О.Тэмүүжин: Манай продакшны дараагийн мөрөөдөл драмын жүжигт хүч сорих
2017/09/17
“Эмоци” продакшны жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Тэмүүжинтэй ярилцлаа.
-“Эмоци” продакшн “Гоё өдөр” хэмээх шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргээд эхэлжээ. Мөн тун удахгүй “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноны нээлт болно гэсэн байх аа?
-Манай продакшн намрын ээлжит шоу тоглолтоо нээгээд байна. Тоглолт маань өдөр болгон Соёлын төв өргөөнд болж байгаа. Мөн есдүгээр сарын 8-нд “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг хийх гээд хүлээж байна даа. Энэ мэтчилэн уран бүтээлийн олз омог дүүрэн, сайхан намар болж байна. Цаашдаа тоглолт болон “Гурван найз эргэж ирсэн нь” уран сайхны киногоо хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүргэнэ.
-Энэ удаагийн “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны кино урьд, урьдынхаасаа юугаараа өвөрмөц байх вэ?
-“Гурван найз” олон ангит киногоор эхэлж байсан л даа. Харин дараа нь “Гурван найз яасан байх нь уу” хэмээх нэг ангит уран сайхны кино хийсэн. Энэ удаад бол “Гурван найз эргэж ирсэн нь” нэртэйгээр гарч байна. Мэдээж гурван найзад тохиолдсон адал явдлын тухай өгүүлнэ. Гэхдээ өмнөх ангиудаасаа үйл явдал, киноны хийц, уран бүтээлчдийн хувьд илүү ахиц, дэвшил гарсан. “Hulegu pictures”, “Эмоци” продакшн хамтарсны дээр Тайландын кино компанитай болон БНСУ-ын жүжигчид оролцон тоглосон. Зураг авалтаа Тайландад очиж хийсэн байгаа. Монгол киногоо дэлхийд сурталчилахын тулд гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллах нь зүйтэй гэж бодсон л доо. Ямартай ч ярьж, төлөвлөснийхөө дагуу уран бүтээлээ хийж чадсан даа киноны хамт олон маань их баяртай байгаа. Олон ч хүний хөлс, хүч сэтгэл шингэсэн болохоор чанартай уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.
-Гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад онцлох зүйл нь юу байсан бол?
-Суралцах зүйл цөөнгүй байсан. Цаг маш сайн баримталдаг, үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Нэг баг хамт олон шиг байж чаддаг нь авууштай санагдаж байлаа. Мөн зохиол дээр юу гэж тусгасан байна яг л түүгээрээ явдаг. Манайхан бол зураг авах байршил, зарим үг зэргээ өөрчлөх тохиолдол гардаг л даа. Энэ мэтчилэн суралцах зүйл маш их байсан. Хамгийн онцолмоор зүйл нь тэнд жүжигчинг яг хаан шиг л байдаг юм билээ. Тэдний хувьд зөвхөн жүжиглэлтдээ л анхаарах ёстой. Учир нь тэрхүү жүжигчдэд хувцас хунарыг нь бэлдэх, гар, хөлөнд нь массаж хийх, ус уух үед нь савных нь тагийг онгойлгодог хүмүүс хүртэл тусдаа байдаг. Харин бидний хувьд бол өөр шүү дээ. Хувцсаа олж өмсөнө, хэрэгцээтэй зүйлсээ ч цуглуулна гээд киноныхоо бүхий л зүйлсэд гар бие оролцоно. Тийм болоод ч тэрүү гадны жүжигчдийн хангамж зэрэг нь их сонирхолтой байсан. Яахав хэзээ нэгэн өдөр манай Монголын урлаг тэр хэмжээнд хүрч хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ тэр хангамж байсан, байгаагүй манай уран бүтээлчид сайхан уран бүтээл хийж чаддаг шүү дээ.
Ямартай ч уран бүтээлүүд маань төлөвлөгөөний дагуу явж байна. Цаашид ч гадны чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч уран сайхны кино хийх бодол бий. Бүр цаашлаад Холливудынхантай хамтарч ч уран бүтээл хиймээр л байна. Уран бүтээлч хүний сэтгэлийн мухарт энэ мэт сайхан мөрөөдлүүд нуугдаж л байдаг шүү дээ.
-Таны хувьд “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан, өөрийн гэсэн продакшнтай болоод хэдий дөрвөн жил болжээ. Мэдээж алдаа оноо, ахиц дэвшилтэй он жилүүд байсан нь дамжиггүй. Энэ тухайд?
