Дэвэлт, Сэлэлт хоёр
2017/08/11
Засгийн газар огцорч л байдаг, байгуулагдаж л байдаг… Жам ёсны мэт энэ үзэгдлийн наана ард түмний эрх ашиг яригддаг ч ачир дээрээ улстөрчдийн эрх мэдлийн төлөөх арилжаа наймаа яригддаг нь хэдийнэ уль дол болсон зүйл юм. Яг үнэндээ ой гутам, ийм доромжлолын төлөө Монголын ард түмэн 27 жилийн турш саналаа өгч, “Ардчилсан сонголтоор бүрдсэн төр” хэмээн итгэсэн мэт дагах нь хэзээ цагт хийсэн үйлийн үр вэ хэмээн асуумаар. Харамсалтай нь, Монгол Улс байгаа цаг дор сонгууль болдгоороо болж, ард түмний сонголтоор бүрдсэн төр засагладгаараа засаглана. Одоогийн УИХ шиг, эсвэл үүнээс ч муу парламент бүрдэхийг үгүйсгэх аргагүй. Сайн нь ч бүрдэж болно. Үүнийг дагаад өнөөдрийн Засгийн газар шиг, эсвэл эднээс ч хэцүү баг бүрдэж мэднэ. Мөн шилээврүүд ч нэгдэж болно.
Гагцхүү үүнээс урьтаж, гүйцэтгэх засаглал бүрэн бүрэлдэхүүнээрээ гүйцэтгэх ажиллагаа, захиалгат аллага, үгсэн хуйвалдах замаар бусдыгаа түлхэн унагах гэх мэт гэмт хэргийн үүр уурхай болон харагдаж, магадгүй тэгж харагдуулахыг хүсч, зорьж буй нь гайхмаар юм. Энэ бүхнийг хараад бодох нь ээ, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гэр бүлээс гадуурх эр эмийн явдалтай нэр холбогдож, гутаагдан доромжлогдож байсан үе бараг гэгээн цагаан байж гэж итгэмээр. Учир шалтгаан нь, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн тэр бараан өдөр рүү өнөөдрийн Засгийн газрын зөрчлийг чирж аваачин, үүнтэй зүйрлэх хийрхлийг өдөөн турхирч буйд байгаа юм.
Товчхондоо, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг нугалахын тулд тусгай баг хөлсөлсөн гэх мэдээ хэм хэмжүүрээсээ дэврэн хальж эхэллээ. Энэ нь Ерөнхий сайд, Шадар сайд нарын хооронд аль хэдийнэ зөрчлийн цучил асч, тэд нэг танхимд, нэг засагт багтах хөг нь өнгөрсөн гэдгийг баталчихлаа. Гэхдээ ингэж хүсүүлэхийг зорьсон тайлбар нь Шадар сайдын Ажлын албанаас анх гарч, Шадар сайдын ажлын алба тайлбарлаж, Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Миний хувьд энэ хэрэг Засгийн газрын гишүүдтэй зайлшгүй холбоотой гэж хардаж байна. Ганцхан Ерөнхий сайд гэж итгэхгүй байна. Сайд нарыг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ мэдээж энэ үйл ажиллагаа Засгийн газартай холбоотой бол Ерөнхий сайдтай тодорхой хэмжээнд холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Энэ бол цэвэр МАН-ын даргын суудлын төлөөх тэмцэл. Намын даргын суудал яригдахын цаана давхар Засгийн газрын тогтвортой байдлын асуудал яригдана. Тэрэнтэй холбоотойгоор ямар улсууд хоорондоо өрсөлдөх болж байгаа вэ гэдэг нь илэрхий харагдаад ирж байна” хэмээн мэдэгдэв. Хэдийгээр түүний үг нэр бүхий иргэний яриагаар нотлогдох боломжтой ч гэлээ яг үнэн үү, зохиомол уу гэдгийг өнөөдөртөө хэн ч батлаагүй байна. Тэр дундаа, хууль хяналтын байгууллага. Яахав, иргэн Н.Доржзодов шиг ярианы ил тод бичлэг задалсан бол өөр хэрэг. Харин тэр бичлэг нь алга. Нэг хүний яриа, хоёр хүний яриа, гурван хүний яриа… бүдэг бадаг тодорхойгүй бичлэг л байна. Харин энд тодорхой болсон нэг зүйл бол Шадар сайд У.Хүрэлсүх МАН-ын даргад өрсөлдөх, цаашлаад Ерөнхий сайдын суудалд суух зорилготой гэдэг нь. Түүний зөвлөх А.Үйлстөгөлдөр үүнийг нь зарлачихлаа. У.Хүрэлсүхийг өрсөлдөөнөөс хасахын тулд зохион байгуулалттай тусгай ажиллагаа хийсэн гэж мэдэгдсэнээрээ. Мөн тэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг албан ёсны өрсөлдөгчөө хэмээн үзэж байгаа нь ч ил боллоо. Дахин А.Үйлстөгөлдөрийн үгнээс ишлэхэд “Ямар улсууд хоорондоо өрсөлдөх болж байгаа вэ гэдэг нь илэрхий харагдаад ирж байна” гэж мэдэгдсэн. Тэгэхээр ямар улсууд гэдэг нь У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат болж таарлаа гэсэн үг. Тэгвэл тэд өчигдөр, өнөөдөр хоёр он цагийн заагт хэн байв гэдгийг тодруулъя.
