Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн МҮОНТ-д болж, орон даяар шууд дамжуулан сонгогчдод хүргэлээ.

Мэтгэлцээнийг нэр дэвшигчдэд хандсан болон Мөрийн хөтөлбөртэй холбоотой гэсэн хоёр хэлбэрээр сонгогчдоос ирүүлсэн асуултыг ангилан, редакцийн оролцоогүйгээр сугалан явууллаа.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод хаягласан асуултуудаас багцалбал:

-Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох амлалтаасаа буцаж тэтгэврийн насыг нэмсэн. Амлалтаа мартсан асуудалд хариу өгөөч?
-Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай учлдуулж нэлээдгүй ярилцсаны эцэст олон улсын байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлж, сайн харилцаатай орнуудаасаа дэмжлэг авах нь зүйтэй гэж үзсэн. Төсвийн зардлыг бууруулж, орлогоо нэмэгдүүлэх тал дээр бодлого авч хэрэгжүүлсэн. Аль болох цөөн, илүү орлоготой бүлэгт чиглэсэн бодлого авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол цалин тэтгэврээ тавьж чадахгүй, Монгол улс дампуурлаа зарлах магадлалтай байсан. Эдийн засаг сайжрахад эргүүлж дахиж ярина.

-Та эрх баригч намын дарга, УИХ-ын дарга. Заавал Ерөнхийлөгч болох шаардлага нь юу вэ?
-МАН 2016 оны сонгуульд УИХ-д  65 суудал авч иргэдийнхээ итгэлийг хүлээсэн. Итгэлийн хэрээр хариуцлага ирсэн. Төр засгийг нэгдмэл нэг байр суурьтай, нэг зүгт харсан төрийн гурван интитутыг байгуулж, хоорондоо зөрчилдөөнгүй ажиллах нь хамгийн чухал. МАН-д нэр дэвших боломжтой олон хүн байсан. Өрсөлдөөний зарчмаар миний нэрийг дэвшүүлсэн. Хувь хүн гэхээс илүү улс орны өмнө ирсэн хариуцлагыг үүрүүлж байгаа хэрэг.

-МАН-ын даргаар 2 удаа сонгогдсон. Дарга болох өөр хүн байдаггүй юм уу?
-МАН Монголын улс төрийн ууган хүчин. Нам боловсон хүчний хомсдол орсондоо, дарга хийх хүнгүй болсондоо би хоёр удаа дарга болоогүй. Манай нам дотоод ардчилалтай, асуудлыг олон талаас харж сонгодог.

-60 тэрбум төгрөгийн асуудалд тайлбар хийнэ үү?
-Энэ асуудлыг 3 сонгууль дамжин ярьж байна. Биднийг сөрөг хүчин байхад ярьж байсан. Бид тухайн үед энэ бол эвлүүлэг, энэ асуудлыг шалгахыг хуулийн байгууллагад хандаж байсан. Энэ хариултыг би одоо ч хэлнэ. Хуулийн байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагууд бүгд эвлүүлэг гэж нотолсон.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хаягласан асуултуудаас багцалбал: 

-Та бүтээсэн, хөл дээр нь босгосон бүтээн байгуулалтаа нэрлэнэ үү?
-МҮЭХ-ны олон мянган гишүүний ач буянаар би Монгол Улсын нийгмийн зүтгэлтэн болж бойжсон. Хамтдаа босголцсон бүтээн байгуулалтууд олон бий. Би ганцаараа бүтээсэн гэж хэлэхгүй.

-МАХН-д та хэзээ элссэн бэ?
-МАХН-д би сар гаруйн өмнө элссэн. МАХН-д элсэхэд хүмүүс гайхахгүй байх гэж бодож байна. Учир нь МҮЭХ-ны ерөнхийлөгч нам бус байх ёстой. Үйлдвэрчний эвлэл, МАХН жирийн иргэдийн төлөө гэсэн итгэл үнэмшил нь ижил.

-Боловсролынхоо талаар тодруулна уу?
-Би боловсролын асуудалд чин үнэнээрээ байдаг. Би амьдралдаа долоон сургуульд сурах гэж зүтгэж байсан. Зургаан дүүгийнхээ тавыг гадаадад боловсрол эзэмшүүлсэн. Дүү нараа боловсролтой болгож, ахын үүргийг гүйцэтгэх гэж зүтгэсэн минь намайг тэмцэгч болгосон. Би Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэрэг эзэмшсэн.

