Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үнэлэгдэх эд зүйлс хулгайлсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй гэх заалт одоо хэр нь үйлчилж байгаа.

100 мянган төгрөг хулгайлсан бол гэмт хэрэгтэн биш болохыг ийнхүү хуульчлан баталгаажуулсан нь амьдралд хэр бодитой бол. Энэ хуульд зааснаар бол өнөөдөр хулгай хийсэн этгээдүүд захиргааны хэргээр шийтгүүлэх буюу 5-20 мянган төгрөгөөр торгуулаад л гараад ирнэ. Ийм хэмжээний торгууль тэдэнд шагнал биш гэж үү

Ажлаа тараад харих замдаа урт гартнуудын “халдлага”-д өртөв. Гэрийн зүг яарсан иргэд автобусандаа арай ядан сууж зүү орох ч зайгүй чихээд хөдөллөө. Арай гэж багтсандаа олзуурхаж, цүнхээ тас тэврээд зогслоо. Цүнхэнд гар утас, бичиг баримт, хэтэвч гээд бүх эд зүйл явдаг болохоор элгэндээ тэвэрч, хэрэндээ л хамгаалж явлаа. Гэтэл нэлээд явж байтал өмнө зогсч байсан нэг хижээл насны эр, хажуудаа зогсох залуутай маргалдаж эхлэв. “Мөрөн дээр гараа тавилаа”. “Цаашаа зогсооч”, “Буугаад учраа олчих уу” гээд л хэн ч харсан юун яльгүй юман дээр маргалддаг юм бэ дээ гэхээр хэрүүл болов. Зорчигчид тэдэн рүү анхаарал хандуулан хэсэг зуур сатаарав. Нэг мэдсэн өнөөх хэрүүл ч намжиж, миний буух дөхсөн байлаа. Тэгтэл автобусны хойно зогсч байсан нэг эмэгтэй “Миний хэтэвч алга болчихсон байна” гээд бөөн эрэл сурал эхлэв. Тэр үед би ч цүнхнийхээ цахилгааныг шалгаж үзэхэд зүгээр байна аа. Автобуснаас буугаад дэргэдэх дэлгүүрээс талх авахаар цүнхээ онгойлготол хэтэвч алга. Цахилгаантай цүнхнээс яаж хэтэвч авдаг байна аа гээд гайхан үзтэл цүнхний хажуу талыг тэр чигт нь зүсчихэж. Намайг цүнхнийхээ дээд хэсгийг хамгаалан тас тэврээд байсан учраас зүсэх арга хэрэглэсэн бололтой. Маргааш өглөө нь Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайтай тэмцэх хэлтэст бүртгүүлэхээр очтол Цагдаагийн газрын дуудлагын жижүүр нь “Татан буугдаад удаж байна. Дүүргийн цагдаагийн газартэй нэгтгэсэн. Харьяа дүүргийнхээ цагдаагийн газарт ханд” гэв. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт холбогдож болсон үйл явдлыг хэлбэл харьяаллын дагуу Дамбад байрлалтай цагдаагийн хэлтэст бүртгүүлэх ёстой гэж байна. Заасан газар руу нь залгатал жижүүр нь утсаа авлаа. Хэрэг зоригоо хэлж, алдсан эд зүйлсээ бүртгүүлэх гэтэл “Яг хаана алдсан юм. Ямар хүн авсан юм” гэх ухааны юм хэлээд “Чи өөрөө анхаарал болгоомжгүй явж байсан юм байна”, гээд тоох шинжгүй. Тэгэхээр нь Халаасны хулгайтай тэмцэх хэлтэстэй нь холбогдож болох уу, гэж асуусан чинь тэр хэлтэс татан буугдаад дүүргийн Цагдаа, хорооны хэлтэст нэгтгэсэн гэв. Өөрөөр хэлбэл, халаасны хулгайтай тэмцэх газар гэж байхгүй болсон байна. Арга ядаад “Танайд халаасны хулгайтай холбоотой өргөдөл, гомдол өдөрт хэд ирдэг вэ” гэхэд “Бараг ирдэггүй. Миний ээлжин дээр л лав ирээгүй” гэлээ. Дамба дахь Цагдаагийн хэлтсийн жижүүр Н.Сүхбатын хэлснээр, халаасны хулгай гарахгүй байгаа бололтой. Өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Халаасны хулгайтай тэмцэх хэлтэс гэж тусдаа алба ажиллаж байхад иргэд алдаж гээгдүүлснээ тэнд бүртгүүлдэг байв. Өргөдөл гомдлын дагуу тэндхийн байцаагч нар автобус, автобусны буудал орчмоор энгийн хувцастай эргүүл хийж, зарим нэгэн урт гартнуудыг илрүүлдэг байсан юм. Тэгвэл одоо дүүрэг, хорооны Цагдаагийн хэлтэст нэгтгэснээр халаасны хулгайн эсрэг үйл ажиллагаа зогссон байна. Энэ нь урт гартнуудад эрх чөлөө олгож, баяр дөхсөн энэ өдрүүдэд иргэдийн халаасыг тэмтэрч, “сэгсэрч” явна. Үүнд Халаасны хулгайтай тэмцэх эрүүгийн хуулийн цоорхой ч нөлөөлж буй. Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үнэлэгдэх эд зүйлс хулгайлсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй гэх заалт одоо хэр нь үйлчилж байгаа. 100 мянган төгрөг хулгайлсан бол гэмт хэрэгтэн биш болохыг ийнхүү хуульчлан баталгаажуулсан нь амьдралд хэр бодитой бол. Энэ хуульд зааснаар бол өнөөдөр хулгай хийсэн этгээдүүд захиргааны хэргээр шийтгүүлэх буюу 5-20 мянган төгрөгөөр торгуулаад л гараад ирнэ. Ийм хэмжээний торгууль тэдэнд шагнал биш гэж үү. Хэрэв захиргааны хуульд өөрчлөлт оруулаад Эрүүгийн хууль болгочихвол нийслэлийн хэмжээнд бүлэглэн хулгай хийдэг 700 гаруй хулгайч бүгд шоронд орох нөхцөл бүрдэнэ. Хуулийн энэ цоорхойг тэд анддаггүй, бас мэддэг учраас хэнээс ч айж, ичихгүй иргэдийн халаасыг тэмтрээд байна. Гэтэл тэдний үйлдлийг хараад мэдээлэл дамжуулсан тохиолдолд заналхийлж, сүрдүүлдэг. Эл байдлаас шалтгаалан автобусанд хүний цүнх ухаж байхад хэлж зүрхлэх хүн олдохгүй байна.
 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР