Монгол Улсын гарьд, бөхийн “Увс нуур” гал, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн багш Өлзийтогтохын 
Бат-Оршихыг “Хоймор” буландаа урилаа.

Монгол Улсын гарьд, бөхийн “Увс нуур” гал, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн багш Өлзийтогтохын 
Бат-Оршихыг “Хоймор” буландаа урилаа.


-Бидний урилгыг хүлээн авч манай сонины хойморт зочилж байгаа танд баяр­лалаа. Улсын гарьд цол хүртсэнд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа

-Тантай уулзах цаг тохи­рохоор утсаар яриад бэлтгэл дээрээ байна гэхээр их гайхсан шүү. Ингээд л бэлтгэлдээ орчихдог хэрэг үү?
-Наадмаас хойш хэдэн өдөр завгүй явлаа. Галаа эргэ­лээ, уяачдын наадамд оролц­лоо. Баянаа аваргындаа, галын даргындаа очлоо. Бас сургуу­лийн хамт олон маань, Батлан хамгаалахын яамны удирд­лагууд цолыг минь хүндэтгэн хүлээн авлаа. Ер нь л нэлээд завгүй өдрүүд өнгөрсөн. Харин өнөөдрөөс жаахан зав гарч байна. Зав гарсан дээр нь бэлтгэ­лээ хийж, хэд хоногийн муу хөлсөө гаргаад л байж байна. 

-Дараа жилийн наадам даанчиг хол байна л гэдэг. Ингээд л бэлтгэлдээ орчихдог юм уу, энэ жил эсвэл эрт эхэлж байна уу?
-Зарим бөхчүүд есдүгээр сарын 1 хүртэл амардаг л юм. Зарим нь наадмын маргааш ганц нэг өдөр амраад л бэлтгэлээ хийгээд эхэлдэг. Би бэлтгэлээ аль болох таслахгүй явахыг л хичээдэг.

-Үзүүрлэсэн догдлол, баяр хөөр ийм амархан дарагд­чихдаг юм уу?
-Манай нутгийнхан, бөхийн галынхан төрийнхөө наадмаас олон түрүү авсан. Энэ жил бас түрүү л хүлээж байсан. Би ч өөрөө тийм л зүйл бодож барилдсан. Тэрэндээ хүрээгүй болохоор нэг их догдолж баярлаж хөөрөөд байгаагүй. Үзүүрлэчихээд хэрэг хийчихсэн хүн шиг хэсэгтээ л сонин байсан. Аажмаар гайгүй болж байна. Харин Үндэсний батлан хамгаалахын сургуулийн хамт олон маань хүлээн авахад огшсоон. Төрийн наадмын түрүү үзүүрт гарч барилдана гэдэг бас л сайхан гэдгийг тэр үед л мэдрэх шиг болов. Догдолж байна лээ. (инээв) Гарьд гэдэг сайхан цол авлаа. Энэ цолоо баталж, илүү цол авахын төлөө улам л чамбай зүтгэх хэрэгтэй болсон гэдгийг ухаарч байгаа.

-Энэ жилийн наадмын даваа бүхэндээ та үзүүш­тэй уран барилдаан харуул­сан. Үзүүр түрүүний барил­даанд ч та эхлээд мэх хий­сэн. Дараа нь жаахан хүлээж барилдах байж дээ гэж бодогдож байсан уу?
-Би өөрийгөө давж байна л гэж бодсон. Эцсийн мөчид унасан. 

-Баянаа аварга хэлсэн юм гэнэ лээ. “Барилдаад давах агшин ганц л байдаг. Түүнийг л алдаж болохгүй” гэж. Таныг мэх хийхэд тэр ашгин нь яг ирж дээ л гэж харж байсан. 
-Давсны дараа л давлаа гэх­гүй бол наана нь тэгж бодох том алдаа байдаг гэдгийг ахмад бөхчүүд ч ярьдаг, би ч өөрийн биеэр мэдэрлээ. Аваргын хэлсэн тэр агшин арай болоогүй байж л дээ.

-Хоёр сайхан харцага тү­рүү үзүүрт гараад ирэх ба­хархалтай л харагдсан. Ха­рамсалтай нь төрийн наад­мын түрүү ганц юм даа.
-Миний хувьд улсын наадамд зодоглоод 12 жил болж байна. Содном бид хоёр нэг жил аймгийн арслан болж байсан. Би Увсад, Содном Хөвсгөлд аймгийн арслан болж байсан. Бас нэг жил улсын цолны босго алхаж байв. Тэр жилдээ зургаагийн даваанд тунаад би харцага болж байлаа. Хэн хэн маань л төрийн наадамд түрүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэцгээсэн гэж бодож байна. Бас хэн хэнийг маань нутаг усныхан, дэмждэг хүмүүс сайхан барилдаад чадлаараа цол авах байх гэж хүлээж байсан байх. Хувь заяа, тавилан гэж бий. Түүгээрээ л болсон байх. Төр түмэн надаас илүү Содномыг хүсч байсан юм болов уу л гэж бодож сууна даа. 

-Яг төрийн наадмын түрүү үзүүрт үлдчихээд барилдах гэж байхад бол догдлол байна биз?
-Нэг их догдлоогүй ээ. Сайхан барилдана, түрүүлнэ гэж л гарсан. 

-Сэтгэл зүй маш чухал байдаг байх. Багш нар, дэвжээнийхэн тань юу гэж зөвлөж байсан бэ?
-Бэлтгэл чинь ханасан, өнгөтэй байгаа шүү. Өөрийнхөө­рөө сайхан барилд л гэсэн. 

