Өнгөрсөн хагас сайн өдөр манай сурвалжлах баг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг, Хэрлэн голын хөвөө “Өндөр дэнж”-д наадмын бэлтгэлээ базааж байгаа Хан Хэнтийн хүчирхэг эрс, бөхчүүдийн галаар орж сурвалжлага бэлтгэсэн юм. Биднийг зорин очиход өдрийн амралтын цаг таарч бөхчүүдийн гал нам гүмхэн, хаяаг нь шуусан гэр багавтар байшинд бөхчүүд амарцгааж байлаа. Машины градус хэмжигч 30 хэмийг зааж гадаа тун халуун бүгчимхэн байсан тул хаяаг нь шуусан гэрт нүцгэн эрчүүд зулан унтацгаахыг харсан манай багийн охид хүүхнүүдэд хөгжилтэй ч юм шиг, сонирхолтой дүр зураг байсан нь тодорхой. 

 

Наадмын бэлтгэлд гарсан Хан Хэнтийн бөхчүүдийг улсын начин Б.Одхүү, Б.Батбаяр нар ахлан гарсан бол энэ галд улсын арслан Э.Оюунболд болон аймгийн хурц арслан С.Ариунбилэг, аймгийн арслан Б.Хадбаатар, Ш.Отгонтөгс гээд бяр хүч нь жигдэрсэн 30 гаруй бөхчүүд бэлтгэлээ базааж байгаа аж.

Биднийг очиход улсын начин Б.Одхүү, Б.Батбаяр нар сонгуулийн ажлаар хот руу явж улсын арслан Э.Оюунболд өөр гал руу түр яваад эзгүй байцгаав. Ингээд галаа ахлан үлдсэн аймгийн хурц арслан С.Ариунбилэгээс бэлтгэлийнх нь байр байдлыг тодруулан ярилцлаа. 

 

 

-За наадмын бэлтгэл жигдэрч байна уу. Бэлтгэлдээ гарч ирээд хэд хонож байна?

 

-Бэлтгэл сайхан жигдэрч байна. Урьд урьдны жилүүдийг бодвол энэ жил арай эрт буюу зургаадугаар сарын 5-нд наадмын бэлтгэлдээ гарсан. Бидний бэлтгэлээ базааж байгаа энэ газар бол манай Хэнтий аймгийн нутгийн зах Цэнхэрмандал сумын “Өндөр дэнж” хэмээх өгөөж хишигтэй нутаг байгаа юм. Хуучнаар манай Цэцэн ханы алдарт “Босоо” хэмээх Г.Самдан аварга, Даншигийн аварга М.Дашрэнцэн буюу Мөррэнцэн тэргүүтэй алдарт бөхчүүд Хүрээ орж Долоон хошуу Даншиг наадамд зодоглохоор явахдаа яг энд наадмын бэлтгэлээ базаагаад морддог байсан гэдэг. Тэгээд ийм сайхан түүхтэй газар манай Хан Хэнтийн бөхчүүд 2009 оноос хойш наадмын бэлтгэлд гардаг болсон юм. Одоо тэр харагдаж байгаа Хэрлэнгийн гүүрнээс цаашаа Төв аймгийн нутаг болоод явчихдаг. Харин бидний сууж байгаа энэ “Өндөр дэнж” бол манай Цэнхэрмандал сумын зах нь байгаа юм.

 

-Э.Оюунболд арслан 22-хон насандаа улсын наадамд түрүүлж Ж.Мөнхбат аваргын амжилтыг давтсан энэ цагийн эгэлгүй хүчтэнүүдийн нэг. Одоогоор эзгүй байгаа юмаа даа?