ДЭВЭЛТ
Ухнаагийн Хүрэлсүх. Монгол Ардын нам төдийгүй Монголын улс төрд ховорхон тодрох түүний хувь хүнийх нь фигур, удирдан манлайлах, итгэн үнэмшлүүлэх чадварыг үнэлэхгүй, хүндэтгэхгүй байхын аргагүй. Нэгэн цагт Монгол Улсын “хаан” гэгдэж байсан Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн өөдөөс чанга дуугарсан тэр нэг агшнаараа омогшиж, олонд хүндлэгдсэн түүх түүнд бий. Харин тухайн цаг мөчдөө эргэн хурган хэрхэн буулт хийснийг нь улс төрийн хүрээнд дурсдаггүй. Магадгүй гайгүй сайн баллуурдсан эс бол түүхийг засварлаж болдог гэдгийн нэгэн адил тухайн агшныг нь санах хүн Монголын улс төрд цөөрсний илэрхийлэл байх. Ямартай ч, буулт хийснийхээ хүчинд Монголын Ардчилсан Залуучуудын Холбоо буюу одоогийн НАМЗХ-ыг авч үлдсэн гэдгийг нь тухайн цаг үеийн улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг юм билээ. Цаашлаад өөрийн нөлөөллийг ашиглан МАХН-ын нэрийг МАН болгон шинэчилж, намдаа гавьяаг ч байгуулж, гайг ч тарьсан нэгэн. Гавьяа нь олон улсад үнэлэгдсэн байлаа гэхэд 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн явдал нь намдаа учруулсан том гай нь. Дээр нь, залуу насныхаа ааг омогт асч унтарсан хорслоо Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албанаас бууж, намдаа ад шоо үзэгдэх хэмжээнд хүргэн байж тайлсан байхыг үгүйсгэх аргагүй. Хоргодох булан тохой бүрийг нь залуусын армиар эвдүүлж, хорвоогийн муу муухай бүхэн рүү чихээд байхад хэн ч тэсэхэв дээ. Тэр дундаа, аархаж явсан эрх ямбынхаа амтыг мартаагүй байхад шүү дээ. Эндээс харахад монгол эр хүний уужуу ухаанаас илүүтэй улстөрчийн мэргэн арга, ов заль, өс санах ойрхон бодлоос ангид нэгэн биш л болов уу. Түүгээр ч зогсохгүй, Ерөнхий сайд асан Сү.Батболдын МАН-ын дарга, Ерөнхий сайд хэмээх сэтрийг нэгэн үедээ үнэгүйдүүлж “Нам ялагдвал би хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдсэнээрээ тэрбээр хэн нэгний хойно, тэр дундаа намын даргын ард зогсох, эвж өгөх хүн биш гэдгээ харуулсан. Тухайн үед санаж байгаа бол МАН-ын шинэчлэлийн автор нь Сү.Батболд бус У.Хүрэлсүхийн шийдэмгий удирдлагын үр дүн гэх мэдээ мэдээлэл, дүгнэлт нийтлэл олонтаа л гарч байлаа. Ингэж хувь улстөрчийнхөө хоёр ч араншинг таниулсан түүний талаар өгүүлж болох УИХ-ын гишүүнээс хувийн шалтгаанаар татгалзсан, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж намынхаа даргатай тэрсэлдсэн, ялалт байгуулахтай нь зэрэгцэн Шадар сайдаар ирсэн гэх мэт уншигч олон аль хэдийнэ дүгнэлтээ гаргасан олон сонин үйл явдлуудыг нөхөн, нэхэн бичихээс татгалзъя.
