НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 31-ний өдөр өгсөн талаарх мэдээлэл дэлгэгдэж олон хүнийг баярлуулж басхүү гомдол тээлгэсэн.

 

 

Тэгвэл энэхүү мэдээлэл нь өнөөдрийг хүртэл албажиж Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй явна. Тэрбээр хоёр шатны сонгууль дамжин дуулиан тарьсан 60 тэрбумын хэргээс үүдэж, НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ намынхаа удирдах зөвлөлд хүргүүлсэн гэх. Энэ талаар НИТХ-ын дарга Ц.Сандуй “60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч НИТХ-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж, буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө" хэмээн намынхандаа мэдэгджээ. 

 

Энэхүү мэдээлэл нь түүнийг үнэхээр улс төрийн соёл гаргаж, сандал ширээтэй зууралдахгүй ажлаа өгөхөөр болсон “сайн” улс төрч гэх тодотголыг зүүлгээд амжсан.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуйг муу нэр зүүлгээд байсан хэрэг хаагдаж, тэрбээр гэмгүй нэгэн болсон тул ийнхүү өнөөдрийг хүртэл тэргүүлэгчдийн хурлаа зарлахгүй байгаа гэх.

Гэтэл энэхүү магтаалын цуурай намжиж амжаагүй байтал дээрх мэдээлэл нь “шоу” байсан уу гэх эргэлзээ төрүүлэх мэдээллүүд хөврөх боллоо.  

 

НИТХ-ын дарга Ц.Сандуйн гаргасан хүсэлтийг НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх учиртай бөгөөд чуулганы товыг тэргүүлэгчдийн хурлаар тогтоох журамтай. Харин тэргүүлэгчдийн хурлыг хурлын дарга өөрөө буюу Ц.Сандуй зарлах ёстой ч тэрбээр одоог хүртэл хурлын товоо гараагүй байгаа юм.

 

Чухам ямар шалтгаанаар хурлын товоо зарлахгүй ийнхүү луу унжиж, хүндэрч байгаа нь олны анхаарлыг татах болов. Энэ талаар цахим ертөнцөд иргэд “Ц.Сандуй өөрийн хүсэлтээрээ ажлаа өгнө гэх мэдээллээр шоу хийж байна. Үнэхээр ажлаа өгч шалгуулах байсан бол бусдын шийдвэрийг хүлээхгүй хурлаа товлон хуралдуулж, асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Гэтэл тэрбээр үүнийг хүсэхгүй байна” гэгчлэнгээр байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

 

Угтаа олны үг ортой гэдэгчлэнгээр Ц.Сандуй хурлаа товлон хуралдуулвал түүнийг огцруулах нь дамжиггүй. Тодотговол Ц.Сандуйг өөрийн хүсэлтээрээ ажлаа өгөх өргөдөл гаргахаас өмнө НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн бариад байсан юм. Мөн НИТХ дахь АН-ын төлөөлөгчид энэхүү шаардлагыг дэмжиж байгаа гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр хурал товлогдон уг асуудлыг хэлэлцвэл Ц.Сандуй огцрох нь дамжиггүй. Тиймээс ч хурлыг зарлахгүй өнөөдрийг хүрсэн байхыг үгүйсгэхгүй.

 

Нөгөөтэйгүүр НИТХ-ын дарга Ц.Сандуйн нэр холбогдож суудлаасаа огцрох дээрээ тулаад буй гол асуудлын нэг болох "60 тэрбум төгрөгийн хэрэг" хаагдсан нь түүнийг хурлаа зарлахгүй өнөөдрийг хүргэсэн болов уу гэх таамаг юм.

 

Ц.Сандуйг огцрох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гарснаас 4 хоногийн дараа Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа “60 тэрбумын хэргийг хаасан” гэдгийг олон нийтэд мэдээлсэн. Тэрбээр “Шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн” хэмээв.

 

Ийнхүү НИТХ-ын дарга Ц.Сандуйг муу нэр зүүлгээд байсан хэрэг хаагдаж, тэрбээр гэмгүй нэгэн болсон тул ийнхүү өнөөдрийг хүртэл тэргүүлэгчдийн хурлаа зарлахгүй байгаа гэх.

 

Ямартай ч өөрийн хүсэлтээрээ ажлаа өгөхөө мэдэгдэж, том ам гарсан НИТХ-ын дарга Ц.Сандуй суудалтайгаа үлдэх үү эсвэл түүний хүсэлт хаагдсан гэх 60 тэрбумын хэрэгтэйгээ замхрах уу  гэх асуултын хариулт удахгүй тайлагдах биз.

 

24tsag.mn