-Ц.Нямдоржийн тухайд амнаасаа бодлогогүй үгс унагаад байдаг хүн биш. Монголын ороо бусгаа улстөрд удаан чанагдсан түүнийг элдвийн бэрхшээлээс зугтаж, халшраад байхаар нэгэн ч биш гэдгийг бүгд мэднэ. Тиймээс л тэд ажлаа авсан гурван хоногтоо өмнөх засгийн газрыг сайн ажиллаж байжээ хэмээн онц дүн өгсөн хэрэг- 


Энэ үг олны анхаарлыг ихэд татсан билээ. Учир юу гэвэл, Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах яриа гарсан цагаас эхлээд унагаах хүртэл Ж.Эрдэнэбатын кабинетийн муу муухайг гайхаж, тараахаас өөр арга байхгүй гэцгээж байсан юм. Харин дуншиж, дуншиж байгуулагдсан шинэ засгийнхан ажлаа аваад долоо ч хонолгүй ямар хүнд хэцүү нөхцөл рүү дурлан зүтгэснээ ойлгосон бололтой. 
Эндээс нэг зүйл маш тодорхой болж байх шиг. АН засаг барьж байсан 2012-2016 онд өсөлттэй байсан эдийн засаг шалдаа бууж, гадаад өр ДНБ-ээс хальж, улстөрийн талцал хэрүүл туйлдаа хүрсэн. Тиймдээ ч тэд Засгийн газраа унагааж шинийг байгуулж байв. Үр дүн нь ямар байсныг ард түмэн л мэдэрсэн байх нь. Өөрөөр хэлбэл, байдал чухам ямар байгааг төрд суусан этгээдүүд олж хараагүй ажээ. Харин гүйцэтгэх байгууллагынхаа хувьд Мэргэжлийн Засгийн газар байж болох бүх хүчээ дайчлан ажилласан гэдгийг эдийн засагч, шинжээчид бүхий л талаар нотолсон.
Гэтэл Ж.Эрдэнэбатын кабинетэд багтаагүй эрхмүүдэд дөрвөн жил хүлээх нь хэцүү санагдсан, эсвэл сайдын багцад багтчих л юм бол сайн сайханд хүрчихнэ гэж эндүүрсэн үү тун ч яаран шийдвэр гаргасан нь одоо ийнхүү илэрхий болж эхэллээ. Ц.Нямдоржийн тухайд амнаасаа бодлогогүй үгс унагаад байдаг хүн биш. Монголын ороо бусгаа улстөрд удаан чанагдсан түүнийг элдвийн бэрхшээлээс зугтаж, халшраад байхаар нэгэн ч биш гэдгийг бүгд мэднэ. Тиймээс л тэд ажлаа авсан гурван хоногтоо өмнөх засгийн газрыг сайн ажиллаж байжээ хэмээн онц дүн өгсөн хэрэг. 
АН-ын зүгээс нэг инээдтэй ч гэмээр шалтгаанаар Мэргэжлийн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэр нь 2016 онд МАН олонх болж Засгийн газар байгуулахдаа гадаад өрийг тэглэнэ гэсэн ч өнөөг хүртэл тэглээгүй гэсэн шалтгаан. Тэрийг нь МАН-ын 32-ын бүлэг өлгөж аваад, засгийн тааруу ажиллагааг шүүмжилж байлаа.
Тэд санасандаа хүрсэн. Санаж сарвайсан албан тушаалдаа ч очицгоосон. Гэхдээ хүссэн юм хүзүүгээр татахын үлгэрээр давж гаршгүй өр, эмхэлж дуусашүй асуудал, хасах данс гээд төсөөлж байснаас нь тэс өөр ажил угтжээ. Уг нь Мэргэжлийн Засгийн газар эдгээрийг эмхлэх ажлыг зөв гараанаас эхлүүлж, харин ч бүр болох голдиролд нь оруулчихсан байсан. Тиймээс одоо шинэ засагт багтсан эрхмүүд гомдоллож, гоншгонолгүй Ж.Эрдэнэбатын кабинетийн эхлүүлсэн ажлыг нэр төртэйхөн үргэлжлүүлэхээс өөр ямар ч арга байхгүйг ойлгох ёстой байх.