АН-аас нэр дэвшигч х.баттулгад хаягласан асуултуудаас багцалбал:

-Өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан гэж таныг ярьдаг. Үүнд тайлбар хийнэ үү?
-Ардчилсан хувьсгалын дараа иргэдийг өмчтэй болгох том бодлого явсан нь Өмч хувьчлал байсан. 1990-ээд онд бэлэн мөнгөөр өмч хувьчилж авах чадалтай хүн байгаагүй. Би ганзагын наймаа хийж байсан учраас “Мах Импекс”, “Баянгол”, “Талх чихэр” компанийн төрийн өмчид байсан хувьцааг худалдаж авсан.  Эдгээр компани бүгд хувьцаат компани. Би тодорхой хувьцаа эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн нэг. Бусад хувьцаат эзэмшигчид хэвээрээ байдаг. Хүнсний,  аялал жуулчлал салбараа авч үлдсэнд баярладаг.

-УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа хэчнээн хууль дээр ажиллаж, батлуулсан бэ?
-Би УИХ-д гурван удаа сонгогдож, хоёр удаа Засгийн газарт сонгогдсон. Монгол Улсын дунд хугацааны хөтөлбөрт шинэ хөдөө, аж үйлдвэрийн парк, хүнд аж үйлдвэрийн бодлого зэрэг то томоохон бодлогуудыг батлуулсан. Тухайлбал 21 аймгийг холбох автозамын бодлого, хөдөө аж ахуй, газар тариаланд хандсан, 100.000 айлын орон сууцжуулах зэрэг хөтөлбөр, бодлого, бүтээн байгуулалттай холбоотой хуулиудыг батлуулсан.  

-Санал хураалтын хар машиныг худалдан авах гэсэн компани таньтай холбоотой гэсэн. Үүнд тайлбар хийнэ үү?
-Ардчилсан намын даргын сонгуулийн үед гараар тоолох нь хэцүү, автомашинаар тоолох асуудлыг ярьж цахим шуудан бичсэн. Тухайн компаниас өөрийн улс дахь автомат машинаа ашиглах боломжтой гэсэн хариулт ирснийг СЕХ улс төржүүлсэн.

-Шүлхийн вакциныг хууль бусаар оруулж ирсэн гэж ярьсан. Энэ талаар? 
-Надад вакцин оруулдаг ямар ч компани байхгүй.  


 Мөрийн хөтөлбөртэй холбоотой дараах асуултуудад нэр дэвшигчид хариулсан юм. 

“Боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ” гэсэн асуултад:
Х.Баттулга: Энэ салбарын бодлого тогтмол биш болсноос дампуурч байна. Монгол Улсын хөгжлийн бодлого 2010 онд батлагдсан. Энэ хөтөлбөрт зориулагдсан боловсролыг эзэмшүүлэх ёстой. Ингээгүйгээс ажлын байргүй төгсөгчид ихэсч байна. Боловсролтой боловсон хүчин бэлтгэхийн тул улсын хөгжлийн бодлоготой уялдуулах ёстой.

М.Энхболд: Боловсрол бол Монголын хойч ирээдүй болсон залуус, хүүхдүүд, Монгол хүн үнэ цэнэтэй байх хамгийн гол асуудал. Багшийн асуудлыг анхаарах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сурах боломжоор нь оюутнуудаа хангах, зайлшгүй шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа, сайн суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох, багш нарыг мэргэшүүлэх, чадавхжуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах ёстой гэж үзэж байна.

С.Ганбаатар: Боловсрол бол хүч. Боловсрол Монголын ард түмнийг хүчирхэг болгоно. Их дээд сургууль олон байна гэж тээршаахгүй, харин чанарыг нь сайжруулах ёстой. Багш нарын нийгмийн асуудлыг сайжруулах ёстой. Боловсролыг ашиглагддаг байх ёстой.

“Нэг улсаас хэт хараат зээл авах, түүхий эдийн хувьд нэг улсаас хэт хараат байгаа асуудлыг хэрхэн өөрчлөх вэ” гэсэн асуултад:
М.Энхболд: Монгол Улс гадаад бодлогын хувьд олон тулгуурт, энх тайванч гадаад бодлогыг баримталдаг. Нэг улсаас хараат байх явдлыг ҮАБ-ын бодлогод тодорхой зааж өгсөн. Хоёр, гуравдагч хөрш, сайн харилцаат орнуудтайгаа харилцаагаа улам нягтруулж байж олон улсад нэрээ гаргана. Бидний шаардлагыг дагаж байгаа хөрөнгө оруулагчдыг дэмжих ёстой. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байсан гашуун туршлагатай. Гадад харилцааг зөв зохисторй бaйдлаар нь хөгжүүлнэ.

С.Ганбаатар: Монголын Эдийн засаг нэг хөршөөсөө хэт хараат байгаа нь үнэн. Гадаад бодлогын үзэл баримтлалын хамгийн гол чиг шугам бол хоёр хөрштэйгөө ижил хэмжээнд харьцах ёстой.

Х.Баттулга: Эдийн засгийн 96 хувь нь урд хөршөөс хамааралтай болсон нь сүүлийн 20 жилд явуулсан бодлогоос улбаатай. Далайд гарцгүй орны үндсэн тээвэр бол төмөр зам. Энэ тээврийг хөгжүүлж байж гуравдагч хөрштэйгээ харилцаж чадна. Харамсалтай нь энэ бодлогыг одоо болтол урагшлуулахгүй байна. Энэ бодлогыг урагшлуулах ёстой.  

