Жүдогийн ДАШТ-ий эхний өдөр манай хоёр тамирчин медаль хүртлээ
2017/08/29
Унгарын Будапешт хотноо өчигдөр эхэлсэн 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтын буухиаг эхлүүллээ.
Үүнээс гадна Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Отгонцэцэг мөн хүрэл медаль хүртсэн юм.
Өчигдөрийн хувьд эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэй 60 кг-ын жингийн барилдаан болж, Монголын баг тамирчдаас гурван жүдоч зодоглосон юм. Улмаар дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар нар медалийн тавцанд зогсож, дэлхийн аваргын медалиа хос болгосон түүхэн өдөр болж байна.
М.Уранцэцэгтэй нэг жинд буюу 48 кг-ын жинд Казахстаныг төлөөлөн барилдсан Г.Отгонцэцэг хүрэл медалийн эзэн болж, хоёр монгол бүсгүй ДАШТ-ий медалийн тавцанд зогссон нь энэ өдрийн бас нэгэн онцгой үйл явдал байлаа.