-Хамгийн эгдүүцмээр нь, У.Хүрэлсүх тэргүүтэй зүүний хүчнийхэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ төлөө өнөөгийн Засгийн газрыг тараахыг санаархаж байгаа явдал. Хэрвээ тэд санасандаа хүрвэл, УИХ-д 65 суудал авч, дампуурахдаа тулаад байсан улс орноо арайхийн хөл дээр нь босгосон амжилтууд үрэн таран болох нь тодорхой. Ганц ялагдлын төлөө нэгэнт хөл дээрээ босож, бас ч чамгүй амжилттай ажиллаж буй Засгийн газрыг унагаана гэдэг Монгол Улсын хувьд сайн зүйл огт биш-

 

МАН эргэлтгүй мананд уусаж буй бололтой. Өнөөг хүртэл тус нам эв нэгдэл, түүх улбаа, гишүүнчлэл гээд бүх зүйлээрээ Монголд хамгийн хүчирхэг нь байсан. “Байсан” гэхийн учир нь одоо МАН-д хөл, толгойн ялгаа үгүй болж, чухам 15 толгойтой атгаалжин хар мангасын үлгэр шиг л болжээ.

Тун саяхныг болтол буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тэд хуучны төрхөө сайтар хамгаалж байсан ч ялагдал хүлээснийхээ дараахан үнэн царайгаа илчилж эхлэв. МАН-ын томчуул яг одоо хэд хэдэн фракц, бүлэгт хуваагдаж, даргын суудлын төлөөх тулаанд орсон бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн том намын даргын суудлыг авах нь төрийн өндөр албан тушаалд очсонтой ижил учраас ийнхүү хэд талцан, үүндээ залуу хүчнүүдээ чирэгдүүлж байгаа хэрэг.

Сураг сонсох нь даргын сунгаанд У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхөд хүч үзэж байгаа гэнэ. Гэхдээ шударга өрсөлдөөний тухай энд бичээгүй бөгөөд эгээ л Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан шиг элдэв яриа, шуугиан гадуур тархаж эхэлжээ.

Тухайлбал, МАН-ын томчуул саяын сонгуульд ялагдсаныхаа шалтгааныг дотоодын нэгдсэн хурлаар гаргаж ирэлгүй, хэн нэгнийг золигт гарган бүх хариуцлагыг үүрүүлэхээр зэхэж байгаа аж. Ингэснээр УИХ-ын 65 суудлыг авч, үнэмлэхүй олонхоор засаг, төрийг бүрдүүлсэн энэ намд дахин эвлэхээргүй хагарал гарч, хүрээгээ тэлсээр. Энэ байдал АН засаг барьж байх үеийг эрхгүй санагдуулна. Тэд 2012 оны сонгуулиар олонх болсон ч дотоодын зөрчлөөс болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаасан ба үүнээс болж нэгэнт ганхсан тус намын ажил бүр ч учир тоймоо алдаж, эцэстээ Монгол Улсад тогтвортой байдал гээч зүйл үндсэндээ үгүй болсон.

Ингээд 2016 онд МАН хувхайрсан төсөв, өр зээл, эдийн засгийн уналт, улстөрийн алдагдсан нэр хүндийг хүлээж авсан юм. Үүнийг тэд засахад чамгүй зүйл зарцуулж, үр дүн нь зах зухаасаа мэдрэгдэж эхлээд байтал Ерөнхийлөгчийн сонгуулийн хариу гарахтай зэрэгцэн намын дарга болохыг хүсэгсдийн хүсэл шунал намыг дотроос нь задалж эхэллээ.

Гэхдээ хэт тэмцэл гэхээс илүүтэй хуучнаас МАСЗХ, зүүний хүчнийхэн гэж нэрлэгдсэн этгээдүүд эвдрэлд ихэд идэвхтэй оролцох болсон. Хамгийн гол нь саяын сонгуулиар энэ фракцынхны ажилласан газар бүрт М.Энхболд ялагдал хүлээсэн. Хэдий хачирхмаар ч, яах аргагүй ийм зүйл болсон ба өдгөө сонгуулийн үр дүн ийм гарахад МАН муудаа ч биш дотоодын сөрөг бүлгийнхнийх нь явуулга маш том нөлөө үзүүлсэн гэдгийг хэвлэлүүд онцлох боллоо.

