Дэн буудлууд гэмт хэргийн үүр болжээ
2013/03/14
Зочид буудал гэсэн эрээн хаяг хаа сайгүй харагдах болж. Бүр орон сууцны хонгилд ч хүртэл ийм хаяг байх юм. Эх захаа алдсан дэн буудлын бизнес гэмт хэрэг өсөх бас нэгэн хөшүүрэг болж буй хэмээн цагдаагийнхан онцлох болов.
Учир нь энэ оны эхний хоёр сарын байдлаар л гэхэд олон нийтийн газарт 669 гэмт хэрэг гарсны 85 нь зочид буудалд үйлдэгдсэн нь тогтоогджээ. Тэр тусмаа эрүүгийн шинжтэй, хүнд гэмт хэргүүд л дэн буудлуудад ихэвчлэн гардаг байна. Энэ тохиолдолд хэргийн эзэн холбогдогчийг тогтоох гэхээр зочид буудлын ажилчид юу ч мэдэхгүй хэмээн илрүүлэлтийг удаашруулдаг аж. Олонхи дэн буудал үйлчлүүлэгчийнхээ талаар мэдээлэл авдаггүй. Мөнгөө төлсөн л бол нэр усыг нь асуух ч шаардлагагүй хэмээн үздэг. Бүхнийг мөнгөөр хэмждэг учраас ажилчид нь гэмт хэрэг гарахыг харсан ч хараагүй юм шиг аашилдаг байна. Үүний балгаар олон ч охид, эмэгтэйчүүд хүчингийн хэргийн хохирогч болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүрэгт Саппорогийн ойролцоо байрлах “Өгөөмөр Алтай” зочид буудалд хуучин нөхөртэйгээ хамт орсон 30 гаруй настай эмэгтэй амиа алджээ. Үүнээс өмнө нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө “High class” зочид буудлаар үйлчлүүлж байсан 34 настай эмэгтэй гадны нөлөөтэйгээр зургаан давхрын цонхноос унаж амиа алдсаныг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ мэтчилэнгээр зочид буудлуудад хүчингийн болон хүн амины хэрэг олноор гарах болжээ. ЕБС-ийн сурагч, оюутнуудын нийлж дарвидаг оромж нь бас л зочид буудал. Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хоорондоо зодолдож нэгнээ гэмтээж бэртээх нь ч энүүхэнд. Ийм л муу муухай бүхэн зочид буудал гэсэн хаягтай архи, чийг үнэртсэн умгар өрөөнүүдэд өрнөдөг. Манайд жижиг, том ялгаагүй бүгд зочид буудал гэх хаягтай ч олонхи нь дэн буудал аж. Заримыг нь бүр оромж гэвэл таарна. Гадаадын дэн буудлууд манай гурав дөрвөн одтой томд тооцогдох зочид буудалтай дүйцэхүйц үйлчилгээтэй. Үйлчлүүлэгч тухайн зочид буудалд очихоос өмнө онлайнаар өрөөгөө захиалаад мэдээллээ бүртгүүлчихсэн байдаг. Гэтэл манай улсад бол цагаар үйлчилж, оюутнуудыг архидуулах л шидтэй. Эрүүл ахуй, аюулгүй байдлын наад захын шаардлагыг ч хангаж чадахгүй. Уг нь хууль, журмаараа бол дэн буудлууд хажуудаа цагаан хэрэглэл угаах угаалгын төвтэй, ажилчид нь эрүүл мэндийн байнгын үзлэг шинжилгээнд хамрагддаг, угаалга ариутгалын бодисыг тогтмол хэрэглэх ёстой зэрэг маш олон шаардлага бий. Гэтэл үүнийг биелүүлж, хэрэгжүүлж байгаа нь өдрийн од шиг цөөхөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөний дагуу зочид, дэн буудлуудыг шалгадаг. Ингэхдээ эхний ээлжинд барилгын насжилт, аюулгүй байдал болон албан ёсны бичиг баримт, зөвшөөрөлтэй эсэхийг нь шалгадаг. Үүний дараа өрөөний зай талбай, эрүүл ахуйн байдал стандартад нийцэж байгаа эсэхийг хянадаг байна. Харамсалтай нь ихэнх шалгалтаар зочид буудлууд хангалтгүй дүн авдгийг НМХГ-ын Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Б.Оюун хэлэв. Албаныхан шаардлага хангаагүй дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоох, сануулга өгөх, торгох зэрэг захиргааны арга хэмжээ авдаг байна. Харин цагдаагийн байгууллагынхан дэн буудлуудад нэмж зөвшөөрөл олгох шаардлагагүй хэмээн үзэж буй. Түүнээс гадна үйл ажиллагаа явуулж буй дэн, зочид буудлуудад хяналтын камер суурилуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн дөт арга зам гэнэ.