-Наадмын барилдааны бичлэгүүдээ үзсэн үү. Тэрэн дээр алдчихаж дээ гэж бодогдох юм уу?
-Ер нь өөрийнхөө барилдаа­нуудыг ухрааж үздэг. Наадмаас хойш гурав, дөрөв хоногийн дараа барилдаанаа үзсэн. Би ер нь наадамчин олноо, үзэгч түмнээ чилээлгүйгээр уран сайхан барилдъя гэж хичээдэг. Энэ жилийн наадмаар мөн л тэгсэн. Үзэгчдээ уйдаагаад л, нойрыг нь хүргээд л байвал даваа ч амтгүй болдог гэж би боддог. Тэрнээсээ болж жаахан алдсан байж магадгүй ээ.

-Өмнө нь үзүүрлэчихсэн байсан Балжаа аваргыг түрүүлдэг жил Ж.Ганболд заан “Чи үзүүрлээд үзчихсэн хүн, одоо тайван суугаад цайгаа уугаад гараарай” гэж байсан гэдэг. Харин нөгөө талд П.Сүхбат заан дэргэд нутгийнхан нь Адъяатөмөр начин сандраад л өөрөө час халуун цай залгилчихаж байсан гэдэг юм билээ. Түүн шиг та үзүүрлээд үзчихлээ шүү дээ. Дараа дараагийн жилүүдэд сэтгэл зүй бол тайван түрүү үзүүрт гарч болох нь.
-(Инээмсэглэв)

-Наадмын өглөө бусад өглөөгөөс ялгаатай байдаг уу. Энэ жилийн наадмын өглөө танд ямар нэгэн мэдрэмж байсан уу?
-Энэ жил харин ч бусад жилийн наадмын өглөө сэрдгээсээ илүү тайван байсан. Янз бүрээр догдлоод цол авна ч гэдэг юм уу, сайн барилдана гэж өөртөө ачаа өгөөгүй. Өмнөх жилүүдэд сайн барилдана, цолоо заавал ахиулна гээд өөртөө ачаа өгч тэрний хэрээр нервтдэг байсан байна. Тэрнээсээ болж унасан талууд байгаа. 

-Та энэ жил “Увс нуур” галынхаа наадамд яагаад барилдаагүй юм бэ?
-Бэлтгэлийн үеэр жижиг бэртлүүд авсан, түүнийгээ илаар­шуулж байж наадамд зодоглохгүй бол болохгүй биз дээ. Тэр шалтгаанаар галынхаа наадамд зодоглоогүй. Анх удаагаа галын наадмыг өнжсөн. Манай хэд барилдаад л, дэвж шаваад л. Би голын эрэг дээр хотоос ирсэн хэдэн найзтайгаа холоос хараад л. Барилдахгүй байх бас л сонин юм билээ.

-Гүйгээд оччихмоор санагдаад л уу?
-Тийм, хөндлөнгөөс харахад хэцүү юм билээ.

-Галын наадамд сайн ба­рилдсан бөх сэтгэл хөдлө­лөө даралгүй наадамд зодоглоод уначихаад байдаг. Тийм учраас Увсынхан энэ жил Бат-Орших харцагыг барилдуулаагүй. Бэлтгэл нь сайн байгаа учраас нөөж байна гэж наадмын өмнө сонсогдож байсан.
-Тийм зүйл байхгүй ээ. Галын наадамд түрүүлсэн Н.Жаргалбаяр сайхан барилдаад заан болчихлоо. Бэртэлгүй байсан бол барилдалгүй яахав. Галын наадам их сайхан наадам болдог шүү дээ. 

-Та Увс аймгийн Улаангом сумын уугуул гэж цоллуул­даг. Аав ээж тань аль сумын хүмүүс байдаг вэ?
-Чандмань гэж Улаангомоос хойшоо дөрөв таван километрт байдаг сум. Аав, ээж хоёр маань Чандманийх. Сумын статустай байж байгаад 1972 оны үед татан буулгасан гэсэн. Тэгээд нэгдэл дундын үйлдвэр болгоод Улаангомтой нэгтгэчихсэн. Одоо бол Улаангомын нэгдүгээр баг гэж явдаг. Би өөрөө Улаангомынхоо эмнэлэгт төрсөн. Увсдаа арван жилийн хоёрдугаар сургууль төгссөн. 

-Тооны хичээлдээ сайн хүүхэд байсан, аймагтаа дээгүүр ордог байсан гэж үеийн тань залуу ярихыг сонссон.
-Аймагтаа дээгүүр нь юу юм. Хоёрдугаар арван жилдээ бол математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги төгссөн. Манай ангийнхан сурлага сайтай хүүх­дүүд байсан. Конкурс болоход бүгдээрээ их сургуульд орж байлаа. Их сургуулийн эдийн засгийн сургуулийн хоёр хуваарь ирэхэд хоёуланг нь л манай ангийн хүүхдүүд авч байсан.

-Цэргийн хүн болох таны өөрийн сонголт байсан уу, эсвэл аав ээжийн ятгалга уу? 
-Би багаасаа л цэргийн мэргэ­жилтэй болъё гэж их боддог байсан. Хүүхэд байхаасаа л цэргийн хүн болно гэж мөрөөддөг, ярьдаг байлаа. Аавын дүү цэргээс халагдаад ирэхэд хувцасыг нь өмсөөд гүйдэг, зураг хөргөө авахуулдаг байсан. Тэгээд мөрөөдлөө биелүүлж арваа төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд элссэн.

-Хэдэн он билээ?
-2003 онд элсээд 2007 онд төгссөн. Сургуультайгаа холбогдоод Батлан хамгаалахын сургуулийн Бат-Орших гэж нэрлэгдээд 14 жил болсон байна.

-Ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Төрийн захиргаа удирдла­гын тэнхимийн бизнес төрийн удирдлагын ангийг бакалавр зэрэгтэй төгссөн. Энэ жил сургууль маань магистр сурах эрх өгсөн байгаа.

-Одоо сургуульдаа баг­шилж байгаа билүү?
-Сургуульдаа компьюте­рийн тэнхимд багшаар нэг хэсэг ажилласан. Тэгж байтал манай сургууль их том, сайхан спорт цогцолбортой болсон. Одоо бол тэндээ үндэсний бөхийн дасгалжуулагч багшаар ажиллаж байгаа. 

-Таны анхны багш хэн бэ. Увсын олон сайхан залууг гаргаж ирсэн Бат-Очир багшийн шавь уу?
-Анхны маань багш аймгийн заан Лхамаа гэж хүн бий. 2002 онд есдүгээр ангийн сурагч аймгийн спорт хорооныдэргэдэх“Шандас” клубт анх очиж байсан. Тэр клубын маань багш нь Лхамаа багш байсан юм. Харин аравдугаар ангид ордог жил манай сургуулийн биеийн тамирын багшаар Бат-Очир багш ирж байв. Тэгээд л сургуулийнхаа дугуйланд, Бат-Очир багшийнхаа удирдлагад бөхийн спортоор үргэлжлүүлэн хичээллэсэн. Багшийг хоёрдугаар арван жилд ирснээс нь хойшхи анхны шавь нарынх нь нэг нь би. Надаас хойш олон сайхан шавь нар бас төрүүлсэн. Бүрнээ арслан, Энхбаяр начин, аймгийн арслан Оргилболд, аймгийн заан Хайдав, Бат-Өлзий гээд багшийн олон шавь сайхан барилдаж байгаа. 

-Аав, ээжийн тань удамд барилддаг хүн байсан уу?
-Нэг их айхтар барилддаг, цолтой хүн бол аавын талд ч ээжийн талд ч байхгүй. Гэхдээ аав, ээжийн дүү нараас арван жилдээ чөлөөтөөр барилдаж байсан хүмүүс бол байгаа. Түүнээс биш улс, тив дэлхийд барилдсан хүн байхгүй. Би бол багаасаа л барилдах сонирхолтой хүүхэд байсан.

-Миний хувьд арваад жи­лийн өмнө бөхийн өргөөнд болсон нэг барилдаан дээр нэгэн залуу бөх аймгийн арслан Соронзонболдыг өвдөг шороодуулснаар Бат-Орших гэдэг залууг анх харж байсан.
-2005, 2006 оны хавар шиг санагдаж байна. Соронзонболд маш сайн барилддаг аймгийн арслан, би залуу бөх байсан. Аманд очиж барилдаад тухайн үедээ аз таараад давж байсан. 

-Түүнээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Таны барил­даануудыг шим­тэж үздэг хүний хувьд аймгийн заан Батгэрэлтэй барилдсан барилдаанд харамсаад бай­даг юм. Бэлтгэл сайн, бэртэл байхгүй гээд танай галынхан ч танд нэлээд найдвар тавьж байсан жил шүү дээ. Уржнан жилийн наадам байх аа?
-Харамсалтайгаар өндөр­лүүл­сэн наадам надад олон бий. Начин болсон Цэрэнтогтоход унадаг жилийн барилдаан байна. Зааланд таарч барилдаад унаагүй явж байгаад тэгэхэд анх унасан. Батгэрэлд бас л зааланд унаж үзээгүй байсан. Өнгөрсөн жил барилдаад өвдөг шороодсон Хөхчирэнгэрт өмнө нь бас л унаж үзээгүй байв. Ихэнхдээ давдаг байсан хүмүүсдээ наадмаар очиж унаад л…Харамсалтай байдаг. Янз янзын л юм бодогдоно ш дээ. 

-Ам авахдаа та ер нь юуг хардаг юм. Тэр өдөр давахаар бөхөө авах уу, эсвэл шилж амлах уу?
-Ам авна гэдэг айхтар том ухаан гээд л том цолтой, настай бөхчүүд хэлдэг. Суралцах гээд хичээгээд л явж байна. Ам аваад сурчихсан ч юм уу тийм туршлага алга байна. Ерөнхийдөө давна, сайхан барилдъя гэж л ам авдаг. Учиргүй заавал давна, нухчин дарна гэж бодохоосоо илүү сайхан барилдъя гэж бодож л ам авдаг. 

-Ч.Санжаадамба аварга танай нутгийн Сүрэн­жавыг авчихаар нь та зөрүү­лээд Архангайхныг авчих­сан гэдэг үнэн үү. Архан­гайнхнаас начин болохоор нь хэн байна, тэрийг нь авъя гээд Батгэрэл арсланг авчихсан гээд л ярьдаг.
-Яалаа гэж тийм зүйл байх вэ. Сүүлд харин надаас бас нэг хүн тэгж асуусан. Тэгээд л юу билээ гэж бодож байгаа юм. Ар араасаа очоод ам авч байгаа шүү дээ. Урд талын бөхчүүдийн хэн нь хэнийг авсныг барилдаан эхлэх үед засуул дээр гараад зарлахад л мэддэг. 

-Нэгэнт л тантай ярилцаж байгаагийнх 2011 оны наадмын барилдааныг асуухгүй өнгөрч болохгүй байх л даа…
-Тавын даваа юу?

