Рэй Аллен: Би Бостоны тоглогчдод хайртай
2017/09/12
2012 онд Бостон Селтикс багийг орхиж, тухайн үеийн гол өрсөлдөгч Майами Хит багруу явж, Бостоны фенүүдийн болоод тоглогчдын хувьд дайсан мэт болоод байсан Рэй Аллен өчигдөрхөн хуучин багийн анд Пол Пийрстэй уулзаж, хамтдаа зурагаа авахуулсан байсан билээ.
Тэгвэл Бостонд хамт тоглож байсан тоглогчдынхоо талаар Рэй хэлэхдээ: “Хэдийгээр Бостоныг орхиод 5, 6 жил өнгөрсөн ч гэсэн хамт тоглож байсан тоглогчдынхоо талаар би хэзээ ч сөрөг зүйл бодож, ярьж байгаагүй. Тэр цаг үеэс хойш дөнгөж ганц хоёр жил өнгөрсөн мэт л санагдаж байна.
Миний гэрээ дуусч, тэгээд л би багаа орхисон. Хүмүүс тэр талаар олон сөрөг зүйл ярьдаг. Гэхдээ чиний талаар хүмүүс юу гэж хэлэх нь огт хамаагүй. Учир нь бид хамтдаа ялалт байгуулж, аварга цолонд хүрсэн учир бид үргэлж дотно байна гэсэн үг. Бид нэг гэр бүл шиг болсон учир бие биенээ хайрлаж, хүндэлдэг. Хамтдаа аварга авсан эдгээр залуусын талаар би үргэлж сайхан зүйл бодож явдаг. Энэ бодол минь хэзээ ч өөрчлөгдөхгүй” хэмээн ярьжээ.
Селтикс 2008 онд анх бүрдсэн жилдээ аварга авч, дараагийн 3 жил лигт элит багуудын нэг хэвээр байсан билээ. Хэдийгээр өнгөрсөн жил Ражон Рондо багийн эргэн цугларалтад Алленыг дуудаагүй шалтгаанаа Майамид очсонтой нь холбож тайлбарласан ч Рэй энэ талаар ямар нэг зүйл хэлээгүй байсан юм. Тэгвэл ийнхүү Бостоны тоглогчдод одоо ч хүндэтгэлтэй ханддаг гэдгээ тэр илэрхийлжээ.