Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр хуралдаж, засаг даргаа сонгох ёстой байсан. Гэвч хурал болсонгүй, дахиад л засаг даргагүй үлдлээ. Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 18 нь АН-аас, 17 нь МАН-аас бүрдэж байгаа юм. Өчигдрийн ИТХ-д АН-аас С.Од-Эрдэнэ, Б.Мөнхболор нарыг, МАН-аас Ц.Ганхүүг нэр дэвшүүлэхээр яригдаж байв. Гэвч хоёр намын бүлгийн хурлаас С.Од-Эрдэнэ, Ц.Ганхүү хоёр өрсөлдөхөөр тунаж үлдээд байжээ. Засаг даргаа сонгож, шил дараалсан олон асуудлаа хэлэлцэх хүсэлтэй Дундговийн төлөөлөгчид өдөржингөө хүлээсэн ч МАН-аас засаг даргад нэр дэвшигч Ц.Ганхүү ИТХ-ын даргаа “суйлж” аваад алга болжээ. Түүгээр ч зогссонгүй хуралдаа ирж явсан АН-ын нэгэн төлөөлөгчийг “Хоёр үг сольё” гэж машиндаа суулгаад авч одсон байх юм.

Ингээд хуулийн дагуу хурал болох бүх боломжийг хударгагүй Ц.Ганхүү хаах нь тэр. Эгээтэй л кинонд гардаг шиг дүр зураг өчигдөр оройжин үргэлжилж, Дундговийн иргэдийг инээд, бухимдалд зэрэг умбуулсан байна. Угаас Дундговийн ард түмнийг улс төрд ахих шат гишгүүр төдий үздэг Ц.Ганхүү хоорондоо ана мана өрсөлддөг байсан ч улс төрийн соёл, орон нутгийн эрх ашгийг дээдэлдэг байсан хоёр намын гишүүдийг урвуулж, талцуулах увайгүй мэхээ хэдэн жилийн өмнөх шигээ давтан хийжээ. Түүнд дургүйлхсэн МАН-ын гишүүд хүртэл “Энэ хэзээ биднийг гэдэг болчихов. Энхсайханы намын гишүүн байж байгаад эрх мэдэл горьдож манай намд урваж орж ирсэн. Наранцацралт агсныг нас эцэслэнгүүт л намаа сольсон урвагч. Одоо дахиад нутагт ирж гай тарьдаг энэ хэн юм. Хурлаа хийж, асуудлаа шийд. Дорж нь байна уу, Дулмаа нь байна уу наад тамга тэмдгээ өгдөг хүнд нь өг” хэмээн төлөөлөгчдөөсөө хатуу шаарджээ.

Дундговь аймгийн МАН, АН-ын удирдлагуудын зүгээс зөвшилцөх хэлбэрийг сонгоод байсан ч Ц.Ганхүү хэмээх хүн хотоос очиж бутаргажээ. Ер нь сүүлийн үед засагт албан тушаалгүй үлдэж, амьдрах аргагүй болсон хэсэг нөхөд аймгийн засаг даргын суудлыг онилж хөдөө орон нутагт явуургүй дажин үүсгэдэг уламжлал тогтох нь. Намуудын удирдлагууд энэ тал дээр шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол орон нутгийн жаргал зовлон мэдэхгүй амбицтай нөхдүүд засаг даргын сэнтий зүүдэлж, хөдөөгийн ядарсан иргэдийн амьдралыг улам л дордуулсаар байх нь ээ.

                Д.Билгүүн