-Тийм. Ч.Санжаадамба авар­гыг цэргийн арслан бай­хад та тавын даваанд ам­лаж аваад өвдөг шороо­дож байсан тэр барилдаан.
-Хүмүүс элдвээр хэлдэг л юм. Тэр жил зургадугаар сард манай гэр бүлийн хүн нэлээд хүндрэлтэй төрсөн. Их ч сандаргасан. Янз бүрийн зүйл бодогдоод юун наадмын бэлтгэлд л байсан. Хүний амьдрал дандаа баяр баясгалантай байдаггүй шүү дээ. Тэгээд би наадмын бэлтгэлд гараагүй. Харин долдугаар сар гаргаад долоо хоног бэлтгэлд гарсан. Тэр жилийн наадмаар Ч.Санжаадамба их сайн байлаа. Тавын даваанд Санжаадамбыг амлаж аваад барилдсан, унасан. Ийм л юм болсон.

-Яагаад заавал Ч.Санжаа­дамба гэж. Өөр амлахаар, бас давахаар бөхчүүд байсан л биз дээ?
-Тэр жил миний бэлтгэл маш муу байсан. Давбал сайн хүнээр даваагаа ахиулъя, унавал бас сайн хүнд унъя гэсэн бодолтой тэр жилийн наадамд барилдсан. Тэгээд тавын даваанд хамгийн сайн байсан хүнийг л авсан юм. Уначихаад, тахимаа өгөхдөө Санжааг “түрүүлээрэй” гэж хэлсэн. Тэр жил Ч.Санжаадамба заан болж байлаа.

-Харин энэ жил та нутгийн аваргаараа заан цолны болзол хангасан. С.Мөнхбат аварга танд юу гэж хэлсэн бэ. Элэг бүсээ тайлж өгчихөөд аварга нулимс унагаж байна уу даа гэж зурагтаар харагдсан. Баярын нулимс байсан байх. 
-Наадмын талбай дээр бид хоёр юу ч ярьж чадаагүй ш дээ. Мөнхөө ч юм хэлж чадаагүй, би ч юм хэлээгүй. Хэлэх завдалгүй хоолой зангираад л… Найз маань намайг бас огшоочихно, сэтгэлийг нь хөдөлгөчихнө гэж болгоомжилсон байх. Түрүүлээд үзчихсэн хүн шүү дээ. Сэтгэлийг нь хөдөлгөчихгүй юмсан, дараа дараагийн даваа байгаа гэж өөрийгөө их барьсан байна л даа. Би ч бас зааны даваанд сэтгэл их хөдөлсөн. Гэхдээ дараагийн даваа гэж байгаа учир сэтгэл хөдлөлөө дэвэргээд байж болдоггүй. Аль болох хурдан дарах л хэрэгтэй болдог. 

-Зааны болзол хангасан Н.Түвшинбаяр харцагатай бол бариа зөрүүн дээрээс л хурдан барилдчихсан. 
-Түвшинбаяр зааныг давчихаад “Сайхан барилдлаа, баярлалаа” гэж түүнд хэлсэн. Өмнөх даваанд Хангай, Түвшинбаяр хоёр ямар гоё барилдлаа даа. Би барилдааныг нь хараад зогсож байсан. Ингэж уран барилдах юмсан гэж бодогдож байсан. Тэгээд сайхан барилдаж даваад “баярлалаа” гэж хэлсэн юм.

-Дөрвийн давааны учраа бол чанга таарсан шүү.
-Золбоо арслан чөлөөт бөхийн 125 кг-ын жинд Монголын нэг номерт сайн барилдаж байгаа залуу. Хүч шавхаж хүнд барилдаан хийсэн. Дөрвийн давааны үед нар хурц шарж хиймэл зүлэг доороос халаад цурман дээр гишгэж байгаа юм шиг л байсан. Нар гарахаар хиймэл зүлэг доороос маш их халдаг юм билээ. Гэхдээ нар ганцхан над дээр шарж байгаа биш дээ, тийм үү.

-Аймгийн арслан болдог чинь 2006 он билүү?
-Тийм ээ. Залуу бөх барилдаж байсан.

-Өмнө нь аймаг, сумын наадамд зодоглоогүй юү?
-2005 онд Ховд сумын ойгоор барилдаад дөрвийн даваанд Тулгаа заантай барилдаж давж байсан. Шөвгийн наймд Ц.Мягмарсүрэн заан харцага цолтой, Намсрайжав харцага, Т.Амартүвшин харцага цэргийн арслан цолтой, аймгийн арслан Цэдэндамба ах, Чулуунбаатар харцага гээд аймгийн заанаас дээш цолтой долоон бөхтэй залуу бөх би ганцаараа үлдэж байсан. Наймд үлдээд Ц.Мягмарсүрэн зааныг харцага цолтой байхад нь унаж байсан. Тэгж л анх сумын наадамд барилдаж байлаа. 

-Ийм том хүмүүстэй шөв­гөрөөд үзчихсэн хүн дараа жил нь аймгийн наадмаар барилдахдаа мэдээж арслан л бодож байв уу?
-Үгүй, үгүй. Зорилго бол аймгийн начин болох. Тэр жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байв. Аймгийн наадмын шөвгийн дөрвөн бөхийг зардлыг нь даагаад улсын наадамд барилдуулах юм гэнэ ээ гэсэн юм бас сонсчихсон. Цуурхал. Тэрэнд итгээд л аймгийн начин болчихоод улсын наадамд зодоглоё гээд бодчихсон байлаа. Аймгийн наадмын өглөө Чандманиас аймгийн төв рүү явдаг микронд суугаад л ирсэн. Бат-Очир багшийндаа орж цай уугаад л хамтдаа наадмын талбай руу очиж байв. Тэгээд л аймгийн арслан болчихсон шдээ.

-Арслан болчихсон хүн бөөн баяр л гэр рүүгээ явсан уу?
-Манай аав ээж хоёр намайг аймгийн арслан болсныг мэдээ ч үгүй Их Монгол 800-гийн баярын нэвтрүүлэг үзээд сууж байсан. Бат-Очир багш миний урд ороод л “За хүү нь аймгийн арслан болсон шүү” гэхэд л мэдсэн. Сандралдаад л. Би араас нь зодог шуудагтайгаа л орж байгаа юм.

-Зодог шуудагтайгаа наад­мын талбайгаас гэр рүүгээ явчихсан юм уу?
-Тийм, түрүүлчихээд индэр дээрээс шагналаа аваад буухад хүмүүс өргөөд л шууд цэнгэлдэхийн хойд талын хаалгаар 69-д суулгаад  гэр рүү аваад явчихсан.

-Өмсөж явсан хувцас хунар наадмын талбайд?
-Хувцас хунараа найзууддаа үлдээчихсэн. Нөгөөдүүл хойноос авчирч байсан. Шагналын мотоциклийг бас аччихсан араас ирсэн. Би бол гэртээ аяга цай уучихаад л шууд нисэх рүү явсан. Дээлээ ч өмсөлгүй зодог шуудгаа эвхэж цүнхэндээ хийгээд л гарч байлаа. Нисэх дээр аймгийн Засаг дарга Тогоо ирж аймгийн арслангийн үнэмлэх бичиж өгч байгаа юм. Тэгээд “Сайн барилдаарай, шинэ арслангаа харна шүү” гээд л үдэж байлаа. Аймгийн наадам улсын наадмаас хоёр өдрийн өмнө болж байсан. 9-нд тэгээд Улаанбаатар руу нисчихэж байгаа юм. 

-Аймгийн арслангийн тэмд­гээ авч амжилгүй улсын наадамд зодоглосон юм уу?
-Арванд бөхийн өргөө ороод тэмдэг залаагаа авчихаж байгаа юм аа. Нарантуул гарч бас дээл авсан. Дээлээ ч авалгүй нутгаасаа гарсан хүн чинь наадмын дээлээ Нарантуулаас аваад л. Тэгээд л Их Монгол 800-д бүртгүүлээд барилдсан даа. 

-Гурав давсан байх аа?
-Гурав даваад дөрвийн даваанд О.Одгэрэл заанд унаж байсан. 

-Тэр үед дөрвийн даваа амлаж байсан уу, одоогийнх шиг оноолт байлуу?
-Оноолт.

-Анх удаа улсад зодоглохдоо ямар зорилготой байсан бэ?
-Аймгийн удирдлагуудаасаа сайн барилдах даалгавар авчихсан, гэхдээ дотроо өөрөө бол ямар ч байсан хоёр давчих юмсан гэж л бодож байсан. Тэгээд гурвын даваанд аваргуудын аманд очоод барилдах юмсан, унасан ч дараа нь хэлэх үгтэй гэж бодож байлаа. 

-Тэгээд гурвын даваанд амлуулсан уу?
-Гурвын даваанд аваргуудын, улсын цолтой бөхчүүдийн амыг сонсоод суугаад байсан. Хамгийн сүүлд хэдэн аймгийн арслан үлдээд нугалсан, тэрэн дотор би үлдчихсэн. Өмнө жил нь Сүхбаатар аймгийн наадамд манай Мөнхөөг хаяж түрүүлээд аймгийн арслан болсон “Аварга” дээд сургуулийн оюутан П.Ганхуяг гэдэг залуутай таараад өвдөг шороодуулж байлаа. Тэр жил (2005 онд) Мөнхөө бид хоёр аймгийн цол авчих санаатай Сүхбаатар аймгийн наадамд очиж байсан юм. Би дөнгөж Солонгосоос ирчихсэн цав цагаан юм л явж байсан. Би хоёрын даваанд Жалаа начны хүү Баясгалан гэдэг залууд унаж байсан. Мөнхөө үзүүрлэж аймгийн заан болж байсан юм.

-С.Мөнхбат аварга цэргийн арслан болдог жил та үзүүрлэсэн билүү?
-Мөнхөө 2005 онд аймгийн заан, би 2006 онд аймгийн арслан болсон. 2007 оноос хойш найз маань аймгийн арслан болно гээд би ч хань болоод л хэд хэдэн наадамд очиж байсан. Амны билгээс ашдын билэг гэж 2009 онд сайхан ерөөлөөр бүх цэргийн наадамд бид хоёр үзүүр түрүүнд гарч ирээд найз маань цэргийн арслан болж байв.

-Та Солонгосоос ирээд гэж түрүүнд хэллээ. Нээрэн таныг тулааны спортоор хичээллээд Солонгос руу явж байсан гэж сонссон юм байна.
-Гайхуулаад, яриад байхаар зүйл ч байхгүй ээ. Оюутан байхдаа тиймэрхүү юм сонир­хоод энд хэдэн сар хичээллсэн. Тэгээд Солонгос явж хичээллэж байсан тал бий.

-Тэмцээнд орж байсан уу?
-Орос руу нэг тэмцээнд явж байсан, мөнгөн медаль авч байсан. Тэр ч сүүлд ээ, 2008 оны намар байх. 

-Яагаад тулааны спортыг орхисон юм бэ?
-Ээж дургүйцээд больчихсон юм.

-Спортын өөр төрлөөр хичээллэж байсан уу?
-За даа бараг байхгүй дээ. 2010 онд Ц.Мягмарсүрэн заан сонирхогчийн сумогийн тэмцээн Польшид болно, чамайг л оролцуулмаар байна гээд Ганбаа арслан, Мягмарсүрэн заан бид хэд явж байсан. Тэндээс хүрэл медаль авч байсан. Олон улсын хэмжээний спортын мастерын болзол хангасан ч энэ жил, цагаан сарын өмнө л авлаа.

