МАН-ынхан албан тушаалын бялууг хэрхэн хуваагдагыг яруу тодоор харууллаа.  Шинэ Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц тус намынханг албан тушаалын бялууг хэрхэн хувааж чаддаг болохыг олон нийтэд ил цагаахан харуулж дөнгөв.

Үүгээр зогсохгүй МАН-ын “тохирооны” Засгийн газарт багтаж чадалгүй хаалганы гадна үлдээд байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ч хоосон хоцролгүй намынхаа бялуунаас хүртсэн нь энэхүү үйл явдлыг баталгаажуулсан хэрэг боллоо.


Тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газарт М.Энхболдын талаас Монгол Улсын Шадар сайдад Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад О.Содбилэг нарыг хүмүүсийг томилуулахаар санал оруулсан ч дээрх эрхмүүд Ерөнхий сайдын таалалд нийцээгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг хүлээж авахгүй, уул уурхайн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг Засгийн газрын бүрэлдэхүүнд авахгүй” хэмээсэн учир тэд хаалганы гадна үлдээд байсан юм.


Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ерөнхий сайд намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж буруу тайлбар хийсэн. Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй, Авлигатай тэмцэх газар тогтоодог" гэх тайлбарыг хийж, хоосон хоцрох дургүй байгаа гэдгээ илэрхийлж байсан билээ.


Азаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд очсоноос МАН-д дахин бялуу хуваах боломж гарч түүнийгээ Л.Энх-амгаланд өгөв. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг томилсон нь МАН албан тушаалын бялуугаа хэрхэн хуваадаг болохыг харуулж, басхүү баталгаажулсан үйл явдал болов.

 

“Тохирооны” Засгийн газарт багтаагүй ч УИХ-ын дэд даргын албанд очоод буй Л.Энх-Амгалан гэж хэн бэ

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан нь 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн байна. Тэрбээр 1992-1995 онд МОНЦАМЭ агентлагт редактор, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1996-2012 онд Юнител групп, Юнивишн, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. Улмаар 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. 

24tsag.mn