Гордон Хэйвард шагайдаа хүнд бэртэл авчээ
2017/10/18
Сэлтиксийн довтлогч Гордон Хэйвард улирлын нээлтийн тоглолт талдаа ч ороогүй байхад шагайгаа хугалж тоглолтыг орхилоо.Түүний хувьд тоглолтын 1 – р үе дуусахад 6 минут 45 секунд үлдээд байхад Кайригийн дамжуулалтыг авч цагирган дээрээс довтлох оролдлого хийх үедээ газар унаж, шагайгаа хугалсан юм.
Зүүн шагай нь гадагшаа эргэсэн байдалтай тун эвгүй харагдаж байсан тул талбай дээр байсан тоглогчид тун их цочирдсон юм. Сэлтикс багийнхан болон Кавальерс багийн зарим тоглогчид ч талбай дээр залбирч байгаа нь ажиглагдсан.
Хэйвардын хувьд өнгөрсөн 7-р сард Сэлтикстэй 4 жилийн $128 сая долларын гэрээг үзэглэсэн билээ. Сэлтикс баг өнгөрсөн зун мөн бүх одод тоглогч Кайри Ирвингийг солилцоогоор авсан. Гэвч тэр хоёрыг талбай дээр хамт тоглохыг харахын тулд багагүй хугацаанд хүлээх шаардлагатай болж байх шиг байна. Түүний бэртлээс эргэн ирэх хугацаа тодорхойгүй байгаа ч энэ улирлыг бүтэн өнжих магадлал өндөр байна.