-Наадмын орой цол авчихаад хамгийн түрүүнд хэн рүү залгасан бэ?
-Тэр орой цүнхэндээ хамаг утас шөрмөсөө орхичихсон байсан. Наадмын талбайгаас гараад галын дарга, нутгийн зөв­лөлийнхөн хүлээж авсан. Дараа нь гэртээ ирээд тэгж байж л утсаа харсан. Өчнөөн дуудлага ирсэн байсан. Бүгдэн рүү нь хариу залгасан, мэссэж бичсэн дээ.

-Гэр бүлийнхнээ танил­цуулна уу?
-Эхнэр, хоёр хүүхэдтэй. Төрсөн дүү маань бас бидэнтэй хамт амьдардаг. Увсад аав ээж хоёр маань байгаа.

-Гарьд цол авчихаад аав ээжтэйгээ уулзаж амжаагүй байгаа юу?
-Амжаагүй л байна, утсаар яриад л байж байна.

-Нутаг руугаа хэзээ явах вэ?
-“Оюутан цэрэг” хөтөлбөр явагдаж байгаа. Манай сургуу­лийн багш, Сүхбаатар аймгийн арслан Д.Дашпүрэв бид хоёр тэнд томилогдсон байгаа. Энэ ажлаа дуусгаад л нутаг руугаа, аав ээж рүүгээ явна даа. 

-Увсад баруун бүсийн даншиг наадамтай. Та барилдах уу?
-Цаг хугацааны хувьд яаж очих нь вэ, тэгж байгаад л шийднэ дээ. 

-Барилдааны онцлог?
-Би удахыг хүсдэггүй. Хурдан шуурхай барилдахыг хичээдэг. Нөгөө талаас энэ маань алдаа болдог ч байх. 

-Та аймгийн арслан байх­даа эхлээд ягаан шуу­даг, цэнхэр далбаатай барилддаг байсан. Сүүлд цэнхэр зодог шуудагтай болсон байсан. Харин энэ жилийн наадмаар улаан зодог шуудагтай барилдаж байсан. Хэдэн зодог шуудаг элээсэн бэ?
-Барилдаж эхлэснээсээ хойш долоо дахь зодог шуудгаа өм­сөж байна. Угаахаар агшина, жин өөрч­лөгдөхөөр багадна гээд со­лихоос өөр аргагүй болдог л доо. 

-Секц дугуйланд орохоосоо өмнө ямар бэлтгэл хийдэг байсан бэ?
-Манай аав газар тариалан эрхэлдэг байлаа. Нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ тариалангийн талбай дээр ажиллана. Турникнаас л зүүгдэж өссөн. Суниана. 

-Бөхийн судлаач нэгэн ах таныг одоо барилдаж байгаа бөхчүүдээс өргөн цээжтэйд нь орно шүү гэж байсныг сонссон. Багаасаа турник дээр бэлтгэл хийсэн бол аргагүй юм байна.
-Өргөн цээжтэй бөхчүүд олон байгаа, Оюунболд арслан байна, Эрхэмбаяр аварга байна. 

-Улсын наадамд зодоглосон энэ арав гаруй жилд санаа­наас гарахгүй барилдаан байна биз?
-Би ч тэгээд нэг их хөөрч баярлаад юм уу, сэтгэлийн хөдлөлөө нэг их ил гаргаад байдаггүй хүн дээ. Олон барилдаан л бий байх. Нэг их санаанд орохгүй байх чинь.

-Сэтгэлийн хөдлөлөө ил гаргадаггүй гэж үү. Би лав таныг Б.Ганбат арсланг түрүүлдэг жил уйлж байсныг санаж байна.
-Үнэхээр сэтгэл хөдөлсөн. Миний үзсэн наадмуудаас хамгийн сайхан нь тэр жилийн наадам. Би одоогоос 18 жилийн өмнө 14 настай хүү аавтайгаа гэртээ улсын наадам үзэж байлаа. Тэр жил Ганбаа ах заан болсон юм. Заан болтол нь би босоогоороо бөхийн барилдаан үзсэн. Баганаа зуурчихаад л үзэж байсан. Ганбаа ахыг заан болсных нь дараа нэг их тайвширчихсан хүн суугаад наадам дуустал үзэж байлаа. Энэ бол 1999 оны явдал. Түүнээс хойш 2010 онд түрүүлэхэд нь дээлийнх нь захыг мушгиад сууж байлаа. Сэтгэл хөдлөхгүй яах билээ. Энэ хугацаанд Ганбаа ах осолд орсон, бас л чамгүй олон бэрхшээлтэй тулгарсан. Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ аваад зогсож байхад нь Төрийн наадмын түрүү гэдэг амархан зүйл байдаггүй юм байна гэж тэр үед бодогдож байсан. Заан болоход нь тэгж догдолж байсан хүн 18 жилийн дараа багш шавь бололцоод өөрөө төрийн наадмын түрүү үзүүр булуулдахаар гарч байхад бас гоё л байсан. Сайхан санагдаж байлаа. Өөрийн барилдааны дурсамжийг би санахгүй байна. Харин тэр жилийн наадам, Ганбаа ахын тэр цол тэмдгээ гардаж байгаа агшин бол одоо ч тод байна. Б.Ганбат арслан маань бидэнд, галынхандаа үлгэр жишээ болдог. Ганбаа ахыг бэлтгэлд гарахгүй болохоор бид хэдэн өнчин хүүхдүүд шиг л байдаг. Гараад ирэхээр нь нөмөртэй, нөөлөгтэй, басл сайхан шүү дээ.

