“Таны хичээл бодит байдалтай нийцэхгүй нь. Ерөнхийлөгч Трампаа хар. Энэ онолоос яг эсрэг манлайллыг харуулж байгаа” хэмээн шаагилдсан сонсогчдынхоо дайралтад профессор Грегори Свансон барьц алдсангүй. Жоржтауны Их сургуулийн дэргэдэх Олон улсын Хуулийн Институтын манлайллын зөвлөх ажилтай тэрбээр “Тийм ээ, үнэн. Бид үүнийг бодит байдлын шалгуур гэж нэрлэж байгаа” хэмээн хариулсан юм. “Батлагдсан онол ч шалгуурт ордог нь байдаг л үзэгдэл” гэж тэрээр нэмж хэлсэн. 

 

Манлайллын хичээлд суусан өдрүүд “Титмийн төлөөх тоглоом” киноны 7 дугаар бүлгийн сүүлийн ангиудыг үзэхтэй давхцав. Вэстэрост интернэт, зурагт, нийгмийн сүлжээ алга. Харин эрх мэдлийн төлөөх эх захгүй тэмцэл, гэр бүл, хайр сэтгэл, нууц, урвалт шарвалт, улс төр, өшөө авалт, бүтэлтэй бүтэлгүй манлайлагч нар цөм бий. Бодит ертөнцтэй харьцуулахад тэнд эрх мэдлийн төлөө хамаагүй олон амь сүйдэж, хавь илүү цус урсана. Морин дэл дээр ертөнцийг эзлэх хэцүү, мориноосоо буугаад улсыг засах түүнээс хэд дахин хэцүүн тухай үлгэр Вэстэрост үргэлжилсээр. Эрх мэдлийн төлөө тоглогч гол дүр бүр өөр өөрийн арга барил, эрх ашигтай. Зарим баатрын дүрийг манлайлахуйн хичээл дээр сонссонтойгоо жиших гэж оролдъё.

 

1. СОНСОЖ БОЛОВСРУУЛАХ УХААН

 

Хоёрдугаар бүлгийн 4-р анги дээр захирагч Тайвин Ланистер зээ хүү Томмэнтэй хэрхэн шилдэг хаан байх тухай ярилцдаг. “Чи өөрийгөө ямар хаан болно гэж төсөөлж байна” гэхэд зээ нь “сайн хаан байна” хэмээн хариулна. Тайвин “чи төрөлхийн сайн хүн болохоор сайн хаан болж таараа. Гэвч хаан хүнд байх хамгийн чухал зан чанар юу вэ” хэмээн шавдуулдаг.

 

Томмэн ариун шүтээнтэй байх, шударга байх, эрч хүчтэй байх гэхчлэн тоочих ч няцаагдсаар “мэргэн оюун” хэмээхүйд нь лорд өвөө нь “яг тийм” гэж дуу алддаг. Тэгээд шилдэг манлайллын тухай сургана. “Цэлмэг ухаант хаан бүр өөрийн юу мэдэх хийгээд мэдэхгүйгээ сайн мэддэг. Чи минь залуу. Залуу ухаалаг хаад зөвлөхүүдийнхээ үгийг нас биед хүрч ухаан суух хүртлээ маш сайн сонсож, дагадаг. Харин хамгийн ухаалаг хаад бол нас биед хүрч ухаан санаа цэгцэрсэн хойноо ч зөвлөхүүдээ сонссоор байдаг”. 

 

Тайвин өөрөө эрх мэдлийн төлөөх хамгийн харгис тоглогч нарын нэг хэдий ч түүнээс дор хүмүүс эрх мэдэлд хүрч болдгийн жишээ дэндүү олон. Түүний “шилдэг удирдагч хүний хамгийн эрхэм чанар бол сайн сонсогч байхад бий” хэмээсэнтэй Грегори Свансоны хичээл яв цав таарч байсныг энд тэмдэглэе. Тэгээд ч “Титмийн төлөөх тоглоом”-ын Нэд Старк хаан Робэрт Барадеоноос, Сөмвэлл Тарли Жон Снөүгээс харин Тайрон Дайнэригээс илүү ухаалаг биш гэж үү? Гол нь шилдэг удирдагч нар өөрөөсөө илүү ухаалаг хүмүүсээр хүрээлүүлж тэднийхээ үгийг сайн гэгч нь тунгаан сонсдог байх нь. Эзнийхээ ухааныг гайхан бишрэгч долдой нар бол зөвлөх биш ээ!

 

2. СУЛ ТАЛАА МЭДДЭГ БАЙХ

 

Мөн л Тайвинтай холбоотой түүх. Гэхдээ энэ удаад тэр охинтойгоо ярилцдаг. Гуравдугаар бүлгийн 4-р анги дээр хатан хаан Сэрсэй лорд эцэгтэйгээ уулзах далимдаа өөрийгөө улс төрд ах нараасаа хол илүү тус хүргэх хүн хэмээн итгүүлэхийг оролддог. Харин Тайвин “Чамайг эмэгтэй хүн учраас би итгэдэггүй юм биш ээ. Чи өөрийгөө дүгнэдэг шигээ ухаантай бишид хэргийн учир бий” гэдэг. Харин Сэрсэй үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй явсаар долоодугаар бүлгийг дуусгаж байна даа. Тэр бусдыг урам итгэлээр бус харин айдсаар дагуулахыг оролдож ирсэн. Тэр хэнийг ч сонсдоггүй. Сул талаа мэддэггүй. Өөрийнх нь тушаалыг үг дуугүй биелүүлдэг хүмүүсээр хүрээлүүлдэг. Сэрсэйн манлайлал юунд хүргэхийг ирэх жилийн сүүлчийн бүлгээс бид үзэх буй за. Харин бодит амьдрал дээр ийм жишээг захаас аван нэрлэхээр. 

