Монголын ардчилсан хувьсгал гэж юу байв аа?
2013/03/13
1990 онд гайхамшигт хувьсгал гарсан гэсэн хий хоосон сүржигнэлд дарагдан, «Хувьсгал» гэдэг үгийн утга учир, мөн чанар, ач холбогдол мартагдах дөхсөн өнөө үед бид жинхэнэ хувьсгалын тухай санаж явах учиртай.
1649 он. Парламентын жирийн гишүүнээс догшин жанжин болсон Оливер Кромвель ялзарсан хаант засгийг түлхэн унагаж, Английг БНУ-аар тунхаглав. Капитализм бүрэн төгс ялж, Британи дэлхийн I дайн хүртэл хамгийн хүчирхэг гүрэн байх тавилан эхлэв.
1775 он. Америкийн анхдугаар хувьсгал гарч, Эрх чөлөөний дайн болон үргэлжлэв. 1776 оны Америкийн тусгаар тогтнолын декларацид: хүн бүр тэгш эрх эдлэж, ард түмэн дарангуй засгийг түлхэн унагаж, өөрийн засгийн газрыг байгуулах эрхтэй байна, хүн бүрийн амьдрал, эрх чөлөө, аз жаргалын тэмүүллийг засгийн газар хамгаалан баталгаажуулна хэмээн тунхаглав. 1775 онд Бостонд Английн барааг усанд хаяснаар эхэлсэн хувьсгал АНУ-ыг үүсгэв.
1789 он. Францын их хувьсгал эхлэв. Руссо, Монтескье, Вольтер нарын тэргүүний үзэл санаа Франц дахь хааны хэмжээгүй эрхийг байх газаргүй болгосон байв. Шинэ дарангуй арга хэмжээнд бэлдэж байгаа хааныг эсэргүүцсэн ард түмэн засгийн чухал түшиц Бастилийн цайзыг булаан авлаа. Францын хувьсгал ард түмний эхэлсэн анхны хувьсгал байв. Францын хувьсгалаар ард түмнүүд анх удаа ард түмэн гэж хэн бэ гэдгийг ухаарчээ.
Ард түмэн Робеспьер, Марат, Дантон нарын удирдагчдаа дэвшүүлэн гаргаж, БНУ-ыг тунхаглав. Дэлхийд анх удаа ард түмэн засгийн эрхийг гартаа авсан тэр он жилүүд бүх Барууны ертөнцийг донсолгов. Хүний ба иргэний эрхийн тунхаг улс орны цаашдын замыг тодорхойлж, «Хүн эрх чөлөөтэй, тэгш эрхтэй төрж, тийнхүү амьдрах ёстой» гэсэн тунхгийн үгс түнэр харанхуйг гэрэлтүүлэв. Ард түмэн шашнаас хүртэл татгалзсан байв. Хувьсгалчдын хагарал хувьсгалаа мөхөөсөн ч дэлхийд нэг хэсэг манлайлсан агуу их Франц төрж гарсан билээ.
1848-1849 онд Франц, Прусс, Саксон, Баден, Франкфурт, Милан, Венец, Ром, Вена, Унгар, Прагад хувьсгал гарч, Европ тэр даяараа донслон чичрэв. Бурангуй дэглэмүүд дараалан унаж, ардчилал-хүний эрх ард түмнүүдийг байлдан дагуулж, хувьсгалын гал нурам дундаас эмгэг өвчнөөсөө салсан, эрүүл хүчирхэг Европ сэргэн мандав.
1860 он. Америкийн хоёрдугаар хувьсгал Иргэний дайн болон хувирсан ч боолчлох ёсыг халж, хүссэн бүхэнд газрыг үнэ төлбөргүй өгч, Хойд-Өмнөдийн зөрчлийг арилгаж, хүний эрх, ардчиллыг улам батжуулав.
1917 он. Европын орнуудаас хамгийн сүүлд Орост хувьсгалт үзэл санаа нэвтэрсэн ч нийгмийн зөрчил дээд зэргээр хурцдаж, хямрал туйлдаа хүрсэн энэ их гүрнээс юуг ч хүлээж болох байв. 1905 оны, 1917 оны II сарын хувьсгалууд зөвхөн оршил гэдэг нь хэнд ч тодорхой байв. «Тийм хүч бий!» гэж итгэлтэй тунхагласан хувьсгалч В.И.Ленин 1917 оны XI сард пролетарийн их хувьсгалыг зохион байгуулж, 10 хоногт Орос орныг орвонгоор нь эргүүлж, хун төрөлхтнийг бүхэлд нь донсолгож, дэлхий дахиныг эсрэг тэсрэг хоёр туйлд 70 жилийн турш хуваалаа.