-“Эмоци” продакшнаа байгуулаад дөрвөн хаврыг үджээ. Өөрсдийн гэсэн хөлөг онгоцтой болоод түүгээрээ хэр хол аялахаа үзье гэсэн тэмүүлэлтэйгээр “Х-ТҮЦ” продакшнаас зориглон гарч байлаа. Тэр үеэ бодоход өөрийн гэсэн байр суурьтай, “Эмоци” продакшнаар овоглодог уран бүтээлчидтэй, хаана ч очсон биднийг хүлээн зөвшөөрөхүйц болсон гээд маш их өөрчлөлтүүд гарчээ. Уран бүтээл минь амжилттай явж байгаа учраас л бид өнөөдрийг хүртэл зогсохгүй явсаар байна. Уран бүтээлчдийн маань ч хувьд туршлагажсан. Продакшн маань сандал, ширээ ч үгүй байлаа. Гэтэл одоо маш олон хувцас, хэрэгсэл, тайзны фондтой болсон. Уран бүтээлийн жагсаалт маань ч багагүй нэмэгдсэн. Энэ хугацаанд тайзны уран бүтээл, олон ангит болон нэг ангит уран сайхны кино болон хэд, хэдэн аялан тоглолтыг хийжээ. Мөн уран бүтээлүүддээ зориулж цөөнгүй клип ч хийсэн. Харин манай продакшны дараагийн мөрөөдөл бол драмын жүжигт хүч сорих юм. Гэхдээ одоогоор хараахан тохироо нь бүрдээгүй байна л даа. Энэ мэтчилэн бид жүжигчин хүний хүч үзэж болох бүхий л төрөл, жанрт хүч үзэхэд бэлэн байна. Өлсгөлөн чоно мэт л дайрч ороход бэлэн гэж болно. Хамтлагийн маань жүжигчид харьцангуй залуу байна. Тэгэхээр маш их ирээдүй бидэнд бий гэж боддог. Ер нь тэгээд амжилттай сайхан явахаар улам л урам зориг ордог юм байна. Энэ их эрч хүч урам зоригоор үзэгчдэдээ чанартай, хүртээмжтэй сайхан уран бүтээлүүдийг хүргэхээр зорьж явна.
-“Эмоци” продакшн анх байгуулагдахдаа бусад хошин урлагийн хамтлагуудаас юугаараа онцгой байхыг зорьсон бэ. Одоо тэр чиг шугамаараа явж чадаж байгаа юу?
-Яг шударга хэлэхэд манай продакшн энтертайнмент чиглэлээр уран бүтээлээ хийхийг зорьдог. Энэхүү чиг шугамаа ч барьдаг. Тэр ч утгаараа ч хоёр жил тутамд нэг олон ангит кино хийж байгааг үзэгчид маань анзаарч байгаа байх. Мөн үзэгчидтэйгээ ч гэсэн ойр байхыг хүсдэг. Тоглолт болгон дээр маань үзэгчидтэйгээ хамтарсан үзүүлбэр байдаг. Түүнчлэн тоглолтын өнгө аяс ч тэр дуу, бүжиг, өнгө будаг, тайз засалт зэрэг маань ч энтертайнмент тал руу чиглэдэг. Хэдий бүхий л хошин урлагийн хамтлагууд энтертайнмент чиглэлийг барьдаг гэдэг боловч “Эмоци” продакшны хувьд илүү содон байдаг болов уу. Манай продакшны бүх уран бүтээлчид дуулж, бүжиглэж, жүжиглэж байна. Бүх зүйлээ л цогцоор нь байлгахын тулд бид хөдөлмөрлөж байгаа юм. Бид ч бие, биенээсээ тийм байхыг шаарддаг.
Түүнчлэн манай продакшны уран бүтээлчид харьцангуй эрх чөлөөтэй. Хэн нь ч байлаа гэсэн кино, шоу тоглолт гээд хүссэн уран бүтээлдээ оролцоод, тоглоод явж байдаг. Энэ бас манай хамт олны нэг онцлог давуу тал л даа. Тиймдээ ч манай хамтлагийн уран бүтээлчдэд маш их саналууд ирдэг.
-Таны хувьд “Boomtown” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж улмаар “Х-ТҮЦ” продакшнд харьяалагдах болсон шүү дээ. Тэрхүү үеэ дурсвал?
-СУИС-ийн кино, драмын ангийн жүжигчин байхдаа хурдан л алдартай жүжигчин болох юмсан гэсэн мөрөөдөлтэй байлаа. Ер нь урлагийн чиглэлээр сурч байгаа хүн бүхний л мөрөөдөл алдартай хүн болох байдаг байх л даа. Тиймдээ ч оюутан ахуй цагийнхаа мөрөөдлийг биелүүлж дуулж, бүжиглэдэг хэдэн залуус нийлэн “Boomtown” хамтлагийг байгуулсан. Уран бүтээлээ ч сайхан хийж байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн гэсэн үзэл бодолтой, ирээдүйг харах өнцөгтэй уран бүтээлч болон төлөвшдөг юм байна л даа. Ингээд продакшнаар овоглоод яваад үзье гэж шийдсэн. Сайхан ах, эгч нарынхаа дунд олон жил ажиллаад их ч зүйлийг сурсан даа. Харин тухайн үед залуучуудаараа нийлээд яагаад продакшн байгуулж болохгүй гэж гэсэн бодол төрдөг байлаа. Одоо бол өөрийн гэсэн продакштай болсон байна. Олон ч сайхан уран бүтээл хийнэ гэж зорьж байгаа. Магадгүй цаашдаа продакшнаас ч илүү зүйлийг хүсэж, мөрөөдөхийг үгүйсгэхгүй. Тэр үед түүнийхээ төлөө мөн л зүтгээд, хөдөлмөрлөөд явах болно. Амьдрал баялаг шүү дээ.