 

 

3. СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ЖОЛООДОХ УХААН

 

Тайрион Ланнистер бол хүний чадал (нөөц) чадварыг шинжин хэнийг хаана байлгах, юу бүтээлгэхийг харж, үр дүнд хүргэж чаддаг авьяастан. Тэр Чигчийхурууг сонгон Кателин Старктай ахыгаа суллуулах хэлэлцээрт явуулж буй нь түүний ур ухааны илрэл юм. Тайрион бол “Титмийн төлөөх тоглоом”-ыг үзэгч фенүүдийн хамгийн дотно дүрийн нэг. Тэрээр дайсныхаа сэтгэл санааг мэдэрч, хэзээ хэрхэн дарж авбал зохимжтойг тооцоолж чаддаг торгон ухаанаараа ялгардаг.

 

“Хааны төлөө тулалдах хэрэггүй. Хаант улсынх нь төлөө байлдаж яах юм. Нэр төр эсвэл ялж бахдахын тулд тулалдаад бүр ч хэрэггүй! Баячуудын төлөө тулалдах хэрэг үү, тэглээ гээд чи юу ч олж долоохгүй. Харин төрөлх хот чинь энэ тонуулчдын гарт үрэгдэх нь. Хотын хаалгыг нурааж байна. Эд ороод ирвэл гэр орныг чинь үнсэн товрог болгоно. Алт эрдэнэсийг чинь дээрэмдэнэ, эмс охидыг чинь хүчиндэнэ. Одоо хаалга балбаж байна. Бүгдээрээ очиж тэднийг бүрмөсөн тонилгоцгооё”. Амь дүйсэн тулаанд Тайрион л ийнхүү уухайлан зоригжуулах чадвартай. Тайрион бол алсын хараатай, бусдын сэтгэлийг жолооддог гарамгай стратегич. Хааны зөвлөхийн сэнтий бол түүний байх ёстой газар. “Ахад сэлэм, надад толгой бий. Билүүгээр сэлэм гэдэг шиг номоор намайг хурцалж болно. Тэгээд л би их ном уншдаг юм, Жон Снөү”. 

 

 

4. ҮЛГЭРЛЭН МАНЛАЙЛАХ 

 

Долоодугаар бүлгийн сүүлийн ангид Сэрсэйгийн асуултад Жон Снөү хэрхэн хариулсныг энд өгүүлсүү. Жинхэнэ манлайллын суурь нь үнэт зүйл, итгэл үнэмшил болохыг Жон Снөү харуулдаг. Сэрсэйг холбоотон болохыг ятгахаар тэд цуглана. Сэрсэй зөвшөөрч болох хамгийн эгзэгтэй мөчид Жон Снөү “Хожим нь хэлсэндээ байж чадахгүй зүйлээ өнөөдөр би амлахгүй. Үй олноороо дараалан худал амлах цагт үг утгаа алддаг. Тэр үед хариултгүй болж, өмнөхөөсөө илүү худалчууд тунаж үлддэг” хэмээн хариулдаг. Энэ нь Сэрсэйг хилэгнүүлж, бүх төлөвлөгөөг нураах нь мэдээж. Өөрийгөө туйлын хүнд эрсдэлд оруулсан ч ямагт үнэт зүйл, итгэл үнэмшлээ хамгаалж үлддэг чанараараа Жон Снөү үнэ хүндтэй манлайлагч юм. Олон түмэн түүнийг хүндэтгэн биширч, чин зүрхнээсээ бахдан, ойр хавьд нь явахыг хичээдэг. Энэ бүхэн гагц түүний сайн сайхан хийгээд эрх мэдэлтэйд бус үнэт зүйлийнхээ төлөө мятаршгүй зогсдогт буй за. 

 

5. ӨРГӨН ХҮРЭЭГ ХАМРУУЛАХ НЬ ДАВУУ ТАЛ

 

Дайнерисийн зөвлөхүүд есөн шидийн улсууд. Их цэргийн удирдагч асан, боол байсан нэгэн, бүр цэцэн цэлмэг одой хүртэл тэдний дунд бий. Бусдын оюуныг бодит үнэлж, ашиглаж чаддаг нь Дайнерисийн нэг давуу тал. Одой төрснийхөө төлөө гоочлуулж, доромжлуулж явсан Тайрион анх удаа зүй ёсоор үнэлүүлэхдээ хөөрөн баярлаж буй нь харцнаас нь гэрэлтдэг шүү дээ. 

 

Михайлд бодол бий гэдэг шиг манлайлагч бүр өвөрмөц арга барилтай биз. Хүн манлайлагчаар төрдөггүй, энэ бол хүний олдмол чадвар гэж Грегорий дүгнэсэн нь биднийг дараагийн сэдэв рүү хөтөлж, маргаан аанай л үргэлжлэв. 

 

-Манлайлагч бол төрмөл чанар... 

 

-Тийм биш ээ, хүн сайн манлайлагч болтол төлөвшдөг...

 

С.Энхцэцэг