Бидний үед ч ямар хувьсгалууд гарлаа даа. Берлиний хана нурах цаг үеийн гэрч болсон XX зууны бид азтай улс аа. Дурсан санацгаая.
1989 оны VI сард Унгарт Ардчилсан Чуулган, VIII сард Польшид Ардчилсэн Эвсэл сонгуульд ялж засгийн газраа байгуулсан нь соцлагерь нурж буйн жинхэнэ факт болов. Сталинизмын ид үе 1956 онд хувьсгал гаргаж байсан унгарчууд, 1980 оны бүх нийтийн ажил хаялтаас хойш «Солидарнощ»-тойгоо хамт тасралтгүй тэмцэж ирсэн польшууд анх ийм үр дүнд хүрсэн нь аргагүй юм. Энэ факт болон өөрчлөн байгуулалтын явц Дорнод Европын хувьсгалын угтвар нөхцөл болсон билээ.
1989 оны X сарын 7-нд БНАГУ 40 жилийн ойгоо тэмдэглэх байсан ч энэ нь ардчилсан хувьсгал болон өрнөлөө. Германд ойрын үед ийм хувьсгал гарна гэж хэн ч зүүдэлж байсангүй. БНАГУ бол Польш ч биш, Унгар ч биш, ЗХУ бүр ч биш, энэ өдрийг хүртэл «хөгжингүй социализмын» жинхэнэ үлгэр жишээ байв. Гэвч германчууд бүхнийг ойлгосон байжээ. Энэ өдөр л бүхнийг хийнэ гэж бүгд ухамсарласан байжээ. Эхлээд баярын жагсаалд гарсан хүмүүс замдаа огцруулахаа огцруулж, тунхаглахаа тунхаглаж, байгуулахаа байгуулж явсаар, 1961 онд дэргэд нь дэлхийн дайн гарах дөхсөн Берлиний ханыг нураалаа! ХБНГУ-ын нэг хэсэг болох Баруун Берлинд хувьсгалчдыг шууд оруулснаар, ямар ч яриа хэлэлцээгүйгээр хоёр Герман нэгдмэл болов. Берлиний хана нурснаар эрх чөлөөгөө цаг алдалгүй олж авах хэрэгтэй гэж соцлагерийнхан ойлголоо.
Харин хэзээ, хэрхэн? Дэлхий дахин ч хоёр туйлд хуваагдсан эсрэгцэл, «хүйтэн дайн» дууссаныг ойлгов. XI сарын 10-нд БКН-ын ТХ хуралдаж, харин хурлын шийдвэрээс илүү ихийг шаардсан ард түмэн гудамжинд гарлаа. Бас дахин ард түмэн өөрөө хувьсгал хийв. Үүнийг хэн ч зохион байгуулаагүй байлаа. Хэдэн өдөр зогсолтгүй үргэлжилсэн жагсаал цуглаан дундаас шинэ Болгар төрлөө. XI сарын 17-нд Прагийн оюутнууд жагсаж, ардчиллыг шаардав. Оюутнууд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, онц байдал тогтоож, сургуулиудыг хаав. «Оюутнуудын буухиаг бид авлаа!» хэмээн ажилчид жагсав. Словакийн нийслэл Братиславт хувьсгалт хөдөлгөөн өрнөв. Тэрс үзэлтэн Вацлав Гавел, 1968 оны хувьсгалын зүтгэлтэн Александер Дубчек нарыг тэд удирдагчаараа сонгов. Летенско талбайд 750000 хүн цуглаж байв. Чех, Словак гэсэн Европын хоёр ардчилсан улс мэндэллээ.
Шинэ жилийн босгон дээр Румыний Темешвар хотноо эрдейн унгарууд эрх чөлөөг шаардан жагсаж, дарангуй засаг армийн буудлагаар угтсан нь Чаушескуд дургүйцэх румынчүүдийн тэсвэр тэвчээрийг бүрмөсөн алдагдуулав. Цус урсгасны хариуд ард түмэн зэвсэгт тэмцэлд бэлтгэв. Жинхэнэ сталинист дарангуйлалтай байсан энэ оронд өөр тэмцэл үр ашиггүй байв. Сая сая хилэгнэсэн хүмүүс гудамж талбайг дүүргэлээ. Зэвсэглэсэн уурхайчид нийслэл рүү хөдлөв. «Амьд бурхан» гэдэгтээ итгэлтэй байдаг Чаушеску бухарестийнхнийг өөрийн биеэр сэнхрүүлэхээр тагтан дээр гарч ирсэн боловч жагсагчид, цагдаа нарын мөргөлдөөн осолтойгоор эргэж болохыг хараад хилийн чанад руу зугтахыг эрхэмлэлээ. «Социализмын дайснуудтай эцсээ хүртэл тэмцэхийг» цэргийнхэнд тушаагаад арилахыг завдсан түүнийг ард түмний талд орсон офицерүүд баривчлав.
