С.САРУУЛ

МАН-ын бүлгийн 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж өчигдөр /2017.08.23/ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Шадар сайд, Б.Баатар хоёрын ярианы бичлэгт Оюук гэдэг нэр нэлээд дурьдагдсан. Энэ талаар тайлбар өгөх үү?

-Би  гар утсыг тагнаж чагнадаг байгууллагын хүн биш. Хоёр хүн утсаар ярьсан л биз. Сонгуулийн дараа ярьсан гэж байна лээ. Би ярьсан биш. Нэг утасны ярианаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд унасан гэж дүгнэж болохгүй. Баатар бид хоёр хожим  танилцсан ах дүү хоёр. Танилцахад Х.Баттулга Ерөнхийлөгч тэр хоёр ойр дотно байсан. Тэгэж ярих юм бол сонгуулийн үеэр бүрэн зураглал гээд надтай холбогдохгүйгээр хамгийн их холбогдсон хүн бол М.Энхболд дарга өөрөө. Тэгвэл М.Энхболд дарга Б.Баатар хоёрын утасны яриаг гаргаж тавь.

-Таныг Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэх мэдээлэл бий ?

-МАН-ын нэг ч гишүүн намынхаа эсрэг ажиллаагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэе. Д.Амарбаясгалан генсекийн хэлдгээр хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж ажилласан. Ийм их хэмжээний хөрөнгө, цаг гаргасан сонгуулийг арав гаруй жил идэхвтэй улс төрд явахдаа хараагүй. Бүх чадлаараа хичээсэн. Сонгуулийн үед бүлх залгисан юм шиг чимээгүй байсан нөхдүүд сонгуулийн дараа бүлтрээд байх хэрэггүй. Тухайн үедээ гараад ярихгүй яасан юм. Тэргүүн эгнээнд нь гараад ажиллахгүй яасан юм бэ. Огт байхгүй байсан хүмүүс гэнэт гарч ирээд ингэх, тэгэх байсан гэж болохгүй. Ер нь бол сонгуульд ялагдсан үндсэн шалтгаан бол УИХ-ын даргаар М.Энхболд дарга өөрөө ажиллах шийдвэр гаргасан нь. Анхдугаар чуулган дээр М.Энхболдын эсрэг саналыг би ганцаараа өгч байсан. 65 суудалтай том намын ард түмний итгэл найдварыг М.Энхболд дарга өөрөө Ерөнхий сайд болж хариулах ёстой байсан. Тэгэж байж эдийн засгийн хүндрэлээс гаргах ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчөө сонгуулиа бодсон буруу нүүдлээс болж томилгоон дээр алдаа гарсан. Бүлгийн гишүүдийн санал хураахгүйгээр өнөөдрийн Засгийн газрын гишүүдийг томилсон. Энэ нь өөрөө УИХ-ын бүлэгт Засгийн газрын гишүүд хүлээн зөвшөөрөгдөхгүй, хүчтэй байх чадалгүй болсон.

-Засгийн газрыг огцруулах бичигт яагаад гараад үсэг зурав. Эдийн засаг хямралтай үед улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөх бол?

-Ард түмний 70 хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэсэн судалгаа гарсан. УИХ бол ард түмнээс сонгогдож гарч ирсэн бага ард түмэн байдаг. Тиймээс ард түмэн өөрөө Засгийн газар дүн тавьсан байхад цаг алдахгүйгээр өөрчлөхгүй бол 2020 онд ард түмэн ямар дүн тавина гэдэг тодорхой болчихлоо.

65 суудалтай Засгийн газар бол дөрвөн жилээр биш 20-25 жилийн томоохон  реформ хийх, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойох хурдтай, далайцтай, зангарагтай, хүчтэй байх ёстой. Гэтэл танил тохой татсан хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд бий болсон Засгийн газар боллоо. АН өнгөрсөн дөрвөн жил авлигын алдаа гаргасан байхад нэг ч хүнд хариуцлага тооцож чадсангүй.

Цэцэрлэг хүрэлцэхгүй байхад Засгийн газрын нэр бүхий 4-5 сайд 802.8  тэрбум төгрөгийн концессыг өөрсдийнхөө нэрийн компани дээр авч байгаа нь АН-аас юугаараа ялгаатай байгаа юм бэ. Сүүлдээ тойрог дээрээ очоод хүний нүүр харж чадахгүй боллоо. Шударга ёсыг тогтооно гэж Хэнтий аймгийн сонгогчиддоо хэлж гарч ирчихээд нүдний өмнө хээл хахууль, шударга бус хуйвалдаан болж байхад зүгээр хараад сууж чадахгүй.Бид алдааг бусдаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Эргэж буцсан шийдвэрүүдээ харах хугацаа байсан. Тиймээс гомдох хэрэггүй. Яаралтай дараагийн Засгийн газрыг байгуулах ёстой.

-Шинэ Засгийн газар байгуулагдахаар та сайд болох уу?