 

-Тийм. Манай галын энэ жилийн гол зорилго нь өнөө жил 24-тэй залуу арслангаа улсын наадамд хавтай сайхан барилдуулж түрүү магнай болгож, Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш тасраад байгаа аварга цолтон төрүүлэхэд л байгаа юм. Ганц манай галын бөхчүүд төдийгүй Хан Хэнтийн нийт ард түмэн Э.Оюунболд арслангаа улсын наадмын түрүү бөхөөр шалгараасай хэмээн дээлийнх нь захыг мушгицгааж суугаа. Саяхан энэ сарын 10-11-нд манай алдарт “Босоо” Г.Самдан аваргын нэрэмжит болгон жил бүр зохиогддог аймгийн аварга шалгаруулах тэмцээн залуу арслангийн маань төрөлх Өмнөдэлгэр суманд болж өнгөрсөн. Манай галын бөхчүүд тэр тэмцээнд амжилттай сайхан барилдчихаад ирцгээсэн.

 

-Хангай дэлхий жаахан гантай байна. Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдээ нутаг орны зүгээс аль хэр дэмжиж тусалж байна?    

 

-Саяхан нэг шөнө жаахан бороо орсон. Ер нь жаахан гантай л байна. Наадмын бэлтгэлдээ гарсан бөхчүүдээ Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, аймгийн Засаг дарга Н.Ганбямбын зүгээс аль болохоор дэмжиж тусалдаг. Энэ жил манай аймгийн наадам улсын наадамтай давхцаж буюу долоодугаар сарын 10-11-нд болох тул аймагтаа сайхан барилдаж цолоо ахиулах, шинээр цол авахаар олон сайхан залуучууд бэлтгэлээ базааж байна. Аймгийн арслан цолтой долоо найман бөх Э.Оюунболд арслангаа дагаж улсад очиж барилдана. Аймаг орноос төрсөн олон сайхан бизнесменүүд, аймгийн Засаг даргын Тамгын газраас бидэнд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцааг харамгүй үзүүлж байгаад манай галын бөхчүүд ихэд талархаж, бэлтгэлээ улам чамбайруулж байгаа. Манай галын бөхчүүдийн наадмын бэлтгэл сайн байгааг нотолж бүх цэргийн наадамд Батширээт сумын харьяат Хилчин спорт хорооны бөх сумын заан Г.Бадрах маань тав давж цэргийн начин болсон. Өөрсдөө л сайн хичээвэл ямар ч амжилтад хүрч болох юм байна хэмээн манай залуу бөхчүүд урам зориг орж наадмынхаа бэлтгэл сургуулилтыг улам чамбайруулж байна. Ямар ч гэсэн бидний бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч Э.Оюунболд арслан маань цолоо батлах, наадмын түрүүгээр шалгарах, олон бөх улсын цолонд хүрэх байх гэсэн өрнүүн сайхан хүсэл тэмүүлэлтэй бэлтгэл сургуулилтаа базааж байна даа. Та бүхэн 2016 онд аймагтаа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн Ш.Отгонтөгс арслантай уулзаж ярилцаарай.

 

-Бид яг өдрийн амралтын цагаар ирж, бөхчүүдийн өдрийн хоолон дээр буулаа. Та бүгдийн хоол цайг мэргэжлийн тогооч нар бэлддэг юмаа даа?  

 

-Тэгэлгүй яах вэ. Манай тогоочоор сүүлийн гурван жил бидэнтэй цуг гарч байгаа Багануурын хоёр тогооч ажилладаг. 30 гаруй бөхчүүд байгаа болохоор өдөрт нэг хонь гаргадаг. Бяр хүчээ шавхан бэлтгэл хийж байгаа бөхчүүдийн хоол унд чанар сайтай, амт шимттэй байх ёстой л доо. Манай хоёр тогооч ч энэ үүргээ гялалзтал сайхан биелүүлдэг. Та бүхний сая зооглосон шөлтэй хоол, хуушуур зэргийг байнга л хийнэ шүү дээ. За тэгээд өрөм зөөхий, шинэхэн хайрсан боорцог гээд тэжээллэг бүхнийг бөхчүүд бидэнд хийж өгдөг дөө. Сүү цагаан идээ гээд тэжээллэг, амин дэмээр баялаг хоол хүнс хангалттай бий.

 

-Өөрийн чинь хувьд Хэнтийнхээ наадамд хоёр түрүүлж аймгийн хурц арслан цолтой болсон гэсэн. Хэд хэдэн онд түрүүлж байв?

 

-За би анд 2008 онд аймгийнхаа нааамд түрүүлж арслан, 2014 онд хоёр дахиа түрүүлж аймгийн хурц арслан хэмээх сайхан цолонд хүрсэн. Одоо энд Батширээт сумын харьяат аймгийн арслан Б.Хадбаатар, Баянхутаг сумын харьяат аймгийн арслан Т.Гүрсоронзон, мөн сумын харьяат аймгийн арслан Н.Баатархүү, Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс, Дэлгэрхаан Хэрлэнбаян-Улаан сумын харьяат аймгийн арслан Д.Аззаяа,Биндэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганцоож, мөн сумын харьяат аймгийн арслан Т.Баттулга нарын зэрэг аймагт түрүүлсэн бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Эдгээрээс гадна аймгийн заан, начин, сумын цолтой дороос түрэн гарч ирж байгаа олон сайхан залуу бөхчүүд бий.

 

-Танай галын бөхчүүдийн гол зорилго бол улсын наадмын түрүү авах гэлээ. Түүнээс гадна улсын цолонд хүрэх найдлага тавьж байгаа ямар бөхчүүд байна?

 

-Мэдээж хамгийн гол нь Э.Оюунболд арслангаа урамтай сайхан барилдаж улсын наадамд түрүүлэхийг нь харах л байгаа юм. За тэгээд Б.Хадбаатар, Ш.Отгонтөгс, Г.Ганцоож арслан болон миний бие улсын цолны төлөө барилдана. Бөх хүн том зорилго тавьж, бэлтгэлээ чанартай сайн хийвэл наадмын өдрийн аз од гийдэг гэж ард олон маань ярьцгаадаг. Зодог шуудаг өмсөж торгон ногоон дэвжээнд бяр хүч уралдуулж яваагийнх нь Хүй мандлынхаа дэнжид л урамтай, одтой барилдахыг бүх л бөхчүүд хүсч мөрөөдөж явдаг юм даа.    

 

-За бэлтгэлээ улам чамбайруулж, улсын наадмын түрүү авч, олон бөх улсын цолд хүрэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье?    

    

-Тэр ерөөл бат сайхан оршиж манай Хан хэнтийн бөхчүүд эрт урьдын алдарт аваргуудынхаа амжилтыг давтаж алдар суугаа бадруулах болтугай.

 

Аймгийн арслан Ш.Отгонтөгс: “Улсын цолонд л санаатай”

 

 

 

-За отгон арслангийн наадмын бэлтгэл ханаж байна уу?

 

-Өө сайхан жигдэрч байна. Энэ сарын 5-нд бэлтгэлдээ гарч ирээд одоо бол бие сайхан задарч, бэлтгэлийн ачааллаа алгуурхан нэмэгдүүлж ханах маягтай л явж байна.

 

-Өөрөө аль спорт хороо, ямар байгууллагад хамрагдаж, нэр дээр нь барилддаг билээ?  

 

-“Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0253 дугаар анги, “Энсада Холдинг” компанийн бөх гэж явдаг.

 

-Ноднин Хэнтий аймгийнхаа наадамд түрүүлсэн отгон арслангийн хувьд энэ жил мэдээж улсын цолонд хүрэх, цолоо ахиулах томхон зорилготой бэлтгэлээ базааж байгаа нь тодорхой?   

 

-Тийм. Төрийнхөө их баяр наадамд тав буюу түүнээс дээш давж улсын цолтны эгнээнд багтахыг л юу юунаас илүүтэй мөрөөдөн бэлтгэлээ хийж байна.

 

-Танай удамд барилддаг, бие хаа томтой хүмүүс байдаг уу?

 

-Байна аа байна. Би өөрөө долоон ахтай. Тэднээс дөрөв нь сумын заан цолтой. Аав маань аймгийн начин цолтой Шаравдорж гэж хүн бий. Ер нь бие томтой талдаа орно шүү.

 

-Наадмын бэлтгэлд гараад 20 гаруй хонож байгаа юм байна. Анги байгууллага,   нутаг орны зүгээс эргэж тойрч байна уу, туслалцаа дэмжлэг аль хэр үзүүлдэг вэ?   

-Өө бололцооны хэрээр дэмжиж тусалдаг. Хилийн цэрэг, “Хилчин” спорт хороо, “Энсада Холдинг” компанийн зүгээс байнга дэмжиж тусалдаг. Манай “Хилчин” спорт хорооны дарга маань өөрөө сайхан бөх болохоор бидэнд сайн дэмжиж тусалдаг. Одоо долоодугаар сарын 1-нд “Хилчин”-гийн бөхчүүдийг цуглар гэсэн тушаал ирсэн. Тэндээ очно.

 

-Үндэсний бөхөөс гадна их спортоор хичээллэдэг үү. Өөрийн чинь булчин шөрмөс сүрхий хөгжсөнийг хараад тэгж бодогдлоо л доо?  

 

-Бөхийн өөр төрлөөр төдийлөн хичээллэдэггүй. Яах вэ булчингаа хөгжүүлэхийн тулд дасгал сургуулилт хийдэг. Харин энэ намраас чөлөөтийн тэмцээн уралдаанд оролцож эхлэх санаатай байгаа.

 

-Энэ наадмын дөрвийн даваа, тавын даваанд тунаж барилдах болов уу гэсэн таамаг төлөвлөгөө байгаа л байх. Хэнтэй таарвал тэгж барилдана гэсэн мэх төлөвлөгөө боловсруулж л байгаа байх даа?  

 

-Тэр талаар сүйдтэй бодсон зүйл алга. Хэнтэй таарахыг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх. Хэнтэй ч таарсан санасанаа хийгээд, бяр хүчээ шавхаж сайхан барилдана даа л гэж бодож байгаа. Яг тийм цолтонтой таарч магадгүй гэсэн ганц хоёр таамаг бол байгаа. Тухайн өдөр улсын цолтнууд яаж барилдах нь вэ, хэн хэн доор унаж, хэн нь дээшээ гарах нь вэ гэдгээс бүх зүйл шалтгаална л даа.

 

-Бөхчүүдийн дунд “Наадмын одтой бөх, наадмын од” гэсэн зүйл яригддаг. Өөрт чинь жишээ нь ноднин Хэнтийнхээ наадамд торолгүй түрүүлэхэд тийм зүйл мэдрэгдэж байсан уу?

 

-Ноднин аймгийн харцага цолтой барилдаж аймгийнхаа наадамд сайхан түрүүлсэн. Тухайн үед их л бяртай болчихсон юм шиг мэдрэмж төрж байсан.

-Үндэсний бөхөөр хэдэн жил хичээллэж байна?   

 

-Манай аймгийн бөхчүүд энэ “Өндөр дэнж” хэмээх газар 2009 оноос хойш наадмын бэлтгэлд гарч байгаа. Би ч 2009 оноос үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Миний хувьд “Сүүж” ууланд улсын начин Б.Адьяахүү багш дээр бэлтгэлд гардаг байгаад сүүлийн дөрвөн жил энд гарч байна. Долоон жил хичээллээд аймагтаа түрүүлсэн дээ.  

 

-За ингээд бэлтгэлээ улам чамбайруулж Хүй мандлынхаа дэнж дээр үнэн хүчийг үзэн урамтай сайхан барилдаж улсын цолтны эгнээнд багтаарай гэж ерөөе?  

 

-За ерөөлөөр болог. Их баярлалаа. Залуу бөхчүүд бидний өсөн дэвжих, амьдрал ахуйгаа сайжруулах, ард олондоо нэрээ дуурсгахын гол үндэс суурь нь улсын цолонд хүрч төр түмнээрээ үнэлүүлэх байдаг л даа. Хэнтийчүүдийнхээ урмыг хугалахгүй урамтай сайхан барилдаж улсын цолонд хүрэхийг хичээнэ ээ.

Ийнхүү Хан Хэнтийн ханагар сайхан эрчүүд бөхчүүдийн наадмын бэлтгэлээс хийсэн бидний сурвалжлага өндөрлөж Улаанбаатарын зүг хөлгийн жолоо залсан юм. 

 

Д.Энхтүвшин