«Карпатын Дракулеску»-г хань хамсаатантай нь өчиггүй цаазаллаа. Румыний зарим газар жинхэнэ тулалдаан болж байв. Шинэ жилийг ард түмэн Шинэ Румынтэй угтлаа.
1990 оны III сард Литов тусгаар тогтнолоо тунхаглав. 1987 онд «Саюдис» хөдөлгөөн байгуулагдаж, 1988 онд төрийн далбаагаа сэргээж, 1989 онд коммунист нам нь ЗХУКН-аас тусгаарласан Литвээс зөвхөн тусгаар тогтнолыг л хүлээж болох байв. Тусгаар тогтнолын тэмцэл, ардчилсан хувьсгал нь зэрэгцэн ялалт байгуулав. 70 жил оршин тогтносон ЗХУ-ын хувь заяа эргэлзээтэй болов. Литвийн тусгаар тогтнол Берлиний хана нурсантай дүйцэх, Зөвлөлтийн зардралын эхийг тавьсан юм. Өөрсдийг нь юу хүлээж байгааг сайн мэдэх литовчууд шууд л окоп ухаж, зэвсэглэж эхэлсэн билээ. Үнэхээр ч тэд Зөвлөлтийн армийн танкуудтай тулсан, зорьсноосоо ухраагүй.
1990 оны XII сарын 8. Албанид хувьсгал гарлаа! Энэ бол огт үнэмшимгүй үйл явдал байв. 60-аад онд социалист орнуудтай муудалцсанаасаа хойш Албани гадаад ертөнцөөс бүрмөсөн тусгаарлагдсан байлаа. Гэтэл Тирана хотод оюутны жагсаал гарч, нууц байдалд байсан ардчилсан байгууллагууд хүчээ нэгтгэж, ард түмэн дэмжиж, хосгүй сталинист дэглэмийг унагав (Румыний дэглэм ч Албаний дэглэмийн дэргэд хүүхдийн тоглоом гэсэн үг байв). Албаний ардчилагчид бүх албаничуудыг эрх чөлөөнд уриалж, Косовын тусгаар тогтнолыг зөвшөөрөв. Югославтай байлдахад ч бэлтгэж эхлэв.
Гэтэл энэ бүхний дунд Монголын «ардчилсан хувьсгал»-ыг дурдахад... Тэр бол хувьсгал биш, МАХН-ын явуулж байсан өөрчлөн байгуулалтын нэг хэсэг төдий байв. Манай тэр үеийн шинэчлэлийн авангард нь ямагт МАХН-ын дэвшилт үзэлт феодалууд байв. Өөр хэн ч байсангүй. Энэ нь МАХН-д ч, зөвлөлтийн зөвлөгчдөд ч хангалтгүй санагдаж, таалагдахгүй байв. Нэг л биш байлаа. Тэгээд юу ч юм зохион байгуулахаар шийджээ. Тэр нь эхнээсээ МАХН, НАХЯ-ны оролцоотойгоор байгуулсан Монголын ардчилсан холбоо гээч байсан гэлцдэг бөгөөд нэр нь хүртэл МАХН болох дөхсөн тул МоАХ болгов. МоАХ «дургүйд хүчгүй» маягаар ажлаа эхэлж, МАХН-ынхаа «өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлнэ, социализмыг жинхэнэ утгаар нь байгуулна» зэргийг давтсаар байв. Европын хамаг хувьсгал дуусчихаад байхад хэнийх нь ч толгойд хувьсгал хийх бодол орж байсангүй гэлтэй. МАХН өөр олон янз бүрийн юм зохион байгуулсныг хэлэх хэрэгтэй.
Тэдгээр нь 90 оны II сард МАХН-ын ТХ хуралдахыг, III сард Ж.Батмөнхийг АИХ-ын дарга хэвээр байлгахыг нэгдсэн хүчээр шаардаж байв. Өлсгөлөн зарлав. 3 сарын 9-нд Улс төрийн товчоо хэний ч санаанд оромгүйгээр яаран огцорсон нь ардчилсан хүчнээсээ хэт түрүүлчихсэн хэрэг байв. Юу хийхээ мэдэхгүй байсан гэмээр ардчилсан хүчийг хойноосоо чирч явах, орхиж гээчихгүй байхын тулд МАХН их л зүтгэж байлаа. Ардчилсан хүч үнэндээ байгаагүй л юм бол МАХН-д түүнийг бий болгох шаардлага юу байсан юм? Ердөө л шинэ цаг үедээ зохицож өөрсдийгөө авч үлдэхийн тулд, жинхэнэ хувьсгалаас сэрэмжлэх гэсэн хэсэг бүлэг энэ бүхнийг хийжээ.