-Таныг их сургуулийн тань багш нар театрын жүжигчин бол гэж зөвлөдөг байсан гэлүү?
-Багш нар маань “Чи драмын театрт ажиллаарай. Тэр нь чамд илүү зохино” гэж хэлдэг байсан. Гэхдээ миний хувьд хүмүүсийн заримдаа сайн бас муу ч хэлдэг хошин урлагийг сонгосон. Хүмүүс хошин урлагийг шүүмжлэх, муулах үе байдаг л даа. Тийм боловч өнөөдрийг хүртэл моданаас гараагүй байгаа л урлаг шүү дээ. Миний хувьд хошин урлагийн сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Энэ бол миний явах ёстой зам л гэж боддог. Миний хувьд драмын театрын тайзнаа “Аянгын бороо” жүжгээр гарч байсан удаа бий. Үнэхээр сайхан байсан гэдгийг энд онцлох нь зүйтэй байх. Ямартай ч бид зөвхөн хошин урлагт гэж туйлшрахгүй бүхий л жанраар уран бүтээл хийж байна.
-Та “Ийм нэгэн дурлал”, “Сарны нулимс”, “Хайрлаж болох уу” , “Болсон явдал” зэрэг уран сайхны кинонууд тоглож байсан. Эдгээр кинонууд ч үзэгчдийн хүртээл болж чадсан...
-Миний хамгийн анхны уран бүтээл маань “Ийм нэгэн дурлал” уран сайхны кино л доо. Харин “Болсон явдал” кинон дээр найздаа туслахын тулд эмэгтэй хүн болж байгаа залуугийн дүрд тоглосон. Энэ дүрийг хүмүүс сонирхож асуух нь цөөнгүй байдаг. Би тийм ч их кинонд тоглоогүй л дээ. Арав гаруйхан л уран сайхны кинонд дүр бүтээсэн байх. Бүх уран бүтээлдээ зүрх сэтгэлээ шингээж ажилладаг болохоор энэ дүрүүддээ хайртай.
-Та нэгэн ярилцлагандаа туслах дүрд тоглохыг хүсдэггүй гэсэн байсан. Яагаад юм бол?
- Кино саналууд их ирдэг л дээ. Харин ажлын онцлогоос хамаараад төдийлөн тоглож амжихгүй юм. Түүнээс жүжигчин хүн дүрийг голж болохгүй л дээ. “Дүр л жүжигчнээ голно уу гэхээс жүжигчин хүн дүрийг голох ёсгүй” гэсэн үг байдаг. Багш нар маань ч ингэж заадаг. Тиймээс дүрийг айхавтар голж, шилээд байх нь ч хаашаа юм. Ажлын маань л боломж, бололцоо болдоггүй.
-Танай гэр бүл саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан. Ер нь таны бодлоор гэр бүлийн аз жаргал юунд оршдог гэж боддог вэ?
-Гэр бүл хүний амьдралын хамгийн том цайз, хэрэм нь. Хүний ажил бүтэмжтэй сайн, сайхан байхад гэр бүлийн байдал хамгийн чухал үүрэгтэй. Өглөө гэрээсээ гарахад үр хүүхдүүд нь аз жаргал, баяр баяслаар дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай байвал тэр өдрийн ажлын бүтээмж илүү байдаг юм шиг санагддаг. Тиймдээ ч гэр бүл минь төлөв, түвшин байгаасай гэж хамгийн их хүсдэг. Ямартай ч би одоо л нэг дөмөгхөн эцэг хүн болж байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Цаашдаа ч гэсэн сайн аав, сайн өрх гэрийн тэргүүн байхын тулд хичээнэ. Мөн хүмүүст үлгэр дуурайл болохоор гэр бүл байх болно. Хэдий гэр бүлдээ цаг, зав зарцуулах үе хомсхон байдаг ч бүхий л зүйлийг амжуулахаар зорьж байна.
Хүннү · 2017/09/18
Манай хошиг шогийхон хэт их мазганах юм аа. Жүжигчин хүнд ур чадвар, мэдрэмж гэдэг зүйл чухал юм байна. Хүнийг инээлгэх гэж янз бүр болох юм, тэр нь инээлгэх биш дургүй хүргэх янзтай. Ер нь хошин урлаг өөрөө жүжигчинг их голдог юм байна. Монголд ердөө хоёр л юм байна. Нам байгуулж тоголох, нөгөө нь хошин шог продагшин байгуулж тоголох. СУИС -д яг энэ чиглэлээр хичээл одог л баймаар юм. Хошин шог жинхэн утгаараа хөгжиж өгөхгүй л байна.
уншигч · 2017/09/18
Сайхан хосууд цаашдынх нь ажил, амьдралд амжилт, аз жаргал хүсье