Гол нь, тэрбээр энэ удаад хоёрдугаарт явахаас залхсан бололтой юм. Шууд нэгдүгээр хүн болох замаар Монголын төрийг эрх баригч намтай нь хамт удирдах шат руу ганцаараа өгсөхийг хүссэн нь энэ. Иймд амжилт хүсье. Дэвж, дэвж байгаад онолгүй газардсан улстөрч Монголын ч, дэлхийн ч түүхэнд олон байдаг юм билээ. Тиймээс ил байгаа өрсөлдөгчөөсөө илүү хажууханд нь хярж суугаа далд сонирхогчоос болгоомжлоорой гэж сануулъя. Учир нь, түүний ил тод дайралтын ард ялагдал байсан нь бас л хачин тохиол юм шүү.
СЭЛЭЛТ
Жаргалтулгын Эрдэнэбат. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүнээс Сангийн сайд, Ерөнхий сайдын алба хашсан Ж.Эрдэнэбатын хувьд улстөрчийнх нь намтар хэтэрхий гэгээн цагаан. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын халаасны улстөрч гэдэг тодотголыг эс тооцвол түүнийг өөлөхөд хэцүү. Гэхдээ Ерөнхий сайдын хувиар Олон улсын валютын сантай гэрээ байгуулж, эдийн засгийн улаан гэрлийг ногооруулсан гэдэг өөрийнх нь дүгнэлтийг өлгөж авбал талархал илүүдэхгүй. Гэсэн ч хувь улстөрчийнхөө хувьд өнгөрсөн жил гаруйн хугацаанд хүчтэй, характертай, дайчин түүхийг тэрбээр бүтээж чадсангүй. Иймээс ч дотоод зөрчил нь хурцдаж, савнаасаа хальж буй МАН-ыг удирдуулах эсэхдээ намынх нь нөхөд эргэлзэж байж мэднэ. Ядах нь ээ, Шадар сайдын онцгой дайчин имижийг бодоод үз. Энэ тохиолдолд түүний хувьд ялалт урвах магадлалтай. Харин 60 тэрбумын бичлэг хийгээд тэрхүү төлөвлөгөөнд түүнийг хамаатуулахад хэцүү.
Учир нь, тэрбээр өдгөө НАМЗХ-ын одоогийн удирдлагын багийн залуустай хамт шинэ овоо босгохоор чармайж буй нэгэн. Үүгээрээ бусдын хальтирсан угаадсан дээр эргэж хальтрахааргүй хэмжээний туршлага суусан байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс ч У.Хүрэлсүхийн багийнхны дайралтын талаар өнгөрсөн долоо хоногийн турш дуугараагүй байж мэднэ. Гол нь, анхандаа УИХ-ын дарга, МАН-ын даргад удирдагдах стандарт бус Ерөнхий сайдаар томилогдсон нь түүний хувьд дахин давтагдахгүй шинэ тохиолдол болж өгсөн юм. Үүгээрээ өөрийгөө бусдаас тодруулж харах боломжтой болсон ч эргээд халаасны хүний имижээс салах гэж одоогийнхоосоо ч илүү хичээл зүтгэл гаргах ёстой байсан байж мэднэ.
