2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт багтаад байгаа зуны олимпийн шинэ төрөл Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн цуврал тэмцээний энэ оны хоёр дахь "Их дуулга" тэмцээн Японы Үцүномия хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол улсын төлөөлөн "UB Garuda" буюу "Улаанбаатар Хангарьд" баг оролцсон юм.

 

Токиогийн "Гран При"-д дэлхийн шилдэг 12 баг, 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс эхний 2 байрт шалгарсан багууд хасагдах шатанд гарч 8 баг цааш өрсөлдсөн. Манай улсын багийн хувьд тэмцээний "А" хэсэгт дэлхийн чансааг тэргүүлж Словенийн "Льюблена", зохион байгуулагч орон Японы "Окояама" багуудтай өрсөлдөхөөр болоод байсан. Манай улс энэ тэмцээнд өрсөлдөх эрхээ БНХАУ-ын Нанжинь хотноо болсон "Чэлленжер" тэмцээнээс авсан юм.

 

Эхний тоглолтдоо монголын баг Словенийн "Льюблена" багийг 14:11-ийн харьцаатай хожиж, тэмцээний эхний шуугианыг тарьсан юм. "Льюблена" багийн хувьд энэ сард Канадын Саскатун хотноо болсон ФИБА 3x3 "World master" тэмцээнд түрүүлсэнээр дэлхийн чансааг тэргүүлж эхлээд байсан баг юм.

 

Энхбатын Дөлгөөн, Готовын Цэнгүүнбаяр, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхтайваны Цэрэнбаатар нараас бүрдсэн Монголын баг хэсгийн сүүлийн буюу 2 дахь тоглолтоо талбайн эзэн Японы "Oкояама" багтай хийсэн. ОУСБХ-ны 3х3 төрлийн дэлхийн цуврал тэмцээн мэргэжлийн тэмцээн учраас гадны легионер тамирчдыг багтаа элсүүлэн тоглож болдог дүрэмтэй. Энэ удаагийн Японы баг гурван легионер тамирчнаар гол хүчээ бүрдүүлсэн тун хүчтэй баг байсан юм. 2 баг улмаар тоглолтын турш эн тэнцүүхэн, хүчтэй өрсөлдсөнийг үзүүлж 18:19-н харьцаатай Японы баг хожлыг авсан юм.

 

Ийнхүү "Улаанбаатар Хангарьд" баг 1 хожиж, 1 хожигдсон үзүүлэлтээр хэсгээсээ 2-р байраар шалгарч, хасагдах шатанд дэлхийн чансааны 3-р байрт бичигддэг Сербийн "Земун" багтай тоглохоор болсон юм. Энэ тоглолтдоо монголын баг 13:10-ын харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө хожиж, тэмцээний шилдэг 4-т шалгарсан.

 

Улмаар хагас шигшээ тоглолтод монголын баг Дэлхийн 3 удаагийн аварга Душан Булут тэргүүтэй сербийн шилдэг тамирчдаас бүрдсэн дэлхийн чансааны 2-р байрт эрэмбэлэгддэг "Нови Сад" багтай тоглож, 18-11-н харьцаай ялагдсан юм. "Үцүномия Мастерс" дэлхийн цуврал их дуулга тэмцээний шагналын сан 30 мянган ам.доллар байсан юм. Энэ тэмцээнд түрүүлсэн "Нови Сад" түрүүлсэн баг ирэх аравдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох Дэлхийн цуврал тэмцээнд өрсөлдөх эрхийг авсан байна. Тэд нэмэлт цагт Словений "Пиран" багийг 16:17-ын харьцаатай хожин 2 жил дарааллан "Үцүномия дэлхийн цуврал" тэмцээний аварга боллоо. "Нови Сад" ийнхүү хамгийн өндөр зэрэглэлийн мэргэжлийн тэмцээний аварга болсноор Душан Булут дэлхийн номер 1 тоглогчийнхоо чансааг эргүүлэн авч, баг нь ч "Льюблена"-гийн дээр гаран Дэлхийн чансааны тэргүүн байрт бичигдэх болж байна.