Угтаа бол Зүүний хүчний холбоо, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын фракцын тэмцэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн үү гэдэг асуулт гарч ирж байна. Хамгийн гол нь тэднийг чухам юу нэгтгэв гэдэг нь сонин.

С.Баяр болбоос өдгөө ИБУИНВУ-д Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын талын ерөнхий менежерээр ажиллахаар эх орондоо ирсэн ч олны нүдний өмнө гарч ирээгүй. Угтаа бол  МАН-ын талаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялуулах үндсэн тактикийг боловсруулсан гол хүн нь С.Баяр нар. Гэхдээ тэдний тактик оновчтой байгаагүй учраас ялагдал хүлээсэн.

Харин одоо тэд энэ буруугаа бусад руугаа нялзаахын тулд ихэд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа ажээ. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны мэдээ гарсны дараа М.Энхболд байдал дотроосоо бишидсэнийг ойлгож, МАСЗХ-ныхонтой уулзаж, эвтэй ажиллахыг хүссэн ч У.Хүрэлсүх “Эхнээсээ буруу хүн дэвшүүлсэн юм. Чамаас болж намын нэр хүнд уналаа” гэж хэлээд хурал хаяж гарсан тухай нийтлэлч А.Баатархуяг бичсэн.

Хамгийн эгдүүцмээр нь, У.Хүрэлсүх тэргүүтэй зүүний хүчнийхэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ төлөө өнөөгийн Засгийн газрыг тараахыг санаархаж байгаа явдал. Хэрвээ тэд санасандаа хүрвэл, УИХ-д 65 суудал авч, дампуурахдаа тулаад байсан улс орноо арайхийн хөл дээр нь босгосон амжилтууд үрэн таран болох нь тодорхой. Ганц ялагдлын төлөө нэгэнт хөл дээрээ босож, бас ч чамгүй амжилттай ажиллаж буй Засгийн газрыг унагаана гэдэг Монгол Улсын хувьд сайн зүйл огт биш.

Ингээд харахаар АН сайндаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялсангүй. Харин МАН боломжит хувилбараа дэвшүүлсэн ч зөвхөн фракцынхаа эрх ашгийг өмнөө тавьсан хэсэг бүлэг нөхдийн явуулгаас болж унасан бололтой.

Өмнө нь энэ намын дарга байсан Н.Энхбаяр ТВ-ийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Миний сонгуульд ялагдсан шалтгаан бол С.Баяр. Энэ хүн бүх юмны ард байдаг. Сонгуулийн үеэр энэ нөхөр Ц.Элбэгдоржтой хавсайдаж намайг унагаасан” гэж ярьсан. Тэгэхээр Монголд хамгийн олон гишүүд дэмжигчтэй энэ намын уналтын шалтгаан нь ердөө л албан тушаалын хэрүүл, фракцынхны амин хувийн ашиг сонирхол байх нь.

Сонгуулиар чухам дуулиан болоод байсан залуу гишүүний бөгс бөөрний хэрүүл, албан тушаалын наймаа, шууд нэвтрүүлгийн бичлэг гэх зүйлүүд өнөөгийн МАН-ын дотоод хэрүүлийн халхавч төдийхөн гэдэг нь ч тодорхой болов. Хараад байхад, тэд иймэрхүү дуулиан шуугианд залуу голдуу хүмүүсээ ашиглаад, өөрсдөө ард нь нэр цэвэр, зангараг заасан царайтайгаа хоцордог. Одоо ганц намын дотоодын эрх ашгийн төлөө эх орны үндсэн ашиг сонирхол зөрчигдөх дээрээ тулж байгаа учраас МАН-ын хууччуулд эвтэй байхыг л хүсэх үлдлээ.