Ц.Содномдорж: Цол авах нэг өөр. Цолоо хамгаална гэдэг бүр ч хүнд даваа
2017/07/18
Ц.Содномдорж бол наадамчин олны түрүүлэх бөхийн тааварт орсон бөхчүүдийн нэг. 2006 оноос эхлэн үндэсний бөхөөр тууштай барилдах болсон гэнэ. Түүнээс биш сонирхсон нь 2003 он аж. Тэрбээр төрийн наадамд ес дэх жилдээ барилдан ес даван түрүүлсэн нь энэ.
-Энэ жилийн наадамд өнгөтэй байж олон жил хүлээсэн түрүүгээ авлаа. Таныг дэмждэг бөх сонирхогчид дэндүү ихээр баярлаж байна даа?
-Баярлалаа. Төрийн наадамдаа анх удаа түрүүлсэндээ үнэхээр их баяртай байна. Энэ амжилтыг гаргах хүртэл тусалж дэмжсэн ШШГЕГ, түүний харьяа “Сүлд” спорт хороо, “Монос” групп, намайг анх бүх талаар дэмжиж өөрийн компанийн нэрийн өмнөөс барилддаг бөх болгосон “Монгол буйдан”-гийн захирал Ч.Ганбат ахдаа болон төрүүлж, өсгөсөн ижий, аавдаа миний ар гэрийг маш сайхан авч авдаг хань О.Уянгадаа, мөн ах, дүү, найз нөхөд, хамаатан садандаа маш их баярлалаа. Түүнчлэн Хөвсгөл аймгийнхаа нутгийн зөвлөл, зон олондоо талархал илэрхийлье. Цаашид энэ өндөр цолыг дааж явахын төлөө, цолоо ахиулахын төлөө хичээх болно. Наадамчин олон, бөхөд хайртай ард түмнээ олон жил баярлуулна аа.
-Нэгийн даваанаас эхлээд л өнгөтэй харагдаад байсан. Наадамчин олон ч таныг түрүү бөхийн тааварт зүй ёсоор нэрлэсэн?
-Наадмын бэлтгэлийг минь хангалцсан Хөвсөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Сүлд” спорт хороогоор овоглодог бөхчүүд, дасгалжуулагч нарын минь ач шүү дээ. Улсын арслан Х.Мөнхбаатар, харцага Г.Элбэг, Г.Ганхуяг гээд олон сайхан ах нар минь надад харамгүй тусалж, бэлтгэл хангасан.
-Наадмын өглөөг хэрхэн угтсан бэ. Түрүүлэх бөх нэг л өөр байдаг гэж ярьдаг юм билээ?
-Ер нь нэг их догдлоод байдаггүй. Гэтэл энэ жил яараад л байсан. Төв цэнгэлдэхэд орж ирсэн хойноо л тайвширсан шүү.
-Нэг, хоёрын даваа дуусангуут бөхчүүд маргаашийнхаа барилдааны талаар боддог. Харин Та?
-Хурдхан гэртээ харьж амрахыг эрмэлздэг. Ер нь тайван талдаа хүн. Гэвч цолоо ахиулаад ирэхээр өөрийн эрхгүй л догдолж, бас тэвддэг юм байна. Нэлээд тэвдсэн тал бий. Ялангуяа түрүү, үзүүрийн өмнө биеэ барьж дийлэхгүй догдолсон ч ах нар тайван байхыг сануулсан. Тэр сануулгын ачаар хүчит харцага Ө.Бат-Оршихыг давсан гэж бодож байна. Догдолж, сандарсан чигээрээ барилдсан бол унах ч байсан юм бил үү. Есөн хөлт тугийг есөн удаа тойрсондоо өөрийн эрхгүй л баярлаж байна.
-Барилдааныхаа талаар ярих уу. Хамгийн хүнд даваа аль нь байв?