“Авлигатай ямар аргаар тэмцвэл илүү үр дүнтэй вэ” гэсэн асуултад:
С.Ганбаатар: 
Нийт 60  мянган ААН, 3 сая иргэний эрх ашгийн төлөө хяналт тавьж, хариуцлага тооцдог механизм Монголд хэрэгтэй. Эрх баригч, бүлэглэлүүдээс хараат бус байх ёстой. Оффшорын эсрэг конвенцид Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө санал тавьж, холбоо тогтоох ёстой.

Х.Баттулга: Авлигатай олон аргаар тэмцэнэ. АТГ улс төрийн захиалгуудыг гүйцэтгэдэггүй газар, удирдагч нь шуналгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой.

М.Энхболд: Шинэ УИХ олон жил дарагдсан Авлигатай тэмцэх хөтөлбөрийг баталсан. Олон улсад авлигын эсрэг хөтөлбөртэй болсноороо нэр хүндээ өсгөж, авлигатай тэмцэх арга хэмжээ илүү чангатгасан. Авлигатай тэмцэх нэн чухал зүйл бол соён гэгээрүүлэх юм.  
 


Ингээд 120 минут үргэлжилсэн мэтгэлцээний асуулт, хариулт өндөрлөж, хүрдэнд үлдсэн асуултуудыг уншиж танилцуулсан юм. Тухайлбал С.Ганбаатарт “МАН олонх байхад Ерөнхийлөгч болбол ажил хийж болох уу”, “Сонгуулийн сурталчилгааны зардлаа хэрхэн босгосон бэ”, “ХҮН-аас гарах болсон шалтгаан”, “Ерөнхийлөгч болбол Оюутолгойн гэрээг зогсоох уу” гэх зэрэг асуулт үлджээ.
Нэр дэвшигч Баттулгад “Таны хүү хар тамхитай нэр холбогдсон нь үнэн үү”, “Хөрөнгийн хэмжээгээ тоон хэлээр хэлж болох уу”, “Та хэвлэл мэдээллийн байгууллага эзэмшдэг вэ”, “Та зөвлөхийг интерполоор хайж байна. Одоо холбоотой байгаа юу”, “Оффшор дансанд мөнгө нуусан гэж үнэн үү”, “Таны холбогдсон төмөр асуудал хаагдаагүй учир та сэжигтэн үү” гэх зэрэг асуулт үлджээ.
М.Энхболдод “Та өрсөлдөгч нарынхаа талаар юу боддог вэ”, “Та Ерөнхийлөгч болбол улс төрийн хариуцлагыг тооцож ажиллаж чадах уу”, “Та шүүхийн томилгоог шударгаар хийж чадах уу”, “Танд оффшор бүсэд данс бий юу”, “Танай нам ирэх 4 жил цалин тэтгэвэр нэмж чадах уу”гэсэн асуултууд үлджээ.

Төгсгөлд нь нэр дэвшигч бүр 2 минутад багтаан сонгогчдод хандан үг хэлсэн юм. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Энэ мэтгэлцээнд их хүлээлт байлаа. Энэ мэтгэлцээнийг өөрчлөх ёстой. Бэлдсэн асуултад хариулж байна. Улс төрийн байдлыг дүгнэх ёстой. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи нөхцөл байдлыг дүгнэх ёстой. Өнөөдөр хэдхэн гэр бүл 20, 30 жилийн баялгаа бүрдүүлэхийн тулд баталгаагаа хийсэн. АН-аас нэр дэвших боловчтой бүх хүнд хар пайз зүүсэн. Тохироо луйвар маш их хийлээ" гэв.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар "Монголын 60 мянган ААН, гурван сая иргэний төлөө тэмцэж байхад ямар ч саад надад байхгшүй. Монгол гадаад зах зээлийг нээх ёстой. Энэ бол гадаад бодлогын том тулгуур.  Монголын ард түмний хайр хүндэтгэл намайг Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэр дэвшүүллээ. Цаашид ямар ч үр дүн гарсан би тэмцсээр байх болно" гэв.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Эх орон, үр хүүхдээ бодож сонголтоо хийнэ бизээ. Аль нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтойг тунгааж үзээрэй. Зөвхөн ерөнхйилөчгийн биш монгрлын ирхээдүйг сонгох гэж байгаа хариуцоагатай сонголт. Хямрал хагарал хоёр бол миний өрсөлдөг гэж сонгуулийн эхэнд хэлж байсан. Хмагийн гол нь эв нэгдэл чухал. Намайг дэмжээгүй сонгогчдын итгэлийг олохын төлөө би ажиллаж чадна" гэлээ.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн мэтгэлцээн өндөрлөлөө. 

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

 

montsame.mn