-Бүх зүйл хуулийнхаа дагуу явна. Парламентын түвшинд сонгогдож байгаа соёлоороо мэдлэг чадвартай хүмүүс нь сайдаа хийгээд явах ёстой. Ард түмнээрээ дүнгээ тавиулна.  Өнгөрсөн хугацаанд би сайд, дэд сайдын албан тушаалд оролцохгүй гэсэн итгэл үнэмшлийг илэрхийлж явсан. Энэ удаа ч гэсэн тийм итгэл үнэмшлээ илэрхийлсэн. Албан тушаалын төлөө биш ард түмний төлөө  салбараа аваад явах зангарагтай хүмүүс нь сайд болох ёстой. Адаглаад Ерөнхий сайд нь улс төрчдийнхөө эхний арав дотор рейтингийн судалгаагаар байж байх хэрэгтэй. Салбарын сайдууд нь эхний 30 дотор байдаг улс төрчид байх ёстой. Хөдөө орон нутагт Ерөнхий сайдыг танихгүй байна.  Олон улсад Засгийн газрын рейтинг 50-иас доош хувьтай болоод ирвэл өөрийн хүсэлтээр огцордог. Манай Засгийн газарт ард түмэн дүнгээ өгсөн. Одоо ард түмнээсээ уучлалт гуйгаад огцрох ёстой гэж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурсан.

-Дараагийн Засгийн газар мэргэжлийн гэх болзлыг хангасан байх ёстой юу. Юу гэж харж байна вэ?

-УИХ-ын гишүүдийг ятгаж, уулзаж зохион байгуулаад гарын үсэг зурсан юм биш. Авлигалыг хамгаалаад байхаар нь аргаа бараад зурж байна. Одоо байгаагаас илүү Засгийн газар байгуулах ёстой. Засгийн газар өөртөө нэр өгөөд байх субьект биш. Улс орныг хөгжүүлэх, ард түмнээ орлоготой болгох бодлоготой байх ёстой. Эдийн засаг бидний бодсоноос хэт удаан өслөө. Наадмын өмнө ард түмэн баяртай байсан бол одоо итгэл нь алдарч байна.

-МАН-ын бүлэг Д.Гантулга гишүүнтэй хариуцлага ярьсан уу?

-Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд би Д.Гантулга гишүүнтэй уулзсан. Үнэхээр тийм зүйл болсон бол чамд УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй гэж хэлсэн. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэх ёстой. Хэнтий аймгийн сонгогчид болон нийт ард түмнээс уучлал гуйх ёстой гэсэн. Д.Гантулга гишүүн тийм зүйл болоогүй гэдгийг хэлсэн. Тэгэхээр хууль хяналтын байгууллага нь тогтоох юм бол хариуцлага хүлээх ёстой. Энэ бол ёсзүйн асуудал. Мөн улс төрийн асуудал байсан бол хуулийнхан үнэн мөнийг нь тогтоох ёстой.

-60 тэрбумын схемийг ярих үеэр таныг байсан гэдгийг А.Ганбаатар хэлсэн. Нотлох баримт болгож зураг үзүүлсэн?

-60 тэрбумтай холбоотой бичлэг 2014 оны есдүгээр сарын 08-ны өдөр хийгдсэн гэж байгаа. Тухайн үед би АНУ-д суралцаж байсан. Тэгэхээр бие махбодийн хувьд ч юмуу байх боломжгүй. Би АТГ-т очиж байцаалт өгсөн. 60 тэрбумтай холбоотой асуудлын сэдэл нь өөрөө системийн авлигал. Төрийн бүх системийг авлигалд татан оролцуулна гэдгийг хамгаалж болохгүй. Эцэслэн тогтоох ёстой. Бичлэг хийгдсэн эсэхэд маргаад хэрэггүй. Харин бичлэгэн дээр байгаа схем хэрэгжсэн эсэхийг л тогтоох ёстой.

Ц.Сандуйг ажлаа өгөөд шалгуул гэж намын Удирдах зөвлөлийн хурал дээр уриалсан. Ц.Сандуйгийн мууг үзэх гээд байгаадаа биш. 60 тэрбумын асуудлыг бид намаасаа холдуулахгүй бол 2020 онд намтай нь биднийг холдуулна гэдэг тодорхой.Ардын нам өмгөөлөх тусам авлигалтай ойрхон юм шиг харагдаж байна. УИХ-ын даргыг ч гэсэн шалгуулж ард түмэнд худал ярьсан үнэнээ хүлээ  гэж уриалсан. Тэнд байгаагүй, миний хоолой биш гэж А.Ганбаатараар хэлүүлээд ч худлаа.

-Зургийн талаар тайлбарлахгүй юу?

-2015 оны үеийн зураг байх шиг байсан. Сайн хараагүй.

-Намын шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?

-Манай нам шинэчлэгдсэн гэж бодож байгаа. Эрдэнэтийн асуудалд УИХ-ын дарга Ерөнхий сайд эсрэг байр суурьтай байсан. Эрдэнэтийн асуудал дээр гаргасан УИХ-ын тогтоол манай намын шинэчлэлийг илтгэсэн гэж харж байгаа. 65 суудалтай нам зөв явахгүй бол засаглалын хямралд орно. Намуудын улс төрийн систем, Монгол Улсын төр засгийн бүтэц социалист үеийнхээ процедураар явж байна. Улстөрчид ард түмэнтэй маш ойр тэдний хүлээлтэд нийцэж байх ёстой. Энэ ёсзүйгээс холдох юм бол улс төрийн тавцангаас үг дуугүй зайлдаг соёл байх ёстой. Улс төрийн ийм сайн засаглалын төлөө явах болно.

Эх сурвалж: www.polit.mn