бол энэ Хадбаатар байгаа юм. Гэхдээ тэр золиг их хэнэггүй, гэнэн цайлган хүүхэд шиг” хэмээн үнэн мөнөөр нь хэлсэн байдаг. Дамдин аваргыг “циркийн хүчээр гарч ирсэн” гэх яриа жараад онд байсан юм уу даа, түүнийг Буур аварга эрс эсэргүүцэж Дамдин бол яалт ч үгүй төрчихсөн, хүчит их аварга мөн гэж өмөөрч байжээ. Хоёр Мөнхийн талаар хүмүүс их асууж, сонждог байсан гэнэ. “Таныг ид барилдаж байх үед хоёр Мөнх төрсөн бол яах байв” гэхүйд “Барилдаж болмоор л харагдаад байгаа. Хүний яс жижгэрснээс өөр юмаар дутуугүй дээ” гэсэн нь бий.
1963 онд Гэлэгжамц гуайнх Улаанбаатар хотод хэсэг хугацаанд байжээ. Тухайн үед Их тамир суманд үлдсэн аварга хүргэнийдээ хотод морилно. Нэг удаа ирснийг нь Түвдэндорж аварга дуулаад чех “яав”тайгаа давхиад очжээ. Хоёул баахан хууч дэлгэн айраг ууж, бас болоогүй “хатуу юм”ны бөглөө мулталж оройжин сууцгаасан байна.Түвдэн аварга явах гэснээ Буур аваргадаа сэтгэл хоргодож байгаа бололтой “За хүүхээ, би ерөөсөө аваргыг аваад явлаа. Маргааш үдийн алдад авчирч өгнө” гэх нь тэр. Автобус унаа ховор байсан цаг учир “Хоёр аварга яаж явдаг юм бол. Арай л энэ мотоцикльтойгоо явна гэхгүй байгаа даа” гэж бодох зуурт Түвдэн “Бид хоёрт санаа зовох хэрэггүй, сундалдаад давхичихна” гээд улаан “яав”-аа орилуулаад хөдөлтөл засмал зам дээр хойд дугуй нь хаймергүй юм шиг опутаар эргэж, гал маналзаад алга болсон гэдэг.
Цахирын өндөр хээрлиг уулс, Тэрхийн гол, Тариатын хүрээгээр галигуулж, Чулуутын хавцал, Тамирын голын хөндийгөөр хөндлөн давхисан бид Булган уулын өвөрт Лхагва ахынд ирж хоноглолоо. Маргааш өглөө нь эртээ босоод, нар мандаж байх цаг дор их аваргыг нутаглуулсан Цагаан толгойн өвөрт хүрч очлоо. Аймгийн төвөөс холгүйхэн аж. Өвгөн аварга далан есөн оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу билгийн тооллоор цагаагчин хонин жилийн өвлийн эхэн сарын шинийн 25нд 80 настайдаа бурхны оронд заларсан. Аваргыг сэрүүн тунгалаг байхад нь өөрөөс нь асууж байж, Архангайнхны чимээгүй хот болох уг энгэр ээвэр газарт мөнх нойрсуулсан гэдэг.“Өвгөнийг хэвтрийн байдалтай байсан сар гаруйн хугацаанд цаашдын нарийн ширийн зүйлээ бид хоёр аминчлан ярьдаг байлаа.
“Таныг таалал төгсмөгц нутгийнхан аваачиж нутагт нь оршуулна гэвэл яах вэ” гэж би зориг гарган асуусан.“Тэгж магадгүй, түүнийг зөвшөөрч болохгүй. Энэ л аймгийн төвийн хүн оршуулдаг газар, танай хэдэн хүүхдэд ойр байвал болно” гэж билээ.Үнэхээр л өнгөрснийг нь дуулаад Тариатаас Намжиг дарга утасдаж “Бид аваргынхаа шарилыг очиж авна, төрсөн газарт нутаглуулна” гэсэн.Өвгөнтэй ярьж тохирсноо хэлээд ойлголцсон” хэмээн Гэлгээ ах хэлээд аваргынхаа шарилыг нар зөв гурав тойроод арц хүж уугиуллаа.Аваргыг нутаглуулах өглөө цас будагнасан, жигтэйхэн хүйтэн байсан гэдэг. Аймгийн спорт заалнаас салах ёс гүйцэтгэсэн юм билээ. Аймгийн намын хороо, товчоо захиргааны хүмүүс, багш сурагчид, төрийн албан хаагч, энгийн иргэд гудамжаар эгнэн зогсч гашуудал илэрхийлж байжээ. “Гуулин хөгжим хангинаад мөн ч эвгүй байсан, гашуудлын аянд хүмүүсийн сэтгэл давхар үймрээд” гэж байна.
Архангайн Эрдэнэмандал сумын харьяат, улсын начин Л.Ринчендорж тэргүүтэй бөхчүүд их үүрэг гүйцэтгэж байсан нь санагддаг. Тэд оролцоогүй бол зөвхөн шарилын хайрцагны 2,7 тонн бетон тагийг кранаар өргөөд ч тэгш тавьж чадахгүй байсан гэдэг. Би чамд сонин юм хэлье л дээ гээд Гэлэгжамц гуай над руу харав. “Хадам ээжийн дүү Дамдинсүрэн гэж хүн Хангай суманд байв. Нэг яваад очтол “Чи хө ойрхондоо аварга аавынхаа шарилыг эргэсэн үү” гэж асуулаа. Би ч эргэсээн л гэв. Тэр үед ч ойр ойрхон очоод л байсан юм. Манай энүүгээр “Буур аваргын шарилыг ухаад аваад явчихсан гэнэ гэж яриад байх юм.Чи ашгүй хүрээд ирлээ” гэж билээ. Домогт аваргуудын шарилыг авч явсан тухай яриа байдаг л даа. Вандан аваргын шарилыг ч аваад явсан л гэдэг юм. Хуучин ил задгай тавьдаг байсан, аваад явчихсан байхыг үгүйсгэх аргагүй л юм” гэв. Их аваргыг мөнх нойрссон газар яргуй харагдаж, олон өнгийн цэцэгс алаглан ургажээ.
