С.Баяртөгс : Анхны алтан медаль маань амжилтын минь гараа байлаа
2017/09/21
Санжсүрэнгийн Баяртөгс гэх энэ шавилхан залуутай хэдхэн хором хөөрөлдсөнөө эрхэм танаа толилуулж байна.
Сур :Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Алс холын тэмцээнээс аварга болоод алтан медалиа зүүгээд ирсэнд бид бүхэн баяртай байна.
Баяртөгс : Сайхан намаржиж байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
Сур :Баяртөгс яаж яваад ийм мундаг тамирчин болчихвоо?
Баяртөгс :Эрүүл байна гэдэг эрхэм баян гэж үнэхээр үнэн үг юм билээ. Миний хувьд илүүдэл жинтэй болж зүрх өвддөг болсон тул Голден жимийн 4 –р салбарт2013 оноос хойш хичээллэж байна. Уг нь би чинь 1995 оноос Хар ирвэст Бадамжунай багшийн удирдлагандорпауэрлифтингээр хичээллэж байсан ш дээ. Тэгээд яахав амьдралаа төвхнүүлэх гээд олон жил фитнесээр хичээллэхээ больсон чинь бие өвдөөд эргээд фитнесээ хөөх болсон доо. 2017 оны 2 сард Голден жим фитнес клубын салбар 4 – ийн гишүүдийн дунд хэвтээ шахалтын 100 - гаар хэн сайн шахах вэ? Тэмцээнд 57 кг шахаад 1 –р байранд орсон. Энэ л миний энэ олон амжилтуудын эхлэл нь байсан даа.
Сур :Аливаа амжилтын үндэс бол багш бас бэлтгэлийн орчин, бэлтгэл сургуулилт байдаг шүү дээ. Голден жимийнтэмцээнээс хойш ямар ямар тэмцээнд ороод энэ олон амжилтын эзэн болчихвоо?
Баяртөгс : Миний багш Батбаяр гэж хүн байдаг л даа. Багш руугаа очиж бэлтгэлээ заалгачихаад Голден жим рүүгээ гүйж ирээд бэлтгэлээ хийж өгнө дөө.Энэ жил их олон тэмцээнд орсон.Улсын аваргад цамцгүй төрөлд 105 шахаж түрүүлсэн. Хойд бүсийн мөнгө, хүрэл, Дарханы нээлттэй тэмцээнд мөнгө, Өвөрхангайд болсон насанд хүрэгчдийн тэмцээнээс алт, мөнгөн медаль, ОХУ – ын Новосибирскт болсон тэмцээнээс 4 алтан медаль авсан.Энэ жил 2 сард цамцгүй төрөлд спортын дэд мастерын болзол биелүүлсэн. Сая спортын мастерын болзолоо хангасан байгаа.Монголын Зүүн бүсийн аймгуудын дундах нээлттэй тэмцээн, ОХУ – д болсон дэлхийн цомд мастер, насанд хүрэгчдийн 4 ангилалд орж 4 алтан медаль авсан.Азийн цомийн нээлттэй тэмцээнд 4 ангилалд 4 алтан медаль авсан байна. Мөн Филиппин улсын Манила хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 ангилалд орж 2 алтан медальтай болсон. Энэ тэмцээнд багаараа буюу 3 тамирчин явсан. Strong фитнес клубын Баярхүү ах, Отгоо бид 3 явж ирсэн дээ.
Сур :Энэ тэмцээнүүдэд ямар амжилт гаргав?
Баяртөгс :Хамгийн сүүлд Ази тивийн аваргад M -1 ангилалд 105 кг шахсан. Харин цамцтайд нь 255 кг шахаж спортын мастер болоод аваргын алтан медаль, цамцгүйд нь бүх жингийн аварга цом авсан нь миний хувьд том амжилт байлаа.Орчин үед дэлхий нийтээрээ энэ спортын төрлийг их сонирхдог болсон юм билээ. Монголчуудын хувьд их чадалтай ер нь л дэлхийд дээгүүр орох магадлал их өндөр шүү. Энэ спорт чинь их кайфтай спорт ш дээ. Өөрийнхөө өргөж чадахгүй байгаа жингээ өргөчих юм бол түүнээсээ их урам зориг авдаг. Нэг тийм гоё мэдрэмж төрдөг гэх юм уу даа / инээв /
Сур :Тамирчдын зорилго их тодорхой байдаг. Таны хувьд ямар зорилго тавьсан бэ? Энэ амжилтандаа хүрэхийн тулд юуг анхааран бэлгэл сургуулиа базаах вэ?
Баяртөгс : Дараа жилээс улсын аварга, ази тивийн аварга, дэлхийн аваргад явах зорилго тавьсан. Ялангуяа 2018 оны 3 сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох бодолтой байна. Тамирчин хүнд бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэл зүйгээ бэлдэнэ гэж их том асуудал байдаг. Өрсөлдөгч тамирчдаа бас судална. Аюулгүй байдлаа хангана гээд олон зүйлийг анхаарч эртнээс бие болоод сэтгэлээ бэлдэх хэрэгтэй л дээ.Цаашдын зорилго бол олон улсын хэмжээний мастер болох зорилттой байгаа.
Сур :Шинэ залуу тамирчид болон энэ спортыг сонирхон хичээллэх залуучууд их болжээ. Тэдэнд хандаж зөвөлгөө өгвөл юу гэж зөвлөх вэ?
Баяртөгс :Тиймээ залуучууд маань фитнесийн спортыг их сонирхож хичээллэх болсон нь үнэхээр сайшаалтай. Фитнес бол залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлдэг ,амьдралыг идэвхитэй болгож, эрүүл мэндэд тустай дээрээс нь сайхан хамт олон, найз нөхөдтэй болгоно. Мөн бахархан дуурайх тамирчидтай бэлтгэлээ хийнэ гээд олон сайхан давуу талтай л даа. Харин залуучууддаа зөвлөхөд бэлтгэл сургуулилт хийх үедээ сэтгэл зүйгээ аюулгүй байдлаа хангаж хичээллэх хэрэгтэй гэж хэлмээр байна.Бас дур мэдэн ганцаараа дасгал хийхгүй байхыг зөвлөе. Багшийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийхгүй бол нуруу нугасны өвчтэй болох аюултай байдаг учраас аюулгүй байдлаа маш сайн хангаж бэлтгэл хийх хэрэгтэй байдаг юм шүү.
Сур :Та цаашдаа энэ спортын төрлөөр шавь бэлдэх үү?
Баяртөгс : Ер нь энэ спортын төрөлд мэргэшсэн багш дасгалжуулагчид их ховор юм шиг санагддаг. Тэгээд ч тэр юм уу би хүү, охин хоёроо энэ спортоор хичээллэх суурийг нь тавьж бараг л багшилж байна дөө. Тэд маань миний амжилтаар бахархаж энэ спортод дурласан гэж хэлэхэд болноо / инээв./Хүү Батбаяр маань улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медальтай.Өвөрхангайд болсон нээлттэй тэмцээнд өсвөр үедээ түрүүлээд залуучууддаа мөнгө, насанд хүрэгчдийн тэмцээнээс мөнгөн медаль авсан амжилттай байна. Харинохин Батчимэг маань бэлтгэлээ базааж байгаад дараа жилээс тэмцээнд оролцоно. Энэ хоёртоо би их найдвар тавьж байгаа. / инээв./
Сур : Танд маш их баярлалаа. Спортын тэнгэр таныг мөнхөд ивээж байх болтугай.