3l сарын 21-нд Ж.Батмөнх огцорч, хожмын ардчилсан хүчний нэг лидер П.Очирбат гарч ирсэн нь МАХН, ардчилсан хүч хоёр хамт байсны хөөрхөн бэлгэдэл гэлтэй. Тэр үед нийслэлийн тоглоомыг буруу ойлгосон орон нутгийн нөхөд жинхэнэ ардчилсан хөдөлгөөн өрнүүлэх дөхөж байв. Нийслэлд төвийг шилжүүлэхийн тулд ардчилсан хүч түр хурал, онц зөвлөл, байр байшин ээрэг жижиг сажиг зүйл шаардан IV сарын 24-нд жагсаал цуглаанаа эхэлж, 27-нд МАХН Саарал ордонг цэргээр бүслүүлэн жүжиг тоглов. Цаашид ч бүх үйл явдлыг МАХН хөтөлсөн хэвээр. Ардчилсан нөхөд дорвитой юуг ч санал болгож чадахгүй байлаа. Анхны чөлөөт сонгуульд МАХН ялав, ерөнхийлөгч, ерөнхий сайдын суудал, Засгийн газар, АИХ, УБХ бүгдийг МАХН байлдан дагуулав. Үр дүн гэвэл энэ.
Ардчилсан хувьсгал гэж энийг хэлэх үү? Сул доройхон, сунжирч явсаар МАХН-ыг шинэ ялалтад хүргэв. Ганхаж мэдэх байсан МАХН-ын байр суурийг батжуулж өгөв.
«Хувьсгал» өөр юуг өгөв? Ард түмэн санаачлагыг гартаа авч мэдэх байсан өөрчлөн байгуулалтын явц харин ч удаашрав. Хуучинсагчууд цагаа олж шинэлиг үзэлд цохилт өгөх тохиромжтой нөхцөл бүрдэв. Оросын өөрчлөн байгуулалт ч дуусав, Монголын өөрчлөн байгуулалт ч дууссан байв. Энийг ардчилсан хувьсгал гэх үү? Юуг хэлэх вэ? Мэхлэгдсэн олон цуглан алга ташиж, «тойрон аялал» хийж байсныг л тооцохгүй юм бол. Одоогийн олон улс төрийн нам, хүч гээд байдаг нь нэг л бөөн бэртэгчингүүд аж. МАХН гэж байсан, байна, бусад нь бас л хувилбарууд нь, адилхан бэртэгчингүүд. Хятадад арван ардчилсан нам байдаг гэдэг шиг л инээдтэй асуудал. Хятадад ХКН гэж ганц л нам байдаг, наагуураа «тэмцэж», цаагуураа хуйвалддаг манай намууд ч бүгд л ХКН-тай хамтран ажиллахыг мөрөөддөг, өрсөлдөн ажилладаг. Олон нам биш, Хятадын талыг баримтлагч нэг л нам манайд байнам бус уу. МҮАН тийм л баруун нам юм бол яагаад ХКН-тай ахан дүүсийн холбоотой байдаг юм бэ? гэж төгсгөхөөс.
Ч.Мөнхбаяр P.S. 2000 оны хавар, энэ үгүүллийг найз Б.Сэргэлэнгийн хамт гаргах гэж байсан “хувьсгалт дугаар”-т зориулан бичсэн ч, тэр дугаараа хэвлүүлж чадаагүй. Б.Сэргэлэн маань миний материалуудыг өөр сонинд хэвлүүлнэ гэж байсан, нэг нь л лав хэвлэгдсэн байсан. Энэ үгүүллэг хэвлэгдсэн эсэхийг мэдэхгүй тул, анх удаа уншигчдад хүргэж байж магад хэмээн бодож нийтлүүлэв. Олон жилийн дараа үзэхэд сонин л юмсанж.
MindtechAffiliates · 2019/07/02
Fully dedicated · 2019/04/27
rsupnwswirs · 2013/07/22
4f4*kG , [url=http://fnpxrtbcylpz.com/]fnpxrtbcylpz[/url], [link=http://ajcrkfbdcljl.com/]ajcrkfbdcljl[/link], http://fikrfsscksuz.com/
social bookmark · 2013/06/10
ao0rpM wow, awesome blog article.Thanks Again. Fantastic. http://crk.com/
social bookmark · 2013/06/05
5vvXVQ Appreciate you ***ring, great blog article.Thanks Again. Awesome.