Энүүхэн хаяанд өвөөлж дуугараад хөхөөн дууны улирал ирж байна. Монголын домогт их аваргын мөнх нойрссон цаст цагаан гантигийг хангайн салхи зөөлхөн илбэж байлаа. “Манай хөгшний чинь хэрлэгнийх нь хавирганы завсарт хальс биш мөгөөрс маягийн юм байсан. Их бяртай хүн тийм байдаг юм билээ” гэв. Хуучны домогт аваргуудын цээжинд нь чоно гөлөглөдөг байсан тухай яриа байдаг нь ийм учиртай биз ээ.
Аймгийн төвийн музейгээр орлоо. Буур аваргын хөх торгон зодог, шар торгон шуудаг, булигааран монгол гутал нь байна. Мөн Ардын хувьсгалын түүхт ойд уригдан үндэсний спортын гавьяат мастер цол тэмдгээр шагнуулахдаа өмсөж очсон хар эмжээртэй шар торгон дээл нь байна. Мөн улсын наадам болоод орон нутгийн чанартай наадмуудад түрүүлсэн баярын бичиг, цолны үнэмлэх, улсын сайн малчны сайшаалын үнэмлэх зэрэг аваргын өөрийнх нь хадгалсан 300 гаруй бичиг баримт тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ажээ. 180 гаруй наадамд зодоглосноос 160 гаруйд нь түрүүлсэн гэх тоо баримт байдаг юм билээ. Музейд хадгалагдаж буй зодогны хэмжээ нь хоёр метр 20 сантиметр, дээл нь хоёр метр 45 сантиметр гэсэн. Өсөхөө аварга музейд хадгалагдаж байгаа өвөөгийнхөө зодгийг өмсөхөд элбэгдэж байсан гэдэг. Буур аварга ид үедээ хоёр метр 30 сантиметр өндөр, 130 килограмм жинтэй байжээ.
“Манай аймаг эрт эдүгээгийн бөх сайтай, олон алдарт бөхчүүд төрсөн. Сүүлийн үед Архангай бөх муутай болсон шиг ярих юм. Би бол үгүй гэж боддог. Түрүү үеийнхнийг тооцохгүйгээр Вандан гуайгаас эхлээд ардын засгийн үеийн бөхчүүд гэхэд аварга, арслан, заан, начин олон арав төрж гарсан. Харин улсын баяр наадамд дараалан түрүүлж аварга цол авсангүй олон жил боллоо. “Юманд учир суманд занги” гэдэг. Өлзийтийн Жалбуугийн Чойжилсүрэн, Хашаатын Уламбаярын Мижиддорж гээд үеийнхэн дотроо аваргын зиндааны бөхчүүд байна. Архангайнхан заавал аварга цолыг нь хурааж байх албагүй. Манай аймаг бөх сайтай байгаа, цаашид улам сайжирна.Та нар аяндаа үзнэ” гэж домогт аварга өнгөрөхийнхөө өмнөхөн хэлжээ.
Бөхийн өлгий арын хангай нутгаас үе үеийн их аваргууд төрнө гэдгийг, өөрийнх нь зээ хүү энэхүү алтан хувь заяаны эзэн гэдгийг их аварга зөнгөөрөө мэдэрч байж. “Та нар аяндаа үзнэ” гэдэгт агуу их ойлголт, ухаан оршном. Яг энэ цагт бөхийн цэнгэлийг зээ хүү нь манлайлж, түүчээлж явна. “Дархан аваргатай наадам цаанаа өөр юм” гэж Монголын төрт ёсны баяр цагаан сар, наадмаар ард түмэн Өсөхбаяр аваргаар бахархдаг. Энэхүү гайхамшигт бахархлыг бий болгож, адисласан хүн нь Буур аварга юм аа. Өнгөрөгч жилийн наадамд 1024 бөх зодоглоход Архангайн хоёр залуу түрүү үзүүрт шалгарсан. “Та нар аяндаа үзнэ” гэж тэртээ далаад оны дундуур хэлсэн үгнийх нь баталгаа энэ.
Тийм ээ, бөхөө дээдэлдэг ард түмний зүрх сэтгэлд домог, шастир түүх мэт оршсон Халхын их хүчтэн, Буур Жамъян аваргын тухай тэмдэглэлээ өндөрлөе. Хүмүүний хорвоод алдарт аваргаар “хүү минь” гэж хэлүүлэх дээдийн хүндэтгэлийг соёрхсон, сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан тугны өмнө төрийн наадмын түрүү хүчтэнхүүгээрээ дээр өргүүлэн үнсүүлэх их бахархлын эзэн Цэвээний Гэлэгжамц гуайтай аяны дөрөө ийн харшууллаа. Монгол бөх гэдэг Монголын ард түмний зуун зуунд хадгалж ирсэн аугаа их өв соёлын дархлаа. “Бөх гэдэг дандаа давахын нэр биш” гэж Өсөхөө аварга нэгэнтээ хэлж билээ. Алдарт буур аваргын бөхөө хүндэтгэсэн их хүндэтгэл, монгол эрийн жудаг ёсыг хадгалсан ухааныг нь бодох бүрийд эл үгний утга учир тайлагднам. Тэрхийн голын хөвөө тэргүүт Арын хангай нутаг аргагүй л монгол бөхийн өлгий юм аа.