-Харцага цолоо дөрөв дэх удаагаа батлахдаа маш их баярласан. Ямар ч байсан энэ цолондоо эзэн байж чадсандаа өөртөө баяр хүргэсэн. Ингээд зааны даваанд барилдах болсон. Хүссэн цолондоо хүрэх юмсан гэж бодоод гарсан. Санасандаа ч хүрсэн. Би жил бүр л заан цолны босго давах юмсан гэж мөрөөддөг. Гэтэл бүр арслан боллоо. Цол авах нэг өөр. Цолоо хамгаална гэдэг бүр ч хүнд даваа. Тиймээс цаашид үйлдэл бүрээ хянаж, барилдаандаа онцгой анхаарал хандуулна. Төрийн наадмын түрүү бөх доогуур даваанд унаад байх нь зохисгүй биз дээ. Ингэж л бодож явна. Ер нь бол бүх барилдаан л хариуцлагатай байсан. Алдаа гаргавал нэгийн даваанд ч унаж болно. Тэр утгаараа даваа бүр хүнд байлаа. Гэхдээ илүү их хүсч, мөрөөдөж байснаараа зааны даваа хамгийн хүнд байсан байх.
-Нутгийн зөвлөлөөс таныг сайхан хүлээж авлаа шүү?
-Тэглээ. Есөн жилийн хөдөлмөрийг минь үнэлсэнд талархаж байна. Цаашид улам хичээх болно.
-Таныг зургаан жил дараалан шөвгөрч, дөрвөн удаа цолоо баталсан гээд л Төв цэнгэлдэх даяар зарлахад юу бодогдож байв?
-Амжилтаа зарлуулах сайхан шүү дээ. Анх 2009 онд улсын начин цол авч байснаа өөрийн эрхгүй бодсон. Тэр үед “Цаашид их юм дуулгана даа” гээд л ярьж байсан.
-Ингэхэд яг хэдэн оноос барилдаж эхэлсэн юм бэ?
-Тууштай барилдсан нь 2006 он. Түүнээс өмнө өөрийн сонирхлоор ганц нэг барилдаанд зодоглож байлаа. Өөрийгөө сорьж үзсэн хэрэг. “Монгол буйдан” компанийн захирал Ч.Ганбат ах маань намайг ивээлдээ авсан. Ингээд л тус компаниар овоглож Хөвсгөл аймгийнхаа наадамд 2006, 2007 онд дараалан түрүүлж, 2009 онд улсын начин, 2011 онд харцага цолны босго давсан юм. Намайг өдий зэрэгтэй амжилт үзүүлэхэд яалт ч үгүй хамгийн их тусалсан хүн дээ.
-Таныг барилдахаасаа өмнө зах дээр тэрэг түрдэг байсан талаар ярьж байна. Энэ үнэн үү?
-Надад нуух зүйл байхгүй ээ. Би тийм ч сайхан амьдрал дунд өсөөгүй. Амьдрахын тулд “Барс” зах дээр тэрэг түрж, ачаа буулгадаг байлаа. Тэр үед улсын харцага Г.Ганхуяг ах маань намайг бөх болгоно гээд авч явсан. Ингээд Г.Элбэг багш тэргүүтэй Хөвсгөлийн бөхчүүдтэй нийлснээр миний амьдрал цоо шинээр дахин эхэлсэн. Тийм учраас би надад тусалж, дэмжиж байсан ах нарынхаа ачийг насан туршдаа хариулж явна гэж боддог юм. Анх бөхийн ертөнцөд орж ирэхэд хэцүү санагдсан ч үүнээс илүү хүнд хүчрийг үзсэн шүү дээ гэж бодно. Ингэж л өөрийгөө хурцалсаар бөхөд эргэлт буцалтгүй орсон юм. Арван жилд байхаасаа барилдаж сумын наадмын аманд гарч үеийнхэнтэйгээ хүч үзнэ. 2002 онд Улаанбаатар хотод ирж “Монгол газар” клубт орсон. Энэ үеэсээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан С.Мөнхсүх багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа тууштай хийж эхэлсэн юм. Харин 2005 онд багш Япон явж түүнээс хойш нутгийнхантайгаа хамт улсын арслан Мөнхбаатарын удирдлагад бэлтгэлээ хийж байна.