Ядаж л чанга дуугарах, захиран удирдах гэх мэт лидер хоорондын хэв шинж чанарыг тодруулж харагдуулсан бол гэж бодмоор. Үүгээр нь бодвол түүнийг хэр усчин байхыг, хэр хол сэлэхийг хэлэхэд хэцүү. Гэхдээ тэр одоо л нуур, далайн эрэг дээр гарахгүй бол, өөрийнхөө араас жигүүрлэж буй нэгэн үеийн залуусаа хөлдөө чирж мэднэ. Иймд хатуу ширүүн улс төрийн тэмцэлд халирахгүйгээр дэмжих баг байгаа гэдгийг өрсөлдөгчид нь санах хэрэгтэй. Дээр нь, Ж.Эрдэнэбатын гэх Засгийн газарт М.Энхболд, У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын багийнхан аархаж байгаа гэдэг утгаар хариуцлага ярихдаа тулбал эргэж бултах, хэлж тайлбарлах учир шалтгаан түүнд байгаа л байх. Энэ нь цорын ганц сайдаас бусдыг толгой мэдэн нэр дэвшүүлээгүй өөрийнх нь тухайн үеийн хязгаарлагдмал эрхийн илэрхийлэл юм. Харин У.Хүрэлсүхийг шанаадах захиалагчийн хувиар бол хэлэхэд хэцүү. Ёстой хууль, хяналтын байгууллага нь л үүнд хариулт өгнө байх. Гагцхүү ийм яриаг дарж, унтрааж дийлэхгүй, танхимынхаа сайдад, өөрийнхөө орлогчид ингэж ярих боломж олгоод сууж байна гэдэг бол өөрийнх нь л асуудал. Энэ нь зохион байгуулсан, зохион байгуулаагүй гэдэгтээ ч биш.
Гол нь, энд зөөлөн хүн үү, хатуу юу гэдгээс үл шалтгаалан МАН түүнд Ерөнхий сайдын суудал өгснийхөө төлөө, жирийн нэг улстөрч Ж.Эрдэнэбатыг албан хүчээр арын эгнээнээс урагш нь чирсэн гэдгийг онцлоё. Тиймээс ч ингэж дэмжүүлсэн хүн яагаад МАН-ын даргын суудал руу зүтгэж болохгүй гэж. Гэхдээ, төгсгөлд нь сануулахад хэрэв тэрбээр энэ өрсөлдөөнд ялагдал хүлээвэл олон арван жилийн түүхтэй МАН-аас гэнэт сугарч гарч ирсэн Ерөнхий сайд асан С.Батболдтой адилхан нам жим түүхийг ирээдүйд бүтээхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс алдаа нь ядаж ард түмэнд ойрхон байсан бол гэж бодогдох…
Жич: Тэдний нэг нь дээшээ нисч, нөгөө нь далайд сэлж яваа нь энэ. Хувь хүнийх нь араншин хийгээд улс төрийн арга барил нь ийм юм. Гагцхүү хэн хэнийх нь энэ удаагийн нүүдэл баталгаатай, эцсийн цэгтээ хүрэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь, тэд хоёулахнаа биш, бас төгс биш.
Үндэсний шуудан сонин
зочин · 2017/08/13
Ер нь эн дэлхийн том том гүрний удирдагч нарын сонгуулийг хархад хэнч урьдчилж бодоогүй "сэлэм" эргүүлдэг нөхөд л гараад байх шиг. Жижиг гэлтгүй монголд ч ялгаагүй Ан-ын "сэлэм" эргүүлэгч ЭРдэнэ Баттулгыг яаж ийгээд л ялалтанд хүргэж байна. Урьдчилсан байдлаар Баттулга Ерөнхийлөгч АН-тай МАН-ы эсрэг сэлэм эргүүлэх бололтой. Энэ цаг үед адилхан сэлэм эргүүлчих нэгнийг МАН сонгох нь буруу ч бишдэгээ. Харин ард түмний амьдрал дээрдэх баталгаа улам бүр бүдгэрч хоосон амлалтанд хуурдан эр эмгүй хөх нь хавдсаар...
Noeo · 2017/08/12
Shudraga uuriin tolgoigoor ajillah zasag heregtei bna
Зочин · 2017/08/11
hurelsuh uhaantai ch bish bolovsroltoi ch bish
Зочин · 2017/08/11
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
зочин · 2017/08/11
Хүрэлсүх одоо сэлэм эргүүлж, эсрэг талаа хяргаж өгч байна. Магадгүй ялах магадлал ч өндөр байж болох. Нэг алдартай хүн хэлсэн байдаг. Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад элбэн тохинуулах хэцүү гэж. Ерөнхий сайд боллоо гэж бодоход юу хийх юм болдоо. Улсыг удирдахад хар ухаан биш мэдлэг, боловсрол хэрэгтэй байх гэж би боддог. Та бүхэн юу гэж бодож байна.