“Ажнай” Д.Бат-Эрдэнийнхэн говьчуудаар тохуурхав
2013/03/13
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр гэж нэгэн сайн эр бий. Орон нутгийн “Тавантолгой” компаний захирал байсан тэрээр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БХ-ын сайд хэмээх Богд хаанаас ч урт гуншинтай болсон “Ажнай” Д.Бат-Эрдэний гарын хүн агаад түүний дэмлэгтэйгээр ИТХ-ын дарга болсон.
Төрийн албаны дадлага туршлагагүй тэрээр “крандуулж” байж энэ албанд очсон. Тэрээр Өмнөговь аймгийн хөгжлийн гарц нь уул уурхай биш харин аялал жуулчлал хэмээн лүндэгнэсэн нь говьчуудыг тохуурхсан хэрэг болжээ. Жинхэнэ “нүүрсчин” байсан Х.Түмэнбаяр мэтийн нөхдийн балгаар өмнийн цэнхэр говьд гадна дотнын жуулчдад үзүүлээд байх онгон байгал юу ч үлдээгүй. Зэрлэг ан амьтад нь дайжиж, элсэн манхан нь талхлагдаж уул нуруу нь сэглэгдэж харахаас элэг эмтрэм болсон. Зэрэглээ татсан шаргал говь одоо зөвхөнд дуунд л үлдсэн. Өмнийн говийг тахлахад “Тавантолгой” компаний мянга гаруй хүнд даацын машин тэргүүн эгнээнд дайрч байсныг бүгд мэднэ. Х.Түмэнбаяртаны аялал жуулчлал гэж хадуурах нь аргагүй. Учир нь орон нутгийн “Тавантолгой” компаний нөөц шавхагдаж байгаа, бусад нь эзэнтэй болсон тул зангиа зүүсэн “нүүрсчид” олз олох өөр арга хайхад хүрсэн. Говьчууд нэгэн зүйлд гомдолтой байдаг нь байгал орчныг сүйтгэгчид нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Х.Түмэнбаяр гээд дандаа нутгийн унаган хүүхдүүд байдагт гэнэ.