-Аав, ээжээс хэдүүлээ вэ. Танайханд танаас өөр барилддаг хүн бий юү?
-Одоо бол алга. Миний аав болон том ах сумын заан цолтой байсан. Аав сумандаа дөрөв түрүүлж, 10 гаруй удаа үзүүрлэсэн. Үүнийг эс тооцвол барилддаг хүн байхгүй.
-Найрааны талаар их ярих болсон. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Надад тийм сонирхол огт төрдөггүй. Тэгж өөрийгөө болон олон түмнийг хуурмааргүй байна. Шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй зантай.
-2011 оны наадмыг та мартаагүй л байх даа. Долоогийн даваанд Ч.Санжаадамба аваргад тахимаа өгч байсан?
-Мартахгүй ээ. Гэхдээ одоо нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн талаар яриад хэрэггүй биз. Ер нь үндэсний их баяр наадамд иймэрхүү байдлаар хохирох тохиолдол олон байдаг. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр дүрмээ шинэчлэх цаг болсныг л харуулж байгаа юм.
-Сая Санжаадамба аваргад бас зургаан жилийн өмнө танд тохиолдсонтой адил зүйл тохиолдлоо?
-Яг юу болсныг би мэдээгүй. Одоо болтол наадмын барилдаан ямар болсныг тухтай сууж үзэж чадаагүй л явна. Зочин гийчдийн хөл, урилгад дарагдаад завгүй л байна. Ямар ч байсан тухтай сууж үзнэ дээ. Дээр дурдсанчлан хөлийн цэц, засуулуудын буруу шийдвэрээс болж хохирох тохиолдол наадмаар байнга л гарах болсон.
-Ингэхэд хэзээ нутаг явах вэ?
-Удахгүй ээ. Ойрын хугацаанд нутаг усандаа очихоор төлөвлөсөн байгаа. Хоймор нутгийнхаа ард түмэнтэйгээ баяраа хуваалцана.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг юм бол?
-Жирийн үед долоо хоногийн таван өдөр нь бэлтгэлтэй байдаг. Үүний хоёр өдрийг хүчний бэлтгэлд зарцуулна.
-Уначих вий дээ гэсэн бодол төрдөг үү?
-Дандаа төрдөггүй юм. Бөх хүн ер нь унана гэж гардаггүй. Би ч гэсэн давна л гэж гардаг.
-Дээхнэ үед үндэсний бөхөөр барилддаг хүмүүсийн олонхи нь чөлөөт, жүдогоор хичээллэдэг байсан гэлцдэг. Одоо энэ байдал эргээд сэргэжээ. Таны хувьд?
-Би яг хичээллэдэггүй. Гэхдээ жүдо бөхөд дуртай. Нисэлттэй мэхнүүд нь таалагддаг юм.
-Таныг дуу цөөтэй гэж хардаг. Ер нь бараг л ярилцлага энэ тэр өгөөд байдаггүй шүү дээ?
-Би бол өөрийгөө даруухан гэж боддог. Хүмүүс ч тэгж ярьдаг юм. “Содном маань даруухан л даа. Хэлж ярьж байгаагаас нь харагдана” гэдэг. Их товчхон, энгийн яриатай юм шиг байгаа юм. Харин барилдааны үеэр, дэвжээн дээр байхад нь дайчин зан чанар илүүтэй илэрдэг байж магадгүй. Гэхдээ тэрүүхэндээ хөнгөхөн шооч зантай.
-Хэсэгхэн хугацаанд цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Аварга болоорой?
-Тэр ерөөл бат оршиг.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин