“СИТИ” дээд сургуулийн 15-н жилийн ойн баяр бүтэн сар үргэлжилнэ
2013/03/14
Уншигч та бүхэндээ энэ удаагийн ярилцлагийн буландаа 15-н жилийн ой тохиож буй “СИТИ” дээд сургуулийн захирал, доктор профессор Ц.Байгалмаатай ярилцсанаа хүргэж байна.
- Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргье.
- Баярлалаа та бүхэнд ч мөн адил энэ сайхан өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ бидний ярилцлагийг уншин суугаа “СИТИ” дээд сургуулийн үе үеийн багш ажилчид, мянга мянган суралцагч, төгсөгчиддөө болон нийт уншигчиддаа 15-н жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна.
- Та сургуулийнхаа анх байгуулагдаж байсан түүхээс хуучилвал.
- Тиймээ анх 1998.08.11-ний өдрийн БСШУЯ -ны сайдын 182 тоот тушаалаар тусгай зөвшөөрлөө авч монголын анхдагч төрийн бус өмчийн дээд сургуулиудын нэг болон байгуулагдсан. Тэр үед гурван өрөө түрээслээд хоёр багш, нэг туслах, нэг үйлчлэгч, 60 оюутантай эхлэж байлаа. Мөн манай сургуулийг үүсэн байгуулагдсан анхны өдрөөс мэдлэг оюунаараа дэмжиж тусалсан Төрийн Соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсан, МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн агсан П.Жасрай нарын олон сайхан эрхэм хүмүүс бий.
- Танай сургууль ямар чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэж байгаа вэ.
-Бизнес, дизайн, урлаг, гоо сайхан, гадаад хэл гэсэн үндсэн чиглэлээр 20-иод мэргэжлээр эх орныхоо хөгжил дэвшилд хүчээ өргөх чадварлаг, загварлаг, ёс зүйтэй, иргэнийг төрүүлэхээр сургаж байна даа.
- Өнгөрсөн 15-н жилийнхээ ололт амжилт, бүтээл туурвилаас сонирхуулаач.
- 15-н жил гэдэг бол үнэхээр багагүй хугацаа юмаа. Өнгөрсөн жилүүдийн хувьд эхний 10-н жил нь сууриа тавих, хөгжил дэвшлийг авчрах их хөдөлмөрийн он жилүүд байлаа. 11 дэх жилээсээ эхлээд арга барилаа олж, байр суурь маань бэхжиж, гадаад дотоодын харилцаа хамтын ажиллагаа тогтворжиж сургалтын чанар сайжирч, сурах орчны таатай нөхцлийг бүрдсэн үнэхээр л бахдам амжилтуудын эзэд болцгоосон сайхан жилүүд болж байна. Мөн сүүлийн жилүүдэд сургуулийнхаа гадаад харилцаанд ихээхэн анхаарал хандуулан ажилласны үр дүнд Франц, Япон, Солонгос, ОХУ, Хятад зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй 10 гаруй орны их дээд сургуулиудтай харилцаа хамтын ажиллагаатай болсон байна. Дашрамд дуулгахад бид ойгоо угтаж нийт төгсөгчдийнхөө дунд судалгаа явуулсан юм. Гэтэл судалгаагаар манай сургуулийг төгсөж гарсан нийт төгсөгчдийн 90 гаруй хувь нь байнгын ажлын байртай байгаа гэсэн судалгаа гарсан нь бидний ойн томоохон бэлэг болж байгаа юм.
-Сургуулийнхаа 15-н жилийн ойн хүрээнд олон гайхалтай ажлууд зохион байгуулж байгаа гэсэн энэ талаараа.
-Энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлээд яг бүтэн сарын хугацаанд “СИТИ” дээд сургууль маань 15-н жилийнхээ ойг тэмдэглэхийн зэрэгцээ нийт монголынхоо ард түмэнд тайлангаа тавих юм.
Энэ хугацаанд манай сургуулийн нийт хамт олон, багш оюутнууд хамтран эрдэм шинжилгээний бага хурал, шинжилгээ судалгааны ажлууд хийж байгаагаас гадна урлагийн ангийн оюутнуудын бүтээсэн гурван том мюзикль тоглогдоно.
"Парисын Эх Дагины Сүм" 19, 20-нд 19 цагт ДБЭТ, "Cats /Муурнууд/" мюзикл 28, 29, мөн 04 сарын 01-нд 19 цагт УДЭТ, "Исүс Христ Сүперстар" рок мюзикл ирэх 04 сарын 2,3-нд УДЭТ-ын тайзнаа тоглогдох юм. Дэлхийн шилдэгт тооцогддог тус жүжгүүдийн хувцас хэрэглэл, тайз дэлгэцийг манай сургуулийн хувцас болон интерьерэр дизайн, будаг чимэглэлийг гоо сайхан, реклам сурталчилгаа мэдээ мэдээллийг бизнесийн ангийн оюутнууд хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн ирэх 04 сарын 5-нд “Гоо зүйн боловсролыг оюутан залуучуудад төлөвшүүлэх нь” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, ирэх 04 сарын 12-нд 19 цагт Blue Sky Convention Center-т "15 Жил" хэмээх хувцас загварын үзүүлэх тоглолт, ирэх 04 сарын 14-ний 14 цагт СТӨ- нд 15 жилийн ойн хүндэтгэлийн “Гала концерт” тус тус болох юм.
-Энэ их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
- Та бүхэнд ч гэсэн бидний баярыг хуваалцан хүрэлцэн ирж мэдээ мэдээллийг маань уншигч түмэнд хүргэж буйд чинь сэтгэлээсээ талархаж байна.
Ярилцсан Э.Цэнд-Аюуш