-“Увс нуур” гал клубын системд шилжчихсэн, удирд­лагууд нь маш их ан­хаардаг нь харагддаг. Галын бөхчүүд амжилттай барилд­даг нь үүнтэй холбоотой байх.
-Манай гал 1998 онд байгуулагдсан. Ирэх жил 20 жилийн ой болно. Манай галын тэргүүн Д.Дорлигжав дарга ажлаа аваад есөн жил болж байна. Энэ хугацаанд манай галаас бүх цолтон төрлөө. 2005 онд Насандэлгэр ахыг начин болсноос хойш гурван жил манай галаас улсын цолтон төрөөгүй. Манай галд уналтын байдалд орсон үе байсан. Энэ хүн галын тэргүүн болсон жил нь би харцага, манай Мөнхөө начин болсон. Дараа жил нь Ганбаа ах түрүүлээд, тэгээд Мөнхбат, Бямбажав хоёр харцага болоод л. Жилийн жилд сайхан наадаж байна. Дөрвөн түрүү, хоёр үзүүр авлаа. Залаа тэмдгээр тэмдэглээд явах юм бол дархан аваргын болзол хангасан ийм гал болж байна. Энэ бүхэн яалт ч үгүй галын удирдлагуудтай холбоотой. Галын удирдлага, нутгийн зөвлөлийн нягт уялдаа холбоотой ажилдагтай холбоотой. Нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн сайд байна. Галын дарга Д.Дорлигжав дарга, Гүйцэтгэх захирал Драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу нарын бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр нэгдэж ажиллаж чадсаны ач гавъяа гарч байна л гэж боддог. Манай галаас гарьд, заан цолтон төрөөгүй байсан нь энэ жил төрлөө. Есөн жилийн наадамд бүх цолтныг төрүүлж чаджээ. 

-Д.Дорлигжав дарга “Билэг” сургууль дээр өрөө гаргаад С.Мөнхбат, Ө.Бат-Орших, Н.Батсуурь, Ц.Бямбажав нарыг бэлтгэл хийлгэдэг байсан гэсэн. Сайн барилдах залуусыг таньдаг л хүн байна даа.
-2008 оны намар анх С.Мөнхбат аварга би, Н.Бат­суурь, Ц.Бямбажав бид хэд “Бэлтгэл сургуулилт хиймээр байна, заал саваар тусална уу” гээд Д.Дорлигжав дарга дээр орж байсан. Тэгээд “Билэг” дээд сургуулийн доор заал гаргаж өгөөд Б.Гантогтох гарьдыг багшаар тавиад бид хэдийг бэлтгэл хийлгэсэн. 2009 оны цагаан сараар Б.Ганбат ах маань түрүүлээд, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Бямбажав түрүүлж, Мөнхбат үзүүрлээд тэр жил аягүй гоё жил болсон байхгүй юу. Цэргийн наадмаар Мөнхөө бид хоёр үзүүр түрүүнд үлдээд Мөнхөө цэргийн арслан болоод би зааны чимэг аваад, улсын наадмаар би харцага болоод, Мөнхөө начин болоод, Батсуурь аймгийн арслан болоод л. Их өгөөжтэй сайхан жил болсон. Найман оны намраас эхлээд л 2009 оноос үр дүн нь гараад эхэлсэн. Бөхөд их дуртай, бөхийн төлөө сэтгэлтэй хүн л дээ, манай галын дарга.

-Оноолтоор ч, амлаад ч тэр нэг нутаг усныхаа хүмүүстэй таардаг. Барил­дааныг нь нэвт мэдэх хүмүүстэй барилдахад хэр хэцүү вэ?
-Яахав эвгүй нь эвгүй. Гэхдээ ямар ч байсан бид хоёрын нэг нь давна хоёулаа унахгүй гэсэн бодол давамгайлна. Ямар ч л байсан манай галаас нэг хүн цаашаа барилдах юм байна гэж бодож барилддаг. 

-Дотно үерхдэг найзууд тань бөхчүүд л байх уу?
-Найзууд олон байна аа. Багын найзууд, ажлын хамт олон байна. Жилийн дөрвөн улиралд л хамт байгаа галынхаа бөхчүүдтэй их дотно. Мөнхөө байна, хоёр арслан, Бямбажав харцага гээд дотно нөхөрлөдөг хүмүүс байна. Байнга л хамт бэлтгэл хийнэ, өдөр бүр л хамт байна. Дотно байхгүй гээд ч яах билээ.

-Галын тань, үе тэнгийн найзууд тань түрүүлээд бай­даг. Түрүүлчих юмсан гэсэн хор шар бол байна биз?
-Хор шар байхгүй. Ерөнхий­дөө төрийн наадмын үзүүр түрүү гэдэг өөр хувь заяа байдаг юм байна. Төрийн наадамд түрүүлнэ гэдэг хүссэн хүн бүрт тохиох аз завшаан биш байдаг. Хувь заяа, тавилан гэж байдаг юм байна гэж л бодож байгаа.

-Түрүүлэх хувь, тавилан танд байгаа байх аа. Улсын наадмын түрүүг аваарай гэж ерөөе. Мэдээж та туслаж дэмждэг найз нөхөддөө баярласнаа манай сониноор дамжуулан илэр­хийлж болно.
-Баярлалаа. Сургуулийнхаа хамт олонд, галынхандаа, нутгийнхандаа, намайг дэмждэг хүн бүрт баярлалаа гэдгээ хэлэх завшаан тэр бүр тохиогоод байдаггүй. Би сургуултайгаа амьдралаа холбоод 14 жил болжээ. Манай сургуулийн захирал хошууч генерал Мягмар гэж хүн байлаа. Оюутан байхдаа сургууль дээрээ бэлтгэл хийдэг байсан. Манай сургуульд Ерөн­хийлөгчийн бөх гэж хүмүүс таньдаг Ж.Чулуун начин, аймгийн арслан Дашпүрэв нар багшилдаг байсан. Д.Дашпүрэв багштайгаа оюутан байхаасаа л бэлтгэл хийдэг байсан. Аймгийн арслан хүнтэй ноцолдоод бай­хаар хүний сэтгэл зүй хүртэл бэлтгэгдээд ирдэг юм билээ. Энэ хугацаанд Мягмар генерал, Жалбажав генерал, Болдбаатар генерал, Чойжамц генерал гээд дөрвөн захирлын нүүр үзэж байна даа.Төрийн наадамд үзүүрлээд гарьд цолоо аваад сургууль дээрээ очсон. Яам сургууль маань хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Түрүү л хүлээдэг хүмүүс чинь үзүүр ч нэг их сонин биш байсан. Би ч өөрөө бас хөөрөхгүй, баярлахгүй явж байгаад яам, сургууль дээрээ очоод л жаахан огшлоо. Сургуулийнхандаа их баярлалаа. Хошууч генерал Чойжамц, офицер ахлагч, сонсогч нийт бие бүрэлдэхүүнд хоёргүй сэтгэлээр намайг дэмжиж байсанд их баярлаж байна. 
Улсын цол аваад найман жилийн дараа үзүүрлэж байна. Багш нараа, дэмждэг, тусал­даг хүмүүсээ их удаан хүлээлгэлээ. Цолоо ахиулсных багш дасгалжуулагч нараа, дэмждэг, миний төлөө залбирдаг Монголын ард түмэндээ их баярлаж байгаагаа хэлэхгүй бол болохгүй. Би их олон багштай. Нэг талаараа багш нараараа их баян хүн. Анх секц дугуйланд аймгийн заан Лхамаа багшийн удирдлагад барилдаж байлаа. Дараа жил нь Бат-Очир багшийн удирдлагад бэлтгэл хийж байлаа. Оюутан болоод улсын начин Ж.Чулуун, аймгийн арслан Д.Дашпүрэв нарын удирдлагад бэлтгэл хийж байсан. 2004-2005 онд Алдар спорт хороонд улсын харцага улсын харцага Ч.Өвгөнхүү багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж 2006 оны наадмаар Алдарын галд бэлтгэлд гарч байсан. Тэгээд аймгийн арслан болоод  2007 оноос “Увс нуур” гал дээр бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. 2007 оноос Ганболд заан багшилж байсан, 2008 онд Ганаа гарьдтайгаа багшлуулж эрдэм заалгаж 2009 онд Гантогтох гарьдаараа начин цолны босго алхаад шинэ арслантайгаа зургаагийн даваанд тунаж харцага болж байв. 2010 оноос Балжаа аварга галаа ахлаад бид бүхэнд бөхийн эрдэм заасан. Улсын наадмын түрүүг авч байлаа. 2011 онд ч мөн Балжаа аварга багшлаад Мөнхөө маань түрүүлж байсан. 2012 онд аймгийн арслан Жамсран багшийн удирдлагад, 2013 онд Бумбаяр зааны удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж байсан. 2014,5 онд Ганаа гарьдтай бэлтгэлээ хийсэн. 2016 оноос Ганбат арслан маань ажилласан. Энэ жил Бумбаяр заан галын багшаар ажиллалаа. Мэдээж дархан аварга Баянмөнх багш жил болгоны бэлтгэл сургуулилт дээр ирдэг. Хэн нь ямар байна, хэнд нь ямар бэлтгэл хэрэгтэй байна гэдгийг зааж зөвлөдөг. Цэрэнхүү багш маань бас байнга зөвлөж, заадаг. Сүүлийн гурван жил самбын олон улсын хэмжээний мастер Шонхор их сургуулийн багш Энхболдтойгоо бэлтгэл сургуулилт өдөр бүр л хамт хийж ирлээ. Энэ олон багш нарынхаа хүчинд цолоо ахиуллаа. Мягмарсүрэн, Бум-Эрдэнэ ахдаа гээд бүгдэд нь их баярлаж байна. Үүнийг заавал хэлэх хэрэгтэй.
Бас дэмжиж тусладаг байсан, хамтарч ажилладаг байсан компаниуд байдаг. Анх “Хөх сүлд” гэдэг групп дээр жил болоод харцага болж байсан. 2010 оноос 2014 он хүртэл “Монголкерамик”-ийн Мандах захиралтайгаа ажилласан. 2015-2016 он хүртэл “Гарьдзам” гэдэг компанитай хамтарч байсан. Их бэлгэшээлтэй. Сүүлийн хоёр жил шахам ямар нэгэн компанитай хамтраагүй, зөвхөн сургуулийнхаа нэрээр барилдаж байгаа.  Сая намайг гарьд болоход нутгийн зөвлөл, ТЭЦ-4-ийн захирал Анхбаяр ах, нутгийн ах Норовсамбуу, “Хотгор шанага”-ын Алтангэрэл ах цолыг маань мялаасан. 
Монголын ард түмэндээ, нутгийн зон олондоо, бөхөд хайртай хүн бүрт баярлалаа. Та бүгдийг аз хийморь байнга дайрч, өвчин зовлон тойрч байхыг хүсэн ерөөе. Намайг дэмждэг, надад итгэдэг хүмүүс надаас илүү зүйл хүсч байгаа байх. Итгэлийг алдахгүй, бэлтгэл сургуулилтдаа сайхан барилдана. Тэр их итгэлийг зүтгэлээр л хариулна даа.

С.ОНОНТУУЛ